Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2022/00177

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2022/00177

Дорнод аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах, 2776448 регистрийн дугаартай, “Норбу” Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид “Норбу” ББСБ ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, 26 дугаар байрны 2 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, Буйр гудамж 2-13 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* нарт холбогдох, 

“Зээлийн гэрээний үүрэгт 1 725 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч /цахимаар/

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/

Хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Норбу” ББСБ ХХК нь хариуцагч Д.*******, В. нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 725 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж тус компанийн захирал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Тус байгууллагаас 2020 оны 04 сарын 17-ны өдөр иргэн Д.*******, В. нарт өөрсдийн эзэмшил нэр дээрх үл хөдлөх хөрөнгө болох Хэрлэн сумын 3 дугаар баг, Танк 7-01, 7-04 тоот хаягт байрших тус бүр нь 700м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний 2 айлын газар барьцаалан зээлийн гэрээ байгуулж, сарын 5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай 1 600 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 25-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Маш олон удаа өр төлбөрөө төлж барагдуулахыг шаардаж нэхсэн. Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн хүүг хугацаандаа төлөхгүй явсаар 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бөөнд нь 1 600 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээг хоёр тал хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр хийдэг. Гэрээ нь талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, зээлийн хүү, эргэн төлөлтийн хуваарь зэргийг зохицуулахад оршдог. Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 158.1., 158.3., 222.5., 222.7., 231.1.4., 229.1., 452.2., 453., 453.1., 445.4., 446.6., 446.1.6., Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 21.1., 21.2., манай байгууллагатай хийсэн зээлийн гэрээний 3.5, 3.6, 4.2, 5.3, 5.4, 6.1.3, барьцааны гэрээний 2.3, 3.2.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч ер нь анхнаасаа хүү төлөхгүй, та нар яваад заргалдаарай гэдэг байсан. Тиймээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хугацаа хэтэрсэн хүү 125 000 төгрөг, үндсэн зээл 1 600 000 төгрөг нийт 1 725 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар хариу тайлбартаа: “Норбу” ББСБ-аас иргэн Д.Солонго, В. нар нь нийт 1 600 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдэж авсан нь үнэн. Зээл төлөлтийн эхний сараас эхлээд дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын улмаас хөл хорионд орж, санхүүгийн хүндрэл үүссэн. Энэхүү эрсдэлтэй цар тахлын үед МУ-ын Засгийн газраас банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүг түр зогсоон тодорхой хугацаагаар хойшлуулж болох тухай шийдвэр гарч иргэдээ дэмжсэн учир хөл хорио суларсан үед нэхэмжлэгчид зээлсэн мөнгө 1600000 төгрөгийг нэг дор буцаан төлсөн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-д зааснаар зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэхээр хуульчилсан. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн 231704/2020 241704/2020 дугаартай гэрээний 4.1 дэх заалт нь уг хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс мөн хуулийн 22.1, 24.1, 24.2-д заасныг харгалзан үзэж зээлийн хугацааг 7 сараар тогтоож, үүнд ногдох хүүг бид төлнө гэдгээ илэрхийлсэн. Дээрх хуульд заасан хугацаа хамаарахгүй гэж хугацаагүйгээр хүү нэхээд явбал хариуцагч нарын хувьд санхүүгийн хүндрэлд орно. Нэхэмжлэгчийн зүгээс Засгийн газрын 2020 оны 03 сар, 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хангаж ажиллаж байгаа гэж хэлсэн. Тиймээс хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү зэргийг нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй. Бидний зүгээс 680 000 төгрөгийн хүү төлөөд уг асуудлыг шийдье гэдэг саналаа хэлсэн. Дээрх хуулийн 24.3-т зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчээс хэтэрсэн хугацаанд нь нэмэгдүүлсэн хүү л тооцож авах ёстой бөгөөд үндсэн зээлийнхээ хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 222.1-д хугацаа хэтэрснийг сануулаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байхаар зохицуулсан. Мөн хуулийн 222.2-д нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчээс хамаарахгүй бол гэж бий. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байсан гэдгийг мэдэж байгаа. Үүнийг Засгийн газраас шийдвэрлэсэн байгаа. Хэрэгт хугацаа хэтэрсэн талаар зээлдэгчид сануулсан баримт байхгүй гэдгийг нэхэмжлэгч сая өөрөө хэлсэн. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой асуудал нийтэд ил учир заавал нотлох баримт гаргаж өгөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас бид 680 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 1 045 000 төгрөгийг эс зөвшөөрч байна. Мөн эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар байна. Нэхэмжлэгч хугацаагаа янз бүрээр тайлбарлаж байгааг шүүх дүгнэлт хийхдээ анхаараасай гэж хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч талаас “Норбу” ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.04.17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ” болон “Зээлийн барьцааны гэрээ”-нүүд, зээлийн дансны хуулга, С.Солонгын Хаан банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Норбу” ББСБ ХХК нь тус шүүхэд хариуцагч Д.*******, В. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг буюу зээлийн үндсэн төлбөрт 1 600 000 төгрөг, хүүгийн төлбөрт 125 000 төгрөг, нийт 1 725 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. (хх 1 тал)

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба, нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Зээлдэгч нар нь зээл авахдаа манай байгууллагын дүрэм, журамтай танилцаж, хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж 1 600 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай авсан. Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд сард 6 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хүү төлөх үүрэгтэй...” гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нэхэмжлэлийн шаардлагаас 680 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 1 045 000 төгрөгийг эс зөвшөөрч, татгалздаг ба татгалзлын үндэслэлээ:

1. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар байна... гэж,

2. Нэхэмжлэгч гэрээний хугацааг янз бүрээр тайлбарладаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1 дэх заалт нь хуульд заасан гэрээний хугацаа тодорхой байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болсон. Тиймээс хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү зэргийг нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч “Норбу” ББСБ ХХК нь 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдан 0000096312 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, зээлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлжээ. (хх 3 тал)

Нэхэмжлэгч нь дээрх үйл ажиллагааныхаа хүрээнд зээлдэгч Б.*******, В. нарт тус бүр 800 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр олгохоор харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 23/17/04/2020 болон 24/17/04/2020 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” болон “Зээлийн барьцааны гэрээ”-нүүдийг тус тус бичгээр байгуулсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох “зээлийн гэрээ” байгуулагдсан байна. (хх 4-9 тал)

Уг хүчин төгөлдөр гэрээнүүдийн дагуу зээлдүүлэгч “Норбу” ББСБ ХХК нь зээлдэгч Б.*******, В. нарт тус бүр 800 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба талууд уг шилжүүлсэн зээлийн дүн болон гэрээ байгуулсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тус тус маргаагүй болно. 

Харин банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл талууд дээрх “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулахдаа гэрээний хугацааг “1-8 сар” гэж /гэрээний 4.1/ тодорхой бус хугацаагаар байгуулсан байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “...гэрээний хугацааг 7 сараар тогтоосон, энэ нь “Зээл, хүүний эргэн төлөлтийн хуваарь”-аас харагдана...” гэж тайлбарлах боловч зээл, хүүний эргэн төлөлтийн хуваарийг зээлийн гэрээний хугацаа гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн талууд барьцаат зээлийн гэрээндээ “зээлийн хүү”-гийн талаар тусгахдаа зээлийн хугацаан дахь сарын хүүг 5 хувиар /гэрээний 3.4/, харин хугацаа хэтэрвэл хэтэрсэн хугацааны хүүг сарын 6 хувиар /гэрээний 3.5/ тус тус тооцохоор тусгасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “зээлийн гэрээ 7 сарын хугацаатай байгуулагдсан. Энэ 7 сарын хугацааны хүүг гэрээнд зааснаар сарын 5 хувиар тооцсон. Үүнээс хойш хугацаа хэтэрсэн сар нь нэхэмжлэл гаргах хүртэл 14 сар, энэ хугацаа хэтэрсэн 14 сарын хүүг мөн гэрээнд зааснаар сарын 6 хувиар тооцсон” гэж тайлбарладаг.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа нь тодорхой бус, хэзээнээс хугацаа хэтэрсэн гэж үзэх нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэгч талаас хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарладаг 14 сарын хугацааны хүүг гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар сарын 6 хувиар тооцох үндэслэлгүй байх тул уг хугацааны хүүг сарын 5 хувиар тооцох нь хуульд нийцнэ.  

Хариуцагч тал “...хэтэрсэн хугацаанд нь нэмэгдүүлсэн хүүгээ л тооцож авах ёстой, хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй...” гэж маргадаг боловч хариуцагч Б.*******, В. нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийг ашигласан хугацааны хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцон хариуцагч нараас шаардах эрхтэй.

Хариуцагч Б.*******, В. нар нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй явж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1 600 000 төгрөгийг гүйлгээний утгыг “Сэлэнгэ зээл хаав” гэж нэхэмжлэгч “Норбу” ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон зээлийн дансны хуулга, хариуцагч С.*******гийн ХААН банк дахь харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 17, 21-23 тал)

Уг 1 600 000 төгрөгийн төлөлтийг хийхээс өмнөх байдлаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар нь /гэрээ тус бүрээр бус хамтад нь тооцож үзсэн болно/:

- зээлийн үндсэн төлбөрт 1 600 000 төгрөг,

- зээлийн хүүгийн төлбөрт 1 354 667,6 төгрөг /2020.04.17-2021.09.14-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг сарын 5 хувиар тооцсон болно. 2020.04.17-31-ний өдрийг хүртэлх 14 хоногт ногдох хүү 37333,8 ₮, 2020 оны 5-12 сар, 2021 оны 1-8 сарыг хүртэлх нийт 16 сар х 80000 = 1280000 ₮, 2021.09.01-14-ний өдрийг хүртэлх 14 хоногт ногдох хүү 37333,8 (2020 оны 4 болон 2021 оны 9 сарууд нь 30 хоногтой сарууд байх тул 80000:30 хоног = нэг өдрийн хүү 2666,7 ₮ байна)/,

- нийт 2 954 667,6 төгрөгийг төлөхөөр байсан байна.

Нэхэмжлэгч “Норбу” ББСБ ХХК нь хариуцагчийн төлсөн 1 600 000 төгрөгийн төлөлтийг зээлийн гэрээний үүрэгт тооцохдоо бүхэлд нь зээлийн хүүгийн төлбөрт тооцсон байх ба үлдэгдэл төлбөрийг үндсэн зээл 1 600 000 төгрөг, зээлийн хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөр 125 000 төгрөг, нийт 1 725 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үүнийг хариуцагч нараас нэхэмжилсэн байна.

Гэвч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ.” гэж, 216.4-д “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж тус тус заасан.

Хуульд ийнхүү зааснаас үзэхэд хариуцагч Б.******* /үүрэг гүйцэтгэгч/ нь 1 600 000 төгрөгийг төлөхдөө “Сэлэнгэ зээл хаав” гэж тус гүйлгээг хийсэн байгаа нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхээ хэрэгжүүлсэн буюу үндсэн үүрэгт тооцуулах сонголт хийсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх хуульд заасны дагуу хариуцагч нарын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 1 600 000 төгрөгийг гэрээний үндсэн үүрэгт тооцох нь хуульд нийцэх бөгөөд ийнхүү тооцохоор хариуцагч нар нь зээлийн үндсэн үүрэгт төлөх төлбөргүй болж, харин хүүгийн төлбөрт 1 354 667,6 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөрт төлөх төлбөр байхгүй тул 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойших хугацаанд хүү тооцогдох үндэслэлгүй болно.  

Түүнчлэн талууд гэрээндээ нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан боловч нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй болно.

 Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.*******, В. нараас зээлийн гэрээний үүрэгт төлөх 1 354 667,6 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу хариуцагч Б.*******гээс 677 333,8 төгрөг, хариуцагч В.гээс 677 333,8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Норбу” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 370 332.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, В. нараас улсын тэмдэгтийн хураамжид 36 625 /1 354 667,6 төгрөгт ногдох/ төгрөгийг хувь тэнцүү гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.*******гээс 677 333,8 /зургаан зуун далан долоон мянга гурван зуун гучин гурван төгрөг найман мөнгө/ төгрөг, хариуцагч В.гээс 677 333,8 /зургаан зуун далан долоон мянга гурван зуун гучин гурван төгрөг найман мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Норбу” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 370 332.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, В. нараас улсын тэмдэгтийн хураамжид 36 625 /гучин зургаан мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг хувь тэнцүү гаргуулан нэхэмжлэгч “Норбу” ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА