Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2020/0548

 

2020 оны 8 сарын 31 өдөр                            Дугаар                            Улаанбаатар хот

              128/ШШ2020/0548

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Д” ХХК

Хариуцагч: Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч О.С

Гомдлын шаардлага: “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч О.Сын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , О.Т, хариуцагч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Д” ХХК-ийн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан гомдолдоо: “Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч О.С нь 2020 оны 06 сарын 15 ны өдөр №******* тоот Шийтгэлийн хуудсын дагуу “Д” ХХК-ийг Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу Тээвэрлэлтийг Иргэний хууль болон Авто тээврийн тухай хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.6.12-т заасны дагуу тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлсэн гэсэн үндэслэлээр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан.

Зөрчлийн тухай хуулийн 14.6.12-т заасан нийтийн тээврийн үйлчилгээ гэдгийг Авто тээврийн тухай хуулийн 3.1.11 -т тодорхойлсон байх бөгөөд, тус заалтад заасны дагуу нийтийн тээвэр гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээг хэлнэ гэж зохицуулсан байна. Тодруулбал Авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Сыг Зөрчлийн тухай хуулийн 14.6.12-т заасны дагуу ногдуулсан шийтгэл нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд хамаарах зохицуулалт юм. Гэвч “Д” ХХК-ийн хувьд зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаггүй бөгөөд шуудангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Тодруулбал манай компани нь Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос олгосон Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба тус тусгай зөвшөөрлийн дагуу шуудангийн захиалгат үйлчилгээг явуулдаг болно. Мөн манай компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2022 оны 05 сарын 14-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Гэвч, Авто тээврийн хяналтын улсын байцаагч О.С нь манай компанийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаггүй байхад, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулсан гэсэн үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан иь илт үндэслэлгүй байх бөгеөд манай компанийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг илт зөрчиж байна.

Манай компани нь Авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Сын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар, 2020 оны 06 сарын 19 ны өдөр тухайн албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Ст гомдол гаргасан.

Иймд, Авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Сын Зөрчлийн тухай хуулийн 14.6.12-т заасны дагуу ногдуулсан торгуулийн шийтгэл нь үндэслэлгүй байх тул шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү”

Хариуцагч Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч О.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Б” ХХК/РД:__, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 зам, Гранд плаза цогцолбор ******* тоот, утас: __/, “У” ХХК/РД:__, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Лааганы гудамж засгийн газрын авто бааз, УХХК-ийн байр, 104 тоот, утас: __/-аас 2020 оны 04 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Д” ХХК нь “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага”  5122 : 2013 улсын стандарт, хууль, дүрэм, журмуудыг ноцтой зөрчиж, бүртгэлгүй, баруун талдаа жолооны хүрдтэй приус автомашинтай жолооч нартай хамтран ажиллаж байна. Иймд А MONGOLIA аппликейшны зөрчлийн мэдээллийг шалган зохих журмын дагуу арга хэмжээ авч, цаашид дээрх зөрчлүүдийг гаргуулахгүй байх тал дээр хяналт тавьж өгнө үү.” гэх зөрчлийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан.

Мөн шалгалтын явцад дээрх гомдол, мэдээлэл нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас харьяаллын дагуу шилжин ирсэн.

Автотээврийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.1,-д Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ гэж заасан.

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д ”нийтийн тээвэр” гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээг ойлгоно гэж заасан байдаг.

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага 5012:2011 улсын стандартын: 4.1.1-д нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ-нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр тав тухтай соёлтой, шуурхай үйлчлүүлэх эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа8 4.1.2-д нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл-зорчигч, тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автобус, такси, цахилгаан тээврийн хэрэгсэл гэж тодорхойлсон байна.

Зорчигч тээвэрлэх дүрмийн 9.5-д Нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж яваа зорчигчийн тээш нь тухайн тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт тээвэрлэж болох зөвшөөрөгдөх хэмжээнээс овор хэмжээ, жингийн хувьд их бол тусгайлсан тээш тээвэрлэх автомашинаар тээвэрлэн хүргэнэ гэж заасан байна.

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4,-д "тээвэрлэлт" гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг ойлгоно гэж8 Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2,-д “зорчигч” гэж автотээврийн хэрэгслээр зорчихдоо энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих пайз, тасалбар авсан зорчигчийг гэж8 Такси үйлчилгээ. Ерөнхий шаардлага МNS 5122 : 2013 улсын стандартын 4.1.3-д “зорчигч” гэж таксигаар зорчиж буй зорчигч гэж тодорхойлсон байна.

Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д “шуудангийн илгээмж” гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг ойлгоно гэж тодорхойлсноос биш зорчигч буюу хүн гэж тодорхойлоогүй байна.

Д ХХК нь  Тээвэрлэлтийн гэрээгүй: Холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдсон8 Зорчигч /хүн/ тээвэрлэдэг болох нь Г.Н, Б.Ч, жолооч Б.Б нараас авсан мэдүүлгээр тогтоогдож байна. Зөрчлийн хэрэгт хавсаргасан Са11@00976*******(00976*******)_20200615112046 дугаартай бичлэгт 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 20 минутад Б.Ч/ *******/ нь “А МОМСОЫА @АМопдоНа1)В-Такси үйлчилгээ” гэсэн фэйсбүүк хуудас дээрх ******* дугаарын утсанд холбогдогч утсаар ярьсныг сийрүүлбэл:

Б.Ч: Байна уу. Сайн байна уу? А таксины утас мөн үү?

А: Тийм /Мөн/.байна.

Б.Ч: Такси дуудлага өгвөл яаж өгдөг билээ?

А: Аппликейшнаар дууддаг байгаа.

Б.Ч: Аан апп-ээр дуудах уу?

А: Тэгнэ ээ.

Б.Ч: Таксины тарифаар явна биздээ? Такси

А: Тэгнэ ээ. Дуудлагын 1000 төгрөг, 1 км нь 1000 төгрөгөөр явж байгаа.

Б.Ч: Аппликейшнаар ороход хүргэлт гээд байгаад байна лээ хүн хүргэнэ биздээ ?

А: Тэгнэ тэгнэ гэсэн яриа бичигдсэн ба ямар нэгэн шуудан илгээмжийн талаар дурдагдаагүй такси үйлчилгээний тапаар ярьсан байна.

Мөн олон нийтийн сүлжээ “А МОНГОЛИА@АМоngoliаВТакси үйлчилгээ” гэсэн фэйсбүүк хуудас дээрх-“Бүртгэлтэй жолоочтой А-гаар үйлчлүүлж эргэн холбогдож, үлдээсэн зүйлээ Ах боломжтой”;

-“Энэхүү апп-г ашигласнаар баруун жолооны хүрдтэй жолооч та ч гэсэн дуудлагын үйлчилгээг үзүүлэх боломжтой”;

-“1 км -800 төг”;

-“Харихдаа А-г дуудаад хариарай”;

-“А-г дуудаж өөрийгөө хүргүүлээрэй”

-"Амссан бол А-г дууд"

-“Такси бүртгэл хийгдэж байна" гэх мэт зар сурталчилгаа бүхий зураг, дүрс бичлэг нийтлэгдсэн байдаг.

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай тээвэрлэлтийн гэрээ байгуулалгүйгээр такси үйлчилгээний стандартад заасан хэв шинж бүхий зорчигч болон тээш, гар тээш тээвэрлэхэд зориулагдсан, төлбөртэй(1 км нь 1000 төгрөг) явсан замын урт болон үйлчилгээний үнийг тооцох зориулалтын төхөөрөмж(А taxi MONGOLIA аппликейшн)-өөр тоноглогдсон, тусгай таних тэмдэг(симфор)-тэй болон тусгай таних тэмдэггүй суудлын (600-700ш суудлын автомашин бүртгэсэн) автомашинуудаар хүргэлтийн үйлчилгээ хийх нэрийн доор А 1ах\ МопдоПа аппликейшн ашиглан иргэдээс дуудлага хүлээн авч зорчигч /хүн/ тээвэрлэсэн, үйлчилгээ тус бүрээс 10%-ийн шимтгэл авдаг(ашиг орлого олдог) нь тогтоогдсон учраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шийтгэлийг ногдуулсан.

Нийслэлийн автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгэлгүй, Такси үйлчилгээ. Ерөнхий шаардпага ММЗ 5122 : 2013 улсын стандартын шаардлагыг хангахгүй тээврийн хэрэгсэл болон жолооч нараар зорчигч/хүн/-д үйлчлэх нь иргэдийн аюулгүй зорчих нөхцөл алдагдах /гэмт хэрэгт өртөх/ эрсдэлтэй юм.

Иймд “Д” ХХК-ийн тээвэрлэлтийн гэрээгүйгээр нийтийн тээвэрт хамаарах такси үйлчилгээг эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар /мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр/ торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, гомдол гаргагч болон хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр гомдол гаргагч “Д” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч О.С 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч байгууллагыг “...гэрээгүй такси үйлчилгээ эрхэлсэн” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагч нь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...Зөрчлийн тухай хуулийн 14.6-ын 12-т заасны дагуу ногдуулсан шийтгэл нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд хамаарах зохицуулалт, манай компани зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаггүй, харин шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...тээвэрлэлтийн гэрээгүйгээр нийтийн тээвэрт хамаарах такси үйлчилгээг эрхэлсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон, шийтгэлийн хуудас үндэслэлтэй...” гэж маргаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол...хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “зорчигч” гэж автотээврийн хэрэгслээр зорчихдоо энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих пайз, тасалбар авсан зорчигчийг; 3.1.4-д  “тээвэрлэлт” гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг; 3.1.11-д ”нийтийн тээвэр” гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээг”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага 5012:2011 улсын стандартын 4.1.1-д “нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ” гэж “нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр тав тухтай соёлтой, шуурхай үйлчлүүлэх эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа”-г, 4.1.2-д “нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл” гэдэгт зорчигч, тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автобус, такси...” гэж тодорхойлсон байна.

Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагч нь Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, харин Харилцаа холбооны зохицуулах хорооноос “харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх буюу  шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 2022 оны 5 дугаар сарын 14-нийг дуустал хугацаагаар авсан атлаа “А такси монголия” аппликейшн ашиглан иргэдээс дуудлага хүлээн авч /хүн/ тээвэрлэсэн зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь хариуцагч, Авто тээврийн хяналтын улсын байцаагч О.С зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд гомдол гаргагч “Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, манай байгууллага нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ явуулаагүй /такси нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд хамаарахгүй/ тул Зөрчлийн тухай хуулийн 14.6-ын 12 дахь хэсэгт заасан, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд хэрэглэгдэх заалтыг баримтлан шийтгэл ногдуулсан нь хууль бус” гэж тайлбарлаж байгааг хүлээн Ах боломжгүй.

Тухайлбал, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Автотээврийн тухай хуулийн дээрхи заалтууд болон Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага 5012:2011 улсын стандартын 4.1.1 болон 4.1.2 дахь заалтаас үзвэл нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд таксины үйлчилгээ хамаарахаар байх ба энэ үйлчилгээг аливаа иргэн, хуулийн этгээд нь тодорхой шаардлага хангасан тээврийн хэрэгслээр, тээвэрлэлтийн гэрээний үндсэн дээр зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэхээр заасан тул гомдол гаргагчийн үйлдлийг зөрчил гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Ийнхүү гомдол гаргагч уг зөрчлийг үйлдсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, “А такси монголия” аппликейшн ашиглан иргэдээс дуудлага хүлээн авсан талаархи баримт зэргээр хангалттай тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн” гэж үзэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Д” ХХК-иас гаргасан, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Сын, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН