| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/01502/И |
| Дугаар | 142/ШШ2021/01279 |
| Огноо | 2021-12-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2021/01279
| 2021 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2021/01279 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1996 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн, 25 настай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 10-р хороо Цагдаа хотхон 75-3-21 тоотод оршин суух, Боржигон овогт Намхайн Отгонцэцэг /РД:ГЗ96022907/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 оны 07 сарын 22-нд төрсөн, 31 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг дэнжийн 8-6 тоотод оршин суух, Монгол овогт Бат-Өлзийгийн Энх-Амгалан /РД:ГК90072271/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Отгонцэцэг, хариуцагч Б.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Энх-Амгалантай 2014 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2015 онд охин Мандарваа төрсөн сүүлийн үед бид таарч тохирохгүй, тус тус амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж охиноо өөрийн асрамжинд авч хүүхэддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Намайг өглөө ажлаас орж ирээд уурласан гэж байна. Би тухайн үед 24 цаг ажиллаад 48 цаг амардаг байсан. Тэгээд ямар ч нойр аваагүй ажлаасаа өглөө ирээд хэвтэж амрах гэсэн чинь охин маань миний цүнхийг уудлаад байсан. Тэгэхээр нь би Б.Энх-Амгаланг миний цүнхийг дээшээ аваад тавьчих гэсэн боловч авч тавихгүй байсан. Тэгэхээр нь чи ямар сэтгэлгүй юм бэ?, 24 цаг ажиллаад ирж байхад миний цүнхийг дээш нь авчихаж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгсэн миний урдаас чамд гаргах сэтгэл надад байхгүй, би өмнө нь гаргах хүндээ сэтгэлээ гаргачихсан гэж хэлсэн. Тэгээд би сэтгэл гаргаж чадахгүй юм бол яах гэж надтай хамт амьдарч байгаа юм бэ? гээд уурлаад уйлаад ээжтэйгээ яриад гарсан. Ээж, аав хоёр нь манайд цагаан сараар ирээд гуйгаад би буцаад очсон. Тэгсэн Б.Энх-Амгалан ямар ч амьдралын идэвхигүй. Би 2018 онд 8.000.000 төгрөгийн цалингийн зээл аваад газар авч гэртээ бүх тавилгыг авч тавьсан. Гэтэл гэрийнхээ эд зүйлийг энэ хүн үрэн таран хийдэг, ломбарданд аваачиж тавьдаг. Би аавындаа амьдарч байгаад гэртээ очиход гэрээ нүүлгээд бүгдийг нь ачаад явчихсан байсан. Охин бид хоёрыг ямар ч амьдрах боломжгүй болгочихоод өөрөө алга болчихож байгаа юм. Намайг саллаа гээд гарч явсан хойгуур гэрийнхээ тавилгыг зарна гээд дүүгийнхээ фейсбүүк дээр тавьчихсан байсан. Монголд мөнгө олох нөхцөл тааруу учраас манай найз туркт ажилладаг юм. Тэгээд турк явахаар болсон учраас охиноо ахындаа үлдээсэн. Б.Энх-Амгаланд үлдээе гэхээр Б.Энх-Амгалангийн ээж нь архи уудаг, өөрөө ажилтай гээд гараад явчихдаг. Охин маань надад нөгөө эмээгийнх рүүгээ явахгүй, тэнд өлсдөг гэж хэлсэн. Манай ах миний охиныг маш сайн харж байсан. Би турк яваад 6 сар болоод ирсэн. Намайг очоод удаагүй ковид гараад би 1 сарын 04-ний нислэгээр буцаад ирсэн. Энэ хугацаанд манай ахынд Б.Энх-Амгалан эгчтэйгээ очоод хэл амаар доромжилж ална гээд дайрсан гэсэн гэв.
Хариуцагч Б.Энх-Амгалан шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2014 онд танилцаж хамт амьдраад 2015 онд Мандарваан гэдэг охин маань төрсөн. Отгонцэцэг Ачит Ихт компанид ажилд орсон. Ажилд ороод зан араншин нь өөрчлөгдөж сонин болсон. Тэгсэн нэг өглөө ажлаасаа бууж ирээд зүгээр байж байснаа гэнэт уурлаад гэрээ буулгаад гарч явсан. Тэрнээс хойш бид хоёр тусдаа амьдарч байгаа. Би хотод ажил хийж байгаад 2018 оны 06 сарын 01-ний өдөр уулзахад бид нар бүгдээрээ хот явах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 07 сард Н.Отгонцэцэг турк явчихсан байсан. Би өөрөө мэдээгүй, манай том эгч надад хэлсэн. 2018 оноос хойш охин маань Н.Отгонцэцэгийн асрамжинд байхгүй байгаа, Батчулуун гээд Н.Отгонцэцэгийн төрсөн ахынд байгаа. Тэгэхээр нь хотоос ирээд охиноо авах гэсэн чинь хадам ах өгөхгүй байсан. Би ээжийг нь иртэл охиноо өөр дээрээ байлгаж байя гэж хэлсэн. Гэтэл хэрүүл маргаан болж цагдаа дуудсан. Би охиноо 2 өдөр өөр дээрээ авсан. Тэгээд ажилтай болоод охиноо үлдээгээд явсан. Сар гаруй хугацаанд ажиллаж ирээд Орхон аймагт ажилд орж охиноо авъя гэсэн чинь охиныг маань надаас 2, 3 удаа авч зугтаасан. Ах нь би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэж байгаа юм гээд гадуур яриад яваад байдаг. Тэрнээс хойш охинтойгоо нэг ч удаа уулзаагүй. Уулзах гээд очихоор ах нь аваад явчихдаг. Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Гэхдээ яагаад Н.Отгонцэцэг охиноо өөр дээрээ байлгаж болдоггүй юм бэ?. Охин маань 15 дугаар сургуульд сурдаг. Тиймээс би охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгонцэцэг нь хариуцагч Б.Энх-Амгаланд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг , асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.Энх-Амгалан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид харилцан зөвшөөрөлцсөнөөр гэрлэж болно гэж заасан байх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Н.Отгонцэцэг, хариуцагч Б.Энх-Амгалан нар нь 2014 онд танилцан 2015 оны 10 сарын 06-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 12 сарын 27-ны өдөр охин Э.Мандарваа төрсөн болох нь зохигчийн тайлбар, Э.Мандарваагийн РД:ФА15322723 тоот регистртэй төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тус шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч Н.Отгонцэцэг, Б.Энх-Амгалан нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа нь гэрлэгчид эвлэрэх боломжгүйг харуулж байх тул тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч охин Э.Мандарвааг өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч охин Э.Мандарвааг нэхэмжлэгч Н.Отгонцэцэгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа тул охин Э.Мандарвааг эх Н.Отгонцэцэгийн асрамжид үлдээж, эцэг Б.Энх-Амгалангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахад ногдох улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөгийг хариуцагч Б.Энх-Амгалангаас гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энх-Амгалангаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Монгол овогт Бат-Өлзийгийн Энх-Амгалан /РД:ГК90072271/, Боржигон овогт Намхайн Отгонцэцэг /РД:ГЗ96022907/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 12 сарын 27-ны өдөр төрсөн охин Монгол овогт Энх-Амгалангийн Мандарваа /РД:ФА15322723/-г эх Н.Отгонцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 12 сарын 27-ны өдөр төрсөн охин Э.Мандарвааг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-ээр сар бүр эцэг Монгол овогт Бат-Өлзийгийн Энх-Амгалан /РД:ГК90072271/-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Отгонцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энх-Амгалангаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Отгонцэцэгт олгож, 35.337 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ