Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 53

 

 

Д.Ганбатын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00551 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, ПН63052217 тоот регистрийн дугаартай, Галуут овогт Дарьбазарын Ганбатын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Д.Ганбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Би 1963 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Би Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийг 1979 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр аав ээжтэйгээ хамт Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажилласан. 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хааж, 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан. 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдсан.

Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд анх ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.           

Иймд Д.Ганбат намайг 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00551 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Галуут овогт Дарьбазарын Ганбатын 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Хүсэлт гаргагч Д.Ганбат нь 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга В.Намхайгийн нэр дээрх Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан бригадын 1979-1983, 1985-1986 оны 70 дугаар дансны хуулбар авагдсан боловч энэ нь Д.Ганбатыг 1984-1989 онд мал маллаж байсныг нотлох баримт биш юм гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэрэгт гэрч В.Намхайгийн мэдүүлэг авагдсаар байтал үүнийг үнэлээгүй. Хүсэлт гаргагч өөрөө нэгдэлд ажиллаж байх үеийн баримтуудыг хадгалж чадаагүй. 1991 онд нэгдэл тарах хүртэл ажил хийдэггүй хүн гэж байдаггүй байсан. Баримтгүй бол гэрчээс өөр ажиллаж байх үеийг нотлох зүйл байхгүй.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Д.Ганбатыг 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Хүсэлт гаргагч Д.Ганбат нь 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүх Д.Ганбатын хүсэлтийн зарим хэсгийг нь хангаж, 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

            Хүсэлт гаргагч Д.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь “2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадын 70 дугаар дансны баримтаас Д.Ганбат, түүний эцэг Дарьбазар нарын шимтгэл төлсөн баримт, мал тооллогын баримт байгаа эсэх талаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт үзлэг хийж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 45 минутад хүлээн авсан байна.

            Гэтэл шүүх Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт үзлэг хийгээгүй бөгөөд энэ тухай шалтгаан үндэслэлээ дурдаж, хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гарган хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарган эцэслэн шийдвэрлэсэн байна.

            Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байна.

            Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00551 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР