Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 55

 

 

Б.Долгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 1/60 байрны 20 тоотод оршин суух, Тарвагатайхан овогт Бямбаагийн Долгорын нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Долгор түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд их сургуулийн захирлын 2018 оны 03 сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Би Ховд Их сургуульд 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажилд ороод, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр номын тооллогын тушаал өгнө гэж хэлээд ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Тухайн үед миний тэтгэвэрт гарах талаар ярилцаагүй бөгөөд магадлан итгэмжлэл 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирэхээр нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сургуулийнхаа удирдлагуудтай уулзахдаа номын тооллогоо хийгээд магадлуулах талаар хэлсэн. Мөн миний зүгээс сургуулийн номын сан нь уншигчдын хүсэлтэд нийцсэн номоор хангаж чадаж байгаа эсэхийг магадлуулах гэсэн юм. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн номын сан нь хэрэгцээтэй номоор оюутнууддаа хангаж, үйлчилж чадахгүй байгаа бөгөөд хуучин номууд нь дахин хэвлэгддэггүй. Би Улаанбаатар хотод байгаа номын сектортой яриад дутуу номуудаа авах талаар хэлээд, номын тооллого явуулаад дутсан номоо олж өгөөд гарах бодолтой байсан.Би тус сургуульд нийт 38 жил 5 сар ажилласныхаа хувьд маш их гомдолтой байгаа. Иймд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ном зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Ховд Их сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Тус хуульд зааснаар ном зүйч Б.Долгорыг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учраас ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан заалтыг ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нь ажилтны иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр 60 нас бүрэн хүрсэн байхыг ойлгоно гэж тайлбарласан. Б.Долгорын хувьд тушаал гарсан өдөр нь иргэний үнэмлэхээр нь 60 нас 2 сар 27 хоногтой байсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан. Мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 1962 ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 55 нас байгаа. Үүнээс хойш тэтгэврийн нас 3, 3 сараар нэмэгдээд явагддаг болсон. Мөн 2018 оны 71 дугаартай Засгийн газрын тогтоолын 2 дугаар хавсралтаар даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг тодорхойлох, баримтлах журмыг тогтоож өгсөн. Тухайн журмаар тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил төлсөн 1958 оны 02 сарын 22-ны өдөр төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас 3 сартай хүнд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэж заасан. Ингэхээр Б.Долгор нь төрийн жинхэнэ албан хаагч байсан бол 65 нас хүрэх эрхтэй байсан. Гэтэл Б.Долгор нь төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд 60 нас буюу тэтгэврийн нас хүрсэн учраас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаар шийдвэрээр:“ 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Тарвагатайхан овогт Бямбаагийн Долгорыг Ховд их сургуулийн ном зүйч, каталогичийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,543,080 /дөрвөн сая таван зуун дөчин гурван мянга ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Долгорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 141,990 /нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун ер/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Долгорын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж нийт 157,840 /нэг зуун тавин долоон мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан тул ном зүйч Б.Долгортой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай Ховд их сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай тушаал гарсан. Нэхэмжлэгч Б.Долгор нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 60 нас хүрсэн ба хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гарах үед иргэний үнэмлэхээр бол 60 нас 2 сар 27 хоногтой байсан. Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй ба ажилтан 60 нас хүрсэний дараа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч  Б.Долгор нь хариуцагч Ховд Их Сургуульд холбогдуулан Ховд Их Сургуулийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан  Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлагыг   гаргажээ.

            Нэхэмжлэгч талын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгээгүй бөгөөд уг “нэмэлт тайлбарын” агуулга нь шүүхэд анх гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагаа Ховд их сургуулийн ном зүйч, каталогичийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 4 дүгээр сарын  02-ны өдрөөс  2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4.685070 төгрөг гаргуулахаар тус тус тодруулсан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүх  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, гомдолдоо: “Б.Долгор нь 2018 онб 01 дүгээр сарын 06-ны өдөр 60 нас хүрсэн, Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй ба ажилтан 60 нас хүрсний дараа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  ажил олгогчийн нэхэмжлэгч Б.Долгорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3.-т  заасан  60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/81 дүгээр “Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-т ажил олгогч нь  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн  өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана, мөн хуулийн 43.2.-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.” гэх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж тайлбарласан байна.

            Хэрэгт авагдсан баримтаар “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг,40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, “Ховд их сургуулийн дүрмийн”-ийн 3.14.6 дахь хэсэг, 3.15 дахь заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3.1 дэх хэсэг, 5.3.8 дахь хэсгийн тус тус  үндэслэн ном зүйч Бямбаа овогтой Долгор нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Нэхэмжлэгч Б.Долгор нь “би 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ховд Их сургуульд ажилд орсон. Захирал В.Сайнбаяр,Б.Нямдорж, Ц.Буянбат бид нар уулзаж ярилцахдаа Ховд Их сургуулийн ойн баяраа  өнгөрөөгөөд,  2017-2018 оны хичээлийн жил дуустал ажилаарай гэсэн атлаа  38 жил 5 сар  ажилласан  намайг   гэнэт 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  ажлаас  чөлөөлсөнд маш их гомдолтой байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д  Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэх хуулийн заалтыг зөрчсөн, ажилласан хугацааны ээлжийн амралтыг эдлүүлээгүй, тэтгэмжээ аваагүй.” гэж тайлбарласан байна.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэсэн учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Давж заалдах шатны шүүхээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ.” гэж зохицуулсан тул ажилтанд ээлжийн амралт эдлүүлэхгүйгээр түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр ажилтны Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хуулийн  шаардлага хангасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах,амрах, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах зэрэг эрхийг зөрчсөн байна.

            Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг нь тухайн хэргийн  үйл баримттай хамааралгүй, төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох 60 нас хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх,эсхүл мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн  төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас хүртэл хугацаанд ажиллах хүсэлтээ гаргахтай холбооттой харилцааг зохицуулсан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” ... даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж зохицуулсан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ ажилтны ажилгүй байсан хугацаан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 4.543.080 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ажилтны цалин хөлсний тодорхойлолт үндэслэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн дундаж цалин хөлс бодож гаргасан  аргачлал, нэхэмжлэлийн шаардлагаас 141.990 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг   хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар  хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

                                                                                    Н.ТУЯА