Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2331000000141 дугаартай, 175/2024/00137/Э  индекстэй хэргийг 2024 оны 06  дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ******* сум 8 дугаар баг * **** тоотод оршин суух хаягтай, ******* ургийн овогт ******* ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сум 8 дугаар баг Мал эмнэлгийн 12-1218 тоотод байрлах гэртээ хадам аав Л.******* маргалдаж улмаар түүнийг түлхэж унагасны улмаас түүний биед зүүн гарын атгаалын хүзүү дайрсан хугарал уг хугарлын эдгэрэлтээс цээжний зүүн талын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сум 8 дугаар баг Мал эмнэлгийн 12-1218 тоотод байрлах гэртээ хадам аав Л.******* маргалдаж улмаар түүнийг түлхэж унагасны улмаас түүний биед зүүн гарын атгаалын хүзүү дайрсан хугарал уг хугарлын эдгэрэлтээс цээжний зүүн талын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын өгсөн: “...Яллах дүгнэлт дээр уншсан үнэн. Хадмын мэдүүлэгт гажуу мэдүүлэг байна. Уг нь нэг их муудалцаагүй, би түлхэж гэмтээсэн нь үнэн. Би хадамдаа их сайн. Би эхнэртэйгээ суугаад 6 жил болж байгаа. Гэнэтхэн уурын мунхгаас тийм зүйл болсон. Гаднаас өглөө эрт хаалга өшиглөөд ороод ирсэн. Тэгээд шууд 2 хүүхдийн орон дээр гараад ирсэн. Та битгий давраад бай хүүхдийн юм гишгэлээ гээд хэлсэн. Хадам аав бид 2 бие биедээ их сайн, бие биеэ үнсдэг, охиноос нь хүртэл өмөөрдөг. Надад их хэцүү байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Хохирогч Л.Цэдэнсодномын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай охиных хашаандаа байшин гэртээ өөрсдөө гэртээ байдаг тэгээд байшин нь чийгтэй хүйтэн. Тэгээд би гэрт нь цуг байя гэхээр 2 хүүхдийнх нь дуу чимээнд байхад хүндрэлтэй байхаар нь ганцаараа амар байя гэж боддог юм. Өчигдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байшин маш хүйтэн байсан болохоор би даарад охиныхоо гэрт орсон тэгэхэд хүргэн болох ******* нь зайран болоход баны шүтээн буулгах гэж байна та гар бөмбөр хиц нүдэх болохоор энд байх дэмий арц хүчний зэрэг зөндөө зүйлс байгаа гэхээр нь би буцаад байшиндаа орох Охиноороо нэг гал түлүүлсэн юм. Тэгээд надад тень өгсөн даарвал асаагаарай гээд тэгээд үүрээр гэр хүйтэн би даараад тенийг залгатал ажиллаагүй тэхээр нь би охиныхоо гарт Ороход манай охин босчихсон ясан даараа юу гэж асуухаар нь даарлаа гэж хэлэхэд хүргэн болох ******* нь тенээ асаахгүй яасан юм гэхээр нь би тень ажиллахгүй байна гэхэд ялихгүй юм байгаа биз нэг юмаа тасдсан биз бас өөр нэг зүйл яриад чи хутгаар тасдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тастаагүй гэхэд чамаас өөр хэн таслахын гэж хэлсэн танай охин намайг над руу загнах маягтай хэлсэн. Тэгтэл хүргэн ******* нь намайг түлхсэн. Би гэрийнх үүдэнд зогсож байсан намайг түлхэж унагахад би хаалгаар гадагш цемент нь дээр унасан. Тэгээд нэг мэдэхэд миний цамцны цээж хэсгээс заамдсан байдалтай намайг чирч байсан тэгэхэд манай охин "Чи яаж байгаа юм хөгшин эцгийг нь минь гэж хэлээд болиулсан. Би түлхэж унаснаас хойших үйл явдлын сайн санахгүй байгаа юу болоод байгаа нь мэдэгдэхгүй өнгөрөөд дуусчихсан. Охин минь бид хоёрыг салгахаар нь би хашаанаас гараад зам дагуу явж байтал нэг машин зогсоод би Цагдаа дээр хүргүүлж ирсэн юм. Цагдаагийн ажилтан намайг аваад шууд эмнэлэгт хүргэж ирсэн тэгээд үзүүлэхэд миний зүүн гар мөр хэсгээрээ хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би танай байгууллагад албан бичгээр хүргүүлсэн 3,121,492 төгрөгийг нэхэмжилж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас

Ч.*******ын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн: “...Манайх хашаандаа нэг гэр нэг байшинтай, тэгээд манай гэр бүл байшиндаа хоносон манай хадам Цэдэнсодном болохоор гэрт хоносон. Тэгээд өглөө 08 цаг 30 минутын үед хадам аав байшинд орж ирсэн. Тэгээд би аав сайхан амарсан уу? гэж асуухад өөдөөс аа яах уу гээд сонин хэлсэн тэгээд манай аав тог тасраад даарч хонолоо гэж хэлэхээр нь манай эхнэр тень залгаж өгсөн шүүдээ залгуур хөндийрсөн байх гэхэд үгүй хөндийрөөгүй гэж хэлсэн тэгэхээр хөндийрсөн гэж хэлэхэд өмхийгөө зуугаад залгуур нь хөндийрөөгүй гээд ууртай ч юм шиг сонин хэлсэн тэгээд хадам аавыг би хүүхдийн орон дээр гадны гуталтайгаа гишгэж байна хараад очоод түлхсэн юм. Тэгэхэд аав цааш газарт унасан юм. Газарт унахаар нь би өргөөд гэрийн хоймор луу чирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Ц. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Манайх хашаандаа нэг байшин нэг гэртээ юм мөн манай нөхөр бөө хүн юм. Тэгээд өчигдөр цагаан талын сахиусыг авах гээд ойр зуурын юм бэлдсэн юм тэгээд арц, ганганы утаа, тамхины утаа, хиц нүдэх гэх мэт зүйлс байгаа учир аавыг гэрт ороод хоночих гэж хэлсэн юм тэгээд аав үгүй гээд уурлахаар нь тайвшруулж байгаад оруулсан юм. Тэгээд өнөө өглөө буюу 2024 оны 04 дүгээр сарны 23-ны өглөө 09 цагийн үед гэрт орж ирээд тэр тень чинь ажиллахгүй хонолоо гээд ууртай орж ирсэн тэгэхэд манай нөхөр урдаас нь залгуур нь хөндийрсөн байх гэхэд хөндийрөөгүй гэж хэлсэн тэгээд дахиад манай нөхөр залгуур нь хөндийрсөн тог энд байна гэхэд хөндийрөөгүй пизда минь гэж хэлсэн аав, нөхрийг 2-3 удаа пизда гэж ёс бус хэллэгээр хэлсэн юм тэгээд нөхөр пизда гэж хэлэхийг нь 2-3 удаа сонсож байгаад очоод түлхчихсэн юм. Аав үүдний довжоо хэсэгт зогсож байсан тэгээд үүдээр түлхээд унагасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаартай:

1. Л.Цэдэнсодномын биед зүүн гарын аттаалын хүзүү дайрсан хугарал уг хугарлын эдгэрэлтээс үүдэлтэй цээжний зүүн талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

6. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна:

7. Дээрх гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 31-33 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 34-35 дугаар хуудас/

Ч.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 47-48 дугаар хуудас/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/

Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/

Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 53-55 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сум 8 дугаар баг Мал эмнэлгийн 12-1218 тоотод байрлах гэртээ хадам аав Л.******* маргалдаж улмаар түүнийг түлхэж унагасны улмаас түүний биед зүүн гарын атгаалын хүзүү дайрсан хугарал уг хугарлын эдгэрэлтээс цээжний зүүн талын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Ч.*******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Цэдэнсодномын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчоос хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Л.Цэдэнсодном нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 1 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 3.121.492 /гурван сая нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийн хохирол хор уршиг учруулсан байх тул шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 1 /нэг/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ******* сумаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Цэдэнсодном нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Ч.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.  

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ч.*******аас 3.121.492 /гурван сая нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

9. Шүүгдэгч Ч.******* нь энэ гэмт хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ