| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0189/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/187 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/187
2024 09 11 2024/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч А.Эрхэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн А.Э******* холбогдох эрүүгийн 2415000000188 дугаартай, 163/2024/0189/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт А******* Эрхэмбаяр, Булган аймгийн ******* суманд 1984 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь
******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар:ГЖ84110917,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч А.Эрхэмбаяр нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн орчим Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт байх Морь барианы газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Н гэртээ харьж хоноогүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж биед нь халдан зодож хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Эрхэмбаяр нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн үед Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах “хурдан морь барианы газар”-т эхнэр С.Н “...гэртээ харьж хоноогүй...” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж биед нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд шарх, цус хуралт” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:
-Хохирогч С.Нийн “...Би ажлын газрын хүмүүсийн хамт Булган аймгийн Бугат сумын Морь барианы газарт морины зохион байгуулагч нарын хоол, цайг бэлтгэхээр 2024 оны 07 сарын 31-ний өдөр очиж байрлан ажиллаж байгаа. Өчигдөр буюу 2024 оны 07 сарын 31-ний өдөр нөхөр Эрхэмбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж над руу залгаж ирж авна нэг бол наанаа хоно гээд дахин дахин залгаад байхаар нь авалгүй тэндээ хоносон юм. Ингээд өнөөдөр өглөө буюу 08 сарын 01-ний 07 цагийн үед Морь барианы газарт байж байтал нөхөр Эрхэмбаяр ирээд над руу залгаад гараад ир гэхээр нь би гараад яваад очсон чинь яагаад энд хонож байгаа юм бэ гэж хэлээд намайг нэг алгадаад явах гээд чирээд байхаар нь би ажилтай ширээ засах ёстой гэж хэлсэн чинь хамар хэсэг рүү гараараа цохисон. Би одоо сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, бид хоёр хамт үргэлжлүүлэн амьдарч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 12-13 дахь тал/,
-Гэрч О.О “...Манай ажлынхан ******* аймгийн баяр наадмын хурдан морины комиссын гишүүдэд хоол цайгаар үйлчлэхээр 2024 оны 07 сарын 31-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт байрлах ******* аймгийн морь барианы газарт очиж хоноод маргааш нь буюу 08 сарын 01-ний өглөө манай ажлын хүүхэн С.Нийн нөхөр ирж явах замдаа Номинтой утсаар яриад Номин гэрээс уулзахаар гарсан, ингээд удаагүй байж байхад Номин орилоод гэрт байсан хүмүүс гараад харахад нүүр нь цус болчихсон нөхөр нь цохисон байсан. Ингээд нүүрийг нь цэвэрлээд цагдаа эмнэлгийн байгууллага дуудсан. Номин хэлэхдээ манай нөхөр хамрыг маань цохичихлоо гэж хэлсэн нөхөр нь чи яахаараа энд хонодог юм гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэл амаар доромжлоод орилоод байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
-******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар 05-ны өдрийн 698 дугаартай шинжээчийн:
1.С.Нийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд байна.
5.Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд шарх, цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. гэх дүгнэлт / хавтаст хэргийн 20-22 дахь тал/,
-Яллагдагч А.Э “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид хоёр нэг гэрт хамт амьдарч байгаа надаас нэхэмжилсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Эрхэмбаяр нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч А.Эрхэмбаяр нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 7 цагийн орчим Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт морь барианы газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Нийн бие эрх чөлөөнд халдаж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч А.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч А.Э үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн нүүрэн тус газар цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар 05-ны өдрийн 698 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” хүндрүүлэн зүйлчлэхээр, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарна гэж заасан.
Шүүгдэгч А.Эрхэмбаяр, хохирогч С.Номин нар нь 2007 онд гэр бүл болж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа” -аар тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч А.Эрхэмбаярыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч С.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Эрхэмбаярыг хохирогч С.Номинд төлөх төлбөргүйд тооцлоо.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч А.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар гадагш зорчих эрхийг хязгаарлах саналтай байна...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан эсэх таларх лавлагаа /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 43-45 дахь тал/, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 46-52 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 54 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Э хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Эрхэмбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Э******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Э хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Эрхэмбаяр нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт А******* Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрхэмбаят 1,600 /мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүгдэгч А.Э******* оногдуулсан 1,600,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Э******* сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Эрхэмбаяр нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ