Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2021/01101

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2021/01101

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7 дугаар микр, 8 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* /РД:ФБ78081146/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ХК /РД:20739*******/-ийн Орхон аймгийн Холбооны газарт холбогдох,

 

Баян-Өндөр салбарын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, гэрч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн Орхон аймгийн холбооны газарт 2019 оны 03 дугаар сараас эхлэн үйлчлэгчээр ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сараас эхлэн тус газрын Баян-Өндөр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Гэтэл тус газрын дарга солигдсоны дараа даргаас өргөдлөө бичээд ажлаас гар, хална гэх зэргээр хавчиж улмаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс ажлаас чөлөөлнө гэх мэдэгдэл хүртэл өгсөн. Уг мэдэгдэлдээ намайг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөх гэж байгаа тухайгаа бичээгүй байсан. Гэтэл намайг ямар ч шалтгаангүйгээр 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халсан тухай 29 дугаартай тушаалаар халсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталж ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс намайг ******* ХК-ийн Орхон аймгийн холбооны газрын Баян-Өндөр салбарын эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Холбооны газрын Баян-Өндөр салбарын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Яагаад энэ шаардлагыг гаргасан бэ? гэвэл ажил олгогчийн үндэслэлгүй, буруу халснаас болж гийн эрх ашиг хөндөгдсөн байгаа. нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн Орхон аймгийн холбооны газарт 2019 оны 03 дугаар сараас эхлэн үйлчлэгчээр ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сараас эхлэн тус газрын Баян-Өндөр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Орхон аймгийн Холбооны газрын захирал ажлаас чөлөөлөх өөрийн тушаал дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 30 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталж ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл өөрийгөө тухайн албан тушаалд томилоогүй. Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байна гэж байгаа ч ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг зөрчихөөс зөрчих ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрийгөө хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Нэхэмжлэгч гийн хувьд тухайн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, бүх хүчээ дайчлан ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргахгүйгээр гүйцэтгэж ирсэн. нь өөрийгөө дэвшүүлж ажилд томилоогүй. Ажил олгогчийн саналаар дэвшүүлэн томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа. нь ямар нэгэн шалгалт өгөөгүй. Тухайн ажлын байранд ур чадвараараа тэнцэхгүй гэсэн ямар нэгэн дүгнэлт гараагүй, энэ талаар ямар нэгэн сургалтанд хамрагдаагүй. Эдгээрийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байдаг. Хариуцагчийн төлөөлөгч тайлбар гаргахдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж бичсэн байсан. Энэ нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь 2020 оны 11 сараас эхлэн ковид-19 цар тахал Монголд ихэссэн үе юм. Орхон аймгийн Холбооны газрын бүх харилцагч болон ахмад настнуудын хувьд биечлэн ирж төлбөр тооцоогоо хийхэд хүндрэл үүсэж эхэлсэн ба Орхон аймаг хатуу хөл хорио тогтоож байсан. Хүнсний ханган нийлүүлэлт зогсож хүмүүс хүнсний хомсдолд орж эхэлсэн. Энэ үед төлбөр тооцоо төлөгдөхөд хүндрэл үүсэж хэрэглэгч төлбөрөө төлөхгүй асуудал гарсан. Улмаар салбарын эрхлэгч нарыг ажлаа хий гэж шаардаж эхэлсэн. Байгууллагын дансаар орлого авсан ч аль салбарын хэрэглэгчийн төлбөр болох нь тодорхойгүй болж ийм хүндрэлтэй асуудал гарч ирсэн. Орхон аймгийн Холбооны газрын захирлын зүгээс Баян-Өндөр болон Булаг багийн салбарын эрхлэгчдийн зүгээс өөр дээрээ төлбөрөө бүрдүүлээд өдөр, өдөрт нь орлогоо байгууллагын дансанд шилжүүлж байх үүргийг өгсөн байдаг. Энэ үүргийн дагуу нь 2021 оны 04 сард Баян-Өндөр салбарын эрхлэгчээр ажиллаж эхэлснээс хойш өөрийн дансандаа хэрэглэгчийн төлбөрийг аван тус төлбөрийг өдөр, өдөрт нь байгууллагын дансанд шилжүүлж, мөн хэрэглэгчийн төлбөрийг тэгшилж хийх шаардлагатай гэсэн учраас 19.800 төгрөгийг шилжүүлэхэд 20.000 төгрөг болгож тэгшлэх жишээтэй, өөрөөсөө 200-800 төгрөгийг нэмж тус төлбөрүүдийг өдөр өдөрт нь хийдэг байсан. Илүү төлсөн төлбөрийг д эргүүлж олгож байгаагүй. Төлбөр мөнгөө өөрөөсөө гарган хийдэг байсан нь гийн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсныг нотолно гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Ажлаас үндэслэлгүй халагдах шалтгаан захирлын шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Ажилтныг ажилд авах шийдвэрийг ажил олгогч байгууллагын төлөөлөл буюу захирал, дарга гэсэн нэртэй хүмүүс шийдвэрлэдэг. Өмнө нь тухайн байгууллагын захирлаар ажиллаж байсан Түмэндэмбэрэл гэдэг хүн үйлчлэгчээр ажиллаж байсан Сугарын Сүнжидмааг ажилд дэвшүүлэн томилох асуудлыг дотоод нөөц бололцоог ашиглан шийдвэрлэж 2021 оны 04 сарын 01-ний өдөр салбарын эрхлэгчийн ажилд авсан байна. Ингэж ажилд авахдаа шилжүүлэн ажиллуулсан байна. Шилжүүлэн ажиллуулах үндэслэл нь дотор нь ажиллаж байсан, байгууллагынхаа соёлыг мэддэг хүмүүсийг өөр ажилд дэвшүүлэн ажиллуулах асуудлыг дотроосоо шийдвэрлэсэн байгаа юм. Ингэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн юм уу ямар нэгэн байдлаар буруу гэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй юм. Түмэндэмбэрэлийн Сүнжидмааг ажилд томилсон тушаал шийдвэрийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Ажил олгогчийн тайлбарлаж байгаагаар хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж тайлбарлаж байна. бол хөдөлмөрийн дотоод журам зөрчиж өөрийгөө ажилд томилдог, өөрөө өөртэйгөө гэрээ байгуулдаг нөхцөл байдал байж таарахгүй. Энэ бол тухайн байгууллагыг удирдаж байсан хүмүүсийн шийдвэрлэсэн асуудал байгаа юм. Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ажилтныг ажилд авах томилох асуудал бол ажил олгогчийн шийддэг асуудал байгаа юм. Ажилтныг томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсны үндсэн дээр ажилтнаас ажил үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүсдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ хэзээ хүчин төгөлдөр болохыг заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д 4 гол зүйлийг заасан байдаг. 4 гол зүйлийн нэг нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх талаар заасан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх ёстой. Ажил үүргийн тодорхойлолт гэж юуг хэлэх вэ? гэвэл тухайн ажилтнаар ямар ажил үүрэг гүйцэтгүүлэх талаар ажил олгогч тухайн ажилтан ажлын байрандаа тэнцэж байгаа эсэхийг шалгах, ажилдаа хяналт тавих ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үндэслэл болгодог. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хөдөлмөрийн гэрээ байгуулснаар эхэлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлээр дуусна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажил олгогчийн хүлээж байгаа үүрэг нь ажилтныг хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх, ажлаас халах нөхцөл байдал үүсэх ёстой. Тухайн ажилтан ажлын байранд тавигдаж байгаа болзол шаардлагыг хангаж байгаа эсэх, хангаж байгаа бол ямар үндэслэлээр яаж хангаж байгааг шалгахаас эхэлдэг. Энэ үүрэг ажил олгогчид байгаа, ажилтанд байхгүй. Ажилтны хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр байгуулах асуудал нь ажил олгогчийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулж болохгүй гэж заасан. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан гэж байгаа боловч ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг огт танилцуулаагүй. Хариуцагчийн төлөөлөгчөөс ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан уу? гэж асуухад би танилцуулаагүй гэж байна. Өмнөх дарга нь мөн танилцуулаагүй. Гэхдээ ажлын байрны дадлага хийж сураарай гээд хүн дагуулаад явуулчихсан. Ажилтан өөрөө тухайн ажлыг сураад 2021 оны 04 сараас 08 дугаар сарын 09-нийг хүртэл хийж гүйцэтгэсэн байгаа. Энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажилдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байна. Харин гэнэт шалгалт нэртэй хүмүүс орж ирээд шууд тулгаад л ажил дээр нь янз бүрийн шалгалт авна гээд сандаргаад эхэлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан ажил үүргээ гүйцэтгэх ур чадвар дутсан гэж үзэх, гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй байна гэж үзэх үндэслэл болохгүй. Тиймээс ажил олгогчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг бүрэн танилцуулсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэх асуудлыг ярина. Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилдаа тэнцэж байгаа эсэхийг шалгах үүрэг нь ажил олгогчид олдсон. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус байгаа учраас энэ нөхцөл байдалтай холбоотой шууд ажлаас чөлөөлөх боломжгүй байгаа нь тогтоогдож байна. Ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д зааснаас гадна 37 дугаар зүйлийн 37.1.3-ыг бариад байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэдэг үндэслэлийг ажил олгогч тушаал гаргахдаа барьж, үүнийгээ юу гэж тайлбарлаж байна вэ? гэхээр дарга солигдсон учраас өмнөх даргын байгуулсан хөдөлмөрийн гэрээ дууссан гэж байгаа нь хуульд заасан үндэслэл биш байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч солигдох, өөрчлөгдсөн тохиолдолд тухайн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохгүй гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар эзгүй байгаа ажилтны ажлын байранд ажиллаж байгаад тухайн ажилтан ажилдаа эргэж орох болсноор дуусгавар болдог ийм зохицуулалт байгаа юм. тай 2021 оны 04 сард байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 1 жилийн хугацаатай байсан. Тиймээс энэ нэг жилийн хугацаа дуусаагүй байна. Хөдөлмөрийн гэрээ дуусаагүй байхад ингэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн дотоод журамд байдаггүй заалтыг үндэслээд ажилтныг ажлаас чөлөөлсөн байгаа юм. Хариуцагчийн төлөөлөгч тухайн заалтыг хайгаад олсонгүй, эцэст нь тухайн тушаалыг төлөвлөсөн хүн буруутай болж таарч байна. Энэ нь ажил олгогчийн үүрэг хариуцлагын асуудал юм. Ажилтнаас шалгалт аваад тухайн ажлын байранд тэнцэх эсэх асуудал нь дараагийн асуудал юм. Харин ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж өмнө нь ажиллаж байсан ажлын байранд ажиллуулах нөхцөл байдлыг ажил олгогч өөрөө шийднэ. Тиймээс үүнийг хөдөлмөрийн гэрээ цуцлах маягаар шийдвэрлэж байгаа ажил олгогчийн шийдвэр нь хөдөлмөрийн дотоод журамд байхгүй заалтыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг эрс өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар бий. Энэ тайлбар дээр өөр үндэслэлийг зааж өгсөн байгаа юм. Үндэслэл нь ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. өөрөө тогооч мэргэжилтэй гэж хэлсэн гэсэн байна. Тэгэхээр салбарын эрхлэгчийн ажилд яагаад нягтлан бодогч мэргэжилтэй хүнийг авах ёстой, энэ шаардлага нь зөв үү?, буруу юу гэсэн асуудал яригдана. Шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар, өмнө нь бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан ажлаас чөлөөлсөн тушаал зэргээс харахад нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн нь тогтоогдож байна. Ажилтны хувьд мэргэжил арга зүй болон программ дээр ажиллах чадвар дутуу байж магадгүй. Гэхдээ үүнийг эргэлзээгүй шалган тогтоох, хэлбэрийн харилцаагаа хүчин төгөлдөр хууль ёсны журмын дагуу үүсгэх, үүсгэсний дараа энэ асуудлын талаар ярих байсан боловч үүнийг хийгээгүй нь ажил олгогчийн буруу болсон. Хоёрдугаарт хувийн дансаар мөнгө авсан гэсэн асуудлыг яриад байдаг. Батцэцэг гэдэг хүн мэдүүлэг өгөхдөө худлаа хэлсэн ба сүүлдээ зайлшгүй тохиолдолд авдаг гэж байна. Энэ байгууллагын нягтлан бодогчийн хэлж байгаагаар байгууллагад нь хохирол учраагүй гэж байна. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж албан тушаалын дагуу авсан мөнгөө хувьдаа завшихгүй байх нь ойлгомжтой. Ажилтны хувьд үүргээ хангалттай биелүүлсэн байна. *******гийн мэдүүлж байгаагаар манай байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй, сар, сардаа тооцоогоо хийж байсан гэж хэлж байна. Ажилтан Батцэцэгийн хувьд шаардлагатай алсын хэрэглэгч нарын мөнгийг дансаар аваад байгууллагын данс руу хийдэг байсан гэж хэлж байна. Үүнээс болж хохирол учирсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаас харахад 19.800 төгрөг орж ирэхэд 20.000 төгрөг болгож байгууллагын дансанд хийдэг. Үүнээс харахад ажил олгогч байгууллага үндэслэлгүй хөрөнгөжөөд байгаа байдал харагдаж байна. гийн хувьд 2021 оны 04 сараас 08 дугаар сарын 09-нийг хүртэл ажилласан. Энэ хугацааны дансны хуулгыг харахад тийм ч их мөнгөний гүйлгээ хийгдээгүй байдаг. Харин гэдэг хүн гийн данс руу мөнгө хийгээд байдаг. хэрэглэгчээс мөнгийг дансаар авсан биш харин гэдэг хүн руу мөнгө хийгээд байдаг үйл явдлыг байгууллагын мөнгийг өөрийн данс руу шилжүүлж авсан гэх нөхцөл байдалд хамаарахгүй байна. Тиймээс ажил олгогчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой цалин гаргуулах асуудал байгаа. нь өмнө нь үйлчлэгчээр ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн эрхлэгчийн ажилд томилогдсон нь тогтоогдож байгаа. Ажилтан 4, 5, 6 саруудад бүтэн ажилласан нөхцөл байдал байна. Тэгэхдээ 564.000 төгрөгийн цалин хөлсийг сард авдаг байсан байна. Энэ нь цалингийн лавлагаагаар тогтоогдож байна. 2021 оны 07 сард нь ковид туссан учраас ажлаа хийж чадаагүй, дутуу ажилласан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэнэт ажлаас үндэслэлгүй халагдсан асуудал яригдаж байгаа учраас ажил олгогчоос цалин гаргуулах асуудал яригдана. Цалинг сүүлийн бүтэн ажилласан 3 сараар тооцоход нийт 1.392.000 төгрөгийн цалин гарч байна. Ажил олгогчоос нэг өдөрт 26.232 төгрөгийн цалин олгодог. Өнөөдрийн байдлаар нийтдээ 89 хоног ажилгүй байсан байна. 89 хоног ажилгүй байсан хугацааг өдрийн 26.232 төгрөгөөр тооцоход 2.336.338 төгрөгийн цалинтай тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулж нэхэмжлэгчид өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Цалин бодогдож байгаа учраас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймгийн холбооны газрын даргын ажилд томилох тухай тушаал нь 2021 оны 04 сарын 01-ний өдрийн 09 дугаартай Монголын Цахилгаан Холбоо Хувьцаат компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан 6.1.2 болон 6.1.3-ыг зөрчин сонгон шалгаруулалт зарлалгүй ажилд авсан мөн үндсэн ажилтнаар томилсон тухай тушаал нь 2021 оны 05 сарын 01-ний 11 дугаартай хөдөлмөрийн дотоод журамд заасан 6.2.3-ыг зөрчин туршилтын болон дадлагажих хугацааг 2 сар байхаас нэг сарын дараа тушаал гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. Мөн Орхон аймгийн Холбооны газар нь тусгай чиг үүргийн байгууллага учраас Монголын Цахилгаан Холбоо Хувьцаат компанийн хөдөлмөрийн дотоод журмын долдугаар хавсралт ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт заасан ажлын байранд тавигдах шаардлага гэсэн заалтыг зөрчсөн. нь тогооч мэргэжилтэй, холбооны чиглэлийн болон нягтлан бодох чиглэлийн мэргэжилгүй, 2021 оны 06 сарын 08-нд Орхон аймгийн холбооны газрын салбаруудын ажилд хийсэн шалгалт авсан тайлан болон шалгалтын явцад хэрэглэгчийн төлбөр болон мөнгийг өөрийн хувийн дансаар 2021 он 4-р сараас 2021 оны 8-р сарын 09 хүртэл байнга авдаг нь тогтоогдсон ба энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох тул ажилтан нь тухайн ажлын байранд тэнцэхгүй гэдэг нь батлагдсан, энэ нь ажлаас халах үндэслэл болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн дотоод журмыг анхнаасаа буруу болчихсон. Учир нь Монголын цахилгаан холбооны хөдөлмөрийн дотоод журамд дадлагажих хугацааг 2 сар гэж заасан байдаг. Гэтэл 1 сар дадлага хийсний дараа ажилласан. Үүнийг би ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний 1.2-т заасан ажил олгогч, ажилтанд энэхүү гэрээний салшгүй хэсэг болох ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулах ба шаардлагатай ажлын байран дээр нууцлалын гэрээ байгуулах, мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах бөгөөд эдгээр нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж заасныг зөрчсөн. Ажлын байрны тодорхойлолт дээр Түмэндэмбэрэл захирал зурсан. өөрөө зураагүй байдаг. Ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт зааснаар ажлын байранд тавигдах шаардлага гэж байгаа юм. Ерөнхий шаардлага нь боловсрол дээд, /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/, холбооны инженер /нягтлан байх/, мөн хувийн дансаар мөнгө авч санхүүгийн хуулийг зөрчсөн. Яагаад гэвэл ковидын үед дансаар шилжүүлэхийг зөвшөөрдөг байсан. Мөн манай байгууллага Хаан банкны хоёр данстай. Голомт банк, худалдаа хөгжлийн дансуудтай. Яагаад эдгээр дансуудаар авахгүйгээр хувийнхаа дансаар авсан юм бэ?. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байгаа юм. Бидний зүгээс шалгалтыг өөрийнх нь хариуцаж хийдэг программ дээр авсан. Шалгалт аваагүй гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгч ур чадварын шалгалт аваагүй гэж байна. Ур чадварын шалгалт нь тухайн салбарын программ дээр ажиллах чадвартай байх ёстой. Гэтэл ийм чадвартай байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ******* ХК-ийн Орхон аймгийн Холбооны газарт холбогдуулан Баян-Өндөр салбарын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

нь Орхон аймгийн Холбооны газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай тушаалаар Баян-Өндөр салбарын эрхлэгчийн ажилд томилогдож, ажил олгогчтой 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 21 дугаартай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 3-9, 24-р тал/

 

г ******* ХК-ийн Орхон аймгийн Холбооны газрын захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний 24 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.2 дахь заалтуудыг үндэслэн Орхон аймгийн Холбооны газрын Баян-Өндөр салбарын эрхлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хэргийн 14-р тал/

 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг зааж, хариуцагчийн төлөөлөгч нь ... нь ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт заасан ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй тогооч мэргэжилтэй, холбооны чиглэлийн болон нягтлан бодох чиглэлийн мэргэжилгүй, шалгалт авахад хэрэглэгчийн төлбөр болон мөнгийг өөрийн хувийн дансаар байнга авдаг нь тогтоогдсон ба энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох тул ажлын байранд тэнцэхгүй гэдэг нь батлагдсан... гэсэн тайлбар гаргасан.

 

Ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх ёстой, ингэснээр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн шийдвэр болно.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн хөдөлмөрийн дотоод журамд 6.5.2 гэх заалт байхгүй байхад хариуцагч тушаалдаа уг заалтыг баримталсан, мөн хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлохоор Орхон аймгийн Холбооны газрын салбаруудын ажилд хийсэн шалгалтын 2021 оны 06 сарын 08-ны өдрийн тайлан болон салбарын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг ажлын байрны тодорхойлолтыг эрх бүхий албан тушаалтан баталгаажуулаагүй, ажилтан танилцаж гарын үсэг зураагүй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах болохоос салбаруудын ажилд хийсэн шалгалтын тайлангаар нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж болохгүй юм.

 

Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийн тайлбар, татгалзал дээрх үндэслэлүүдээр няцаагдаж байх тул нэхэмжлэгч г Орхон аймгийн Холбооны газрын Баян-Өндөр салбарын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 7 сард ковид-19 өвчнөөр өвчилсний улмаас цалин бүтэн аваагүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2021 оны 4, 5, 6 сард авсан цалинг баримталж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож /564000/21.5=26232*ажилгүй байсан 71 хоног/ 1862472 төгрөгийг хариуцагч Орхон аймгийн Холбооны газраас гаргуулан нэхэмжлэгч д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд хуульд зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 44749 төгрөг, нийт 114949 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* /РД:ФБ78081146/-г Орхон аймгийн Холбооны газрын Баян-Өндөр салбарын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.862.472 төгрөгийг хариуцагч ******* ХК-ийн Орхон аймгийн Холбооны газраас гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан гийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ******* ХК-ийн Орхон аймгийн Холбооны газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ******* ХК-ийн Орхон аймгийн Холбооны газраас улсын тэмдэгтийн хураамж 114.949 /нэг зуун арван дөрвөн мянга есөн зуун дөчин ес/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ