| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/0961/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/975 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/975
2024 09 10 2024/ШЦТ/975
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******** овогт О-ийн От холбогдох эрүүгийн 2406046450605 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ********* дүүргийн **** дүгээр хороо ********* дугаар гудамжны **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
**** овогт О-гийн О /регистрийн дугаар: *****/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Оийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406046450605 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.О нь 0,35 хувийн согтолтой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-2, 3-р хуудас/,
О.О нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,28 хувийн согтолтой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгуулсан тухай Бүртгэлийн С-3093 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар /хх-ийн 21-31-р хуудас/,
Яллагдагч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7, 47-р хуудас/,
О.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 3, 37-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4-5, 18, 35-40-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 2406046450605 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч П.Итгэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...О.О нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар-Налайх чиглэлийн замд “Тоёота приус” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт..”-ийг гаргасан.
Шүүгдэгч О.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэм буруугийн талаар маргахгүй…” гэж мэдүүлэг өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шинжлэн судалсан: Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.О нь 0,35 хувийн согтолтой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл,
О.О нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,28 хувийн согтолтой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгуулсан тухай Бүртгэлийн С-3093 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар,
О.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа,
Яллагдагч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед Налайх дүүрэгт найз ******* ийн гэрт очсон 3-лаа нийлээд “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн пиво 4 савыг хувааж уугаад би орой 23 цагийн үед гэртээ хариад амраад маргааш өглөө нь 08 цагийн үед өөрийн Тоёота приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад Налайхаас Улаанбаатар хот орох гээд Хонхорын зам дээр явж байтал цагдаа нар зогсоож шалгаад драйгер багаж үлээлгэсэн чинь 0,35 хувийн согтолтой гарсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар О.Оийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон, түүний үйлдэл мөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…” гэж тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон... бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.
Жолоодох эрхийн лавлагаагаар О.О нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №1289743 дугаартай үнэмлэхээр жолоодох эрх авч, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 0061410 дугаартай шийтгэлийн хуудсаар жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзэхийн зэрэгцээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ.
“Тээврийн хэрэгслийн жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт хууль тогтоогч тайлбарласан ба О.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан байна.
Түүнчлэн шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 түүнээс дээш промиль илэрсэн тохиолдолд согтуурсан гэж үзэх бөгөөд О.Оийг эрх бүхий албан тушаалтан драйгер багажаар шалгахад тэрээр 0,35 хувийн согтолтой болох нь нотлогдсон ба түүний үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, согтууруулах ундаа хэрэглэснээс гэмт хэрэг гарсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч П.Итгэл эрүүгийн хариуцлагын талаар: “... Шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 3000 нэгжээр торгох ял оногдуулах...” дүгнэлтийг.
Шүүгдэгч О.О нь эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч О.Оийн нас, ам бүл 4, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас эрх хасах, торгох ялыг сонгож буюу прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах зүйтэй.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болон шүүгдэгч О.О нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт О-ийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурав /3/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган /3000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан торгох ялыг нэг (1) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан гурван /3/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР