Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/01132

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/01132

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хороолол *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр суманд байрлах*******-т холбогдох,

 

*******-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******-ын Барилга засварын цехэд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр жирэмсний амралттай байсан *******гийн оронд ажилд орсон. Ажилтан ******* нь жирэмсний амралттай байхдаа дахин төрж, жирэмсний амралтаа үргэлжлүүлэн эдэлж байгаа. ******* би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс төрөхийн өмнө, төрсний дараах чөлөө авч, хүү О.Төгстөгөлдөр 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэндэлсэн. Одоо хүүхэд асрах чөлөөтэй байна. Цехийн хүний нөөцийн мэргэжилтэн М.Нямсүрэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тойрох хуудас өгч, чиний тушаал гарч байгаа тойрох хуудсаа зуруул. гэсэн. ******* миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2021 оны 08 сарын 19-ний өдрийн Б/1112 дугаартай Ерөнхий захирлын тушаалыг 2021 оны 08 сарын 24-ний өдөр гардан авлаа. *******гийн хүүхэд 1 нас өнгөрч байгаа, тэрээр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж байгаад ажилдаа орно гэдэг болохоор үндсэн ажилтан ажилдаа ороогүй байхад ******* миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******гийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажиллах ******* намайг засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******-ын Барилга засварын цехэд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр жирэмсний амралттай байсан *******гийн оронд ажилд орсон. ******* нь *******-ын Барилга засварын цехэд засал чимэглэлчин хийдэг. Би анх ажилд орохдоо *******г ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. ******* нь жирэмсний амралттай байхдаа буюу 2020 онд дахин төрж, 2023 оны 07 дугаар сарыг хүртэл жирэмсний амралтаа үргэлжлүүлэн эдэлж байгаа. ******* ажилдаа эргэж орох болоогүй учраас 2019 онд надтай шинэчилсэн гэрээ хийсэн. Шинэчилсэн гэрээ хийхдээ *******г ажилдаа орох хүртэл хугацаатайгаар байгуулсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн амралтаа авсан ба үргэлжлүүлээд жирэмсний амралтаа авсан. 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү маань төрсөн. Цехийн хүний нөөцийн мэргэжилтэн М.Нямсүрэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр над руу утасдаж тойрох хуудас өгч, чиний тушаал гарч байгаа, тойрох хуудсаа зуруул гэсэн. Миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тушаал гарсан. Цехийн хүний нөөцийн мэргэжилтэн М.Нямсүрэнгээс надад 500.000 төгрөг олгогдох уу гэж асуухад 2 хүнд давхардуулж олгохгүй, үндсэн ажилтан 500.000 төгрөгийг авна, чамд олгогдохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би байрны болон цалингийн зээлтэй, өргөдлөө өгөөд ажилдаа эргэж орж болох уу гэж асуусан чинь нялх хүүхэдтэй юм чинь цар тахалтай үед оруулахгүй гэсэн. Захиралтай уулзах гэтэл ажилтай байна гээд уулзахгүй байсан. Тэгээд тойрох хуудас өгөөд тойрох хуудсаа зуруулаарай гэсэн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэгдсэн нөхцөл байдлын хувьд дараах хүсэлтийг шүүхэд хандаж хэлье гэж бодож байна. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг өмнө нь гаргасан нэхэмжлэлтэйгээ өгч байсан гэдэг утгаар өгөлгүй орхигдуулсан байна. Энэ баримт хэрэгт байх шаардлагатай юм. Хоёрдугаарт хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэдэг асуудал дээр шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Гуравт *******ийн очиж уулзсан гэх хүний нөөцийн мэргэжилтэн Нямсүрэн гэдэг хүнийг гэрчээр асуулгах шаардлагатай юм байна. Тиймээс шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх асуудлын хувьд эргэлзээтэй болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн хэлэлцүүлгийн явцад хөдөлмөрийн гэрээ хугацаатай хийгдсэн талаарх нотлох баримт хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр байхгүй байна. Зохигчдын хэн, аль нь Чагцалмааг орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж хэлж байгаа учир шүүх хэргийг үргэлжлүүлэх боломжтой гэж үзвэл ерөнхий захирлын аль үүрэг, эрх нь орлогч даргад нь шилжих юм, аль нь ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар шийдвэрлэх ёстой юм гэдэг нь хөдөлмөрийн дотоод журамд байхгүй байна. Чагцалмаа гэдэг хүний оронд ажилд авсан гэж байгаа боловч хөдөлмөрийн дотоод журамд заасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тухайн байгууллагын ерөнхий үйл ажиллагааг удирдах хүн нь ерөнхий захирал байхгүй бол ерөнхий инженер орлоно гэсэн зохицуулалт байгаа юм. *******ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал дээр гарын үсэг зурах хүн нь ерөнхий инженер мөн үү? гэдгийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Процессоор шүүх хурал дуусаж байгаа учраас миний зүгээс дараах саналыг гаргаж байна. Нэгдүгээрт энэ хэргийг хэрэгт авагдсан баримтынх нь хүрээнд шийдвэрлэх боломж муу байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлд заасны дагуу дээр дурдсан баримтуудыг бүрдүүлэхээр хугацаа олгож өгнө үү. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэж үзвэл дараах зүйлийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Батмөнх гэдэг хүний гарын үсэг зурсан тушаал энд байна. Энэ тушаалын үндэслэх хэсэгт яагаад хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлүүдийг дурдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт гэсэн байна. Энэ заалтаас харахад ерөнхий захирлын эрх үүрэг байгаа юм. Ерөнхий захирлын эрх үүргээс харахад миний үйлчлүүлэгч зөрчсөн зүйл байхгүй юм. Дараагийн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээний хугацааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар Чагцалмааг ажилд орох хүртэл хугацаагаар байгуулсан гэж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийнэ гэсэн байдаг. Тэгэхээр Чагцалмаагийн ажлын байр нь байнгын ажлын байр юм. Байнгын ажлын байран дээр хийнэ гэсэн байхад хугацаагүй гэж томьёолж болохгүй. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчсөн асуудал байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан нь миний үйлчлүүлэгчид хамаарах заалт биш байна лээ. Дараагийн заалт нь хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалт юм. Энэ нь Чагцалмааг ажилдаа эргэж орох хүртэл гэсэн хугацааны заалт юм. Барилга засварын цехийн даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4/238 гэсэн албан бичиг хариуцагч талаас гаргагдаж ирээгүй байсан. Энэ албан бичиг дээр ямар заалт заасныг бид мэдэхгүй. Энэ тушаалуудыг гаргасан баримтаас миний үйлчлүүлэгчтэй холбоотой тухайн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон эрх зүйн үр дагавар буюу эрх зүйн факт байхгүй байна. Миний үйлчлүүлэгч төрсөн, төрснөөс хойш 3 сарын хугацаанд ажилдаа орох талаар эсвэл хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл, хүсэлтийг өгсөн байхыг шаарддаг. Тэгвэл тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай танилцахад ямар нэгэн байдлаар хүсэлт өргөдөл өгөх ёстой гэсэн зүйл байхгүй байна. Халамжаас ирж байгаа тэтгэвэр, тэтгэмж нь Монгол улсад үр хүүхэд төрж байгаагийн төлөө улсаас тухайн хүүхдийг дэмжиж байгаа тэтгэвэр юм. Энэ нь тухайн хүн ажилдаа орох, эсвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээтэй хамааралгүйгээр Монгол улсын иргэн гэдэг үндэслэлээр өгч байгаа халамжийн тэтгэмж юм. Дээр дурдсан хуулийн үндэслэл, заалтуудыг миний үйлчлүүлэгч зөрчсөн асуудал байхгүй. Тиймээс энэ тушаалыг үндэслэлтэй гэж үзэх боломж байхгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бэ? гэвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх үндэслэл болох Чагцалмаа ажилдаа ороогүй, ажилдаа ороогүй гэдэг баримт хэрэгт байгаа. 2023 оны 07 сарыг хүртэл хүүхэд асрах 3 жилийн чөлөөгөө хууль ёсоор авчихсан хүн байгаа юм. Хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалт нь хэвээр байгаа юм. Энэ заалт хэвээр байтал миний үйлчлүүлэгчийг байгууллагад ямар нэгэн хүсэлт өгсөнгүй гэж буруутгах үндэслэл байхгүй. *******ийг ажилд авдаг, халдаг субъект нь ерөнхий захирал байгаа хэдий ч энэ хүн доороос нь уулзаад явна, шууд ерөнхий захиралтай уулзах зохицуулалт байхгүй. Тиймээс ******* өөрийг нь хариуцаж байгаа мастертаа хэлсэн, мастер нь хүний нөөцийн мэргэжилтэнтэй холбогдоорой гэсэн учраас Нямсүрэн гэдэг хүнтэй нэг биш нэлээн хэдэн удаа уулзсан, утсаар ярьсан. Дараа нь тухайн цехийг хариуцаж байгаа захиралтайгаа уулзъя гэсэн боловч хүлээж аваагүй. Шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа баримтууд дотор миний үйлчлүүлэгчийн нэр байхгүй гэсэн үндэслэлийг үндэслэлтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тиймээс энэ тушаалыг хүчингүйд тооцож, Чагцалмаагийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажиллах *******ийн засал чимэглэлчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийг төрснөөсөө хойш 3 сарын хугацаанд ажилдаа орох талаар эсвэл хүүхэд асрах чөлөө олгох талаар ямар нэгэн хүсэлт, өргөдөл гаргаж хандах ёстой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч *******ийн хувьд байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хоёрт байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баримтлах ёстой юм. Гэтэл хөдөлмөрийн дотоод журамд нь 3 сарын дотор хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлөө өгсөн байх ёстой гэсэн заалт байхгүй. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээ нь нэг талаас ажилтан ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох тохиролцоо юм. Ажил олгогч *******тай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зориг нь *******гийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажлын байрыг хуульд заасны дагуу хадгалж, түүний ажлын байранд хөдөлмөрийн эрх зүйн чадвар, чадамжтай иргэнээр тодорхой ажил гүйцэтгүүлж, түүнд цалин хөлс олгох юм. Иймд Эрдэнэт үйлдэр ТӨҮГ гэрээ байгуулахаас өмнө ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах *******гийн ажил үүргийг Б.Сэржмядагаар гүйцэтгүүлэх өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд үүнийг Б.Сэржмядаг хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурснаар энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Чагцалмааг хүүхэд асрах чөлөөнөөс ирэх хүртэлх хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэжээ. Энэхүү талуудын тохирсон хугацаа нь ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргаснаар, хүүхэд асрах, мөн ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зэрэг үндэслэлүүдээр дуусах боломжтой. Учир нь талуудын байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэхээр харилцан тохиролцсон ба хугацаанаас өмнө дуусгавар болгох нарийвчилсан зохицуулалт хууль болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтад хүсэл зориг илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Иймд ажил олгогчид ******* хүүхэд асрах чөлөө авсан учир түүний байнгын ажлын байранд тодорхой ажил гүйцэтгэх ажилтан ажиллуулах шаардлага гарсны үндсэн дээр *******ийг ажилд авсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд Чагцалмааг хүүхэд асрах чөлөөнөөс ирэх хүртэлх хугацаатайгаар байгуулсан гэж хугацааг тогтоож өгсөн нь энэ хугацаанд ажилтан ажил, үүрэг гүйцэтгэх болзолтойгоор байгуулсан гэж үзнэ. Тус хугацаанд ******* нь жирэмсэн болсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж болон амралтаа авсан. Жирэмсэний болон амаржсаны №0651138 тоот хуудсаар чөлөөг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл олгосон байх ба энэ хугацаанаас хойш 3 сарын хугацаанд ******* нь ажилдаа эргэн орох хүсэлт ирүүлээгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудад хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, эрэгтэй, эмэгтэй хүйсээр нь ялгаварлах, давуу байдал тогтоохыг хориглохоор заасан учраас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийн дагуу түүний хөдөлмөрийн хугацаатай гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэж заасан бөгөөд ******* нь ажил олгогчийн зүгээс хүүхэд асрах чөлөөтэй байгаа *******гийн байнгын ажлын байрыг хадгалах үүргээ хүлээсэн. Түүний ажлын байранд ажиллаж байсан Б.Сэржмядагийн ажлын байрыг давхардуулан хадгалж, хамтын гэрээний дагуу тусламж, дэмжлэгт хамруулах нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан эрх тэгш байх зорилготой нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь нэг ажлын байранд хэд хэдэн хүний ажлын байрыг зэрэг хадгалах, буцалтгүй тусламж, нэмэгдэл тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг мөн адил олгох нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь энэ нөхцөл байдлыг ойлгохгүйгээр *******гийн байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж хөдөлмөрийн гэрээнд заасан тохиролцоог биелүүлэхгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй юм. Тиймээс *******-ын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий захирлын Б/1112 тоот тушаалыг хүчингүйд тооцох, *******ийг ажилд нь эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ажилдаа эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгчид ажилдаа орох боломж байсан. Та 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсний болон амаржсаны хуулиар олгогдох чөлөөний хугацаа дууссан. Үүнээс хойш бүтэн 3 сарын хугацаанд ажилд орох хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байсан. Хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан баримт дээр хүний нөөцийн мэргэжилтэн Нямсүрэнтэй 2-3 удаа уулзсан гэж бичсэн байна. Гэхдээ ажил олгогч нь Нямсүрэн мөн үү?, энэ хүн бол хүний нөөцийн мэргэжилтэн. Нямсүрэн гэдэг хүн тухайн ажил дээрээ маргаантай хүн байдаг. *******-ын ажил олгогч нь Бадамсүрэн гэдэг хүн. Хүүхэд асрах чөлөө болон ажилдаа орох хүсэлтээ хэнд гаргаж болох вэ? гэдгээ та мэдэж байгаа. Ажил олгогч чинь Төмөртогоо гээд Барилга засварын цехийн дарга байгаа юм. Энэ хүнд өргөдөл хүсэлтээ бичгээр гаргаад өгөхөд тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл танаас ямар нэгэн хүсэлт ирээгүй. Нэгдүгээрт таныг албан хүчээр ажиллуулах боломжгүй, хоёрдугаарт эрэгтэй, эмэгтэй гээд хүйсээр ялгаварлаж давуу байдал олгох боломжгүй учраас ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байгаа. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй гэж зааглаж байгаагийн ялгааг ажилтан ******* сайн ойлгоогүй байна. Хөдөлмөрийн хугацаагүй гэрээг байнгын ажлын байран дээр ажилтантай байгуулдаг. Байнгын ажлын байран дээр байгаа ажилтан нь Чагцалмаа юм. Чагцалмаагийн ажлын байрыг ажил олгогч хуулиар хадгалчихсан. Чагцалмаа хүүхэд асрах чөлөөгөө аваад энэ хугацаанд та түүний ажил үүргийг гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахад таныг хэзээ төрөх болон ямар нэгэн асуудал хэзээ гарна гэж урьдчилж тооцоод хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхойлох боломжгүй. Тиймээс Чагцалмаагийн ажил үүргийг гүйцэтгүүлэхийн тулд тантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Танд хүүхэд асрах чөлөө олгосон тушаал гараагүй. Яагаад гэвэл та хүсэлтээ гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар та ажил олгогчид хүсэлтээ бичгээр гаргаж өгөх ёстой. Хүсэлт гаргасан тохиолдолд хүүхэд асрах чөлөөний тушаал гарна. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд тухайн ажилтны ажлын байрыг хадгалах зохицуулалттай байдаг. Иргэний хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хуулийг ойлгохгүй байх болон буруу ойлгосон нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тиймээс та ямар нэгэн байдлаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм чинь ямар нэгэн хэлбэрээр эрх, үүрэг хүлээсэн байгаа. Ажил олгогчийн хувьд байнгын ажлын байрыг буюу Чагцалмаагийн ажлын байрыг хадгалаад хүүхэд асрах чөлөөний тэтгэмжийг нь хамтын гэрээгээр олгогдож байгаа. Чагцалмаа, ******* нарыг хэзээ ажилдаа эргэн орох, дахин төрөх эсэхийг ажил олгогч урьдчилан мэдэх боломжгүй учраас хуульд зааснаар байнгын ажлын байрыг хадгалж Чагцалмааг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүн нэгэнт хүсэлтээ гаргаагүй, ажиллах боломжгүй нөхцөлд хүчээр албадан ажиллуулах боломжгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг давхардуулан хамтын гэрээгээр тэтгэмж олгох боломжгүй. Тиймээс *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан *******-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, Барилга засварын цехийн засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

******* нь РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б/165 дугаартай тушаалаар компанийн засал чимэглэлийн хэсэгт засал чимэглэлчинээр 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн жирэмсний амралттай байгаа засал-чимэглэлчин *******г ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар ажиллахаар томилогдсон байна. /хэргийн 45-р тал/

 

******* нь РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар компанийн 2-р хэсэгт засал чимэглэлчээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаад тус компанийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/142 дугаартай тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авсан. /хэргийн 46, 47-р тал/

 

РСЦ ХХК нь татан буугдаж, бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөж *******-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаартай тушаалаар Барилга засварын цехийн бүтцээр 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. /хэргийн 29-32, 156-р тал/

 

*******-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/7192 дугаартай тушаалаар *******г *******-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсэгт 3 дугаар зэргийн засал чимэглэлчээр ажиллуулахаар томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан, *******-ын Барилга засварын цехийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/130 дугаартай тушаалаар *******д 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар хүүхэд асрах чөлөөг олгосон байна. /хэргийн 24-28, 33-р тал/

 

Нэхэмжлэгч ******* нь *******гийн оронд ажиллаж байгаад 2021 оны 03 сарын 19-нд хүү О.Төгстөгөлдөрийг төрүүлж, жирэмсний болон амаржсаны амралттай байж байгаад түүнийг *******-ын Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 19-ний Б/1112 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байна. /хэргийн 5, 7-р тал/

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу үндсэн ажилтан ажилдаа эргэж ороогүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, би амаржсаны амралтын хугацаа дуусахад цехийн хүний нөөцийн мэргэжилтэнд ажилдаа эргэж оръё гэж хэлэхэд бага насны хүүхэдтэй гээд ажилдаа орохыг зөвшөөрөөгүй... гэсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч ******* нь амаржсаны амралтын хугацаа дууссанаас хойш 3 сарын хугацаанд ажилдаа орох эсхүл хүүхэд асрах чөлөө хүссэн хүсэлтийг байгууллагад гаргаагүй учир түүнийг ажлаас чөлөөлсөн гэх тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* нь хүүхдээ төрүүлээд амаржсаны амралтын хугацаа дууссанаас хойш байгууллагадаа ажилдаа эргэн орох болон үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө хүсч өргөдөл хүсэлт гаргаагүй болох нь зохигчдын тайлбар, *******-ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ТБ-40-12/6104 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна.

 

*******-ын Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 19-ний Б/1112 дугаартай тушаалын үндэслэлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалт, Барилга засварын цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 40/248 тоот албан бичиг зэрэгт үндэслэсэн гэж заасан ба уг тушаалд тус газрын ерөнхий захирал Х.Бадамсүрэн биш түүнийг орлож өөр хүн гарын үсэг зурсан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд тухайн үед ерөнхий захирлын эзгүйд түүнийг орлож байсан ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Батмөнх гарын үсэг зурсан... гэж тайлбарлаж байх боловч уг тушаал гарах үед ерөнхий захирал эзгүй байсан, эсхүл өөрийнхөө ажилтныг ажил албан тушаалаас нь чөлөөлөх Хөдөлмөрийн тухай хуульд заасан тушаал шийдвэр гаргах эрхээ орлогч даргадаа шилжүүлснийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

Нөгөөтэйгүүр хэрэгт нотлох баримтаар авагдсан *******-ын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирал удирдах ба түүний эзгүйд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер удирдах... гэж заасан ба харин уг дотоод журмын 2.5-д Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрийн газрын ба цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана. Ерөнхий захирлын орлогч нар өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрд дурдсанаас бусад асуудлаар шийдвэр гаргана. гэж заасан байхад Ерөнхий захирлын орлогч нь эрх олгогдоогүй байхад ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасан нь хууль бус болсон байна.

 

Иймд дээрх үндэслэлээр *******-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч *******ийг *******-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *******-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч*******-ийг *******-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ