Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 70

 

                   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

                                 Улсын яллагч С.Энхням

                                 Хохирогч Б.О

                                 Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Л.Г-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруун тус газарт нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд О ахтай уулзсан. Намайг дарамтлаад шүүх, прокурор найзтай одоо ирж байгаа тэд нараар чамайг алуулна чи мөнгө төгрөгөө өг гэхэд нь би гражийн тэндээс гэр лүүгээ яваад гэрээсээ хутга аваад О ахын гэрийн үүдэнд очоод орцны үүдэнд хутгалаад зугтаасан. Айлгах санаатай хувцсанд нь хүргээд авчихъя гэж бодсон. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна гэв.

 

Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би машинтай тойрч очоод гэр рүүгээ орсон чинь үүдэнд Г байсан ба цүнхтэй мөнгийг чинь гэрт чинь орхичихлоо гэсэн би тэгээд хамт оръё гэсэн чинь Д эгчээс айгаад байна гэхээр нь юунд айгаад байдаг юм бэ гээд эргээд харсан чинь араас цохих шиг болсон өндийгөөд харсан чинь Г гаднах хаалга таллаад зогсчихсон хутганаас цус дусаж байсан. Гадуур хувцсаа тайлаад боогоод Үын машинд сууснаа санадаг, тэгээд эмнэлэг орж үзүүлсэн. эмнэлэгт хэвтэж байхад нийт 1 000 000 төгрөг,  хонины бүтэн мах өгсөн. Шүүгдэгч нь надад 9 сая төгрөгийн өртэй надад 1 сая төгрөгөөс гадна дансаар  5 сая төгрөг өгсөн. Би тэр мөнгийг өрөндөө өгсөн гэж бодож байгаа. Эмчилгээний зардлаа баримтаар 700000 төгрөг болж байгаа. Энэ зардал дээр дутуу 3 сая төгрөгийг нэмж 3700000 төгрөгийг нэхэмжилж байна. гэв.

 

Шүүгдэгч Л.Гын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Би Отэй уулзтал, О надаас зээлсэн мөнгөө өг гэж хэлсэн. Би Б ахаа би таниас зээлсэн мөнгөө цалин дээрээс өгье одоо мөнгө алга гээд хэлтэл, О чи намайг битгий доромжлоод бай, чи миний мөнгийг өг, өгөхгүй бол чамайг ална шүү ... гэж надад хэлсэн. Тэгэхээр би гэртээ ороод хутга аваад Оийн гэр лүү явсан. Би Оийн орцний хаалганы үүдэнд зогсож байгаад Б.Оийн нуруун тус газарт нэг удаа хутгалсан ... гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Гтай уулзахаар гэрээс гарч орцонд уулзсан. Би Гын урд гараад алхаад орцны эхний шатыг гишгэх гэтэл ар нуруун хэсэгт цохих шиг болсон. Тухайн үед би нуруугаа бариад үзтэл гар цус болсон байсан ба Г руу хартал гартаа хутга барчихсан орцны хаалганы хажууд зогсож байсан ... гэсэн мэдүүлэг /хх 33-34/,

 

Гэрч О.Ү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... О ирэхдээ царай нь цонхийсон, гэдийгээд нуруугаа дарчисан, ажлын ногоон хүрмээрээ боож дарчихсан, доголсон байдалтай машин дээр ирээд намайг хүн хутгалчихлаа гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 36/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Оийн биед нурууны баруун дунд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 41/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ажлын цамцны ар нурууны баруун хэсэгт 3,2 см хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна.
  2. Хар өнгийн юүдэнтэй цамцны ар нурууны баруун хэсэгт 2,8 см хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна.
  3. Уг зүсэгдэлтүүдийг шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ /хх 45/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 6-11/,

Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 12-16/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 119/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруун тус газарт нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... би гражийн тэндээс гэр лүүгээ яваад гэрээсээ хутга аваад О ахын гэрийн үүдэнд очоод орцны үүдэнд хутгалаад зугтаасан ... гэв, хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... араас цохих шиг болсон өндийгөөд харсан чинь Г гаднах хаалга таллаад зогсчихсон хутганаас цус дусаж байсан ... гэв, шүүгдэгч Л.Гын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Би Оийн орцний хаалганы үүдэнд зогсож байгаад Б.Оийн нуруун тус газарт нэг удаа хутгалсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би Гын урд гараад алхаад орцны эхний шатыг гишгэх гэтэл ар нуруун хэсэгт цохих шиг болсон. Тухайн үед би нуруугаа бариад үзтэл гар цус болсон байсан ба Г руу хартал гартаа хутга барчихсан орцны хаалганы хажууд зогсож байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Ү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... О ирэхдээ царай нь цонхийсон, гэдийгээд нуруугаа дарчисан, ажлын ногоон хүрмээрээ боож дарчихсан, доголсон байдалтай машин дээр ирээд намайг хүн хутгалчихлаа гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Б.Оийн биед нурууны баруун дунд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэжээ, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ажлын цамцны ар нурууны баруун хэсэгт 3,2 см хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Хар өнгийн юүдэнтэй цамцны ар нурууны баруун хэсэгт 2,8 см хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна ... гэжээ, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.Гыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.О нь эмчилгээний зардал 743 850 төгрөгийн баримт бүрдүүлэн 700000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч нь хэрэг бүртгэлтийн шатанд бэлнээр 1 000 000 төгрөгийг төлж барагдуулсан  байх ба энэхүү мөнгийг хохирогч нь эмчилгээндээ зарцуулах зорилгоор авсан талаар хохирогч нь бичгэн баримт үйлдэж хэрэгт хавсаргасныг үндэслэн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан эрүүл мэндтэй холбоотой зардлыг бүрэн төлсөн гэж шүүхээс үзлээ.

Харин хохирогч болон шүүгдэгчийн гэмт хэрэг гарахаас өмнө үүссэн гэж 3 сая төгрөгтэй холбоотой өр төлбөрийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй учир хохирогч нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдлаа. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн ажлын гадуур хүрэм, ноосон малгайтай цамц, саарал өнгийн футболк зэргийг хохирогчид буцаан олгох, бор шаргал өнгийн бариултай хутгыг устгахаар шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Гыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэр‎‎эг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 440 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь 1 440 000 төгрөгийн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

            4. Шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн ажлын гадуур хүрэм, ноосон малгайтай цамц, саарал өнгийн футболк зэргийг хохирогчид буцаан олгох, бор шаргал өнгийн бариултай хутгыг устгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

      

    ДАРГАЛАГЧ                           Х.ГАНБОЛД