| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/00130/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/138 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Номин-эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/138
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин
Улсын яллагч Д.Номин-эрдэнэ,
Хохирогч Д.*******
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2431001420120 дугаартай, 175/2024/00130/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ****-ний өдөр *******-******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ******* овогт ******* ******* (РД:),
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг гэх газарт иргэн Д.*******ыг өөрийн төрсөн эцэг Ш. дээрэлхлээ гэх шалтгаанаар өмөөрч дайран түүний зүүн гарын шуу хэсэгт заазуураар цохиж, зүсэн эрүүл мэндэд нь "зүүн богтос ясны ил хугарал, зүүн шууны шарх" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг гэх газарт иргэн Д.*******ыг өөрийн төрсөн эцэг Ш. дээрэлхлээ гэх шалтгаанаар өмөөрч дайран түүний зүүн гарын шуу хэсэгт заазуураар цохиж, зүсэн эрүүл мэндэд нь "зүүн богтос ясны ил хугарал, зүүн шууны шарх" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манайх малын өтөг бууцаа гаргасан. *******тай манайх 2020 оноос саахалт айл болсон. Ганц бие дажгүй залуу гээд харилцаатай байсан. Манай хүрзэнг авалцаж өгөөрэй гээд хэлсэн тэр өдөр өөрөө байгаагүй 17-ны өдөр цэргийн баяр тэмдэглээд явсан байсан. Тэгээд дараа нт манай гэрийн урд талд морьтойгоо ирж байсан хашаан дээгүүр давж орж ирээд муу сайн юмнууд өөрсдийнхөө ажлыг хийлгүүлээд миний ажлыг хийгээгүй гэж хэлсэн. Ээж чи юундаа уурлаад байдаг юм гэхэд бүдүүн хар авгай минь ална шүү гэсэн. Өмнө нь манай аавыг, Бадамсүрэн гээд ахыг бас хоолойг нь багалзуурдаж байсан. Цагаан сараар ******* ирж байсан аав та бид нар шиг хүний гарын аяыг даахгүй гэж би тэр үед хэлсэн байсан. Гэр рүү ороод гараад иртэл аавыг өшиглөөд ар дагч руу нь лүг хийтэл цохиж байсан. Би тухайн үедээ ухаан дутаад өөрийгөө барьж чадсагүй ийм үйлдэл хийчихсэн өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.*******ын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* сумын 2 дугаар баг хөх гэх газарт оршин суудаг бөгөөд эхнэр хүүхэдгүй, ганцаараа амьдардаг. Би 3 жилийн өмнөөс Цэрэнбадам гэх хүнтэй айл хөрш болж амьдарч байгаа юм. Тэгээд би хэд хоногийн өмнө тэдний өтөг бууцыг хамт цэвэрлэсэн бөгөөд манайхыг хамт цэвэрлэж өгөх байх гэж бодоод байтал хэн ч ирээгүй болохоор нь өөрөө цэвэрлэчхээд өнөөдөр өглөө 08 цаг өнгөрч байхад Цэрэнбадам ахын хотонд очиж өөрийн холилдсон малыг салгаж авахаар очтол Бадмаа ах эхнэр хүүтэйгээ хамт гадаанаа байсан. Тэгэхээр нь би би малынхаа өтөг бууцыг ганцаараа цэвэрлэлээ та нар яагаад ирсэнгүй вэ гэтэл Бадмаа ах адуу малд яваад амжсангүй гээд би хоорондоо маргалдаад байж байтал Бадмаа ах хүрч ирээд надтай зууралдаад байхаар нь би хөлөөрөө 1 удаа гуя руу хонго хэсэг рүү нь өшиглөсөн. Гэтэл Бадмаа ах миний баруун талын нүүр лүү цохих гаж байгаад халтираад мөр лүү цохиод бид зууралдаж байх үед Бадмаа ахын хүү ******* над руу дайраад "чамайг ална аа" гэж орилоод над руу хар өнгийн заазуур бариад гүйгээд ирэхээр нь би айсандаа гараараа толгой, нүүрээ хамгаалах үед миний зүүн гар луу заазуураар цохиж зүссэн. Тэгээд миний гар бадайраад эвгүй болсон бөгөөд морин дээрээ мордож чадахгүй байхаар нь Бадмаа ахын гэр лүү орж гараа угааж цусаа боолгоод машинтай сумын төв рүү явсан. Тэгээд эмнэлэгт ирээд аймгийн төв рүү явж оёдол тавиулж гараа гипсдүүлээд боолгосон... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “Гэмт хэргийн улмаас Д.*******т эрүүл мэндийн яар******* тусламж үйлчилгээ, гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хийгдсэн зүүн богтос ясны гадна хэсгийн зөрүүтэй ил хугарлын шархыг угааж гадна бэхлэгч аппаратаар голомтоос зайдуу бэхлэх мэс засал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор нийт 1,353,500 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн бөгөөд энэхүү төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Гэрч Ш. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед би ажил дээрээ байж байтал 2 дугаар баг гэх газраас ******* гэх гар нь гэмтсэн хүн хүргэгдэж ирсэн бөгөөд боолт хийлгэж, цус тогтоож, өвчин намдаах эм тариа хийлгэсэн. Тэгээд өдөр 13 цагийн үед манай эмнэлгийн гэх эмч намайг аймгийн төв нэгдсэн эмнэлэг рүү тухайн хүнийг авч яваад мэс заслын болон гэмтлийн эмчид үзүүлээд ир, биеийн байдал нь одоо тогтвортой байгаа, шаардлагатай эмчилгээг хийлгэсэн болохоор аймгийн төв ортол асуудал байхгүй гэхээр нь би эмнэлгээс гаргаж өгсөн машинаар тухайн өвчтөнг аваад 15 цагийн үед аймгийн төв рүү явсан. Тэгээд нэгдсэн эмнэлэгт очиж тухайн өвчтөнг үзүүлж тухайн хүний гарыг рентгэнд харахад зүүн гарын шуунд хугар*******, судас дайрсан байж магадгүй Улаанбаатар хот руу яар******* авч явж хугарсан ясыг хадуулах шаардлагатай гэхээр нь буцаад ******* сум руу өвчтөнг аваад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч Д. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...08 цаг өнгөрч байхад ******* нь манай гэрийн гадаа ирээд бид нарыг хараагаад үглээд байх үед манай нөхөр очиж юундаа уурлаад байгаа юм бид нар танай хөрзийг цэвэрлээд өгнө шдээ гэж хэлтэл ******* нь манай нөхрийг өөрөө эхлэн өшиглөсөн. Тэгээд манай нөхөр өөдөөс нь ганц нэг цохиод энэ 2 хоорондоо зууралдаад байсан. Гэтэл манай хүү ******* малын хашаан дотор байж байгаад гэр лүү ороод заазуур бариад гараад ирэхээр нь би айгаад хүүгээ хорьсон. Тэгээд манай хүү чи муу битгий дээрэлхээд байгаарай манай аавыг яагаад дээрэлхээд цохиж зодоод байгаа юм гээд Ууганаа руу дайраад байхаар нь би хүч хүрээгүй хүүгээ тавьчихсан. Гэтэл манай хүү малын хашааны зүүн талд зогсож байгаад ******* руу очиж далайх үед Ууганаа өөрийгөө хаах үедээ 1 удаа зүүн гарын шуу хэсэг рүүгээ цавчигдаж цохисон. Тэгээд өөр зодоон болоогүй салцгаагаад манай гэрт ороод ирэхээр нь би тэд нарыг загнаад гарыг нь цэвэрлүүлээд сумын төв рүү явуулсан юм..." гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
Ц.*******ын гэрчээр 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын Буурагчин 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хах гэх газарт төрсөн аавынхтайгаа хамт 2 гэрээр хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өглөө бид гадаа малын хашаандаа байж байтал 08 цаг өнгөрч байхад манайхтай ойрхон амьдардаг саахалт айлын ******* гэх хүн манай хотонд ирээд бид нарыг элдвээр харааж хэрүүл маргаан хийгээд байсан. Гэтэл манай аав *******тай муудалцаж тэд хоорондоо зууралдаж аваад ******* нь манай аавыг өшиглөөд байсан. Тэгснээ ээжтэй муудалцаад бүдүүн хар авгай гэж дуудаад бүгдийг нь загнаж хараагаад байхаар нь би аавыгаа өмөөрөөд гэр лүүгээ гүйж ороод гэрийн зүүн урд байрлах бор шар өнгийн эргэнэг онгойлгож хар өнгийн заазуур аваад айлгах гээд гэрээс бариад гартал манай ээж намайг болиулах гээд зууралдаад байхаар нь ээжийг холдуулчхаад ******* дээр очиж далайтал өөрийгөө хамгаалах гээд гараараа хаах үедээ зүү гар луугаа заазуураар зүсүүлж бэртсэн. Гэтэл манай ээж гүйж ирээд миний барьж байсан заазуурыг аваад гэр лүү оруулсан бөгөөд бид маргаанаа дуусгаж аавын гэр орж *******ын цусыг цэвэрлэж салфетка, марлаар гарыг нь боогоод сумын төв руу миний машинаар ирж эмнэлэгт хүргэж ирсэн. Тэр үед эмнэлгээс цагдаагийн байгууллагад мэдэгдэж удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4837 дугаартай:
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар 06-ны өдрийн 165 дугаартай “...Ш.******* биед гэмтэл тогтоогдсонгүй..гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 44-46 дугаар хуудас/
Яар******* тусламжийн хуудас /54-57 дугаар хуудас/
НӨАТ-ийн баримтууд /хх-ийн 60 дугаар хуудас/
Депозит дансны хуулга /хх-ийн 61-63 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 73 дугаар/
Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 74 дүгээр хуудас/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 77-79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг гэх газарт иргэн Д.*******ыг өөрийн төрсөн эцэг Ш. дээрэлхлээ гэх шалтгаанаар түүний зүүн гарын шуу хэсэгт заазуураар цохиж, зүсэн эрүүл мэндэд нь "зүүн богтос ясны ил хугарал, зүүн шууны шарх" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Ц.*******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч Ц.******* нь хохирол төлбөрт шүүхээс тогтоосон 2.592.620 төгрөгийг төлж барагдуулсан болно. Харин шүүгдэгч Ц.*******аас 1.353.500 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.******* нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Ц.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31.5 см урттай “king carry” гэсэн бичигтэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4. Шүүгдэгч Ц.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.******* нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31.5 см урттай “king carry” гэсэн бичигтэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******аас 1.353.500 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ