Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196

 

 

 

 

 

 

 

    2024           2          23                                   196     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

            улсын яллагч Э.Хилчинбаатар,

            шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Ч-т холбогдох эрүүгийн 2406 00000 0168 дугаар хэргийг 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, ....,

урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэгдэж байсан, регистрийн .................... дугаартай.

 

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ч.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч нь Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Шар хад ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух Г.Алтанзагасын гэрт амьдарч байхдаа 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр түүний эзэмшлийн 1,204,000 төгрөгийн үнэ бүхий 999 сорьцтой, цэцгэн хэлбэртэй албан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дэх тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А-ын өгсөн “Би Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо Шар хадны ...  тоотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн үед нөхөртэйгөө хамт гэрээсээ гарахдаа гоо сайхны ширээн дээр байх улаан өнгийн үнэт эдлэлээ хийдэг хайрцагнаас өөрийн алтан бөгжийг зүүгээд “Хурд” хороолол орчихоод буцаад гэртээ ирээд орой унтахдаа алтан бөгжөө хуруунаасаа аваад улаан өнгийн хайрцагандаа хийсэн. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед алтан бөгжөө хийсэн улаан өнгийн хайрцгаа нээж үзэхэд миний алтан бөгж байхгүй, алга болсон байхаар нь гэртээ эрж хайгаад олоогүй, 3 хүүхэд болон нөхөр Т.Өлзийсайханаас асуухад мэдэхгүй гэсэн, мөн манай гэрт 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш амьдарч байгаа жолооч Ч.Ч-ээс асуухад мэдэхгүй гэхээр нь цагдаа дуудаад шалгууллаа гэхэд тэг, тэг гэж байсан. Ингээд цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж дуудлага өгсөн. ...Миний алдсан алтан бөгж 6,49 граммтай, 999 сорьцтой, цэцгэн хэлбэртэй бөгж байсан би 2022 онд 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би өөрийн гэрээсээ алдсан бөгжөө буцаагаад авчихсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /хх-ийн 6-7, 60 дахь тал/,

шүүгдэгч Ч.Ч-ийн сэжигтнээр өгсөн “Би 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Улаанбаатар хотод ажил хийхээр ирээд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ...  дүгээр хороо Шар хаданд оршин суудаг хувиараа жимс, ногоо зарж борлуулдаг Алтанзагас гэх айлд түгээлтийн жолоочоор сарын 2,100,000 төгрөгний цалинтай ажил хийж эхэлсэн. Тухайн үед би Гандангийн тосгоны овоонд найз Б.Б-ийн нийтийн байранд түр амьдарч байсан. Тэгээд миний ажиллаж байсан айлын эхнэр А, нөхөр Ө нар намайг чи найзындаа амьдарч байгаа юм бол манайд ажил хийнгээ манай гэрт амьдарч болно гэсэн. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Ө-гийн гэрт амьдраад ажлаа хийсэн. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед А эгчийн өрөөнд байх улаан өнгийн үнэт эдлэлээ хийдэг хайрцагнаас цэцгэн хэлбэртэй алтан бөгжийг нь хулгайлж аваад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн Сансарт үйл ажиллагаа явуулдаг ... гэсэн нэртэй барьцаалан зээлдүүлэх газар өөрийн нэр дээр 900.000 төгрөгөөр барьцаанд тавиад тэр оройноо Сансарт буудалд хоноод 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цагийн үед Өлзийсайхан ахын гэрт очиход А эгч алтан бөгжөө алдсанг мэдээгүй байсан. Тэгээд тухайн өдөр 16 цагийн үед А эгч надаас алтан бөгжөө асуухаар нь би мэдэхгүй, аваагүй гэж хэлсэн. Ингээд би алтан бөгж хулгайлсан талаараа мэдүүлэг өгч байна.” гэх /хх-ийн 10-11 дэх тал/

мөн яллагдагчаар өгсөн “Би хохирогчийн ломбарданд тавьсан байсан бөгжөө аваад өгчихсөн, хохирогч одоо гомдолгүй гэсэн.” гэх мэдүүлгүүд /хх-ийн 57 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн БЗДЗ-24-043 дугаар “2022 онд худалдаж авч байсан, алтан, 999 сорьцтой, цэцгэн хэлбэртэй эмэгтэй хүний бөгж 1,204,000 төгрөг.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дахь тал/,

“...” ломбардны барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 47-48 дахь тал/,

Бөгжний фото зураг /хх-ийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ч.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А “Алтан бөгжөө авсан, гомдол санал, байхгүй.” гэх хүсэлт /хх63/, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан “Б.А миний бие нь алтан бөгжөө авч хохирол гомдолгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх66/, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан, шүүгдэгч хулгайлан авсан бөгжийг хохирогчид буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокурорын санал болгосон шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах  нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Ч.Ч-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгч Ч.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ