Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0449/З |
Дугаар | 128/ШШ2020/0577 |
Огноо | 2020-09-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2020/0577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Л.Г
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 сарын 07-ны өдрийн Б/170 тоот Л.Гыг албан тушаалд томилох тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, хуучин ажил буюу Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар эгүүлэн тогтоолгох”
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Л.Г миний бие нь гаалийн байгууллагад тасралтгүй 8 жил ажилласан бөгөөд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Л.Г миний бие нь анх 2013 оны 5 сарын 31-ний өдөр ГЕГ-ын харьяа Дорнод аймаг дахь Гаалийн газрын Хавирга дахь салбарын эрхлэгчээр томилогдож 2015 оны 10 сарын 12-ний өдөр хүртэл, 2015 оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн ГЕГ-ын харьяа Дорнод аймаг дахь гаалийн газарт, газрын даргаар 2016 оны 03 сарын 09-ний өдөр хүртэл, 2016 оны 03 сарын 09-ний өдрөөс Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар 2017 оны 03 сарын 20-ний өдөр хүртэл, 2017 оны 03 сарын 20-ны өдрөөс ГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар 2018 оны 03 сарын 26-ны өдөр хүртэл, 2018 оны 03 сарын 26-ны өдрөөс ГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар 2018 оны 10 сарын 08-ны өдөр хүртэл, 2018 оны 10 сарын 08-ны өдрөөс эхлэн ГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар 2020 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл ажиллаж байсан юм. Гаалийн албанд 8 жил ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл нэг ч удаа хүлээж байгаагүй бөгөөд төрийн албыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн билээ. Гэтэл ГЕГ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/170 дугаар тушаалаар Л.Г миний биеийг 2020 оны 04 сарын 07-ны өдрөөс эхлэн ГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргасан байна.
ГЕГ-ын дарга намайг ажлаас чөлөөлж, ажилд томилсон тушаал гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг,Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл , 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт,Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь заалт,273.2, 274.2 хэсгийг үндэслэн тушаал гаргажээ.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг ”Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг...Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт...тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, тарийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс...Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт....батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажиллагчдын цалин хөлсийг тогтоох... Гаалийн тухай 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь заалт....гаалийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох...Гаалийн тухай хуулийн 273.2....гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна...Гаалийн тухай хуулийн 274.2 хэсэг...гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ. -.эдгээр заалтуудыг тушаалдаа дурдаж намайг ажлаас чөлөөлж, ажилд томилсон бөгөөд миний бие нь дээрх хуулийн заалтуудаас надад хамаарах ямар ч заалт байхгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг хуульчилсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44.2-д төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохирсны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно...гэж заажээ.Төрийн албаны тухай хуульд заасан журмаар төрийн албанд сэлгэн ажиллуулахдаа төрийн албан хаагчийн зөвшөөрөл болон 2 байгууллагын удирдлагын тохиролцоо хийсэн байхыг шаарддаг боловч энэ журам надад огт үйлчлээгүй юм.
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн хаагчийг сэлгэн ажиллуулахдаа төрийн албан хаагчаас зөвшөөрөл авахыг шаарддаг журамтай боловч надаас ямар ч зөвшөөрөл аваагүй бөгөөд захиргааны акт гаргахдаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа огт хийгээгүй байдаг юм.Миний бие нь 0-9 насны 3 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага охин 4 сартай бөгөөд эхнэр саяхан хүндрэлтэй хожуу төрсөн учраас байнгын асаргаа сувилгаанд байдаг юм.
Миний бие нь Баян-Өлгий аймагт ажиллах ямар ч боломжгүй бөгөөд эхнэр саяхан төрсөн бага насны олон хүүхэдтэй нүүдэл суудал хийх боломжгүй, эхнэр хүндрэлтэй төрсөн нялх биетэй байгаа учраас байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байгаа болно.
Дэлхий дахинд халдварт ковид 19 өвчин хурдацтай тархаж байгаа энэ аюултай үед Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлөх, халахыг хориглосоор байтал намайг ажлаас ямар ч үндэслэлгүйгээр чөлөөлж Баян-Өлгий аймагт ажилд томилсныг зөвшөөрөхгүй гомдолтой байна.Намайг шилжүүлэн томилсон тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128 /Ш32020/ 3839 шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.
Шүүгчийн захирамжид урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж үзсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05/1077 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр төрийн албаны зөвлөлийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна гэх үндэслэлээр хянан шийдвэрлэх боломжгүй тухай хариу ирүүлжээ.
Шүүгчийн захирамжид заасан урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөл маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй хариу ирүүлсэн тул өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар дахин шүүхэд хандаж байна.
Иймд ГЕГ-ын дарга тушаал гаргахдаа надаас огт зөвшөөрөл авалгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасныг зөрчиж хууль бус тушаал гаргасан тул ГЕГ-ын даргын 2020 оны 4-р сарын 07-ны өдрийн Б/170 тоот Л.Гыг албан тушаалд томилох тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож Л.Г миний биеийг хуучин ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн байгууллага дангаараа шийдвэрлэхгүйгээр төрийн албан хаагчаас зөвшөөрөл авч, сонсох ажиллагааг хийхгүйгээр тушаал гаргасан. Нэхэмжлэгчийн эхнэр хожуу төрсөн, хамгийн том хүүхэд нь 9 настай 5 дугаар анги, дунд хүүхэд нь 3 дугаар анги, хамгийн бага хүүхэд нь 0 настай. Эхнэр нь хүүхдүүдээ хичээл, сургуульд хүргэх ямар ч боломжгүй. Л.Г нь өөрөө байж хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх боломжтой. Эхнэр нь нярай хүүхэдтэй учраас хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх ямар ч боломж байхгүй. Үүний цаана ганц Л.Гын эрх ашиг биш хүүхдүүдийн эрх, ашиг зөрчигдөж байна. Баян-Өлгий аймагт шилжих ямар боломж байхгүй. Хариуцагч төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмаа баримтлаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй. Төрийн албанд томилж байгаа тушаал хариуцагчийн саяны тайлбартай нийцэх байсан. Түүнээс гаалийн байгууллагад 8, 9 жил ажилласан хүнийг Баян-Өлгий аймагт сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Гыг Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/170 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж. мөн өдрөөс Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон байдаг
Энэхүү тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны А/249 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн ажлын үр дүнг дүгнэх журам”-ыг тус тус үндэслэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан.
Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын батлагдсан орон тооноос хэтрэлтэй гаалийн улсын байцаагч тус газарт ажиллаж байгаа ба харин Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар нь батлагдсан орон тоонд гаалийн улсын байцаагч нь хурдэггүй, байнга дутагдалтай байдаг зэргийг харгалзан Төрийн тусгай албаны уйл ажиллагаа буюу гаалийн хяналт шалгалтыг алдагдуулахгүй байж, төрийн алба тасралтгүй байх зарчимд тулгуурлан гаалийн улсын байцаагч Л.Гыг шууд томилсон.
Ингэж шууд томилсон ажиллуулахдаа нэхэмжлэгч Л.Гыг эрх зүйн байдлыг дордуулаагүй бөгөөд албан тушаалын зэрэг дэв, цалин хөлс, албан тушаалын зэрэг дэв хэвээр хадгалагдаж байгаа ба өмнө эрхэлж байсан албан тушаалд нь олгогддоггүй байсан 25%-ийн Хилийн нэмэгдлийг бүх нэмэгдэл дээр нь нэмж олгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Гын цалин 25%-иар өссөн байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тус шүүхэд “Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 сарын 07-ны өдрийн Б/170 тоот “Л.Гыг албан тушаалд томилох тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Улаанбаатар хотын гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...төрийн албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, сэлгүүлэн ажиллуулах тохиолдолд зөвшөөрлийг нь авах ёстой атал Л.Гаас зөвшөөрөл аваагүй, 2 байгууллагын удирдлагын хооронд тохиролцсон зүйл байхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийг болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн...” гэж тодорхойлсныг хариуцагч “...Төрийн албаны тухай хуулийн 25.1-ийг Гаалийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тул уг хуулийн 271.1.10-д зааснаар Гаалийн ерөнхий газрын дарга шууд томилгоо хийсэн...” гэж маргаж байна.
Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 сарын 07-ны өдрийн Б/170 тоот “Л.Гыг албан тушаалд томилох тухай” тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4,Төрийн албаны тухай хуулийн 37, 57 дугаар зүйлийн 57.2.3,Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, 273.2, 274.2 хэсгийг үндэслэн Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Л.Гыг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн албан тушаалаас чөлөөлж мөн өдрөөс Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилон сарын үндсэн цалинг 841216, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь, төрийн алба хаасан хугацааны 10, онцгой нөхцөлийн 10 хувийн нэмэгдэл тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т ”Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана...” гэж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д ...тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн...цалин, хөлс...,Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д ....батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажиллагчдын цалин хөлсийг тогтоох... Гаалийн тухай 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-д....”гаалийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох”, мөн хуулийн 273.2-т “гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна” гэж, мөн хуулийн 274.2-т...гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ...” гэж тус тус заасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Л.Г нь анх 2013 онд Дорнод аймаг дахь Гаалийн газрын Хавирга дахь салбарын эрхлэгчээр томилогдон улмаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, гаалийн байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байгаа нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж, мөн зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж, мөн 44.3.Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж, 44.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж тус тус заажээ.
Түүнчлэн хуулийн дээрх заалтыг үндэслэн гарсан, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдийн “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцсан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж нарийвчлан зохицуулсан байна.
Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга нь Л.Гыг шилжүүлэн ажиллуулсан гэж үзвэл албан ажлын зайлшгүй шаардлага гарсан байх, энэ талаар төрийн албан хаагчтай тохиролцсон байх урьдач нөхцөл тавигдах ба сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд мөн төрийн албан хаагч өөрөө зөвшөөрсөн байхаас гадна ийнхүү сэлгэн ажиллах хугацааг зайлшгүй тогтоосон байх шаардлага тавигдахаар байна.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулиар тусгайлан тогтоосон дээрх зохицуулалтыг хэрэглэхгүйгээр Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 2711.1.10, 273.2 болон мөн хуулийн 274.2-т заасныг үндэслэсэн боловч нэхэмжлэгч Л.Гыг сэлгүүлэн ажиллуулахаар юм уу, эсхүл шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн алин болох нь тогтоогдохгүй байгаагаас тухайн захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй акт гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Хуулийн үйлчлэх хүрээ”-г 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаас үзвэл Гаалийн улсын байцаагч Л.Гыг шилжүүлэн ажиллуулах, сэлгүүлэн ажиллуулах талаарх харилцааг Гаалийн тухай хуулиар биш харин уг асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулиар зохицуулах бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...Төрийн албаны тухай хуулийн 25.1-д заасныг нарийвчлан зохицуулсан Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-д зааснаар шууд томилсон...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч Л.Г нь Улаанбаатар хотын гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар нэгэнт ажиллаж байсан, тухайн тохиолдолд түүнийг Гаалийн албанд анх томилогдож байгаа этгээд гэж үзэх боломжгүй, нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Улаанбаатар хотын гааль нь орон тооны илүүдэлтэй, Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар нь ажиллах хүчин дутагдалтай тул томилсон...” гэж тайлбарласан хэдий ч үүнийгээ “албан ажлын зайлшгүй шаардлага” үүссэн гэж нотлоогүй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлахаар 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг тус тус баримтлахаар тусгайлан зохицуулсан, мөн хуулийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан.
Гэвч хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй тохиролцох, зөвшөөрөлцөх шаардлагыг биелүүлээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг шинжлэн судлалгүйгээр Л.Гыг Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 сарын 07-ны өдрийн Б/170 тоот тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах журмыг тодорхойлсон ба 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулахгүй байж болох тохиолдлыг зохицуулсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонсох ажиллагаа явуулаагүйг хүлээн зөвшөөрч үүнийгээ “...дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд сонсох ажиллагаа хийлгүйгээр томилсон...” гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ нотлоогүй, нөгөө талаар энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан, сонсох ажиллагаа явуулахгүй байх тохиолдолд хамаарахгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 сарын 07-ны өдрийн Б/170 тоот тушаалыг хүчингүй болгон Л.Гыг урьд эрхэлж байсан Улаанбаатар хотын гаалийн газарт Гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 сарын 07-ны өдрийн Б/170 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Л.Гыг урьд эрхэлж байсан Улаанбаатар хотын гаалийн газарт Гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН