| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2018/00447/И |
| Дугаар | 54 |
| Огноо | 2018-11-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 54
Д.Гаамаагийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00550 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, Боржигон овогт Даваажавын Гаамаагийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.
Хүсэлтийн агуулга: “Миний бие 1963 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1979 оны 6 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөж 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр гарч Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан. 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоол зөөгч, асрагчаар 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажилласан. 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт малчнаар ажиллаж байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд, эмнэлэгт анх ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.
Иймд Д.Гаамаа намайг 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад саальчнаар, 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоол зөөгч, асрагчаар, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00550 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Даваажавын Гаамаагийн 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Д.Ганбат нь 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " В.Намхайгийн нэр дээрх Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан бригадын 1979-1983, 1985-1986 оны 70-р дансны хуулбар авагдсан боловч энэ нь Д.Гаамааг 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл, 1985 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар. 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31- ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт малчнаар байсныг нотлох баримт биш юм гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д хэргийн нотлох баримт нь зохигч.гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг.бичмэл ба эд мөрийн баримт.эсхүл баримт бичиг.шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэрэгт гэрч В.Намхайгийн мэдүүлэг авагдсаар байтал үүнийг үнэлээгүй. Хүсэлт гаргагч өөрөө нэгдэлд ажиллаж байх үеийн баримтуудыг хадгалж чадаагүй. 1991 онд нэгдэл тарах хүртэл ажил хийдэггүй хүн гэж байдаггүй байсан байх гэж бодож байна. Баримтгүй бол гэрчээс өөр ажиллаж байх үеийг нотлох зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүсэлт гаргагч Д.Гаамаа нь 1979 оны 6 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл, 1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Чандмань сумын шинэ зам нэгдэлд малчнаар, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй гэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагч Д.Гаамааг 1979 оны 6 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл. 1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Чандмань сумын шинэ зам нэгдэлд малчнаар. 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Д.Гаамаа нь 1979 оны 6 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригдад саальчнаар, 1980 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн нэгдсэн больницид хоол зөөгч асрагчаар, 1985 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн дээрх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа нотлохоор Ховд аймгийн нэгдсэн больницийн ерөнхий эмчийн 1980 оны 12 дугаар сарын 169 дүгээр тушаал, 1982 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тушаал, Чандмань сумын “Шинэ зам нэгдэлд болон Сүлжээ багт” хамт ажиллаж байсан Ц.Бямбажав, В.Намхай нарын тодорхойлолт болон В.Намхайгийн 1979-1983, 1985-1988,1990 онд Чандмань сумын “Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх 70 дугаар дансны хуулбар /архивын лавлагаа/ зэргийг шүүхэд гаргаж өгч, улмаар шүүх В.Намхайг гэрчээр асуужээ.
Шүүх дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.д зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж хэрэгт ач холбогдолтой, хамааралтай үнэн зөв талаас нь үнэлээгүй байна.
Д.Гаамаагийн “Шинэ зам“ нэгдэл болон “Сүлжээ багт” малчнаар ажиллаж байсан байдлаа тодорхойлохоор ирүүлсэн дээрх нотлох баримтуудын талаар дараах дүгнэлтийг хийжээ.
Хэрэгт гэрч В.Намхайгийн Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан бригадын 1979-1983, 1985-1986 оны 70 дугаар дансны хуулбар авагдсан боловч энэ нь Д.Гаамааг 1979 оны 6 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүртэл 1985 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт малчнаар ажиллаж байсныг нотлох баримт биш гэжээ.
Гэтэл шүүх уг баримтыг эх хувьтай нь тулгаж үзлэг хийх замаар хүсэлт гаргагч болон гэрчүүдээс асууж тодруулах, ажиллагаа хийгээгүй байна. Түүнчлэн хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтэндээ тухайн үеийн нэгдлийн цалин хөлсний баримт архивт хадгалагдаагүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон зорилгоо тодорхойлж бичсэн байхад дээрх байдлыг нь түүний хүсэлтийг шийдвэрлэхдээ үгүйсгэсэн баримт болгож дүгнэлт хийсэн байна.
Шүүх хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан гэрч В.Намхайгийн “Д.Гаамаа нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1979-1980 онд саальчин, 1980-1985 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар, 1985-1991 онд тус нэгдэлд малчнаар, 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл хувиараа мал маллаж байна .Тэр үед би мөн тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан.” Гэх мэдүүлгийг ямар үндэслэлээр нотлох баримтад үнэлээгүй нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Мөн Ц.Бямбажав нь /хэргийн 10 дугаар тал/ Д.Гаамааг 1979 оны 6 сараас 1980 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригдад саальчнаар, 1980 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн нэгдсэн больницид хоол зөөгч асрагчаар ажиллаж байсан, 1985 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт малчнаар тус тус ажиллаж байсныг тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний гаргасан тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх зохицуулалт байхгүй боловч түүнийг гэрчээр асууж эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нотлох баримтад үнэлдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикийг шүүх хэрэгжүүлэх боломжтой байсан энэ тохиолдолд түүнийг гэрчээр асуулгах тухай хэргийн оролцогчийн хүсэлт байх шаардлагагүй бөгөөд онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлог байдлыг харгалзан шүүх өөрийн санаачилгаараа гэрчээр асууж, бодит байдлыг тогтоож, шаардлагатай бол дээрх хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрүүдийг харьцуулан судлах замаар бичгийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой байсан.
Хэргийн 22 дугаар талд хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь “Гаамаагийн 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Чандмань сумын шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад саальчнаар, 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницид хоол зөөгч асрагчаар, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант оргил ХК-д малчнаар ажиллаж байсан үеийн 70 дугаар дансны хуулга, малын тооллогын баримтад үзлэг хийлгэх тухай гаргасан байх бөгөөд шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд шүүх санаачилгаараа нотлох баримт цуглуулах талаар дээрх дурдсан билээ.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг судлахад шүүх хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагын үндэслэл нэг бүрийг тодруулаагүй байна.Тухайлбал 1985 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн аль бригадад ямар мал маллаж байсан, 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт эсхүл Чандмань сумын Жаргалант оргил ХК-д ямар мал маллаж байсан, тухайн үед нэгдэл тарсан байсан эсэх талаар тодоруулах байжээ.Түүнчлэн гэрч В.Намхайгийн ажиллаж байсан байдалтай холбогдуулан шүүхэд ирүүлсэн баримтууд нь Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан, Овоот гэсэн байх бөгөөд энэ талаар гэрчээс тодруулаагүй орхигдуулсан байна.
Анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг түүнд шүүгчийн захирамжаар буцааж олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 27-ны өдрийн 153/ШШ/2018/00550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэжмлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.ТУЯА