| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 135/2024/00947/И |
| Дугаар | 001/ХТ2025/00139 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2025/00139
Б.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2025/00173 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 209/МА2025/00028 дугаар магадлалтай,
“С” ХХК-д холбогдох
Орон сууцыг барьж дуусган өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд Ц.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б хариуцагч “С” ХХК-д холбогдуулан орон сууцыг барьж дуусган, өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2025/00173 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-д 2022.12.06-ны өдрийн О**** дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу ******** тоот **3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж дуусган нэхэмжлэгч Б.Б-н өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 999,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 999,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 209/МА2025/00028 дугаар магадлалаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2025/00173 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...343 дугаар зүйлийн 343.1-д” гэснийг “...274 дүгээр зүйлийн 274.1-д” гэж, “...нэхэмжлэгч Б.Б-н өмчлөлд орон сууцыг шилжүүлэхийг даалгасугай.” гэснийг “...нэхэмжлэгч Б.Б-н өмчлөлд орон сууцыг шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 999,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “С” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 999,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулахдаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйллийн 254.1, 254.6-д заасныг дурдаж, тайлбарласан. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээн авахдаа түүний доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заасан. Б.Б 2022.12.06-ны өдөр хариуцагчтай О**** дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулан орон сууцыг авахаар тохирч, төлбөрт нь хүлэмж, газраар бартер хийн “С” ХХК-ийн захирал О.Б-н өмчлөлд өгсөн баримт хэрэгт бий. Тухайн бартерийн зүйлийг ашиглах боломжгүй, гүйцэтгэх хангалтгүй гэж үзсэн бол хуулийн хугацаанд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэслэл болох баримтаа хариуцагч гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэлтэй.
4.1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжих үед улсын бүртгэлд бүртгүүлснээр шинэ өмчлөгчид өмчлөх эрх шилжихээр заасан бөгөөд О.Б 2023.03.01-ний өдөр Н.Б-тай арилжааны гэрээ байгуулан газар, хүлэмжийг арилжсан баримт хэрэгт авагдсан. Орон сууц захиалгын гэрээгээр төлбөрийг бартераар хийхээр тохирсон тул гэрээ байгуулагдсан. Н.Б-н хариуцагчтай байгуулсан гэрээ нь маргааны зүйл болох О**** дугаартай гэрээтэй хамааралгүй, тусдаа хэлцэл юм. Хариуцагч компани гуравдагч этгээд Ц.Б-тай гэрээ байгуулсан, түүний ашиг сонирхлыг хуулиар хамгаалах ёстой гэж үзэж, миний эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-н хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.06.27-ны өдрийн 001/ШХТ2025/00660 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ******** тоот **3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж дуусган, өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...хариуцагч компанитай 2022.12.06-ны өдрийн О**** дугаартай орон сууц захиалгын гэрээгээр 168,095,500 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг бариулахаар тохирч, гэрээг нотариатаар баталгаажуулан, төлбөрийг бартераар төлж барагдуулсан, 2024.02.22-ны өдөр уг гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдсэнийг би зөвшөөрөхгүй, захиалагч гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ цуцлах хүсэлт гаргаагүй бөгөөд хариуцагч хугацаандаа үүргээ биелүүлээгүй...” гэж тайлбарласан.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Б.Б гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлээгүй. Н.Б-н зүгээс Б.Б-н өмчлөлийн газар, хүлэмжийг худалдаж авах гэж байгаа тул танай төслөөс 1 байр авч Б.Б-н төлбөрт төлнө, тухайн авсан хүлэмж, газар дээрээ төсөл хэрэгжүүлж зээл аваад танай байрны үнийг төлнө гэдэг санал тавьсан тул гэрээ байгуулсан, хариуцагчид хүлэмж, газар авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Гэтэл Н.Б нь хүлэмж, газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үндэслэлээр манай төлбөрийг төлөөгүйн улмаас компани гэрээ цуцлахаар мэдэгдсэн...” гэж маргасныг бие даасан гуравдагч этгээд Ц.Б дэмжиж, “... зарын дагуу “С” ХХК дээр очиж төлбөр тооцоог хийж захиалгын гэрээг байгуулсан тул захиалгын байраа авах хүсэлтэй байна...” гэж тайлбарласан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ; “...Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч ажлын үр дүнг шаардах эрхтэй. ...Хариуцагчийн зүгээс хүлэмж, газар ашиглах боломжгүй, доголдолтой байсан гэж маргасан ч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, нотлох баримтаа цуглуулан өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагч “С” ХХК Н.Б-н хүсэл зоригийн өмнөөс хүлэмж, газрыг авахаар түүний өмнөөс хариуцлага хүлээн нэхэмжлэгчтэй орон сууц захиалгын гэрээг байгуулж, төлбөрт орон сууцыг барьж дуусган өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр нэхэмжлэгчтэй тохирсон, 2022.12.06-ны өдрийн О**** дугаартай гэрээ хүчин төгөлдөр, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байх тул гуравдагч этгээд Ц.Б-тай байгуулсан гэрээ анхны гэрээний хүчин төгөлдөр байдлыг алдагдуулахгүй...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: ... талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан, анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...хариуцагч орон сууцны үнийг бэлэн мөнгөөр төлүүлэх сонирхолтой байсан ч Н.Б-н хүлэмж, газрыг барьцаанд тавьж зээл авах хүсэл зориг биелээгүйн улмаас хариуцагч мөнгөө авах боломжгүй байдал үүссэн, улмаар Б.Б-тай байгуулсан гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах талаар түүнд мэдэгдэж, нэг талын санаачилгаар гэрээ цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. ...Н.Б орон сууцны үнийг төлж хүлэмж, газрыг авах хүсэл зоригтой байсныг Б.Б анхнаасаа мэдэж байсан, Н.Б-н хүсэл зориг биелээгүйн улмаас хариуцагч захиалгын гэх гэрээг цуцалсан тул нэхэмжлэгч 2022.12.06-ны өдрийн О**** дугаартай гэрээний биелэлтийг шаардах эрхгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, ялгаатай шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
12.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч “С” ХХК-ийн хооронд 2022.12.06-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б.Б нь ******** тоот **3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулах, орон сууцны 1 м.кв талбайн захиалгын үнэ 2,350,000 төгрөг, нийт 168,095,500 төгрөгийн төлбөрт тооцуулан гэрээ байгуулсан өдөр буюу 2022.12.06-ны өдөр *******0 тоотод байршилтай **4 м.кв талбайтай хүлэмж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шилжүүлэн өгч төлбөрийг бүрэн дуусгах, гүйцэтгэгч компани нь орон сууцыг 2023 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон.
Дээрх гэрээний дагуу “С” ХХК-д шилжих хүлэмж, газрыг нэхэмжлэгч нь тус компанийн захирал О.Б-н нэр дээр шилжүүлсэн бөгөөд хожим хүлэмж, газрыг 2023.03.01-ний өдрийн Х**** дугаартай гэрээгээр О.Б-с Н.Б-д шилжүүлж, уг газар болон хүлэмжийн өмчлөгчөөр Н.Б бүртгэгдсэн, харин орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцыг Б.Б-д шилжүүлэх үүргээ “С” ХХК биелүүлээгүй, баригдаж дуусаагүй 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгын үл хөдлөх эд хөрөнгө тус компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон.
13.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.
Талуудыг гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууцны барилга бий болоогүй байсан, тус орон сууцыг хариуцагч тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
14.Давж заалдах шатны шүүх талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хэргийн үйл баримтад нийцээгүй байна. Талууд ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл буюу ажлын хөлсийг дээрх байдлаар хэлэлцэн тохиролцсон бөгөөд гэрээний зүйл болох ажлын үр дүн орон сууцны хөлс төлөх хэлбэрийг мөнгөөр тохиролцоогүй тохиолдолд арилжааны гэрээнд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй болно.
15.Хариуцагч “С” ХХК нэхэмжлэгч Б.Б-н ажлын хөлсөнд шилжүүлсэн хүлэмж, газрыг өмчлөлдөө буюу захирал О.Б-н нэр дээр шилжүүлэн авсан 2022.12.06-ны өдрөөс хойш эрхийн болон биет байдлын доголдлын талаар ямар нэгэн шаардлага гаргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна уг хүлэмж, газрын өмчлөх эрхийг 2023.03.01-ний өдрийн гэрээний үндсэн дээр гэрч Н.Б-д шилжүүлсэн.
16.Хариуцагч “С” ХХК-ийн захирал О.Б-н гэрч Н.Б-тай байгуулсан 2023.03.01-ний өдрийн гэрээний дагуу хүлэмж, газрын өмчлөх эрхийг шилжүүлсний хариу төлбөрт 100,000,000 төгрөг, 68,095,500 төгрөгийн палк тус тус шилжүүлэх үүргээ Н.Б биелүүлээгүй явдал нь нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээний үүрэгт хамааралтай болох талаар талууд тухайлан тохиролцоогүй тохиолдолд Орон сууц захиалгын гэрээний үүрэг биелэгдээгүй гэж үзэх, улмаар энэ үндэслэлээр 2024.02.22-ны өдрийн 1/06 тоот албан бичгээр “Гэрээг цуцлах тухай” мэдэгдлийг захиалагч Б.Б-д хүргүүлсэн нь үндэслэлгүй.
17.Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр учраас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор харилцан биелүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөрт тооцон өгөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь орон сууцыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй. Хариуцагч нь Н.Б-тай байгуулсан тусдаа бие даасан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой Б.Б-тай байгуулсан гэрээнээс татгалзах нь хуульд нийцэхгүй юм.
18.Давж заалдах шатны шүүх “...Н.Б нь орон сууцны үнийг төлөх боломжгүй болсны улмаас хариуцагч нь захиалгын гэрээг цуцалсан, нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй...” гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцээгүй, хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байдалд хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгов.
19.Хариуцагч “С” ХХК нь Б.Б-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хууль болон гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу цуцалж дуусгавар болгоогүй атлаа гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлээгүй байхдаа буюу 2024.01.26-ны өдөр гуравдагч этгээд Ц.Б-тай дахин гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, гэрээний 8.1-д нийцээгүй байна. Хэдийгээр “С” ХХК гуравдагч этгээд Ц.Б-тай гэрээ байгуулсан боловч энэ нь хэрэгжээгүй байна.
20.Нэхэмжлэгч Б.Б болон гуравдагч этгээд Ц.Б нарын алиных нь ч өмчлөлд орон сууц шилжээгүй тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан өмчлөх эрх шударгаар үүсэх тухай ойлголт яригдах боломжгүй. Энэ тохиолдолд Ц.Б-н өмчлөх эрх хамгаалагдах тухай харилцаа үүсэхгүй. Харин нэг орон сууцыг хоёр этгээдэд зэрэг шилжүүлэх гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, шударгаар үүссэн өмчлөх эрхийн тухай бус бодит эзэмшил хэнд түрүүлж үүссэн тухай зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй.
21.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байхаас гадна тухайн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 209/МА2025/00028 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2025/00173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь 2025.05.29-ний өдөр 999,900 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН