Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/998

 

 

 

 

 

 

 

2024       09          17                                    2024/ШЦТ/998

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

улсын яллагч Ц.Сайнхүү,

хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Б.Мандах,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ****** овогт Д-дын Бид холбогдох эрүүгийн 2406000001415 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ***** сумын 1 дүгээр баг, ****** гэх нэршилтэй газарт оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ****** аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

            ***** овогт Д-дын Б /регистрийн дугаар: ********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” хорооны гадна талд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар нэг шалтгаангүйгээр хохирогч Б.Отай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж биед нь “эрүү ясны хугарал, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2406000001415 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч Ц.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6887 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-29-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Ц.Сайнхүү шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... Д.Б нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооны гадна талд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар нэг шалтгаангүйгээр хохирогч Б.Отай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж биед нь эрүү ясны хугарал, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

           

            Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “…Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэж байгаа тул гэм буруугийн асуудал дээр хэлэх зүйл алга. Харин шүүгдэгчийн зүгээс хохиролтой холбоотой мөнгөн дүн дээр маргаж байна. Хөнгөн гэмтэлд ч гэсэн л бага бус хэмжээний мөнгө гардаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд хүндэвтэр гэмтэл авчхаад байж байгаа. Тэгэхээр мөнгөн дүн дээр маргах биш, миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн асуудал хамгийн чухал. Миний үйлчлүүлэгчийн ар гэрийн зүгээс нь бид нартай харилцаж байгаа харьцаа нь аягүй сонин болчихсон гэж хэлсэн. Асуултад хариулахдаа ч гэсэн урьдынх шигээ биш болчихсон гэдэг асуудлыг ярьж байгаа. Эхээс төрсөн эрүүл саруул биед нь хүндэвтэр гэмтэл учруулчхаад өнөөдөр мөнгөн дүн дээр маргаад байгаад харамсаж байгаагаа илэрхийлмээр байна. Энэ байтугай л зардал гардаг. Хүндэвтэр гэмтэл дээр цаашид хор уршиг учрахыг үгүй гэх газаргүй. Д.Бид холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэн шүүхэд шилжүүлсэн. Гэхдээ шүүх эргэлзээтэй нөхцөл байдлууд байна гэж үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон байдаг. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад амаар болон бичгээр хүсэлт гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу Пүрэвдагва мөрдөгчтэй уулзаад хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх аргачлалын дагуу шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг маань мөрдөгчийн зүгээс хангаж шийдвэрлэсэн. Гэхдээ өнөөдөр ямар нэг шалтаг гарган өөрийнхөө төлөө яваагүй байна гэж прокурор хэлж байна. Энэ нь нэг талдаа үнэн боловч миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн асуудал, цаашид гарах эрүүл мэндийн асуудал бүрхэг шийдвэр гарахад хүрч байна. Шинжээч дээр тангаргийн баяртай байсан учраас очиж чадаагүй гэдэг асуудлыг ярьсан. Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас энэ шалтаг шалтгаан биш гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэглэлийг тогтоох албагүй гэдэг байр сууриас хандаж байна гэж миний зүгээс ойлгосон. Энэ асуудал дээр шүүх хэрхэн шийдвэрлэхийг бид нар мэдэхгүй. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэхдээ өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна. Яагаад эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм бэ гэхээр хар багаас нь өсгөсөн ээж нь миний үйлчлүүлэгчийн зан характерыг прокурор, шүүгч, өмгөөлөгчөөс илүү мэднэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Д.Б яагаад ийм гэмт хэрэг үйлдсэн талаар прокурор анхаараасай гэж хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ бүхнийг урьдчилан сэргийлэх журмаар тогтоож өгнө үү. Энэ нөхцөл байдлын улмаас нэг нь хоригдох, нөгөөх нь ямар нэг байдлаар гэмтэх хэмжээнд залуучууд хүрээд байна.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ тал дээр анхаарч өгнө гэсэн саналыг гаргаж байна. Ямар нэг шалтаг шалтгаангүйгээр цохих үед мэдээж хүн биеэ хамгаалах зорилгоор өөрийн эрхгүй хөдөлгөөн хийнэ. Тийм учраас прокурорын нотлох баримтаас хасуулъя гэсэн асуудал дээр би санал зөрөөтэй байгаа. Учир нь согтуу хүн хүчтэй цохиход нь өөрийгөө хамгаалах зорилгоор хариу үйлдэл хийнэ. Хэрвээ Д.Б миний үйлчлүүлэгчийг ямар нэг шалтаг шалтгаангүйгээр цохиж аваагүй миний үйлчлүүлэгч гар хуруугаа гэмтээхгүй байх байсан. Би энэ гэмтлийг шалтгаант холбоотой байна гэж үзэж байна.  Шинжээч эмчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулж болох юм уу. Тухайн үед прокурор амарчихсан байсан. Би Нансалмаа прокурортой удаа дараа уулзсан. Тэгэхэд нөгөө залуу нь хөөрхий хөдөөгийнх юм байна лээ шүү дээ гэж хэлж байсан. Миний үйлчлүүлэгч бас адилхан хөдөөний залуу, оюутан болох гээд л ээж ааваасаа хол Улаанбаатарт ирсэн. Миний үйлчлүүлэгчийн ээж нь эрүүл саруул төрүүлж өсгөсөн хүүгээ Улаанбаатарт аваачаад хүний гарт зодуулчхаад цаашид яана гээд эх хүн гаслаад байж байна шүү дээ. Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад одоо ч миний дансанд байж байна, дансаа өгөхгүй байна гэж хэлж байгааг хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна…” гэх дүгнэлтийг,       

 

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нар гэм буруугийн талаар маргахгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Д.Б нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооны гадна талд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар нэг шалтгаангүйгээр хохирогч Б.Оын нүүр хэсэгт гараараа цохиж биед нь “эрүү ясны хугарал, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь

Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооны гадна талбайд найз Х, Л нарын хамт уулзаад зогсож байхад Л найз гээд Б-тай утсаар ярьж байгаад Б нь бид нар дээр ирээд уулзах үед Б болон Х нар хоорондоо маргалдаж байгаад Б нь намайг зүгээр зогсож байхад миний нүүрэн хэсэгт нэг удаа хүчтэй цохихоор нь би буцаагаад Б-ийн нүүр лүү нь баруун гараараа 1 удаа цохих үед баруун гарын дунд хуруугаа хугалсан. Мөн тухайн үед Б намайг гараараа цохисны улмаас миний зүүн талын эрүү хугарч гэмтсэн. Тухайн маргаан гарах үед Б согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд би ямар нэг архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би Б-г танихгүй бөгөөд тухайн үед ямар нэг шалтгаангүйгээр миний биед халдсан...Д.Бээс сэтгэл санаа болон шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд 2,926,730 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” хорооны гадна найз Отай уулзах гээд машины дотор сууж байх үед машины хаалгыг хүн татахаар нь онгойлгох үед зүс таних Б байсан бөгөөд өөдөөс нь зүгээр харж байх үед “хараад байна уу” гэхэд нь өөдөөс нь юу вэ гэхэд чи намайг таньдаг юм уу гээд байсан. Тэгээд намайг машинаас татаад буулгасан. Тэгээд зогсож байхад О “*******” хорооноос гарч ирэх үед Б нь Оын цамцнаас барьж аваад үгийн зөрүүгүй нүүр рүү нь 1 удаа гараараа цохих үед О хойшоогоо 2-3 удаа алхаад зөрүүлээд 1 удаа цохиж хоорондоо маргалдаж зууралдаж байх үедээ газарт унах үед нь тухайн маргааныг салгасан...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №6887 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Тогтоогдсон үйл баримт болох Д.Б нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” хорооны гадна талд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч Б.Оын нүүр хэсэгт гараараа цохисон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

Тодруулбал, Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг цохих үйлдэл хийх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж үйлдлээ хэрэгжүүлсэн байна.

 

Энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Оын биед хүндэвтэр зэргийн буюу “эрүү ясны хугарал, хоёр өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, гэрч Ц.Х-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн хохирогч, гэрч нар шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Д.Бийн халдсан гэх цаг хугацаанд хохирогч Б.О нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг Д.Б учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдсонгүй.

 

Харин Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6887 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Б.Оын биед “эрүү яс, баруун гарын 3-р хурууны угийн шивнүүр ясны хугарал, хоёр өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл учирсан байх бөгөөд энэхүү гэмтлээс баруун гарын 3-р хурууны угийн шивнүүр ясны хугарлыг нь Б.Оын “миний нүүрэн хэсэгт нэг удаа хүчтэй цохихоор нь би буцаагаад Б-ийн нүүр лүү нь баруун гараараа 1 удаа цохих үед баруун гарын дунд хуруугаа хугалсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Х-ийн “...үгийн зөрүүгүй нүүр рүү нь 1 удаа гараараа цохих үед О хойшоогоо 2-3 удаа алхаад зөрүүлээд 1 удаа цохисон...” гэх мэдүүлгээр Б.О нь Д.Бийн биед халдах үед үүссэн гэмтэл болох нь нотлогдлоо.

 

Энэхүү үүссэн гэмтлийг үүсгэхээр халдагч этгээд Д.Б санаа зорилго агуулаагүй, үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй байх ба Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо үүсээгүй байх тул гэмт хэргийн хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нөгөөтэйгүүр, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6887 дугаартай дүгнэлт нь бүрэн бус, эргэлзээтэй гарсан гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй, дүгнэлтийг оролцогч нарын шинжлэн судалсан хүрээнд нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Иймд Д.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Б.О нь сэтгэл санааны хохирол болон шүүхийн шатанд гаргасан баримтын хүрээнд 2,926,730 төгрөгийн нэхэмжлэл гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Оаас гаргасан хохирлын баримтуудад тусгагдсан төлбөрийг нэгтгэхэд нийт 1,728,430 төгрөгийн баримт гарсан ба шүүгдэгч Д.Бийн хувьд дээрх төлбөрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргаж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр төлсөн болно.

 

Хохирогч Б.О нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу дүгнэлт гаргуулаагүй болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 13/5889, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 13/5566 дугаартай албан бичгүүдээр нотлогдсон.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас өвдөлт, зоруурь, шаналал, амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох зэргээр сэтгэцийн эмгэгтэй болсон байдал байхгүй талаар тайлбар, мэдүүлэг гаргасан тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Б.О нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон энэ гэмт хэргийн улмаас цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Бээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нар нь эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг,

 

Хохирогч Б.О, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг талаар “тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй” болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгч Д.Бийн нас, малчин, хохирол төлсөн байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон, ялыг долоо зуун нэгж буюу 700,000 төгрөгөөр тогтоож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

           

            Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч Д.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Д-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг долоо зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Хохирогч Б.О нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Бээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ОТГОНБААТАР