Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 140/ШШ2020/00142

 

 

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 140/ШШ2020/00142

Завхан аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох 2019 оны 03-р сарын 25-ны өдрөөс шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* байрны ******* тоотод оршин суух ******* овогт гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн 2018 оны 11-р сарын 01-ний өдрийн А/449 дугаартай захирамжаар ажлаасаа чөлөөлөгдөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийдвэрээр , албан тушаалд эгүүлэн томилогдохоор болсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 06-ны өдрийн 221/МА2019/0318 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10-р сарын 21-ний өдрийн 331 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд хариуцагч нь одоо , албан тушаалд эгүүлэн томилоогүй байна.

Иймд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын иргэн Д.*******гийн 2019 оны 03-р сарын 25-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан цалин хөлсөө гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Тухайн үед аймгийн /ийн ажлын байрыг санал болгосон боловч хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс Азийн хүүхдүүд Олон улсын 7-р их наадмын захиргааны даргаар 001 дүгээр тушаалаар спортын албаны даргын ажил эрхэлж байсан. Иймд Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. 2019 оны 03 сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 сарын 19-ний өдөр буюу өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Би Завхан аймгийн захирамжаар 2018 оны 11 сард ажлаас чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулж би захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх болон улсын дээд шүүх, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Завхан аймгийн захирамжийг хүчингүй болгож намайг ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Монгол улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу одоогийн байдлаар би ажилдаа эгүүлэн томилогдоогүй байна. Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан хариу тайлбартаа намайг ажилгүй байх хугацаандаа ажил хийж байсан гэсэн тайлбар гаргасан байсан. Би Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ажлаас чөлөөлөгдсөн ч гэсэн ажиллаж амьдрах эрхтэй гэх эрхийнхээ хүрээнд Улаанбаатар хотод 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл найзтайгаа төрийн бус байгууллагад хамтарч ажилласан. Хамтарч ажиллаж байсан төсөл хаагдсан учраас би одоогоор ажилгүй байна. Ийм учраас би өөрт учирсан хохирлоо барагдуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олж авах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартайгаа санал нэг байна. Д.******* ажлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш Улаанбаатар хотод тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд хэрвээ ажилгүй байсан хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж байсан бол түүний зөрүүг олгохоор заасан байдаг. Улаанбаатар хотод ажилтай байсан. Тийм учраас манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах ёстой гэж үзэх юм бол зөрүү мөнгийг нь олгох ёстой гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн *******д холбогдуулан 2019 оны 03-р сарын 25-ны өдрөөс шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Д.******* ажлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш Улаанбаатар хотод тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд хэрвээ ажилгүй байсан хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж байсан бол түүний зөрүүг олгохоор заасан байдаг. Улаанбаатар хотод ажилтай байсан. Тийм учраас манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэж тайлбарлаж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь Завхан аймаг дахь сум Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, 4,726,272 төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0318 дугартай магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй.

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ныг дуустал хугацааны олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна. Уг олговрыг тооцохдоо Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ...буруу халсан үеийн олговрыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж тус тус заасан байх тул хэрэгт авагдсан Д.*******гийн нийгмийн даатаглын дэвтрийг үндэслэн сарын дундаж цалин хөлс болох /996,238 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс /46336 төгрөг/-өөр тооцон нэхэмжлэлд заасан ажилгүй байсан хугацааг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх 253 хоногийн цалингийн олговор 11,723,008 төгрөгийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар байгаа боловч нэхэмжлэгч нь 11,675,916 төгрөгийг гаргуулахыг хүсч байх тул хариуцагч Завхан аймгийн 11,675,916 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47092 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Завхан аймгийн ******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон Д.*******г ажилдаа орох талаар идэвхи санаачлага гаргаагүй, энэ хугацаанд Д.*******гийн буруутай үйлдлээс болж ажилд эгүүлэн томилоогүй гэх байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар дутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу Завхан аймгийн Тамгын газар нь нэхэмжлэгчид олгох 11,675,916 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардалга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 202,518 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11,675,916 /арван нэгэн сая зургаан зуун далан таван мянга есөн зуун арван зургаа/ төгрөгийг Завхан аймгийн гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47092 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 11,675,916 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Тамгын газрын санхүүд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 202,518 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ