Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2025/00146

 

О.О, Д.М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 193/ШШ2025/00239 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00868 дугаар магадлалтай,

О.О, Д.М нарын нэхэмжлэлтэй

Д.Э, Д.Р нарт холбогдох

Зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 63,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Э, Д.Р нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, Д.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Т, хариуцагч Д.Э, хариуцагч Д.Э-н өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.О.О, Д.М нар нь Д.Э, Д.Р нарт холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 63,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 193/ШШ2025/00239 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан, хариуцагч Д.Э, Д.Р нараас 2023.08.21-ний өдрийн 0955 дугаартай гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт 63,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.О, Д.М нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч Д.Э-н 0955 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд 119,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,950 төгрөг, хариуцагч Д.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,152,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Д.Р нараас улсын тэмдэгтийн хураамжид 476,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.О, Д.М нарт олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00868 дугаар магадлалаар: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 193/ШШ2025/00239 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Э, Д.Р нараас 63,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О, Д.М нарт олгож, хариуцагч Д.Э-н гэрээний үүргийн гүйцэтгэлд 199,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э-н давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 1,152,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Д.Э, Д.Р нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т зааснаар гомдол гаргаж байна.

4.1.Нэхэмжлэгч анхнаасаа худалдан авч байгаа зүйлийг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан болохыг мэдэж байсан бөгөөд зээлийн төлөлтийг худалдан авагч тал төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ гэдэгт огтоос маргаагүй, талууд тохирч гэрээг байгуулсан байдаг. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх худалдан авч байгаа зүйлийг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан болохыг мэдэж байсан талаар дүгнэсэн атлаа гэрээнд тусгагдаагүй үндэслэлээр буюу архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл дууссан дэлгүүрийг буюу эрхийн зөрчилтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд зарсан байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулан дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

4.2.Д.Э-с нэхэмжлэгч нарт холбогдуулан 2023.08.21-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 199,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч ямар үндэслэлээр хангаагүй талаараа анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, үүнийг давж заалдах шатны шүүх дүгнээгүйд гомдолтой байна. ... Хариуцагч Д.Р-н иргэний эрх зүйн харилцаанд оролцсон хүсэл зориг, түүнээс үүссэн үр дагавар нь Иргэний хуулийн 494 дүгээр зүйлд заасан харилцаа байтал эрх зүйн дүгнэлтийг нийтэд нь хамааруулан төлбөрийг тус бүрээс гаргахаар шийдвэрлэх боломжгүй юм. Хариуцагч Д.Р-н данс руу нэхэмжлэгч 5,800,000 төгрөгийг шилжүүлжснийг тэрээр Д.Э-д өгсөн болохоос гэрээний харилцаанд огт оролцоогүйг анхаарч үзээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Э, Д.Р нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.07.08-ны өдрийн 001/ШХТ2025/00734 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч гомдлыг хангах үндэслэл тогоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээв.

7.Нэхэмжлэгч Д.М, О.О нар нь хариуцагч Д.Э, Д.Р нараас 63,800,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “...2023.08.21-ний өдөр Д.Э, Д.Р нартай гэрээ байгуулж, архины тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрийн барилгыг газар эзэмших эрхийн хамт худалдаж авсан боловч архи борлуулах зөвшөөрөл байхгүйн улмаас гэрээний нөхцөлийг өөрчилж сар бүр 1,000,000 төгрөгийг дэлгүүрийн ашгаас төлөхөөр тохирсон, үүний зэрэгцээ хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээлээ төлөөгүй учраас барилгыг хураана гэж “Т” ХХК-аас хүмүүс ирж сүрдүүлсэн учраас гэрээний үүргээ 2023 оны 9 сарын сүүлээс гүйцэтгэхээс татгалзсан…, хариуцагч талд гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэж байсан, хариуцагч ч хөрөнгөө буцаан авах мэдэгдэл ирүүлсэн нь гэрээний үүргээ буцаах агуулгыг илэрхийлсэн гэж ойлгосон..., иймээс зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргээс татгалзаж, гэрээний төлбөрт тооцож өгсөн Приус 41 маркийн авто машины үнэ 20,000,000 төгрөг, “Т” ХХК-д төлсөн 38,000,000 төгрөг, хариуцагч Д.Р-д шилжүүлсэн 5,800,000 төгрөгийг буцаан гаргуулна...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч Д.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нар гэрээний 4.6, гэрээний хавсралтын 3.2.1-д тус тус зааснаар 2023.08.21-ний өдрөөс эхлэн “Т” ХХК-ийн А банкны дансанд өдөр бүр 1,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй..., хэрэв биелүүлсэн бол үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөх байсан…, нэхэмжлэгч нар энэ үүргээ биелүүлэхгүй, зээлээр худалдан авч чадахгүй болсон нөхцөлд “Т” ХХК-д төлсөн төлбөр, бусад төлбөрөө буцаан шаардахгүй гэж тохирсон, “Т” ХХК-д хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй, мөн миний хувьцаа эзэмшдэг “Д” ХХК-ийн кассын машиныг ашиглаж хүнсний дэлгүүрийнхээ бүхий л барааг зарсан байх бөгөөд миний эзэмшлийн компанийн нэр дээр борлуулалт хийснээс болж би татварын албанд өртэй болсон...” гэж маргасан.

Хариуцагч Д.Р нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байна.

Хариуцагч Д.Э “...нэхэмжлэгч нар “Т” ХХК-д өдөр бүр 1,000,000 төгрөг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн тул 2023.09.24-2024.04.10 хүртэл нийт 199 хоногийн төлбөрт 199,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нар зөвшөөрөөгүй байна.

8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулжээ.

9.Хариуцагч нар ******** тоот 328 м.кв эзэмших эрхтэй газар, уг газар дээр байрлах 120 м.кв талбайтай, амины орон сууц (8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг)-аа 500,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нар нь 20,000,000 төгрөгт тооцож автомашин, “Т” ХХК-д өдөр бүр 1,000,000 төгрөг төлөх, үлдэгдэл төлбөрийг зээл авч төлөх, үнийг бүрэн төлсөн нөхцөлд өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохирсон, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч буюу худалдан авагч нийт 63,800,000 төгрөгийг төлсөн боловч гэрээнээс татггалзсан талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан учир гэрээ дуусгавар болох бөгөөд хариуцагч гэрээний үүргийг шаардах эрхгүй тул энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй болжээ.

10.Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин хариуцагч тал эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй, гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй...” гэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулахдаа “...гэрээний зүйл барьцаанд байсныг нэхэмжлэгч нар худалдан авах үедээ мэдэж байсан нь банк бус санхүүгийн байгууллагад өдөр бүр 1,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгийг төлснөөр нотлогдсон, тусгай зөвшөөрөл дууссанаар нэхэмжлэгч нар өдөр бүр 1,000,000 төгрөгийг төлөх боломжгүй болсон, улмаар гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлэх боломжгүй Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д заасан үндэслэл үүссэн тул гэрээнээс татгалзах эрхтэй гэж өөрөөр дүгнэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

11.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нар гэрээний зүйлд барьцааны үүрэг ногдуулсан болохыг мэдэж байсан боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсноор гэрээний төлбөр төлөх боломжгүй болсон нь тогтоогдсон тул доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн хариуцагчийг гэрээнээс татгалзсанд буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 249, 204, 225 дугаар зүйлүүдийг зөрчөөгүй байна. Үүнээс гадна хариуцагч Д.Э-н зүгээс “түрээсийн гэрээний хугацаа 2024.05.01-нд дуусгавар болж байгаа, цаашид тус гэрээг сунгахгүй тул хугацаа дуусмагц үл хөдлөх эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгнө үү” гэсэн агуулга бүхий мэдэгдэл хүргүүлж байсан, хариуцагч нь эд хөрөнгөө эзэмшилдээ авсан байна. (1хх 22)

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

12.Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг хэрэглэх ёсгүй хууль гэж үзэж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг нэмж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу заасан техникийн шинжтэй алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль ёсны шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00868 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д.Р-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.18-ны өдөр төлсөн 1,154,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                             Н.БАЯРМАА

                                                                                             П.ЗОЛЗАЯА