| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2019/00586/И |
| Дугаар | 140/ШШ2020/00118 |
| Огноо | 2020-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 140/ШШ2020/00118
| 2020 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 140/ШШ2020/00118 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 1.218.000 төгрөг, алданги 1.315.440 төгрөг, нийт 2.533.440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* 2014 оны 11-р сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийг жилийн 3% хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. 2015 онд үндсэн зээлээсээ 872000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.218.000 төгрөгийг төлж барагдуулаагүй болно. Зээлдэгч Д.******* нь нас барсан тул түүний эхнэр болох ******* нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд зааснаар зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулахыг шаардсан ч өдий болтол зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Зээлийн гэрээ ёсоор хугацаа хэтэрвэл үндсэн хүүгээс гадна, сарын 4.5%-ийн алданги тооцохоор байгаа. Энэ журмаараа тооцвол хугацаа хэтэрсэн 60 сарын алданги 3288600 мянган төгрөгийг тооцож авахаар байна. Засаг даргын зөвлөлийн зүгээс алдангийг бүрэн тооцохгүйгээр зөвхөн 24 сарын алданги тооцохоор шийдвэрлэсэн. Иймд хамтран зээлдэгч Н.*******гээс үндсэн зээлийн үлдэгдэл 1218000 мянган төгрөг, алданги 1315440 мянган төгрөг нийт 2533440 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн 100090955401 тоот дансанд төвлөрүүлж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н.******* нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр татгалзаж байна.
Тус зээлийн гэрээг миний нөхөр Д.******* 2014.11.18-нд байгуулж гарын үсэг зурсан байсан. Нөхөр Д.******* маань 2014.11.29-нд нас барсан юм. Талийгаач нөхрийг маань нас барсны дараа ******* сумаас шилжих гэтэл 2015 оны 02-р сард -ийн мэргэжилтэн дуудаж баримт бичгүүдэд гарын үсэг зурахгүй бол шилжүүлэхгүй гэж дарамталж байгаад гарын үсэг зуруулсан.
Зээлийн гэрээний төлбөрийг би тус гэрээний дагуу 2015.05.19-нд 424.000 төгрөг төлсөн, 2015.11.18-нд 418.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш өрх толгойлж 3 хүүхдээ өсгөхөд орлого хүрэлцэхгүй зээлийн мөнгийг төлөх боломжгүй болсон юм. Зээлийн төлбөр төлөх боломжгүй байдлаа учирлаж хэлж байсан.
Тус зээлийн гэрээний 4.3 дугаар зүйлд эргэн төлөлт хийгдээгүй 2 дахь сардаа шилжвэл гэрээг зогсоож маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан.
Би 2015.11.18-нд эргэн төлөлт хийж 2015.12.18-аас эхлэн хүү болон эргэн төлөлт хийх санхүүгийн боломжгүй болж зээлийг төлж чадаагүй юм. Иймээс тус гэрээний 4.3-д заасны дагуу зээлдэгч гэрээг тухайн үед цуцалж төлбөрийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байсан.
Гэтэл гэрээнд заасны дагуу арга хэмжээ авахгүйгээр олон сарын хүү, алданги нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага 2015.12.18-аас эхлэн гэрээний 4.3 заалтын дагуу тус гэрээг зогсоож шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байхад 2019.11.14-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хэтэрсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.******* нь 2014 оны 11 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан. Зээлийн хамгийн сүүлийн эргэн төлөлт нь 2017 оны 05 сарын 18-ны өдөр дуусах байсан. Манай байгууллага зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн учир тухайн хугацаанд төлөгдөх зээлийн үлдэгдэл хүүнээс гадна сарын 4.5 хувийн алданги тооцоод 2.533.440 төгрөгийг анх нэхэмжилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү, алдангийг хасаж төлөгдөөгүй үндсэн зээлийг зээлдэгчээс гаргуулахаар болсон. Одоо төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл болох 1.248.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаж байгаа зээлийн гэрээг талууд 2014 оны 11 сарын 18-нд Завхан аймгийн ******* сумын ******* болон иргэн Д.******* нар байгуулсан нь зээлийн гэрээний 1 дэх хэсгийн ерөнхий зүйлд талуудыг тодорхойлсон байдлаас харагддаг. Сая нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа иргэн Д.*******тай зээлийн гэрээ байгуулсан гэдгээ хэлж байна. Зээлдэгч Д.******* 2014 оны 11 сарын 29-ний өдөр нас барсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан байдаг. Иймээс талийгаач Д.*******тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгч нас барсан байхад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тал Н.*******г хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Н.*******г шүүхэд хариуцагчаар татахдаа Д.*******тай хамтран зээлдэгч гэж татсан байна. Н.*******г хамтран зээлдэгч гэсэн мөртлөө зээлийн гэрээний арын хэсгийн гарын үсэг хэсэгт нэг хүний бичиглэлээр Д.*******, Н.******* гэж нэрийг бичсэн байна. Энэ нь хоёр өөр хүний бичиглэл биш, нэг хүний бичиглэл байна. Үүнийг Д.******* ч өөрөө бичсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн утасны дугаар бичих хэсгийн доор Н.*******гийн гарын үсгийг сүүлд нь бичүүлсэн. Тийм учраас Н.******* 2014 оны 11 сарын 18-ны өдөр тухайн гэрээг Д.*******ийн хамтран зээлдэгчээр байгуулаагүй. Ийм учраас хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр Н.******* тус зээлийн гэрээг байгуулаагүй ч гэсэн 2015 оны 05 сарын 19-ний зээлийн эргэн төлөлтөнд 324.000 төгрөг, 2015 оны 12 сарын 02-ны өдөр 418.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш Н.*******гийн нөхөр Д.******* нь нас барсан, өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, 3 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдрах болсон учраас зээлийн төлбөрийг төлөх эдийн засгийн боломжгүй болоод тухайн зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Тухайн зээлийн гэрээний хугацааг 2017 оны 05 сарын 18-ны өдөр дуусах 3 жилийн хугацаатай гэрээ байсан гэдэг байдлаар ярьж байна. Зээлийн гэрээ дээр хугацааг графикаар заасан байдаг. Гэхдээ талууд зээлийн гэрээний дагуу төлбөрийн эргэн төлөлт хийгдээгүй нөхцөлд зээлийн гэрээг цуцлаад уг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зээлийн гэрээний 4.3-т тусгайлан заагаад тохиролцсон байна. Тийм учраас зээлийн гэрээний заалт бүхэн хэрэгжих ёстой. Ийм учраас зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгдээгүй учраас 2 дахь сард шилжсэн үед зээлийн эргэн төлөлтийг шаардах эрх нь нэхэмжлэгч талд байсан, үүний дагуу шүүхэд хандах боломжтой байсан. Гэтэл өдий 4 жилийн дараа алданги хүү торгууль тооцоод нэхэмжлэл гаргасан байна. Өнөөдөр нэхэмжлэгч талаас шүүх хуралд гаргаж байгаа тайлбартаа тухайн зээлийн гэрээгээр зээлийн эргэн төлөлтийг 2017 оны 05 сард дуусах байсан. Манай тал хүү алданги торгуулиа тооцоод 2.533.440 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд нэг жилийн хүү алданги тооцгүйгээр 1.248.000 төгрөг нэхэмжилж байна гэж байна. Нэг жилийн хүү алданги тооцож байгаа юм бол тухайн цаг үед зээлийн гэрээг зогсоогоод зээлийн үлдэгдэл мөнгө 1.000.000 гаруй төгрөг л шаардах байсан. Гэтэл 3, 4 жилийн дараа зээлийн хүү алданги тооцоод хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учраас тухайн зээлийн гэрээний зүйл заалт болон Иргэний хуулийн зүйл заалтыг баримтлаад тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* нь Н.*******д холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 1.218.000 төгрөг, алданги 1.315.440 төгрөг, нийт 2.533.440 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.248.000 төгрөгийг гаргуулахыг хүсэж тус шүүхэд нэхэжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал дээрх төлбөрийг төлөхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан.
Завхан аймгийн ******* сум, Д.******* нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ 3 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр байгуулагджээ.
Тэрээр Д.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан болох нь түүний нас барсны дугаарын гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан тухайн зээлийн гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд эргэн төлөлтийг хамтран зээлдэгч Н.******* төлсөн болох нь түүний депозит дансны дэлгэрэнгүй гүйлгээнүүдийн баримтуудаар нотлогдож байна.
Харин 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи хугацаанд зээлийн гэрээний эргэн төлөлт хийгдээгүй байх бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 4.3.-д заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын шаардах эрх 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үүссэн байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1., 76.2.-т д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байхад нэхэмжлэгч байгууллага нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 79.7.-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгч байгууллагын Н.*******гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгонь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.*******гээс 1.248.000 төгрөг гаргуулах тухай Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ