| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/06237/И |
| Дугаар | 001/ХТ2025/00135 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Ажлаас үндэслэлгүй халагдсан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2025/00135
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00777 дугаар магадлалтай,
П.Н-ийн нэхэмжлэлтэй
Н-д холбогдох
Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 26,442,200 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Н-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 26,442,200 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01919 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар П.Н-г Н-ийн англи хэлний багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Н-с ажилгүй байсан хугацааны цалин 25,480,580 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 961,620 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан П.Н-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг Н-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н-с 285,352 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00777 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01919 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэт нэг талыг баримтлан дутуу үнэлж, нэхэмжлэгч П.Н нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байхад ноцтой зөрчлийг нотлоогүй орхигдуулсан эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй, ноцтой зөрчил гаргасан болохыг баримтжуулж тогтоогоогүй атлаа түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцээгүй хэмээн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлэлгүйгээр, бодит нөхцөл байдалд үл нийцэх, үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
4.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Түүнчлэн анхан шатны шүүхээс ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тохиолдолд энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т хуульчилсан ба тэр талаарх баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, баримтаар нотлоогүй гэж зөв дүгнэсэн.” гэжээ.
2024 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн Б/33 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх заалтуудыг үндэслэн гаргасан бөгөөд өөрөөр хэлбэл, ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэл нь ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгох зохицуулалтгүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах үндэслэл болохоор зохицуулалт юм. Энэхүү Хөдөлмөрийн хуулийн хоёр заалтыг үндэслэл болгосон тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгож болох эсэх, аль зохицуулалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд цаашид аливаа маргаан гарсан тохиолдолд ач холбогдолтой тул энэхүү асуудлыг улсын дээд шүүх нэг мөр болгох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь уг 2 заалтыг давхар хэрэглэсэн тохиолдолд хоёр заалтын шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй бөгөөд аль нэг заалтын дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шаардлага бий болж байгаа юм.
4.2.Давж заалдах шатны шүүх “...Өмнө дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд ажил олгогч нь ажилтны гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг тушаал гаргах үедээ баримтаар тогтоосон байх ёстой. Хэрэгт авагдсан шинжээч Боловсролын үнэлгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/370 тоот дүгнэлт, гэрч Б.С нарын мэдүүлгээр П.Н нь 2024.06.06-ны өдөр улсын хэмжээнд нэгдсэн цагаар авдаг англи хэлний шалгалтын 12 дугаар ангийн нийт 91 сурагчийн материалыг засахдаа зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна. Гэхдээ эдгээр баримт нь ажилтны гаргасан зөрчлийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж хийсэн үйл баримт байх ба харин, ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлөх үед түүний гаргасан ноцтой зөрчлийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй... Өөрөөр хэлбэл, хожим аливаа хэлбэрээр ажилтны урьд гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байгаа нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр гаргах үед ажилтны гаргасан зөрчлийг нотлоогүй орхигдуулсан эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй” гэжээ.
Энэхүү дүгнэлт нь нотлох баримтыг бодитой үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. 2023-2024 оны хичээлийн жилийн анги дэвших улсын шалгалт авахдаа Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 06 сарын 29 өдрийн А/425 тоот тушаал, журмын дагуу сургуулийн захирлын тушаал гарч 2024.06.06-ны өдөр улсын хэмжээнд 09 цагт англи хэлний улсын шалгалт эхэлсэн. Тэр үед Н-н англи хэлний багш нэхэмжлэгч П.Н шалгалтын комисст ажиллаж байсан бусад багш нарт “манай анги төгсөх дөхлөө, дүн муу байж болохгүй, та нар хүүхдүүдийн шалгалтын материалыг засаад хэрэггүй, гайгүй дүн тавь” гэж зүй бус шаардлага тавьсан байдаг. Энэ нь бусад багш нарын мэдүүлснээр нотлогдсон.
Улмаар *** дугаар сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн шалгалтын материалыг нэг бүрчлэн засалгүй төгсөх ангийн хүүхдүүд учраас зөөлөн хандаж, ур чадварт харгалзан үнэлгээ өгсөн гэж тайлбарлан өөрийн үзэмжээр шалгалтын материалд бодит бус оноо тавьсан байдаг. Гагцхүү сурагчдын оноог нэмээд зогсохгүйгээр зарим сурагчдын оноог илтэд хассан. Шалгалтын материалыг нэг бүрчлэн шударгаар, бодитой, хөндлөнгийн нөлөөллөөс ангид шалгах нь шалгалтын үндсэн зорилго буюу хамгийн чухал хэсэг бөгөөд багш мэргэжлийн хувьд заавал баримтлах ёстой зарчим бөгөөд сурагчдын эрх ашгийг зөрчиж болохгүй.
Сурагчдын шалгалтын материалыг зохих ёсоор, бодитоор үнэлэлгүй өөрийн үзэмжээр оноо тавьсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаалын хавсралт Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм болоод манай *** дугаар сургуулийн дотоод журмын 2.7 дугаар зүйл 2.7.1-т заасан үнэлгээний журам, 2.9 дүгээр зүйл, сургуулийн дотоод дүрмийн 1.2 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 5.1.А, 5.1.Е, мөн 9.2 дугаар зүйлийн 9.2.10 болон хөдөлмөрийн гэрээний үүргийг тус тус зөрчсөн үйлдэл байхаас гадна улсын шалгалтын зорилгыг үнэгүйдүүлсэн ёс бус үйлдэл мөн юм. Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 01/370 тоот дүгнэлтийг хүргүүлсэн ба тус дүгнэлтээр “Сурагчдын шалгалтын материалд анализ хийхэд нийт 91 сурагчийн шалгалтын материалаас 12а ангийн 7 сурагчийн материал, 12б ангийн 6 сурагчийн материал, 12в ангийн 2 сурагчийн материал, нийт 15 сурагчийн материалын хөлийн дүн засвартай, сурагчдын буруу хийсэн даалгаврыг зөв хэмээн үзэж оноо өгсөн, сурагчдын зөв хийсэн даалгаварт оноо өгөөгүй, сурагчдын шалгалтыг бодитой үнэлгээгүй зөрчлүүд илэрсэн.
Багш П.Н нь 30-р даалгавар эсээг засахдаа 4 сурагчдад өгвөл зохих 15 оноо өгөхөөс илүү 1 оноо буюу 16 оноо өгсөн, мөн үнэлгээний шалгуур, гүйцэтгэлийн оноо гаргаагүй, сурагч даалгаврыг хэрхэн яаж гүйцэтгээд хэдэн оноо авах нь тодорхой бус (үгийн тоо, хэл зүйн дүрмийн алдаатай, үгээ зөв бичсэн эсэх, сэдэвтэй уялдсан, агуулга гарсан эсэх гэх мэт) үнэлгээний шалгуур үзүүлэлтээр сурагчдын бичсэн эсээг засаж оноожуулах үнэлгээний зарчмыг баримтлаагүй хэрхэн яаж оноожуулсан нь тодорхой бус шууд оноо өгсөн байна.” хэмээн дүгнэн зөрчил илрүүлсэн байдаг. Ийнхүү сурагчдын шалгалтын материалыг нэг бүрчлэн засаагүй, мөн худлаа оноо өгсөн болох нь Боловсролын үнэлгээний төвийн шинжээчийн багийн дүгнэлтээр батлагдсан.
Дээрх дүгнэлтээс гадна шинжээчийн багийн дүгнэлтийг бүхэлд нь харвал сурагчдын шалгалтын материалуудыг буруу зассан, оноо нэмсэн, сурагчдын авбал зохих оноог бууруулсан буюу хассан зэргийг нэг бүрчлэн тайлбарлаж дүгнэсэн байдаг.
4.3.Мөн тухайн улсын шалгалтад нэхэмжлэгч П.Н-тай хамт шалгалтын материалыг зассан 3 багш ижил зөрчил гаргасан бөгөөд зөрчлөө ухамсарлан давтан зөрчил гаргахгүйгээр үргэлжлүүлэн ажиллах тухай өргөдөл өгсөн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад уг нэр бүхий 3 багшийн нэг болох Б.С-ыг гэрчээр оролцуулсан. Ингэхдээ шалгалтын материалыг засах үед нэхэмжлэгчийн бусад шалгалтын материалыг засаж байсан багш нарт гаргасан зан авир болон зүй бус шаардлагуудыг гэрч Б.С нэг бүрчлэн тодорхой мэдүүлсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заажээ. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэл болгосон байх ба энэ нь ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан, түүнчлэн зөрчлийг давтан гаргасан гэх аль аль нөхцөл байдлыг хамааруулан зохицуулсан заалт юм.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дөрөв дэх зүйлд гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг заасан ба 4.2 дугаар зүйлийн 4.2.2-ын 5 дахь догол мөрөнд “...худал мэдээллэх...”, 6 дахь догол мөрөнд “Ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага, сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол”, 10 дахь догол мөрөнд “Хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол”, 12 дахь догол мөрөнд “Ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан сургалтын үйл ажиллагаа, сургуулийн аюулгүй байдалд нөлөөлсөн зөрчил гаргасан” гэж заасныг тус тус зөрчсөнөөр гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл бий болсон.
Харин П.Н нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах ноцтой зөрчил гаргасан. Үүнийг илрүүлсэн даруйдаа 2024.06.07-ны өдөр хуралдаж хэлэлцэхэд өөрөө энэ талаар үгүйсгэдэггүй, харин ч хүлээн зөвшөөрч, “...төгсөх өнгийн хүүхдүүд учир зөөлөн хандсан...би өөрөө саналаараа өргөдлөө өгье” гэсэн, мөн бусад багш энэ талаар мэдүүлсэн болохыг хурлын тэмдэглэлд тусгасан.
Мөн П.Н нь уг зөрчлийг үйлдсэнээр буюу сурагчдын шалгалтын материалуудыг буруу зассан, оноо нэмсэн, сурагчдын авбал зохих оноог бууруулсан буюу хассан зэрэг үйлдэл хийснээр үр дагавар нь шууд бий болсон тул зөрчлийг үйлдсэн болохыг заавал баталгаажуулуулах шаардлагагүй бөгөөд илэрхий шалтгаант үр дагавар бий болсон. Ажил олгогчийн зүгээс тус зөрчлийг илрүүлсэн даруйд хуралдан тайлбар сонсож сануулсан зэрэг нь хурлын тэмдэглэл, бусад багш нарын мэдүүлсэн байдал мөн шалгалтын материал, дүн зэргээр нотлогдох тул эс үйлдэхүй хэмээн үзэх үндэслэл байхгүй. Мөн хэрэгт П.Н-ийн зассан шалгалтын материалууд авагдсан бөгөөд энэ нь ноцтой зөрчлийг тогтоосон нотлох баримт мөн байхад хэрэгт авагдаагүй гэж үзэх нь үндэслэлгүй болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар ажлаас халсан үндэслэл болох “... гадаад хэлний багш П.Н нь 2024.06.06-ны өдөр улсын хэмжээнд нэгдсэн цагаар авдаг англи хэлний шалгалтын 12 дугаар ангийн нийт 91 суралцагчдын материалыг засаагүй шууд худлаа дүн тавьж гаргасан...” гэх үндэслэл нь бодитой эсэх талаарх нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлгээр уг үндэслэл бодитой болохыг тогтоосон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг үнэлээгүй нь хянан шийдвэрлэх ажиллаагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, ноцтой зөрчил гэдгийг тушаал гаргахаас өмнө дээрх ажиллагааг хийх мэтээр дүгнэсэн бөгөөд ноцтой зөрчил гаргасан болох нь илэрхий нөхцөл байдал, энэ нь тухайн багшийн шалгалтын материал зассан баримтуудыг харахад шууд тодорхойлогдож болохыг хоёр шатны шүүх анхаараагүй бөгөөд харин энэхүү илэрхий нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр баталгаажсан болно.
Тиймээс дээр дурдсан үндэслэлүүд болон 2024.06.07-ны өдрийн хурлын тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлэг, 2024.09.01-ний өдрөөс Х дүүргийн *** дугаар сургуульд ажиллаж байгаа ба нийгмийн даатгал шимтгэл тасалдаагүй байх зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн тушаалд дурдсан зөрчлүүдийг үгүйсгэсэн нотлох баримтыг бүрдүүлээгүй байтал нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлэлгүйгээр, бодит нөхцөл байдалд үл нийцэх, үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.07.08-ны өдрийн 001/ШХТ2025/00731 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Н-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 26,442,200 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...англи хэлний багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2024.06.13-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг баримталж, 12 дугаар ангийн нийт 91 сурагчийн Англи хэлний шалгалтын материалыг засалгүй, шууд худал дүн тавьж гаргасан нь багшийн ёс зүйд нийцэхгүй гэсэн. Хуулийн 80.1.2-т заасан ажилтан мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй бол энэ талаар эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдох ёстой. Гэтэл ийм дүгнэлт гараагүй. Мөн энэ үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол тодорхой хугацаанд ажлаа сайжруулах талаар хугацаа олгох, чөлөөлөх бол хуульд зааснаар 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ёстой. Түүнчлэн хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй атал хуулийн 80.1.4-т заасныг үндэслэж тушаал гаргасан. Ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн бол ёс зүйн дүрмийн ямар заалтыг зөрчсөн бэ гэдэг нь тодорхойгүйгээс гадна тухайн зөрчлийг төрийн бус байгууллага шалгаж тогтоох шаардлагатай байдаг. Иймд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэжээ.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2024.06.06-ны өдөр сургууль төгсөх 12 дугаар ангийн суралцагчдаас улсын хэмжээнд англи хэлний шалгалт авсан. Багш П.Н шалгалтын комисст орж ажиллахдаа “манай анги 12 дугаар ангиа төгслөө, дүн муу байж болохгүй, та нар засаад хэрэггүй, гайгүй дүн тавь” гэж бусад багш нараа уриалж, загнаж элдэв ааш гаргасан. Багш нар шалгалтын материалыг засахдаа үнэн зөв гэдэг дээр үнэлэлт хийхгүйгээр аль суралцагчид хэдэн оноо өгөхийг ерөнхий зан байдалд тааруулан гаргасан байдаг. Үүнийгээ нэхэмжлэгч болон багш нар хүлээн зөвшөөрсөн. Шалгалтыг үнэн зөвөөр аваагүй гэдэг нь мөн шинжээчийн дүгнэлтээс харагдана. Тухайн шалгалтаас болж бусад англи хэлний шалгалтыг өөр багшаар авахуулахаар болсон. Хөдөлмөрийн гэрээний 4-ийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийн “...байгууллагын журам, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар гүйцэтгэхээс татгалзсан, эсэргүүцсэн бол, ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан сургалтын үйл ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлсөн үйл баримт гаргасан...” гэж заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг баримталж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9.Анхан шатны шүүх П.Н-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
10.Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон гэж дүгнэв.
11.Хэргийн баримтаас үзэхэд Н-н захирал 2024.06.13-ны өдөр Б/33 дугаартай тушаалаар “... П.Н нь 2024.06.06-ны өдөр Улсын хэмжээнд нэгдсэн цагаар авдаг англи хэлний шалгалтын 12 дугаар ангийн нийт 91 суралцагчдын материалыг засаагүй шууд худлаа дүн тавьж гаргасан нь багшийн ёс зүйд нийцэхгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг баримталж ажлаас чөлөөлжээ.
12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хооронд үүссэн маргаан, уг маргааны зүйл, тэдний мэтгэлцсэн байдлаас үзэхэд Б/33 дугаартай тушаалд заасан нэхэмжлэгчийн гаргасан гэх үйлдэл нь тогтоогдсон эсэх, уг үйлдэл түүнийг ажлаас чөлөөлөх хуульд заасан хоёр өөр эрх зүйн үндэслэлийг бий болгосон буюу мэргэжил мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болдог нөхцөлд тухайн үйлдэл хамаарч энэ үндэслэл бүрдсэн, эсхүл нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь ёс зүйн эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчлийн алины шинжийг агуулсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил бол уг зөрчил нь ялимгүй эсхүл ноцтой үр дагавартай, ноцтой бол үүнийг хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг цуцлахаар заасан эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.
13.Б/33 дугаартай тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлийн талаар болон ёс зүйн зөрчил эсэх талаархи зохигчийн тайлбартай холбоотой анхан шатны шүүх дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ. Үүнд, нэхэмжлэгч тушаалд заасан үйлдэл гаргасан, уг үйлдэл нь зөрчлийн шинжтэй боловч харин энэхүү үйлдэл нь нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж үзэх хуульд заасан нөхцөл болохгүй, мөн ажил олгогч тус үйлдлийг ёс зүйн зөрчил байна гэсэн бол, үүнийг зохих журмын дагуу шалгаж тогтоосон баримтгүй гэсэн байна.
Харин энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “...нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх мэтгэлцээний байр сууриа хариуцагч хуульд заасан журмын дагуу нотлоогүй...” гэж дүгнэжээ.
14.Б/33 дугаар тушаалд заасан нэхэмжлэгчийн гаргасан гэх үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлд хамааруулсан ажил олгогчийн дээрх тушаал хуульд нийцээгүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж заасныг ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд мэргэжлийн түвшин, мэдлэг, чадвараар тухайн албан тушаалд тавигдах болзол шалгуурт нийцэхгүй болсныг ойлгох ба энэ талаар зохих байгууллага, комисс гүйцэтгэх ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан байхыг хууль шаарддаг. Ийм нөхцөл нэхэмжлэгчийн хувьд тогтоогдоогүй.
Түүнчлэн хөдөлмөрийн ёс зүйн зөрчил гэдэг нь байгууллагын дотоод ёс зүйн дүрэм, зан үйл, үнэт зүйл, харилцааны соёлыг зөрчихийг, тухайлбал, ажилтны нэр хүнд, хамт олны уур амьсгал, байгууллагын ажил хэргийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлдэг үйлдэл байна. Ёс зүйн зөрчил гаргасан бол түүнийг шалгаж тогтоох, арга хэмжээ авах журмыг тухайн байгууллагын ёс зүйн дүрэмд тодорхой тусгах бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан шалгалтын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж суралцагчдын шалгалтыг үнэлж оноо тавьж байгаа энэ үйлдэл нь багшийн гүйцэтгэх ажил үүрэгт нь хамаарах тул ёс зүйн зөрчил гэж үзэхэд учир дутагдалтай, үүний зэрэгцээ ажил олгогч тушаалдаа “... багшийн ёс зүйд нийцэхгүй...” гэж бичиж тусгасан хэдий ч ёс зүйн зөрчил буюу ёс зүйтэй холбоотой холбогдох дүрэм, журам зөрчсөн эсэх талаар тушаалын хууль зүйн үндэслэлд заагаагүй, гагцхүү нэхэмжлэгч талаас ёс зүйн зөрчил гэж үзэх эсэх, шалгаж тогтоох ямар үндэслэл, журам байдаг талаар тайлбарласан нь хэрэгт авагджээ.
15.Б/33 дугаар тушаалд заасан өөр үндэслэл буюу нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан “хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэх эсэхэд хоёр шатны шүүх дараахь дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх, “ ... хариуцагчийн тайлбарлаж байгаа хөдөлмөрийн гэрээний 4 дэх заалтад байгаа нөхцөл нь П.Н-ийн гаргасан зөрчилтэй хамааралгүй, түүний гаргасан зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй, хуулийн 80.1.4-г баримталж ажилтанг ажлаас чөлөөлж байгаа бол мөн хуулийн 123 дугаар зүйлийг баримтлах байсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй” гэжээ. /1-р хавтаст хэргийн 228-р хуудас ар тал-шүүхийн шийдвэрийн хуудас дугаарлагдаагүй тул хавтаст хэргийн дугаарласан хуудсыг заав./
Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан талаарх ажил олгогчийн тушаалд заасан хэсэгт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна. Хэрэгт авагдсан шинжээч Боловсролын үнэлгээний төвийн 2024.10.31-ний өдрийн 01/370 тоот дүгнэлт, гэрч Б.С нарын мэдүүлэг зэрэг баримт нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн талаархи үйл баримтыг тодорхойлсон байх ба эдгээр нь ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлөх үед нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийг тогтоосон нотлох баримт болохгүй. Өөрөөр хэлбэл, хожим аливаа хэлбэрээр ажилтны урьд гаргасан зөрчлийг баримтаар тогтоосон байгаа нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр гаргах үед ажилтны гаргасан зөрчлийг нотлоогүй орхигдуулсан эс үйлдэхгүйг зөвтгөх үндэслэл болохгүй. Хэргийн 133-143-р талд авагдсан хариуцагчийн зүгээс шалгалтын дүнгийн хурлын протокол гэх баримт гаргаж өгсөн байх боловч уг баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэхгүй... ” гэсэн. /магадлалын 4 дэх хуудас, мөн 2-р хавтаст хэргийн 4-р хуудас/
16.Хоёр шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэл бүхий болоогүй, шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, эдгээрт дурдсан үйл баримтын талаар маргасан, маргаагүй байдал болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Түүнээс гадна давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “ноцтой зөрчлийн талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан” гэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг бүрэн судлаагүй байхаас гадна анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэгдсэн, хэргийн 133-143 дугаар хуудаст авагдсан 2024.06.07-ны өдрийн шалгалтын дүнгийн хурлын протоколын нотлох баримтын шаардлага хангасан эсэх болон тухайн баримтад тусгагдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байхад, мөн тухайн баримт нь нотлох баримтын хуульд заасан ямар шаардлагыг хангаагүй /эх хувь биш гэж үзсэн эсхүл өөр үндэслэл байгаа/ талаар давж заалдах шатны шүүхийн хуралдаанд ч тодруулаагүй атлаа, магадлалд шууд үнэлэхгүй гэж заасан нь буруу болжээ.
17.Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн бусад баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.Н нь төгсөх 12-р анги даасан багш ба 2024.06.06-ны өдөр Улсын хэмжээнд нэгдсэн цагаар 12 дугаар ангийн Англи хэлний шалгалт авсан, уг шалгалтад тус сургуулийн нийт 91 суралцагчид шалгалт өгсөн, шалгалтын комиссын бүрэлдэхүүнд сургуулийн захирлын тушаалаар томилогдсон багш нар шалгалтын материалыг тойргийн журмаар засахдаа зарим суралцагчдад бодит бус дүн тавьсан буюу дээрх үйлдлийг хийх болсон шалтгаан нь нэхэмжлэгчийн даасан анги шалгалт өгсөн, иймээс зарим суралцагчдыг дэмжих байдлаар оноо нэмэх, зарим суралцагчдын оноо нь хэт өндөр байсны улмаас бууруулж үнэлсэн үйл баримт тогтоогдсон.
Тухайлбал, дээрх үйл баримт нь Б/33 дугаартай тушаал гарахаас өмнө буюу 12 дугаар ангиас авсан англи хэлний шалгалтын үнэлгээний талаар гарсан асуудалтай холбоотойгоор 2024.06.07-ны өдөр шалгалтын комиссын гишүүд хуралдсан, уг хуралд нэхэмжлэгч болоод бусад үнэлгээ тавьсан багш нар оролцож суралцагчдыг дэмжиж үнэлгээ гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байдлаар тогтоогдсон байна. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан суралцагчдын улсын шалгалтын үнэлгээний материалууд ба /эдгээрийн зарим нь засвартай/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр томилогдож шинжээчээр ажилласан Боловсролын үнэлгээний төвийн суралцагчдын дүнг нэмэх, бууруулах байдлаар үнэлсэн тухай дүгнэлт, үнэлгээ тавихад оролцсон багш Б.С-ын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр давхар нотлогджээ.
18.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.
Хөдөлмөрийн сахилгын зөрчил нь үйлдэл, үр дагаврын шинжээрээ ялимгүй эсхүл ноцтой байдаг ба ялимгүй зөрчлийн хувьд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үндсэн үүргийг зөрчих боловч үр дагавар нь бага байдаг бол ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан үндсэн чиг үүргийг зөрчих байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх хохирол учруулж болохуйц үр дагавар үүсгэдэг байна.
19.Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Багш, ажилтан нь боловсролын тухай хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д заасан ажил мэргэжлийн стандарт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, мөн хуулийн 13.2.3-д “суралцагчийн чадамжийг бодитой үнэлэх, ...”, 13.2.11-д “суралцагчийн эрхийг зөрчих болон сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээг ...зохион байгуулах, тэдгээрт оролцох, багш, удирдах ажилтан хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулах үйлдэл гаргахгүй байх”, 13.2.14-т “холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, аргачлалыг чанд сахин мөрдөх” гэж заасан.
Мөн Нийслэлийн боловсролын газрын сургалт арга зүйн хэлтсийн даргын болон ** дугаар сургуулийн захирлын баталсан “Анги дэвших болон улсын шалгалтыг зохион байгуулах дэг ба зөвлөмж”-д улсын шалгалтыг хэрхэн авах, суралцагчийн сурлагын амжилтад хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээ хийхэд баримтлаж ажиллах журмыг тогтоожээ.
20.П.Н нь багшийн ажил, албан тушаалд ажиллаж, тухайн үйл ажиллагааг эрхлэхдээ холбогдох, хууль, дүрэм, журмыг сахиж ажиллах үүрэгтэй. Б/33 дугаартай тушаал, уг тушаалын үндэслэлд зааж буй П.Н нь шалгалтын үнэлгээний оноог бодитой тавиагүй, 15 онооны үнэлгээтэй эсээ бичилтэд өөрөө оноо тавихдаа оноог нэмсэн, бууруулсан нь үнэлгээг бодитоор өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь хөдөлмөрийн сахилгын ялимгүй зөрчил болон ёс зүйн зөрчил гэхээс илүүтэйгээр ноцтой зөрчлийн үр дагавар үүсгэх, өөрөөр хэлбэл, багшийн болоод сургуулийн ажил хэргийн нэр хүнд, суралцагчдын ба байгууллагын ашиг сонирхол, сургалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
21.Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т “байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаварыг санаатайгаар биелүүлээгүй, ... ажлын хариуцлагаас шалтгаалан сургалтын үйл ажиллагаанд ... нөлөөлсөн зөрчил гаргасан” бол ноцтой зөрчилд тооцохоор заажээ.
Нэхэмжлэгч П.Н-г өөрийн гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд суралцагчдыг бодитой үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүнээс шалтгаалж бусад англи хэлний шалгалтыг өөр багшаар авахуулахаар болсон энэ үйлдэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх “...хөдөлмөрийн гэрээний 4 дэх заалтад байгаа нөхцөл нь П.Н-ийн гаргасан зөрчилтэй хамааралгүй, түүний гаргасан зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй...” гэж, давж заалдах шатны шүүх “...ноцтой зөрчлийг нотлоогүй орхигдуулсан эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй, ноцтой зөрчил гаргасан болохыг баримтжуулж тогтоогоогүй...” гэсэн үндэслэлээр Б/33 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцээгүй гэж тус тус дүгнэсэн нь хууль зөрчсөн байна.
22.Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01919 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00777 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н-д холбогдох П.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н 2025.06.13-ны өдөр төлсөн 290,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН