| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2024/08327/И |
| Дугаар | 001/ХТ2025/00140 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2025/00140
“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01763 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00760 дугаар магадлалтай,
М.Я-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17,205,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т” ХК хариуцагч М.Я-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,205,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01763 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Я-с 17,205,373.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,976.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Я-с улсын тэмдэгтийн хураамжид 243,976.86 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00760 дугаар магадлалаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01763 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч М.Я-с зээлийн гэрээний үүрэгт 8,602,686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,602,686 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 243,976.86 ...” гэснийг “... 152,593 ...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Даатгалын нөхөн төлбөр гаргуулан авах тухай Ч.Ч-н нэхэмжлэлтэй маргаан өрнөж, шүүх хурал явагдаж байгааг манай банк мэдээгүй тул гуравдагч этгээдээр оролцоогүй. Ч.Ч зээлийн гэрээний оролцогч биш тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрх банканд байхгүй. Иймд Ч.Ч даатгалын нөхөн олговрын мөнгийг авсан нь М.Я-г зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Банк Н.Г-той 2013.05.21-ний өдөр 248 дугаартай зээлийн гэрээг байгуулж, хамтран зээлдэгчээр М.Я гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ юм. Зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43, 189 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх, үүрэгтэй атал шүүхээс хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тайлбарлан Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгчээс нийт 17,205,373.85 төгрөгийг шаардсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-н хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.07.08-ны өдрийн 001/ШХТ2025/00733 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч М.Я-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,205,373 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...Н.Г, М.Я нартай 2013.05.21-ний өдөр 248 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Уг гэрээний үүрэгт Н.Г-н өмчлөлийн ********1 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Н.Г 2015.01.02-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан тул хамтран зээлдэгч М.Я-с нэхэмжилж байна.” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Тухайн зээлийг би хувьдаа ашиглаагүй, Н.Г өөрийн бизнестээ зарцуулсан, би төлбөрийн чадваргүй болсон тул зээлийн үүргийг хариуцахгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ёстой.” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ; “... Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч М.Я хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, үндсэн зээлдэгч Н.Г нас барсан тул хамтран зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах нь хуульд заасан үндэслэл бүхий байна. ... даатгалын нөхөн төлбөрийг Ч.Ч шүүхийн шийдвэрээр өөртөө авсан бөгөөд шийдвэрийг хэрэгт хавсаргасан, нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө зэрэг нь ээж, дүү нарынх нь эзэмшилд байгаа гэж хариуцагч маргасан боловч хариуцагчийн тайлбарыг үндэслэн зээлийн үүргээс чөлөөлөх нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: ...Өмнө нь анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр М.Я-н зээлийн гэрээний үүргийг хүлээх хэмжээг тогтоосон байхад бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцэхгүй, ... Н.Г-н ээж Ч.Ч зээлийн гэрээний үүргийг даатгалын гэрээний дагуу шаардаж авсан атлаа нэхэмжлэгч байгууллагад төлөөгүй байхад нэхэмжлэгч М.Я-с зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т нийцэхгүй, ... М.Я гэрээний үүргийг өөрт ногдох хэмжээгээр хариуцна, ... Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.9-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн хөрөнгө гаргуулах тухай шаардлагыг ногдох хэсгээр хуваан шаардаж болох тул Ч.Ч нь өвтэй тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээнэ ...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийн талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг ялгаатай хэрэглэж, өөр өөр шийдвэр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
12.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
“Т” ХХК 2013.05.21-ний өдөр Н.Г, М.Я нартай 248 дугаартай зээлийн гэрээ байгуулж, мөн өдрөө зээлийн гэрээний үүрэгт Н.Г-н өмчлөлийн ********1 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан, зээлдэгч Н.Г 2015.01.02-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.27-ны өдрийн 181/ШШ2016/01095 дугаартай шийдвэрээр “С” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт нас барагч Н.Г-н ээж Ч.Ч-д 3,382,975.10 төгрөг олгож шийдвэрлэсэн.
Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан талаар болон зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэлд маргаагүй, харин зээлдэгч Н.Г нас барснаар хамтран зээлдэгч М.Я зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
13.Хоёр шатны шүүх зохигчийн хооронд 2013.05.21-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
14.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна. Тодруулбал, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасны дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
Зээлийн гэрээний удиртгал хэсэгт Н.Г, М.Я нарыг гэрээний оролцогчоор тодорхойлж, хариуцагч М.Я уг гэрээнд гарын үсэг зурсан, зээлийг “өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээл” зориулалтаар авсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн хөрөнгөөр зориулалтын дагуу өрхийн үйлдвэрлэл эрхэлж байсан талаар хариуцагч тайлбар гаргасан байна. /хх 77/
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нар нэг ашиг сонирхолтой, хэн аль нь зээлдүүлэгч буюу “Т” ХК-ийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч “Т” ХК нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч М.Я-г хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ. Нэгэнт хариуцагч хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн гэрээний холбогдох заалт болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу үндсэн зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй.
15.Гэтэл давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа даатгалын гэрээний маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт тогтоогдсон үйл баримт гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэнгүй.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцох тухай зохицуулалт нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзэх бөгөөд тухайн өмнөх хэрэгт оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрхтэй буюу уг зохицуулалт үйлчлэхгүй.
Ч.Ч-н нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэргийн нэхэмжлэгч “Т” ХК оролцоогүй тул даатгалын нөхөн төлбөрийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээнээс үүссэн маргаанд нотлогдсон үйл баримт гэж үзэхгүй.
16.Мөн давж заалдах шатны шүүх “…Н.Г-н ээж Ч.Ч зээлийн гэрээний үүргийг даатгалын гэрээний дагуу шаардаж авсан атлаа нэхэмжлэгч байгууллагад төлөөгүй ... М.Я гэрээний үүргийг өөрт ногдох хэмжээгээр хариуцна…” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт нийцээгүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг буруу хэрэглэсэн байна.
Учир нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй...бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.3-т “зээл, зээлийн хүүгийн төлбөрийг … төлөх”, 3.3.1-д “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил үүрэг хүлээх”-ээр харилцан тохиролцсон, үүний дагуу хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдсон. Хамтран зээлдэгч буюу хариуцагчийн хувьд энэ үүрэг нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуустал үргэлжилнэ.
17.Зээлийн гэрээний хугацаа 2016.05.21-ний өдөр дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа 2019.05.21-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандсан, шүүх 2019.11.19-ний өдөр хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан, О аймгийн *** газар М.Я нь 2019.08.27-ны өдөр улсын хилээр гарч эргэн орж ирсэн бүртгэл авагдаагүй талаар тодорхойлолт гаргасан зэргээр эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсэн ба зохигчид зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй буюу маргаагүй, энэ үндэслэлээр хариуцагч давж заалдах гомдол гаргаж байгаагүй байна.
18.Нэхэмжлэгч “Т” ХК-ийн Н.Г, М.Я нартай байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй.
Барьцааны шаардлага нь хоёрдогч үүргийн шинжтэй тул үндсэн үүргийн шаардах эрх үүссэн, хэрэгжих боломжтой эсэх маргааныг шийдвэрлэхэд барьцаагаар үүрэг хангагдах эсэх нөхцөл байдал нөлөөлөхгүй. Үндсэн шаардлага байсан ч хожим барьцааны үүргээр шаардлага хэрэгжүүлэх эрхийг хөндөхгүй.
19.Түүнчлэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс бий болох эрсдэлийг хаах зорилгоор байгуулсан даатгалын гэрээний дагуу төлсөн нөхөн төлбөрийг зээлдүүлэгчид шилжүүлээгүй нь зээлдэгч М.Я-н эрх ашигт нөлөөлсөн гэж үзвэл эрхээ сэргээлгэхээр холбогдох этгээдэд хандахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
20.Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарласан, зөрчилтэй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00760 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Т” ХК нь 2025.06.10-ны өдөр 152,593 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД