| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2017/0058/э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2017-05-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагч Ө.Мөнхнавч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас
Эрүүгийн ....дугаарт хэргийн шүүгдэгч:
Б.О-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикл хэрэглэн иргэн Д.Бгийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ойр гээд Бгийн адуунаас аваад өгсөн юм. Яг хэрэглэхдээ бол хэлээгүй, Эд юу ч хэлээгүй ирж адуугаа ав гэж дуудсан. Буруу юм хийсэндээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Би тухайн үед ах Бийн эхнэрийнх нь адуу сумын урд Тийн хашааных нь урд талд байхаар нь хашаа руу нь ойртуулаад Эыг хүрээд ир, ирж даагаа ав гэсэн. Удалгүй Э, А 2 машинтай ирсэн. Уг адуунаас саран дэвсгэртэй, зуузай тамгатай, охин хээр даагыг барьж өгөөд тэр хоёр уг даагыг ачаад сумын төв явсан … гэсэн мэдүүлэг /хх 36-38/,
Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 сарын дундуур хонгор азаргатай 13 тооны адуу бэлчээрээ алга болгочихсон. ... би тухайн үед адуугаа бүртгэхэд манай адуунаас хээр зүсмийн охин даага, мөн хонгор зүсмийн шүдлэн байдас адуу алга байсан. Надад бэлнээр О хээр зүсмийн охин 1 тооны даага өөрийн малнаасаа өгсөн гэсэн мэдүүлэг /хх 12-13/,
Гэрч О.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 сарын дундуур О миний утас руу залгаад Дүлий Дгийнд хурдан хүрээд ир даагаа ав гэхээр нь би Аын хамт очсон. Очиход 10 гаруй тооны адуу хашчихсан уг адуун дотор байсан хээр зүсмийн охин даагыг О надад бугуйлдаж барьж өгсөн. Оаас 200000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч Т.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 сарын дундуур Э бид хоёр сумын төвөөс урагш хэлгүй дүлий Д гэж айлын хашаанд О 10 гаруй тооны хонгор азаргатай адуу хашчихсан байсан. Уг адуун дотор байсан хээр зүсмийн, зүүн гуян дээрээ саран дэвсгэртэй тамгатай, охин даагыг бугуйлдаж барьж өгсөн … гэсэн мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Бгийн адууг хариулдаг юм. Уг адуунууд 10 сарын 20-ны үеэр бэлчээр урагшаа гараад явсан. Үзээгүй байж байгаад 11 сарын эхээр үзэхэд хонгор зүсмийн байдас байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч Д.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: Би О гэх хүнтэй 2016 оны 10 сард уулзаж идшиндээ идэх 1 даага авахаар болж уг даагаа найз Этай хувааж авахаар болж 200000 төгрөг өгсөн … гэсэн мэдүүлэг /хх 64-65/,
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх 21/,
Хөрөнгө-Эстимэйт ХХК /хх 25/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 8/,
Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /хх 10/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан болно.
Шүүхээс шүүгдэгч Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикл хэрэглэн хохирогч Д.Бгийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ойр гээд Бгийн адуунаас аваад өгсөн юм. Яг хэрэглэхдээ бол хэлээгүй, Эд юу ч хэлээгүй ирж адуугаа ав гэж дуудсан гэв, шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Уг адуунаас саран дэвсгэртэй, зуузай тамгатай, охин хээр даагыг барьж өгөөд тэр хоёр уг даагыг ачаад сумын төв явсан … гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... би тухайн үед адуугаа бүртгэхэд манай адуунаас хээр зүсмийн охин даага, мөн хонгор зүсмийн шүдлэн байдас адуу алга байсан … гэсэн мэдүүлэг, гэрч О.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … 10 гаруй тооны адуу хашчихсан уг адуун дотор байсан хээр зүсмийн охин даагыг О надад бугуйлдаж барьж өгсөн. Оаас 200000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг, гэрч Т.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … О хээр зүсмийн, зүүн гуян дээрээ саран дэвсгэртэй тамгатай, охин даагыг бугуйлдаж барьж өгсөн … гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … хонгор зүсмийн байдас байхгүй байсан гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: Би О гэх хүнтэй 2016 оны 10 сард уулзаж идшиндээ идэх 1 даага авахаар болж уг даагаа найз Этай хувааж авахаар болж 200000 төгрөг өгсөн … гэсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж байна.
Иймд шүүгдэгч Б.Оад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, улсын яллагчийн зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Б.Оаас хээр зүсмийн охин 1 тооны даага авсан учраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017.03.13-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 750 000 төгрөгийн үнэ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Чансаа маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Харин бусдад төлөх төлбөргүй , нэмэгдэл ял шийтгэл оногдуулаагүй байдлыг харгалзан шүүгдэгчийн 4 ханатай гэрийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 2017.03.14-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох зүйтэй байна.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч Б.Оыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын эзэмшлийн 750 000 төгрөгийн үнэ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Чансаа маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 2017.03.14-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД