| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00716/И |
| Дугаар | 142/ШШ2021/00805 |
| Огноо | 2021-09-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2021/00805
| 2021 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 142/ШШ2021/00805 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг 100 айл 10а тоотод оршин суух, У*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын *******-д холбогдох,
ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, амралтын мөнгө нийт 5.936.155 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 16-нд хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 142/2021/0076/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ерөнхий боловсролын Ирээдүйн одод сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар 1 жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын байр нь хадгалагдсан буюу өмнөх ажилтны оронд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хүүхэд хүмүүжлийн төлөвшлийн ажилтнаар ажилд орсон. Ингээд ажиллаж байх хугацаанд сургуулийн захирал дуудаж ажлын гэрээ хийх тухай мэдэгдсэн. Ажил олгогчийг төлөөлж захирал нөгөө талаас миний бие харилцан тохиролцож хүүхэд хүмүүжил төлөвшлийн ажилтнаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ийнхүү миний бие хүүхэд хүмүүжил төлөвшлийн ажилтнаар ажиллах хугацаандаа мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь гүйцэтгэж, өөрийн ажлын чиг үүргийн дагуу хийгддэг хүүхдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн ажлуудыг санаачлан хийж, эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн ажлыг эцэг, эхтэй байнга холбогдож санал санаачлага гарган ажиллаж ирсэн. Гэтэл шинээр томилогдон ирсэн захирал болох Д.Баярмагнай нь ажилдаа орсон цагаас хойш чи сонгон шалгаруулалтгүй орсон, чамд өөрөө өргөдөл өгч гарвал ашигтай гэх мэтээр ажил олгогчийнхоо давуу байдлыг ашиглан сэтгэл санааны дарамт учруулах болсон. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хууль бусаар намайг ажлаас халсан. Ажлаас халагдсан тул түүний хууль бус тушаалтай холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Д.Баярмагнай захирлыг миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож зөрчигдсөн эрхийг сэргээхээр болсон. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 26 дугаартай шийдвэрээр намайг Ирээдүйн одод" сургуулийн хүүхэд, хөгжил, төлөвшлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3 029 486 төгрөг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Д.Баярмагнай захирал түүний өмгөөлөгч ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа хүлээн зөвшөөрч биелүүлэх ёстой байтал биелүүлэхээс зайлсхийж явсаар өдийг хүрлээ. Би одоо шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох ёстой боловч ажилдаа орж чадаагүй мөн ажилгүй байсан хугацааны цалингаа ч авч чадалгүй явж байна. Миний нэг өдрийн цалинг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 40.939 төгрөг гэж тогтоосон. Иймд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 4.707.985 төгрөг, амралтын мөнгө 1.228.170 төгрөг нийт 5.936.155 төгрөгийг Ирээдүйн одод сургуулиас гаргуулан надад олгохоор шийдвэрлэж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгахаар шийдвэрлэж өгөхийг хүсье. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргаад хүсэлтийг хэлэлцсэн. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 12-ныг хүртэл тодорхой хугацаанд хэргийн материалаа бүрдүүлээд давж заалдах шатны шүүхэд орж ирээгүй байж нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйл яриад зогсож байгаа нь байж болшгүй асуудал гэж үзэж байна. Хариуцагч тал намайг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг баримталж нэхэмжлэлээ гаргасан байгаа. Хоёрдугаарт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх асуудалд би ******* захиралд өөрт нь тайлбарласан. Мөн би одоогийн байдлаар хуурамч бичиг баримт үйлдэж бусдыг хуурч мэхлээгүй гэдгээ нэр төртэйгөөр мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэгдүгээрт диплом хуурамч байх магадлалтай. Хоёрдугаарт анх ажилд томилсон тушаал нь буруу тушаал. Энэ тушаал нь хууль зөрчсөн тушаал байгаа юм. Учир нь Бага дунд боловсролын тухай хуулийн 200 дугаар зүйлийн 200.1.1, 200.1.2 гэж заасан. Гэвч Бага дунд боловсролын тухай хуульд ийм заалт байхгүй. Засгийн газрын 2019 оны 27 дугаар тушаал буюу албан тушаалын ангилал, зэрэглэл гэж байна. Мөн Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолд албан тушаал, цалингийн доод жишиг, багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг тус тус үндэслэн гэрээ байгуулна гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн диплом нь Дархан хотын удирдлагын хөгжлийн институт, Орхон аймгийн Гэгээн гэрэл гэх сургуулийг 2 жилийн хугацаатай төгссөн байдаг. Ямар үндэслэлээр багш гэж үзэж байгаа юм бэ?. Диплом дээр нь багш гэсэн нэг ч үг байхгүй байна. ТҮБД-ийн 3 дугаар зэрэглэлийн 1 дүгээр шатлал гэсэн байдаг. Энэ нь бага дунд боловсролын багшийн цалин. Ажилтан юм бол ТҮ-гийн 1 дүгээр зэрэглэлээр цалинжих ёстой. Гэтэл энэ тушаалын 2, 3 дахь заалт нь зөрчилтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Ийм байдлаар байгууллага, улсыг хохироомооргүй байна. Яагаад цагдаагийн байгууллагад хандаагүй талаар шүүгч асуусан. Би эмэгтэй хүн гэдэг утгаар нь хүндлээд цагдаад хандаагүй. Нэхэмжлэгч нь 2 сургууль төгссөн гэж байгаа боловч нэг нь улс төрийн сургууль байдаг. Энэ сургуулийнх нь дипломыг баллачихсан. Багш гэсэн дипломоо авч ирээч гэсэн шаардлагыг тавьсан. Тушаал гараад байгууллагын дотоод хяналт явагдсан. Байгууллагын дотоод хяналт нь шийдвэрээ танилцуулахад 09 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаатай үүрэг захиралд өгсөн. Ийм шийдвэр гарсан байна гэж*******д танилцуулаад багш гэсэн диплом байвал авч ирээд үзүүлээрэй гэсэн боловч одоог хүртэл авч ирээгүй. Тэгэхээр нь би 09 дүгээр сарын 01-ний дотор хариугаа дотоод хяналт шалгалтын баг руу явуулсан. Дотоод хяналтын багийн хариу, шийдвэр нь байгаа. Тиймээс ийм үндэслэлээр сургууль нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа. Төрийн албаны зөвлөлийн Албан тушаалын тодорхойлолт боловсруулах 2019 оны 02 дугаар тогтоол байдаг. Нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр томилогдсон байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн захирлын үүрэг гүйцэтгэгч Баярсайханы гаргасан тушаал байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам, байгууллагын дотоод журмын 4.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн тушаах нь тус сургуулийн багш ажилтны тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулна гэсэн тушаал гарсан байдаг. Хуучин ажлын байрны тодорхойлолт гэдэг байсан бол одоо албан тушаалын тодорхойлолт гэдэг болсон.******* энэ тогтоолын дагуу байгууллагатайгаа албан тушаалын тодорхойлолт хийх ёстой байсан. Ажилд орсноос хойших албан тушаалын тодорхойлолт байхгүй. Ажлын байрны тодорхойлолтгүйгээр ямар чиг үүрэгтэй, ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан, ямар чиг үүргийн дагуу энэ хүүхдүүдэд ямар боловсрол эзэмшүүлэх гэж байгаа юм бэ?, ямар хүүхдийн төлөвшил тогтоох гэж байгаа гэдэг нь байдаггүй. Дараа нь байгууллагын дотоод журмын дагуу байгууллагын дотоод хяналтын баг ажилласан. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дотоод хяналт шалгалт хариуцсан ажлын хэсэг томилох тухай гэсэн миний тушаал байгаа. Шинээр илэрсэн нөхцөл байдлын хувьд дипломыг хуурамч эсэх дээр маргаагүй. Яагаад гэвэл тухайн үед дипломын эх хувь надад байгаагүй. Боловсролын яаманд энэ бичиг баримт мөн эсэхийг тодруулах зорилгоор хандсан. Боловсролын яамнаас хариу ирсэн. Хариу хүргүүлэх тухай гээд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр боловсролын мэдээллийн санд ******* боловсролын мэдээлэл бүртгэгдээгүй байна гэсэн байсан. Дархан-Уул аймгийн төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт нь яамны мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн албан бичиг ирсэн. Орхон аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагад Гэгээн Гэрэл сургуулийн талаар хандсан. Тэгэхэд Гэгээн Гэрэл сургууль нь 2004 оны 04 дүгээр сард тухайн үеийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн актаар сургууль дээрх тусгай зөвшөөрлийн нөхцөл бололцоог хангаагүй үндэслэлээр үйл ажиллагааг нэг мөр зогсоосон гэсэн хариу ирсэн. Энэ талаар архиваас лавлаарай гэхээр нь Орхон аймгийн архиваас лавласан. Орхон аймгийн архиваас хариу ирэхэд Гэгээн Гэрэл сургуультай холбоотой материалууд манай архивт байхгүй байна гэсэн. Эдгээр баримтуудаар шинээр илэрсэн нөхцөл байдал үүснэ гэж үзээд шүүхэд хандаад шүүх үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Тухайн үед дипломын эх хувь байгаагүй. Дипломын баруун доод буланд нь Улаанбаатар гэж бичсэн байсныг дараад Дархан хот гэсэн байдаг.*******д өөрт нь энэ талаар хэлэхэд бичгийн машинаар биччихсэн гэж хэлсэн. Ийм зөрүүтэй бичиг баримтыг чинь боловсролын бичиг баримт гэж үзэх үү? гэж асуусан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа асуудал нь Дархан хотын төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төгссөн бичиг баримт нь засвартай, багш нарынх нь овог нэр нь зөрүүтэй байдаг.*******г 2 сургууль төгссөн хүн байна, эмэгтэй хүн байна, ойлгох болов уу? гэж бодоод өөрт нь хэлсэн. Үүнээс хойш цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа. Ийм бичиг баримт байсныг тухайн үед надад үзүүлээгүй, авч ирж өгдөггүй байсан учраас байгууллага энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанаар Ирээдүйн одод ЕБС-ийн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч 5.936.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байдаг. Нэгэнт батлагдаад хэрэгжсэн шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлж байгаа. Одоогоор нэхэмжлэгч ажилдаа эгүүлэн тогтоогдоод ажил хөдөлмөрөө хийж байгаа. Ковидын улмаас тусгаарлалтанд байгаа. Уг шүүхийн шийдвэрийг биелүүлээд мөнгийг нь өгье гэхээр тус сургууль нь спортын чиглэлээр хүүхдүүдийг сургадаг. Мөн дотуур байртай. Дотуур байрандаа хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдийг байрлуулж, хоол ундыг нь өгдөг. Одоогоор шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх төсөв мөнгө сургуулийн дансанд байхгүй. Ерөнхийдөө төрийн сангаар дамжаад ажилтан ажиллагсдын цалин орж ирж байгаа болохоос сургууль шүүхийн шийдвэрийг биелүүлэх шууд гаргаад өгөх бэлэн мөнгө байхгүй. Маргааны гол утга нь үлдэх 3.000.000 төгрөг дээр явагддаг. Тухайн үед ковидын нөхцөл байдал үүссэнийг хариуцагч өөрөө хэлсэн. 2020 оны 11 сараас үндсэн жижүүр юм уу нийт ажиллаж байгаа хүмүүс нь цалингаа бүтэн аваад бусад нь хувиар тохирч цалингаа авч байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн дээр өмнө нь маргаантай байсан үеийн мөнгө орсон байна. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Тухайн үед нэхэмжлэгч ажиллаагүй. Ажиллаагүй байж амралтын мөнгө авна гэдэг ойлголтоор нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна. Ерөнхийдөө нотлох баримтуудыг яагаад гаргаад, гаргуулах хүсэлт тавиад байна вэ? гэхээр өндөг анхдагч уу?, тахиа анхдагч уу? гэдэг шиг нэхэмжлэгч******* боловсролын зэрэггүй хэр нь багшилна, ажиллана, дээрээс нь цалин мөнгө нэхэмжлээд байдаг. Гэтэл энэ хүн олон хүүхдүүдийн сурч мэдэх эрхийг зөрчөөд өөрөө боловсролын шаардлага индекс нь хангагдаагүй байж ажиллаад яваад байдаг. Энэ сургуулийн дотоод хяналтаас*******гийн ажил байдалтай холбоотой дүгнэлт гаргасан байсан. Гэтэл өөрөө урт хугацаанд ажиллаж, танил тал, Баярсайхан захирлаар ямар ч хуульд байхгүй заалт оруулж тушаал гаргуулж ажилд орсон. Ажил байдал чинь таарахгүй байна гээд ажлаас халахаар нэхэмжлэл гаргадаг. Тухайн үед шүүх дээр хариуцлагагүй хандаад давж заалдах шатныхаа эрхийг алдсан байдаг. Энэ удаад асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад шүүхийн байгууллагаар дамжуулж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд дипломыг шинжлүүлье гэж хүсэлт гаргасан боловч шүүх үүнийг хангаж шийдвэрлээгүй. Хариуцагчийн зүгээс цагдаагийн байгууллагад яагаад өгөөгүй вэ? гэхээр эмэгтэй хүн, сургуульд тодорхой хугацаанд ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа гэдэг утгаар нь сургуулийн нэр хүнд гээд цагдаагийн байгууллагад хандаагүй. Шууд шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье гэсэн. Яагаад гэвэл дараа нь******* гэх нэхэмжлэгчид сөрөг нэхэмжлэл гаргах хууль зүйн тактиктай хуралдаанд оролцож байгаа учраас энэ шаардлагынхаа хүрээнд хангуулахын тулд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг томилуулах хүсэлтийг гаргаж байсан. Учир нь өмнө нь үүнийг хэрэгжүүлэх бололцоо, бодит байдлаа алдсан. Яагаад гэвэл ковидтой холбоотойгоор яам, тамгын газруудаас албан бичгүүд ирээгүй байсан. Тиймээс одоо шүүхийн шийдвэр гарсан дээр маргахгүй. Шинээр нотлох баримт гаргуулах хүсэлтийг өмнө нь дурдаад өнгөрсөн. Гагцхүү цагдаагийн байгууллагаар дипломын хуурамч байдалтай байгаа асуудлыг шалгуулаад үнэн зөвөөр гаргуулъя. Хэрэв хуурамч диплом ашигласан бол шударга байдлаар, шударга ёсны зарчим дээр тулгуурлаж явах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор цалинг хувиар бодож олгож байсан. Шүүхийн аль ч шатанд ямар ч үед нотлох баримтыг шинээр гаргуулах хүсэлт гаргаж болдог. Тиймээс хүсэлтээ гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй учраас сургуулийн зүгээс албан ёсны албан бичгээр цагдаагийн байгууллагад хандаад шалгуулах хүсэлтэй байна. Тиймээс энэ эрхээр давхар хангаж өгч шийдвэрээ гаргахыг хүсэж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын Ирээдүйн одод сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, амралтын мөнгө нийт 5.936.155 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.
Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...нэхэмжлэгч*******гийн боловсролын диплом хуурамч байх магадлалтай, анх*******г ажилд томилсон тушаал нь буруу, цагдаагийн байгууллагад дипломын хуурамч эсэхийг шалгуулах эрхээр хангуулах хүсэлтэй байна... гэсэн.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч******* нь тус шүүхэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын Ирээдүйн одод сургуульд холбогдуулан тус сургуулийн хүүхэд хөгжил, төлөвшлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж, түүний нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ/2021/00026 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан*******г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын Ирээдүйн Одод сургуулийн хүүхэд хөгжил, төлөвшлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.029.486 төгрөг гаргуулан*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 163.678 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биеүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 142/ШШ2021//00026 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч*******гийн сарын дундаж цалинг 880.189 төгрөг, өдрийн цалинг 40.939 төгрөг гэж тооцож шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж зааснаар түүний нэг өдрийн цалинг 40939 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч******* нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстй тэнцэх олговорт 4707985 төгрөг, амралтын мөнгө 1228170 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба түүний амралтын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр улсад хэдэн жил ажиллаад ээлжийн амралтын хэд хоног амардаг, ямар хугацаанд амралтаа авсан, амралтын хэдэн төгрөг авах эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байх тул уг шаардлага хангагдах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч*******д түүний 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 15-ны хооронд нийт 115 хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 115*40939=4.707.985 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.228.170 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, дээрх цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.928 /нэг зуун есөн мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын Ирээдүйн-Одод сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 90.277 /ерэн мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын Ирээдүйн-Одод сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.707.955/дөрвөн сая долоон зуун долоон мянга есөн зуун наян тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.228.170 /нэг сая хоёр зуун хорин найман ямнга нэг зуун дал/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан*******гийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын Ирээдүйн-Одод сургуульд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.928 /нэг зуун есөн мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын Ирээдүйн-Одод сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 90.277 /ерэн мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ