Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2021/00258

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2021/00258

Орхон аймаг

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг 48-03 тоотод оршин суух, *******,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг 48-03 тоотод оршин суух, ******* нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-р хороолол ******* тоотод оршин суух, *******-т холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан хэлбэр болох олон нийтийн сүлжээгээр үндэслэлгүйгээр тараасан мэдээлэлдээ залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2 дугаар хороолол 7 дугаар байрны 1 тоот хаягт байрлах Вrand shор" нэртэй дэлгүүрийг 2018 оноос хойш 1 жил 7 сар орчим хугацаанд түрээслэн ажиллуулж байгаа юм. Энэхүү дэлгүүрийг ажиллуулах хугацаандаа Chanel8 Gucci гэх мэт дэлхийн алдартай брэндийн эмэгтэй хүний цүнх, хувцас хэрэглэлүүдийг худалдаалдаг, байнгын үйлчлүүлэгчидтэй, Орхон аймгийн иргэд, худалдан авагчийн дунд өөрийн гэсэн нэр хүндтэй, ашиг орлого сайтай байнгын тасралтгүй ажиллагаатай тогтмол худалдааны үйл ажиллагаа явуулж байсан. Би иргэн *******тэй 2018 оноос эхлэн хувийн бизнесийн үйл ажиллагаандаа шаардлагатай мөнгийг зээлж авах харилцаатай байсан бөгөөд дэлгүүртээ бараа таталт хийж худалдан борлуулж төлбөрийг хугацаанд нь төлсөөр ирсэн. Гэтэл ******* нь үндэслэлгүйгээр мөнгөө төл гэж илүү төлбөр нэхэж эхэлсэн бөгөөд тэр ч бүү хэл дуртай үедээ дэлгүүрт орж ирэн дэлгүүрээс бараа булаан авч гарах болсон. Улмаар байнга цахим /фэйсбүүк/-аар мессеж явуулж мөнгөө төл гэх мэтээр дарамталж, сүрдүүлж эхэлсэн ба олон нийтийн сүлжээнд буюу Faсеbоок-ийн Эрдэнэт зар 134000 гишүүнтэй зарын групп /бүлгэм/-д миний зургийг миний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, зурган дээр Энэ хүүхэн.. энэ хүүхэн надаас мөнгө авахдаа шөнө орой унтуулахгүй зовлонгоо яриж уйлан дугаран байж авсан адилхан эмэгтэй хүн би ойлгож өрөвдөөд өгсөн одоо бүүр утасаа ч авахгүй худлаа ярьсаар зугтаасаар л мөнгөө авъя гэхээр надруу би өндөр барилгаас үсрэн амиа хоорлоно шүү гээд байх юм. Би хүлээсэн цаг хугацаа өгсөн одоо арай хэтэрлээ. Миний ээж өндөр настай хэвтэрт өвчтэй эмчилгээний зардалгүй хэцүү байна. Яагаад ийм сэтгэлгүй байдаг юм.. гэх мэтээр олон нийтэд мэдээ тараах болсон. Миний бие *******ээс зээл авсан, харилцаа байсан боловч зээлийг хүүгийн хамт төлж, одоо зээл дуусгавар болсон. *******тэй ямарч харилцаа холбоогүй. Миний нөхөр болох *******ийг олон нийтийн сүлжээгээр бусдад өр төлбөртэй мэт ойлголт төрүүлхүйц байдлаар мэдээ тарааж, зургийг нь зөвшөөрөлгүй оруулах болсон. *******ийн нэр төрийг гутааж, бусдад хүнд өр төлбөрт ороод зугтаж олдохгүй болсон хүн мэт ойлголтыг төрүүлж байна. *******ийн дээрх үйл ажиллагаа нь одоог хүртэл тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд бид энэ үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол маань хөндөгдсөөр Орхон аймагт ашиг орлоготой, байнгын худалдан авагчидтай, бизнесийн нэр хүндтэйгээр худалдааны үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болгоод зогсохгүй, амьдрах боломжгүйд хүрлээ. Учир нь миний түрээслэн ажиллуулж байсан дэлгүүрийн эзэн дээрх мэдээг олж харсаны дараа надад дэлгүүрээ түрээслэхгүй хэмээн татгалзаж түрээсийн дэлгүүр /байр/-ийг буцааж авсан. Мөн ах дүү найз нөхөд маань надруу залгаж чи өрөнд ороод баларч байгаа юмуу гэх мэтээр олон хүн ярих болсон бөгөөд надад гадуур явахдаа хүмүүсийн харцнаас намайг хүнээс мөнгө аваад зугтчихсан хүн гэж ойлгож байгаа мэт сэтгэгдэл төрж сэтгэл санааны хувьд айдас, түгшүүртэй, бусдын өмнө буруутай, өөрийгөө үзэн ядах, бусад хүмүүс намайг үзэн ядах байдалд хүргэж байгаа нь миний хувьд үнэхээр хэцүү байдалтай байна. *******ийн дээрх олон нийтэд мэдээ тарааж буй үйл ажиллагаа нь нэхэмжлэл гаргаж буй бидний зөвшөөрөлгүйгээр бидний зургийг олон нийтэд тарааж уг зурганд үндэслэлгүй худал тайлбар бичиж бидний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйл ажиллагаа болж байна. *******т бидний зургийг олон нийтэд зөвшөөрөлгүйгээр тараах эрх байхгүй гэж үзэж байна. Иймд Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох олон нийтийн сүлжээгээр үндэслэлгүйгээр тараасан мэдээлэлдээ залруулга хийж, уучлалт гуйхыг харуицагч *******т даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд ******* миний болон нөхөр ******* нар бид хамтран нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан *******т холбогдуулан 2019 оны 07 сард нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэргийг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг хугацаанд *******ийн хууль бус үйлдлийн үр дагавар арилсан, цагдаагийн байгууллагаас намайг хэрэг, зөрчил гаргаагүйг эцэслэн тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй талаарх эрх зүйн үр дагаварыг ойлгож мэдсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд нэхэмжлэгч *******, ******* нар нь *******т холбогдуулан гаргасан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан хэлбэр болох олон нийтийн сүлжээгээр үндэслэлгүйгээр тараасан мэдээлэлдээ залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******т холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан хэлбэр болох олон нийтийн сүлжээгээр үндэслэлгүйгээр тараасан мэдээлэлдээ залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэлээс нэхэмжлэгч *******, ******* нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН

 

Л.АРИУНЦЭЦЭГ