Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00080/И |
Дугаар | 138/ШШ2022/00191 |
Огноо | 2022-02-15 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2022/00191
2022 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 138/ШШ2022/00191 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 4-04 тоотод оршин суух, ЖМ95090701 регистрийн дугаартай, Хавангууд овогт Нарантуяагийн Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 10 дугаар баг, Хар байшин 2-5 тоотод оршин суух, ЖМ91042739 регистрийн дугаартай, Боржигон овогт Жунхуарын Яргуйхүүд холбогдох,
“Хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Гэрэлмаа /цахимаар/
Хариуцагч Ж.Яргуйхүү /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Гэрэлмаа нь хариуцагч Ж.Яргуйхүүд холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.Гэрэлмаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Яргуйхүүтэй 2011 онд танилцан үерхэж байгаад 2012 онд цэрэгт явахад нь жирэмсэн үлдэж, 2013 оны 01 дүгээр сарын 05-нд төрсөн. Цэргээс ирснээс нь хойш 2017 он хүртэл бид хамт амьдарсан. 2017 оноос тусдаа амьдрах болсон. Одоо би хөдөө мал малладаг. Хүү маань сургуульд сурдаг учир ээж дээр байдаг ба сургууль амрахаар би авдаг юм. Хүүг Чинхүслэн гэдэг. Эцэг нь тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа. Иймд хүүхдийн эцэг, асрамж тогтоох, тэтгэлэг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Ж.Яргуйхүү хариу тайлбартаа: Бид 2011 онд танилцаж үерхэж, хамт амьдарч байсан нь үнэн. Намайг цэрэгт явахын өмнө холбоотой байгаад цэргээс ирэхэд хүүхэд төрсөн байсан. Энэ хугацаанд миний хүүхэд мөн биш гэсэн талаар маргаан үүсгэж байгаагүй. Ийнхүү хамт амьдарч байгаад 2016 онд салж хэсэг тусдаа байсан. 2017 оны эхээр бүрмөсөн тусдаа байх болсон. Ээж нь л биднийг салгасан. Түүнээс хойш хүү болон эмээтэй нь холбоотой байж шаардлагатай үед хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг. Гэрэлмаа нь хөдөө амьдардаг бөгөөд нөхөртэй болсон гэж ойлгож байгаа. Хүүгийн хувьд цэрэгт байхад минь төрсөн тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэж, үүний дараа тэтгэлгийн асуудлыг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж Ж.Яргуйхүү намайг хүү Г.Чинхүслэнгийн төрсөн эцэг болохыг тогтоолгохоор эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
...Хүү Чинхүслэн маань миний хүүхэд мөн учир эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлтээсээ татгалзаж байгааг минь хүлээн авна уу. Н.Гэрэлмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хүү Чинхүслэнгийн эцэг нь мөн гэдгээ зөвшөөрч, хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээн, эцэг хүний хувьд үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг сэргээж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Гэрэлмаагийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч талаас баримт гаргаж өгөөгүй болно. (хх 3-6 тал)
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Гэрэлмаа нь тус шүүхэд хариуцагч Ж.Яргуйхүүд холбогдуулан “Хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон бөгөөд хариуцагч Ж.Яргуйхүү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно. (хх 19 тал)
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Гэрэлмаа, хариуцагч Ж.Яргуйхүү нар нь 2011 онд танилцаж, 2017 он хүртэл хамтран амьдарсан байх бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү Г.Чинхүслэн төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн ТГ-7 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай “Мянган жаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 13, 19 тал)
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хариуцагч Ж.Яргуйхүү хүү Г.Чинхүслэнгийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.Чинхүслэнгийн төрсөн /биологийн/ эцэг Ж.Яргуйхүү мөн болохыг тогтоож, хүү Г.Чинхүслэнг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Ж.Яргуйхүүд үүсэж байгаа, нөгөө талаар хариуцагч нь тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг үндэслэн хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Ж.Яргуйхүүд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Гэрэлмаад тус тус даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 175 233 төгрөгийг төлсөн байх ба үүнээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70 200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 105 033 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хариуцагч Ж.Яргуйхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Гэрэлмаад олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, ЖМ13210510 регистрийн дугаартай хүү Г.Чинхүслэнгийн төрсөн /биологийн/ эцэг Боржигон овогт Жунхуарын Яргуйхүү /ЖМ91042739/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.Чинхүслэнг эх Н.Гэрэлмаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Г.Чинхүслэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр эцэг Ж.Яргуйхүүгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Н.Гэрэлмаад даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Ж.Яргуйхүүд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Гэрэлмаад тус тус даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 233 төгрөгийн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 105 033 /нэг зуун таван мянга гучин гурав/ төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ж.Яргуйхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Гэрэлмаад олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА