Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2025/00179

 

Ж.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/00157 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2025/00051 дүгээр магадлалтай,

Ж.Г-ын нэхэмжлэлтэй

Г.Г, Б.Г нарт холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшинг анхны байдлаар буцаан авах тухай

Сөрөг нэхэмжлэл: Хашаа, байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Г, Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч Г.Г-ын өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Г.Г, Б.Г нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшинг анхны байдлаар буцаан авах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/00157 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1, 225 дугаар зүйлийн 225.4.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ын Г.Г, Б.Г нарт холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшинг анхны байдлаар буцаан авах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Г, Б.Г нарын өмчлөлд О аймгийн Б сумын *** баг *** гудамж ** тоот 1100 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, О аймгийн Б сумын *** баг,  *** гудамж, ** тоотод байрлах 87 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Ж.Г-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөг, хариуцагч Г.Г, Б.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Г, Б.Г нарт олгож шийдвэрлэжээ.

3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2025/00051 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/00157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Г.Г, Б.Г нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “... Тус хэргийн хариуцагч Г.Г, Б.Г бид нэг гэр бүл бөгөөд 2019 оны 10 дугаар сард Ж.Г-оос хувийн байшинтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан авахаар аман хэлцэл байгуулсан. Төлбөрийг тохиролцсон хэлбэрээр хувааж 13,000,000 төгрөгийг бүрэн төлж дууссан тул 2025.01.24-ний өдрийн шийдвэрээр Ж.Г-ын гэрээнээс татгалзах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн билээ. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий, хуульд нийцсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн гомдлоор хянан хэлэлцсэн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.Нөхөр Б.Г, түүний төлөөлөгч Д.О нарын итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй гэжээ. Б.Г иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны шийдвэрт гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл ашиг сонирхол зөрчигдөөгүй.

Г.Г намайг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-с албан ёсоор бичгээр татгалзаагүй гэжээ. Төлөөлөгч ажлын шалтгаанаар шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болж өөрөө хүсэлт гарган онлайнаар оролцсон.

Би өмгөөлөгч Б.Г-тай гэрээ байгуулж, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцсон бөгөөд энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч хүсэлт гаргахдаа 2023 оны 12 дугаар сард хэрэгсэхгүй болгосон /шүүхээс хэргийг буцаасан/ иргэний хэргээс 1970 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хуралдааны товоос өмнө гаргасан байсан ба уг дүгнэлтийн хуулбар /нотлох баримт/ хуулийн шаардлага хангасан хэлбэрээр хариуцагч талд байсан тул хүсэлтээсээ шүүх хуралдааны өмнө татгалзаж нотлох баримтыг өгсөн.

Гэтэл шүүхээс энэ асуудалтай холбоотой татгалзсан захирамж гаргаагүй гэсэн. 2024.05.13-ны өдөр хариуцагч Б.Г, Г.Г бид сөрөг нэхэмжлэл гаргасан. 2023.11.24-ний өдөр шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан ба нэхэмжлэгч тал маргаагүй. Гэтэл магадлалд дурдахдаа Б.Г-ыг өмгөөлөгчөөр 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр буюу шүүх хуралдааны өмнө авсан байтал 2024.06.25-ны захирамжаар 011910 иргэний хэргийг ирүүлэхийг шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн боловч хэрэгжүүлээгүй гэж буруу бичсэн байна. ИХШХШТ хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг ноцтой зөрчсөн үйл баримт байхгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч Г.Г, Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.18-ны өдрийн 001/ШХТ2025/00869 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Г.Г, Б.Г нарт холбогдуулан анх хашаа, байшингийн үнийн үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, улмаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа, байшинг анхны байдлаар буцаан авахаар өөрчилж, үндэслэлээ “... хариуцагч нартай амаар тохиролцож, 2019.10.05-ны өдөр хашаа, байшингаа 25,000,000 төгрөгөөр худалдахаар болж урьдчилгаанд 3,000,000 төгрөг авсан, хариуцагч нар  2 сарын дотор мөнгөө төлж дуусгана гэж тохиролцсон.  Зээл авна, доторхийг нь цэвэрлэе гээд түлхүүр авсан. 2020 оны 06 сард очиход байшингийн дотор талыг буулгасан байдалтай байсан. ... 2020 оны 09 сард 5,000,000 төгрөг төлсөн.  Үлдэх мөнгийг удахгүй өгнө гэсэн боловч 5 жил боллоо.  2023 оны 08 сард шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нь 5,000,000 төгрөг өгсөн. Үлдэх мөнгийг өгөхөөр хүлээн зөвшөөрч байсан. Энэ үед  тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 142/ШЗ2023/05353 дугаар захирамжаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Т” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 15,445,785 төгрөг гэж дүгнэлт гарсан байна. Уг үнэлгээнээс үзэхэд хариуцагч Б.Г, Г.Г нар нь дур мэдэн орж доторх хана, тааз, гадна талын өнгөлгөө буулгаж байшингийн зориулалт, чанар байдлыг маш их дордуулсан байдалтай болгосон нь үнэлгээ маш бага гарахад нөлөөлсөн байна. Хариуцагч нар 2019 оноос хойш төлбөрийг төлөх ямар ч хүсэл сонирхолгүй байгаа, өнөөдрийг хүртэл миний хашаа, байшинд амьдарсаар байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү ” гэжээ.

7.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Анх тухайн хашаа, байшинг 13,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 8,000,000 төгрөгийг нь өгөөд хашаандаа амьдрахаар болсон. Зээл авах гэсэн боловч бидэнд барьцаагүйгээс зээл гарахгүй хүлээгдсэн. Бид хашаа, байшинг барьцаанд тавих гэсэн боловч  ...байшин хөгц мөөгөнцөртэй ... засварлах шаардлагатай гэсэн. Нэхэмжлэгч өмнө нь 17,000,000 төгрөг шаардаж шүүхэд хандсан, бид харилцан тохиролцож эвийн журмаар шийдвэрлүүлэх санал гаргасныг хүлээн авч 9,000,000 төгрөг дээр хугацаа тогтсон, тохирсон хугацаанд 5,000,000 төгрөгийг дансаар нь шилжүүлж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд бэлэн болгоод гэрчилгээ шилжүүлэх баримт бичгийг бүрдүүлж өгнө үү гэтэл нэхэмжлэгч таг болсон. Улмаар шүүх хурал зарлах үед ч ирэхгүй нэхэмжлэлийг 2024.03.26-ны өдрийн шүүгчийн захирамжаар буцаасан. 4,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл бэлэн хадгалж байгаа. Энэ хүнтэй 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохироогүй.” гэжээ.

8.Хариуцагч нар нь нэхэмжлэгчид холбогдуулан хашаа, байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг “...Тус хашаа, байшинг бид шударгаар эзэмшээд 5 жил болж байгаа бөгөөд 13,000,000 төгрөгөөр бид хоёрт худалдахаар тохирсон. ... Анх ярихдаа мөнгийг нь хэд хэд хувааж төлж барагдуулсны дараа миний өмчлөлд гэрчилгээг шилжүүлж өгөхөөр болсон. Тухайн үед төлбөрийг нь төлөх гэхэд ковид өвчин гарч бүх ажил зогсож мөнгө олох боломжгүй болсон. Энэ тухай түүнд хэлж байсан бөгөөд удахгүй төлөхөө илэрхийлсэн. Тухайн байшин нь хуучирсан тул чийгт идэгдэж хөгцөрсөн, хүн шууд ороод амьдрах боломжгүй байдалтай байсан учраас шинээр байшин барих ч юм уу, дахин засварлахгүй бол амьдрахад бэрх байсан. Гол нь эмээгийнхээ хажууд байхад ойрхон гэдэг утгаар л авсан. Гэтэл нэхэмжлэгч сүүлийн үед хашаа, байшингаа үнэ нь өсөж байна гэсэн утгаар илүү мөнгө нэхэж шаардлага гаргасан гэж бодож байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

9.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Хашаа, байшин газрын хамт 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Бүтэн 5, 6 жил миний хашаа, байшинд үнэ төлбөргүй өөрсдийн дураар амьдарч байсан, аль болох төлбөрийг нь дуусгачих гэж өөрөө хүртэл банк, санхүүгийн байгууллагаар хөөцөлдөж өгч байсан. 2023.12.27-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралдааны үеэр Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдлийг мөн 2024.02.20-ны өдөр төлж дуусгахаар тохирсон. Анхнаасаа төлбөрөө дутуу өгөөд хууран мэхэлж хашаа, байшинд орж суугаад эд хөрөнгийн шинж, байдлыг дордуулан үнэ, цэнийг унагааж өөрсдийн нэр дээр болгох санаатай байсан нь 5 жилийн дараа өөрсдөө хашаа, байшинг шударгаар эзэмшиж байсан гэж сөрөг нэхэмжлэл гаргаснаар мэдэгдэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Талуудын хооронд 2019.10.05-ны өдөр О аймгийн Б сумын *** баг *** гудамж ** тоот 1100 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 87 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан. Нэхэмжлэгч Ж.Г хариуцагч нарт холбогдуулан 2023.08.03-ны өдөр төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр “Т” ХХК-ийг шинжээчээр томилж 2023.11.20-ны өдрийн үнэлгээний тайлангаар маргаан бүхий газар, хашаа, байшинг 15,445,785 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээний тайлан болон хариуцагч нарын тайлбарт үндэслэн талуудын байгуулсан гэрээ хэлцлийн үнийн дүнг 13,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үнийг хариуцагч нар нэхэмжлэгчид бүрэн төлсөн, Иймээс уг хөрөнгийн өмчлөгч болсон байна. Цаг хугацааны хувьд маргаан бүхий хашаа, байшинг хариуцагч нар эзэмшиж, үнийг цувуулж төлөхийг нэхэмжпэгч хүлээн зөвшөөрч өөрийн дансаараа мөнгийг хүлээж авсан тул гэрээнээс татгалзах эрхгүй болсон. Иймээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн байна.

11.Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, үндэслэлийг ... анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, шүүгчийн захирамжаар ...01910 дугаартай иргэний хэргийг эх хувиар нь ирүүлэхийг  аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн боловч хэрэгжээгүй байна гэсэн.

12.Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хуульд нийцээгүй тухай хариуцагч нарын гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэв.

13. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзсэн боловч аль оролцогчийн ямар эрх хэрхэн зөрчигдсөн болохыг магадлалдаа бүрэн тодруулж  тусгаагүй байна.

13.1.Тухайлбал, давж заалдах шүүх магадлалдаа “...2023.12.25-ны өдөр хариуцагч Г.Г, Б.Г нар Д.О-р хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхээр итгэмжлэл өгсөн ба итгэмжлэлийн хугацаа 2024.12.25-ны өдөр дууссан байхад Д.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. 2025.01.23-ны өдөр хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор итгэмжлэл авсан. Хариуцагч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа хариуцагч Г.Г нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О-ээс татгалзсан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, 2024.11.27-ны өдрөөс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байна. “ гэсэн нь шүүх хариуцагч нарын эрхийг зөрчсөн агуулгатай гэж ойлгогдохоор байна.

Гэвч хэргийн баримтаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

13.2.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд өмнө нь нэхэмжлэгч Ж.Г нь 2023 оны 8 сард шүүхэд хандаж Г.Г, Б.Г нарт холбогдуулан хашаа, байшингийн үнэд 17,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байсан, уг нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан боловч хэргийг хэлэлцэхээр товлосон 2024.03.26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүйгээс шүүх нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэгч 2024.04.16-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан болох нь  тогтоогджээ. (хх-1-2, 99-100-р тал).

Дээр дурдсан 2024.04.16-ны өдрийн  нэхэмжлэлийн хувийг хариуцагч Г.Г, Б.Г нарын 2023.12.25-ны өдөр 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу Д.О 2024.05.06-ны өдөр шүүхээс гардан авчээ. (хх-11-12-р тал)

Харин хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Г.Г, Б.Г нар өөрсдөө гаргасан,  (хх-13, 18-р тал) хариуцагч Г.Г нь шүүхэд нэмэлт тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх болон шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж шийдвэрлүүлснээс гадна хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, мөн шүүхээс түүнд эрх, үүрэг тайлбарласан, хэргийн баримт танилцуулсан баримт хэрэгт авагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан ба хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдсэн баримтгүй боловч тэрээр төлөөлөгчөөс татгалзаж өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэх үндэслэлтэй, харин Д.О хариуцагч Г.Г-тай зэрэгцэж түүнийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч  Б.Г нэхэмжлэлд  хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргаснаас өөрөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байх бөгөөд түүнийг Д.О төлөөлсөн, хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан 2025.01.24-ний өдрийн шүүх хуралдаанд өмнө олгосон итгэмжлэлийн хугацаа 2024.12.25-ны өдрөөр дууссан гэж шинээр 2025.01.23-ны өдөр хариуцагч Б.Г-оос 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг гаргаж шүүх хуралдаанд оролцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-дэх хэсэгт хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар эрх эдлэхийг заасан бөгөөд хэргийн оролцогч нь эсрэг талын  шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт цуглуулах талаар шүүхэд хүсэлт гаргах, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах, шүүгчийг болон шүүх хуралдааны зарим оролцогчдоос татгалзах эрхтэй.

Дээрхээс үзэхэд хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болон бусад хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

13.3.Анхан шатны шүүхийн  шүүгчийн 2024.06.25-ны өдрийн 142/ШЗ2024/03829 дүгээр захирамжаар хариуцагч нарын хүсэлтээр Орхон аймгийн Шүүхийн тамгын газарт Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 26-ны өдрийн 142/ШЗ2024 /01610 дугаартай захирамжтай иргэний хэргийг эх хувиар нь ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн боловч энэ ажиллагаа хийгдээгүй байсан, гэвч 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Г.Г нар оролцохдоо уг хэргийн баримтыг авахуулах хүсэлтээ дэмжиж дахин хүсэлт гаргасан. Шүүх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШЗ2024/06589 захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж, үндэслэлээ хариуцагч нь тухайн иргэний хэргээс шаардлагатай баримтыг өөрөө бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх боломжтой гэж үзжээ. (хх-39-40, 57-64-р тал)

Хариуцагч талаас өмнөх хэргээс 50 хуудас нотлох баримтыг хуулбарлан өгсөн болох нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байна.

Иймд шүүгчийн өмнө гаргасан захирамжийн дагуу нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй ч хожим нь дахин тухайн хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон, хангахгүй орхисон үндэслэлд заасны дагуу хариуцагч нар нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлсэн байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан  гэж үзэхгүй.

13.4.Нөгөө талаар, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Г.Г, Б.Г нар бус нэхэмжлэгч Ж.Г давж заалдах журмаар гомдол гаргасан ба түүний гомдлын агуулга нь “.... анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг эс зөвшөөрсөн, хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан шүүх хуралдааны өмнө өмнөх хэргээс хариуцагчийн хуулбарлан авчирсан нотлох баримттай сайтар танилцаагүй буюу өөрийнх нь хэргийн баримттай танилцах эрх зөрчигдсөн” гэжээ.

Хариуцагч тал өмнө хянан шийдвэрлэж байсан хэргээс нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу (хх-130-131-р тал-шүүх хуралдааны тэмдэглэл) шүүхээс томилогдсон шинжээчийн 2023.11.24-ний өдрийн дүгнэлт буюу маргааны зүйл болсон хашаа, байшинг үнэлсэн үнэлгээ болон хариуцагч нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, өрхийн бүртгэл, хүүхдийн төрсний гэрчилгээ, хариуцагч нараас нэхэмжлэгчид нийт 11,000,000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга, хашаа, байшингийн зураг, нэхэмжлэлийг буцаасан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, Б.Гын эмнэлэгийн карт зэрэг баримтыг гаргаж өгснийг шүүгч тухайн баримтыг нэхэмжлэгчид  танилцуулсан бөгөөд эдгээр нотлох баримттай холбоотой гаргах санал хүсэлт байгаа эсэхийг  түүнээс тодруулахад байхгүй гэж хариулсан  нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. (хх-119-120-р тал)

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Г-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг буюу нотлох баримттай танилцах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

14.Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй учир хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2025/00051 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Г-ын 2025.07.08-ны өдөр төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                           Н.БАТЗОРИГ

                                                                                 Б.УНДРАХ

                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД