Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00596 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт оршин суух, Эмч овогт Ядмаагийн Ганболдын нэхэмжлэлтэй,  Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

                                  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв нь Я.Ганболдод холбогдуулан 4,391,439 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, Я.Ганболд, Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Ховд аймгийн Дуут сумын эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 04 дүгээр сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх гаргасан нэхэмжлэлийн гол шаардлага нь 2018 оны 01, 02, 03 дугаар сарын цалин 1,520,000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2,364,621 төгрөг нэхэмжилж байгаа. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Я.Ганболд, Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв, Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах гэрээг байгуулсан байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн газрын гурвалсан гэрээг үндэслэл болгож эмч Я.Ганболдыг Мэдрэлийн өвчин судлал их эмч мэргэжлээр хоёр жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцуулахаар эрүүл мэндийн төвөөс эхний 3 сарын цалинг 100 хувь олгох, цаашид цалинг 60 хувь олгохоор харилцан тохиролцож гурвалсан гэрээ байгуулсан. Гурвалсан гэрээний 3.4.2-д зааснаар суралцагчийн 3 сар буюу 90 хүртэлх хоногийн албан тушаалын цалинг байгууллагын дотоод журам, бусад эрх зүйн баримт бичигт нийцүүлэн олгоно. Цаашид гэрээний дагуу цалинг 60 хувь олгоно. Мөн гэрээний 3.4.6-д зааснаар суралцах боломжоор хангаж, захиалагч эрүүл мэндийн байгууллагаас шалтгаалан сургалтыг тасалдуулахгүй байх гэж заасны дагуу захиалагч байгууллага нь энэ үүргээ биелүүлээгүй 7 сар гаруй болсон учраас энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Энэхүү гэрээний хүчинтэй хугацаа суралцагч суралцаж эхэлсэн хугацаанаас сургалтыг дүүргэж захиалагч байгууллагадаа 5 жил ажиллах хүртэлх хугацаанд хүчинтэй байгаа. Энэ гэрээ долоон жил таван сар хүртэлх хуагцаанд хүчинтэй гэж үзэх боломжтой. Я.Ганболд анх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 01,02,03 дугаар сарын цалингийн 60 хувь гэж гаргасан боловч үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байсан тул Я.Ганболдын хувьд 2018 оны 07 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дуут сумын эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээнд заасан 60 хувийн цалингаа авч чадаагүй учраас өөрийнхөн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзсэн учраас нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. Хариуцагч талаас хавтаст хэрэгт гаргаж өгсөн Я.Ганболдын 2016, 2017 оны цалингийн цэснээс харахад нэхэмжлэгчийн үндсэн цалин 563,005 төгрөг бөгөөд үүнээс нэг сарын цалингийн 60 хувь 337,803 төгрөг болж байна. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны цалингийн 60 хувь болох 2,364,621 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж Я.Ганболдод олгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 дугаартай Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх журам-ыг баталсан байгаа. Энэ журмын 4.2.3-т Гурван сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын 90 хүртэлх хоногийн албан тушаалын цалинг үндсэн байгууллага олгоно. Энэ хугацаанд тэтгэлэг давхцуулан олгохгүй гэж заасан байгаа. Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс Я.Ганболдод 2016 оны 10,11,12 дугаар саруудын үндсэн цалинг бүрэн олгосон. 2018 оны 1-7 сарыг дуусталх хугацааны цалингийн 60 хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/535 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан 2018 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан төлөвлөгөөний 2.4-д төрийн зардлаар 3 сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажил олгогч нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан журамд заасан хугацаагаар цалин олгоно гэж заасан байгаа. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1А/4634 дугаартай албан бичгийн 2-т төрийн зардлаар төгсөлтийн дараах сургалтанд суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд цалин давхардуулж олгохгүй байх удирдамж чиглэлийг Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв хүлээсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна....Я.Ганболд нь Говь-Алтай аймгийн Анагаах ухааны сургуулийг төгсөж ирээд Ховд аймгийн Дуут сумын эрүүл мэндийн төвд эрхлэгч эмч хийж байсан. 2016 оны эхээр Ховд аймгийн Дуут сумын эрүүл мэндийн төвийн эмчлэгч их эмчээр ажиллаж байсан гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Я.Ганболдод 2016 оны 10, 11, 12 дугаар сарын үндсэн цалин олгосон үүнээс цааш цалинг олгох боломжгүй гэж Ховд аймгийн Дуут сумын эрүүл мэндийн төвийн дарга тайлбар гаргасан. Я.Ганболдоос 4,391,439 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/535 тушаалын хавсралтанд батлагдсан 2018 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан төлөвлөгөөний 2.4 дэх заалтын дагуу 3 сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажил олгогч нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 дугаартай Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх журам-ын 4.2.3-т Гурван сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын 90 хүртэлх хоногийн албан тушаалын цалинг үндсэн байгууллага олгоно гэж заасан байгаа. Төрийн зардлаар төгсөлтийн дараах сургалтанд суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд цалин давхардуулан олгохгүй гэсэн заалт байгаа. Журам, сайдын чиглэлийг зөрчсөн гэрээ байгуулагдсан. 2017 онд оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал 4,391,439 төгрөгийг Я.Ганболдод олгосон. Эрүүл мэндийн яамны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1А/4634 тоот алба бичиг, Эрүүл мэндийн яамны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4341 дугаартай албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/535 дугаартай тушаал, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 229 дугаартай төлөвлөгөө, Я.Ганболдын 2016, 2017 оны цалингийн цэс, Ховд аймгийн Засаг даргын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/511 дугаартай төсвийн талаар арга хэмжээ авах тухай, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 337 дугаартай тогтоол, албан бичгүүдийг зэргийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Гэрээ нь хууль дүрэм журам зөрчиж байгуулагдсан. Гэрээнээс өмнөх 3 сарын цалинг олгосон. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай Ховд аймгийн Дуут сумын эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Я.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Я.Ганболд, Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв, Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэж байгаа. Тухайн гэрээ нь хуулинд заавал нийцсэн байхыг шаарддаг. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч байгуулага ямар учраас гурвалсан гэрээг хүчингүй болгох гэж байгаагаа нотолсон баримт хавтаст хэрэгт байдаггүй. Хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэдгийг хариуцагч байгууллага нотолж чадахгүй байна. Мөн 2017 оны цалин болох 4,391,439 төгрөгийг нэхэмжилж байгаа. Төлөвлөгөө 2018 онд гарч ирсэн. 2017 онд олгогдсон цалинг төлөвлөгөө, албан бичгийг үндэслэж буцааж нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэж өгнө үү. Хуулийн ямар заалтыг үндэслээд хүчингүй болгох гэж байгаа нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэгч Я.Ганболд нь Анагаах ухааны их сургуульд суралцаж байгаа 2018 оны цалингийн 60 хувийг авах ёстой гэдэг нотлох баримтаа хавтаст хэрэгт өгсөн байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 154/ШШ2018/00596 дугаар шийдвэрээр:“Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д зааснаар Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс 2,364,621 /хоёр сая гурван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Ганболдод олгож, хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 1 дүгээр сараас 12 сарыг дуусталх хугацаанд олгогдсон цалин хөлс 4,391,439 төгрөгийг гаргуулах тухай, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Я.Ганболд, Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв, Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,270 /жаран дөрвөн мянга хоёр зуун дал/ төгрөгөөс 52,784 /тавин хоёр мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 11,486 /арван нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 52,784 /тавин хоёр мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Я.Ганболдод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв нь сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж нийт 155,414 /нэг зуун тавин таван мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч оролцож болно, мөн хуульд шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэх хуулийн дагуу хамтран хариуцагчтай гурвалсан гэрээний нөхцөлийг анхаарсангүй, нэхэмжлэгч Я.Ганболдын нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулах үүргээ шүүх нь биелүүлсэнгүй.

            Монгол Улсын эрүүл мэнд, слортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 97/56 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт 'Эмнэлэгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх журамын 4.2 3-т Гурван сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын 90 хүртэлх хоногийн албан тушаалын цалинг үндсэн байгууллага олгоно. Энэ хугацаанд тэтгэлэг давхардуулан олгохгүй гэж зохицуулсан байдаг.

            Гэтэл анхан шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Я.Ганболдод 2017 оны 10 сар, 11 сар, 12 саруудын үндсэн цалинг бүрэн олгож төрийн албан хаагчийн баталгаагаар хангасан бөгөөд дээрх тушаал, журамд давхардуулан цалин хөлсийг олгохгүй байх үндэслэл байхад шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Ганболдын нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч   Я.Ганболд нь хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан 2018 оны нэг, хоёр, гуравдугаар саруудын цалингийн 60 хувь болох 1.500.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын  31-ний өдрийг дуустал цалингийн 60 хувь болох 2,364,621 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв нь Я.Ганболдод холбогдуулан 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд олгосон цалин хөлс 4,391,439 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь Я.Ганболд, Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга нарт  холбогдуулан  Я.Ганболд,  Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв, Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээртэй “Дуут сумын Эрүүл мэндийн  төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээ”-г хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

            Шүүх нэхэмжлэгч талын шаардлагыг хангаж, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

            Хэрэгт авагдсан “Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-ний 1.1.-д зааснаар Засаг даргын тамгын газрыг төлөөлж Засаг дарга А.Энхболд нөгөө талаас Эрүүл мэндийн төвийн эмч Я.Ганболд нар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8, Эрүүл мэндийн хөгжлийн төв, эрүүл мэндийн газрын гуравласан гэрээг үндэслэл болгон Мэдрэлийн өвчин судлалын их эмч мэргэжлээр 2 жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцахад эрүүл мэндийн төвөөс эхний 3 сар 100% цаашид цалинг 60%  өгч суралцахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

              Нэхэмжлэгч Я.Ганболд нь Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгч их эмчээр ажилладаг, Улаанбаатар хотод мэдрэлийн өвчин судлал чиглэлээр мэргэшил дээшлүүлэх сургалтанд суралцаж байгаа бөгөөд гэрээний дээрх зүйлийн талаар талууд маргахгүй байна.

            Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв нь  гэрээний дагуу нэхэмжлэгч Я.Ганболдод 2016 оны 10,11,12 дугаар саруудын цалинг 100%, 2017 оны 01-12 дугаар саруудын цалинг 60%-иар тус тус олгосон байх ба 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

            Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төв нь Монгол улсын Эрүүл мэндийн яамны сайдын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1а/4634 дугаартай  “2018 оны төсөв хүргүүлэх, сарын хуваарь хүргүүлэх тухай.” Албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч Я.Ганболдод 2018 оны 01 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Дуут сумын эрүүл мэндийн  төвөөс “төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээ”-ний 1.1, мөн  гэрээний 3.4.2-т заасан цалингийн 60 хувийг олгох үүргээ биелүүлээгүй нь Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9.-т заасан “төрийн хөрөнгөөр давтан сургах мэргэжлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” баталгаагаар хангагдах эрхийг  зөрчжээ.

            Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр гэрээг талууд тэгш эрхийн зарчмын үндсэн дээр гэрээний зүйлийн талаар харилцан тохиролцож байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтад нийцсэн байна. Хариуцагч нь уг гэрээний 3.4.2.-т заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгч Я.Ганболдод Мэдрэлийн өвчин судлал их эмчийн мэргэшил дээшлүүлэх сургалтанд суралцаж байх хугацаанд буюу 2017оны 01-12 дугаар сарын  цалингийн 60%-ийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасантай нийцсэн байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар  хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр  сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00596 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж,   хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн.”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

                                                                                    Н.ТУЯА