| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 154/2018/00033/И |
| Дугаар | 57 |
| Огноо | 2018-11-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 57
Р.Боломжавын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 154/ШШ2018/00311 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт оршин суух, Хангайчууд овогт Равжирын Боломжавын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Боломжав түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд томилуулж, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Би 2002 оны 10 сараас хүн эмнэлэгт сантехникийн слесарь ба галчаар одоо хүртэл тасралтгүй 16 жил ажилласан. Энэ хугацаанд улсад төлөгдөх эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг тасралтгүй төлж байсан.
Ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг болон ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Улсад тасралтгүй 36 жил ажилласан. 2002 онд эрхлэгч эмч Анхбаяртай хөдөлмөрийн гэрээ хийж галчаар ажилд авсан.
Үүнээс хойш ажилд орсон, ажлаас гаргасан ямар нэгэн тушаал гаргаагүй. Эрхлэгч эмч Н.Солонго мэргэжлээ дээшлүүлэхээр хот явсаны дараа Н.Намсрайжав эмч 2017 оны 10 сарын 01 -ний өдөр тус сумын Хүн эмнэлэгт сан техникийн слесариар гэрээт ажилчнаар авч ажиллуулж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй. Ховд аймгийн Цэцэг сумын Хүн эмнэлэгт галчийн орон тоо 4 байдаг.
Гэвч 2002 оноос одоог хүртэл 2 галч ажилладаг. Хэрэв тус сумын эмнэлэгт орон тоогоороо 4 галч ажиллахаар нэг галчийн амралтын хугацаа 72 цаг байдаг. Гэтэл 2 галч 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Илүү цагаар ажилласны хөлс өгдөггүй мөн амралтын хугацаа бага байдаг. 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган, 2018 оны 01 сарын 07-ны өдөр надад гардуулан өгсөн. Миний бие 2019 оны 08 сард тэтгэвэрт гарах тул ажилласан жилийг таслахгүйгээр үргэжлүүлэн ажиллуулж өгөхийг хүсэж байна.
Иймд миний бие Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд сэлгүүлэн томилуулж, мөн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай Эрүүл мэндийн төв нь 2017 оны 10 сараас эхлэн нэгдсэн дулаанд холбогдоод галч нарыг чөлөөлөх болсон. Р.Боломжав ах Эрчим дөл ХХК-д шилжихгүй гэсэн тул Р.Боломжав ахтай хугацаатай гэрээ байгуулаад авч ажиллуулсан.
Энэ гэрээг байгуулахдаа бид 2 нэлээн сайн ярилцсан. 2017 оны 05 сард Цоож бид хоёрыг чөлөөлсөн одоо яах бэ? гэхээр нь би 3 сар түр ажиллуулах тохиролцооны дагуу гэрээ байгуулсан. Би ажлаас чөлөөлөх талаараа бичгээр бол мэдэгдээгүй. Амаар бол байнга мэдэгдэж байсан. 2018 онд гэрээтийн цалин гэж орж ирээгүй, шууд халаалтын зардал гэж төсөвт орж ирсэн. Цалин, орон тоо байхгүй учраас цаашид ажиллуулах боломжгүй байна гэжээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 154/ШШ2018/00311 дугаар шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Р.Боломжавын, Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулж гаргасан, Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч Р.Боломжавын гаргаж өгсөн нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.
Ажил олгогч Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төв, ажилтан сантехникч Р.Боломжав нарын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно гэжээ.Хэрэгт ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байнгын ажлын байранд сантехникчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээ хийгдсэн байхад хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хуулийг буруу тайлбарлаж хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэжээ. Гэтэл Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь Р.Боломжавыг ажлаас чөлөөлөх гэж байгаагаа мэдэгдээгүй ажлаас нь халсан шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч Р.Боломжав нь Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд томилуулж ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Боломжав нь Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Хариуцагч “галчийн орон тоо төвлөрсөн халаалттай дулаанд шилжсэн, Р.Боломжав нь нэгдсэн дулаанд шилжин ажиллахгүй гэж хүсэлт гаргаснаар, сантехникчээр хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан, гэрээний хугацаа дуусч хөдөлмөрийн гэрээ цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
“Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төв нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын Эрчим дөл ХХК-иас дулааны эрчим хүч худалдан авах болсноор галчийн орон тоо байхгүй болсон, Р.Боломжавтай хамт ажиллаж байсан нэг галч нь дулаан руу шилжин ажилласан, Р.Боломжав нь дулаан руу шилжихгүй гэсэн тул түүнтэй тохиролцон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээний хугацаа дуусан тул гэрээг цуцалсан” гэх хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ, ажил олгогчийн тушаалууд, хугацаатай хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ үйл баримтыг үгүйсгэж мэтгэлцээгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Р.Боломжав нь ажил олгогчтой тохиролцон хугацаатай хөдөлмөрийн гэрээнд өөрөө гарын үсэг зурсан байх бөгөөд уг гэрээний хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд ”сантехникч” гэх байнгын ажлын байр байгаа талаар хавтаст хэрэгт ямар нэг баримт авагдаагүй, хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн холбогдох хэсгийг заавал баримтлах, 40.5-д зааснаар ажилтанд урьдчилан мэдэгдэх хуулийн зохицуулалт тус тус хамаарахгүй тул өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 154/ШШ2018/00311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Б.ДАМБА
М.НЯМБАЯР