Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2022/00101

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2022/00101

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 94 дүгээр байрны подвальд байрлах, ******* регистрийн дугаартай, “Ивээлт өргөө” сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, 89 дүгээр байрны 43 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ид холбогдох,

“Орон сууцны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 180 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах,

                                Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* /цахимаар/,

                                Хариуцагч Ч.******* /цахимаар/ нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ивээлт өргөө” СӨХ-г төлөөлж тус холбооны захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.******* нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйл заалтуудыг зөрчиж СӨХ-ны хураамж болох 2019 оны 1 сараас 10 сарын хураамж 60 000 төгрөг, 2020 оны 1 сараас 12 сарын хураамж 60 000 төгрөг, 2021 оны 1 сараас 12 сарын хураамж 60 000 төгрөг, нийт 180 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ч.*******оор СӨХ-ны хураамжийн төлбөрийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа дээвэр дээрээс ус гоождог гэдгээр тайлбараа хэлсэн байсан. 2020 оны 08 сард ус гоожиж байгаа талаар надтай уулзах үед нь тээврийн шувуун нуруун дээр бид гарч янзлах боломжгүй учир өөрсдөө уг асуудлыг засуулсан тохиолдолд СӨХ-ны төлбөр мөнгөнөөс гарсан зардлыг нь хасаж болно гэдгийг хэлж байсан. Одоогоор энэ асуудлыг засаж, янзлахад гарсан зардлын тооцоо гэдэг зүйлийг надад өгөөгүй. Уг айл 2017 оноос уг байранд амьдарч байгаа хэдий ч СӨХ-ны төлбөр мөнгийг төлж байгаагүй. Бид хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацааг хасаж тооцон уг айлаас 2019, 2020, 2021 оны СӨХ-ны хураамжийн төлбөрт 180 000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Орцны хаалга сольсон гэх 59000 төгрөгийн зардлын тооцоог өгөөгүй учир энэ мөнгийг хасах боломжгүй. Уг нь энэ айлын сүүлийн 3 жилийн өр төлбөр нийт 225 000 төгрөг болж байгаа хэдий ч төлсөн гэх 35 000 төгрөгийг нь хасаж нийт 180 000 төгрөг нэхэмжилсэн. Оршин суугчид төлбөр, мөнгөө цаг тухайд нь өгч байж СӨХ нь ажлаа хийнэ. СӨХ-ны мөнгөө цагт нь өгөхгүй байж юм хийхгүй байна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд иргэн Ч.*******оос СӨХ-ны хураамжийн төлбөрт 180 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх ам бүл 4, 6 дугаар баг, 89-р байрны 43 тоотод амьдардаг. Тус байранд 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр нүүж орж ирсэн. Тухайн үед байранд СӨХ байдаг эсэх нь мэдэгддэггүй, мэдээ мэдээлэл огт байгаагүй ба 2019 оны 12 дугаар сард манайд СӨХ-оос төлбөр гээд 200 гаруй мянган төгрөгийн буюу тухайн байрыг ашиглалтад орсон хугацаанаас хойш тооцсон төлбөрийн хуудас орж ирж байсан. Тэр үед нь “манайх 2017 оны 09 сарын сүүлээр орж ирсэн. Тус байранд СӨХ-оос юу ч хийдэггүй шүү дээ” гэж хэлээд хэдэн төгрөгийг тус СӨХ-ны дансанд хийж байсан. 2020 оны зун бороо орох бүрд тагтны дээврээс ус гоожиж байсан учир орж уулзан энэ талаар хэлж, юу ч хийдэггүй тул мөнгө өгөөд баймааргүй байна гэдгээ хэлээд гарсан. Мөн манай байрны орцны хаалганууд муу, онгорхой байдаг учир өвлийн улиралд согтуу хүмүүс байнга орцонд орж унтдаг байсан ба СӨХ юу ч хийхгүй байсан учир айлууд хоорондоо ярилцаад өөрсдөө шинээр хаалга авч суурилуулж байсан. Мөн орцны цэвэрлэгээг тусдаа үйлчлэгч хариуцдаг. Тэр хүнийг СӨХ-нд харьяалагддаг эсэхийг мэдэхгүй байна. Мөн л цэвэрлэгээг хангалттай хийдэггүй. Сардаа ганц хоёр удаа л цэвэрлэдэг. Гэсэн хэдий ч сар бүрийн цэвэрлэгээний 7000 төгрөгийг төлөөд явдаг. Тус СӨХ-ны төлбөрийг төлөхийг эсэргүүцэж байгаа шалтгаан нь:

1. СӨХ байдаг гэж мэдээгүй, мэдэгдээгүй.

2. Үнэхээр байдаг байсан бол төлбөрийг тухайн сар, улирал, жилд нь нэхэмжлээгүй, гэнэт ихээр бөөн дүнгээр нэхэмжилсэн.

3. Юу ч хийдэггүй, манай байраар огт харагдаж үзэгддэггүй.

4. Ямар ч мэдээ мэдээлэл байхгүй, мөнгө нэхэх л үүрэгтэй байдаг.

5. Юу ч хийдэггүй хүнийг хоолломооргүй байна.

6. Орцны шатсан лампыг ч сольчих ажлыг ч хийдэггүй.

7. Гэнэт гэнэт бөөн дүнгээр төлбөрийн хуудас хүнээр өгч явуулдаг. Өөртэй нь уулзах боломж байдаггүй, хаана байдаг нь мэдэгддэггүй.

8. Өгөхгүй бол шүүхэд өгнө, шүүхээр шийдүүлээд хүчээр авчихна гэсэн байдлаар ханддаг.

9. Шүүхээр албаар төлөх шаардлагатай байсан ч бид хэлэх үгээ хэлэх үүрэгтэй байх гэж боддог.

Иймд төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа болно. Цаашид ажлаа хийнэ гэвэл үүнээс хойш жилээр биш сар бүрдээ төлөөд явахад татгалзах зүйлгүй.

Ер нь СӨХ гэж байдаг эсэхийг манай байрныхан мэдэж байгаа эсэхийг би мэдэхгүй. Би таныг 2019 онд нэг харсан. СӨХ юм хийж байгаа тохиолдолд би мөнгөө цаг тухайд нь өгөөд явна шүү дээ. Дээврийг янзлах үүрэг нь надад биш та нарт байгаа биз дээ. Тэгсэн хэдий ч би ажлын газрын хүнтэйгээ дээвэр дээр нь гарч үзсэн, хар цаас нь хууларсан байсан учир хар цаасыг нь янзлаад, замын хар лав асгаад орхисон. Энэ засварын зардал мөнгийг тооцоогүй. Гэтэл энэ зуны бороонд дахиад борооны ус гоожсон байдалтай байсан. СӨХ ажил хийхгүй байгаа учир бид кодтой хаалга суурилуулсан, харамсалтай нь код нь эвдэрсэн учир өнгөрсөн жил кодгүй хаалгатай байсан хэдий ч энэ жил уг хаалганы кодоо зассан. СӨХ хийсэн ажлаа оршин суугчдад тайлагнаж, хийсэн ажлын тайлангаа байршуулж болно шүү дээ. Өмнө нь үйлчлэгч хийж байсан эгчийн хувьд цэвэрлэгээ үйлчилгээг сайн хийдэг байсан, тэр хүнийг ажиллахаа больсон цагаас хойш орцны цэвэрлэгээ үйлчилгээ их муу болсон. Орцны 3, 4, 5 давхрын цонх онгорхой байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ивээлт өргөө” СӨХ нь хариуцагч Ч.*******ид холбогдуулан “Орон сууцны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 180 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1 тал)

Хариуцагч Ч.******* нь “...Сууц өмчлөгчдийн холбоо нь ямар ч ажил хийдэггүй, хаана байгаа нь мэдэгддэггүй, мэдээ мэдээлэл огт байдаггүй. Үнэхээр байдаг байсан бол төлбөрийг тухайн сар, улирал, жилд нь нэхэмжлээгүй, гэнэт ихээр бөөн дүнгээр нэхэмжилдэг. Зун бороо орох бүрд манай тагтны дээврээс ус гоождог. Үүнийг хэлсэн боловч засаж өгөөгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг. (хх 12 тал)

Хариуцагч Ч.******* нь “Ивээлт өргөө” СӨХ-ны харъяа Хэрлэн сумын 6 дугаар баг, 89 дүгээр байрны 43 тоот орон сууцны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2019 оны 1-12 саруудын 60 000 төгрөг, 2020 оны 1-12 саруудын 60 000 төгрөг, 2021 оны 1-12 саруудын 60 000 төгрөг, нийт 180 000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй үйл баримт нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 4-5, 12 тал)

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

Түүнчлэн сууц өмчлөгч нь холбооны бүх гишүүдийн хуралд аливаа асуудлаар саналын эрхтэй оролцож, хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах, засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх, улмаар Сууц өмчлөгчдийн холбоо хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд холбогдох байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуульд заасан дээрх үүргээ биелүүлсэн байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгч хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ биелүүлсний эцэст Сууц өмчлөгчдийн холбоо, улмаар холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлүүдэд тус тус холбогдох асуудлаар шаардлага гаргах эрхийг эдэлнэ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны гүйцэтгэх захирлын эрх үүргийг тодорхой тусгасан байх бөгөөд 12 дугаар зүйлийн 12.4.4-т гүйцэтгэх захирал нь сууц өмчлөгчид энэ хууль болон Иргэний хуульд заасан үүргээ билүүлээгүй бол холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг заасан байна.

Иймд “Ивээлт өргөө” СӨХ-ноос хариуцагчид холбогдуулан хуульд зааснаар орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, тус СӨХ-г төлөөлж захирал ******* нэхэмжлэлд гарын үсэг зурсан байгааг тус СӨХ-г төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар аливаа иргэн, хуулийн этгээд өөрийн эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэдэг.

Иймд нэхэмжлэгч “Ивээлт өргөө” СӨХ-ноос хариуцагчид холбогдуулан түүний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байх ба хариуцагч Ч.******* нь хуульд зааснаар орон сууц өмчлөгчийн хувиар орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг бусдаар шаардуулалгүйгээр сар бүр төлөх үүрэгтэй байна. Дээрх үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч байгууллага нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Нөгөөтэйгүүр хариуцагч Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Ивээлт өргөө” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар хуульчилсан ба хариуцагч Ч.******* нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй байдлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч Ч.*******оос 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 сарыг дуусталх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 180 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ивээлт өргөө” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 050 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.*******оос орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ивээлт өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 6 050 /зургаан мянга тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА