Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2020/00193

 

 

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2020/00193

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч А.*******, хариуцагч Э.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж ******* нэхэмжлэлтэй ******* гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын иргэн ******* овгийн *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 онд *******тай танилцаж 2012 онд гэр бүл болсон. Бидний амьдралын хугацаанд 2012 онд охин *******, 2014 онд хүү ******* нар төрсөн. 2016 оны 1 сард эхнэр маань Улаанбаатар хот явж сургалтанд сууж төгсөөд ирсэн боловч архи пиво уудаг болсон байсан. Уусан үедээ гэртээ ирэхгүй гадуур хонож шоудох тохиолдол 1 бус удаа болсон. Эхнэр маань 2016 оны 5 сарын эхээр гэрээсээ явсан. Түүнээс хойш бид 2 одоог хүртэл тусдаа амьдарч байна. 2 хүүхэд маань одоог хүртэл надтай амьдарч байна. Тиймээс би энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч: Завхан аймгийн сумын багийн иргэн овгийн гийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* нь ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2010 онд танилцаж 2012 онд гэр бүл болсон. Энэ хугацаанд бид 2 хүүхэдтэй болсон. 2016 оноос хамт амьдрахаа больсон. 2 хүүхэд маань аавынхаа асрамжид байдаг. А.******* нь одоо гэр бүлтэй бид хамт амьдрах боломжгүй байгаа учраас гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхэдээ аавынхаа асрамжид байхыг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч: А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.*******тай 2014 гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Гэр бүл болсны дараа Э.******* суралцахаар Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хот явж ирснээсээ хойш зан харилцаанд нь өөрчлөлт орсон байсан. Мөн архи дарс уух болсон байсан. Би 2 хүүхдээ бодож Э.*******тай хамт амьдрахыг хичээсэн боловч Э.******* надтай амьдрахгүй гээд 2016 оны 04 сард Улаанбаатар хот яваад дахин эргэж ирээгүй. Одоо 2 хүүхэд над дээр өсөж бойжиж байгаа. Би одоо Э.*******тай эргэж нийлэх боломжгүй. Би өөр гэр бүлтэй болсон гэв.

Хариуцагч: Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.*******той 2011 оноос үерхээд 2014 онд хуримаа хийж гэр бүл болоод 2016 он хүртэл хамт амьдарсан. Манай аав, ээж хоёр 2014 он, 2015 онуудад нас барсан. Аав, ээжийгээ нас барснаас хойш би сэтгэл санаагаар их унасан байсан. А.******* манай аавыг өнгөрсний дараа надад нэг удаа гар хүрсэн. Мөн ээжийг маань нас барсны дараа дахин надад гар хүрсэн. Үүнээс болоод би А.*******ид их гомдож байсан. Би Улаанбаатар хотод амьдарч байхдаа А.*******ийг надаас уучлалт гуйгаад эргэж ирэх болов уу гэж хүлээсэн. Гэтэл А.******* надаас уучлалт гуйж ирээгүй. Надад хоёрын хоёр хүүхдээ орхиод явахад хэцүү байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би яагаад 2 хүүхдээ *******ийн асрамжинд үлдээх гээд байгаа юм бэ гэхээр би 2 хүүхдээ аваад явах ямар ч боломж байхгүй. Би цаашдаа ямар ч хүнтэй нийлээ билээ, одоо цаг үе хэцүү болсон учраас 2 хүүхдээ аавынх нь асрамжинд үлдээхийг хүссэн. Гэхдээ А.******* надтай манай 2 хүүхдийг уулзуулахгүй байгаа. Би 2 хүүхэдтэйгээ холбоотой байхыг л хүсэж байна. Би найз залуутайгаа танилцаад 4 жил болж байгаа, цаазшдаа хамт амьдрах бодолтой байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь ******* гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг хүч нэхэмжилжээ.

Хариуцагч Э.******* нь нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ аавынх нь асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би 2 хүүхдээ аваад явах ямар ч боломж байхгүй учраас 2 хүүхдээ аавынх нь асрамжинд үлдээхийг хүссэн гэжээ.

Гэрлэгсэд удаан хугацаагаар буюу 2016 оны 05-р сараас эхэлж тусдаа амьдарч байгаа ба тусдаа амьдрах хугацаанд хэн хэнээс нь эвлэрэх санаачлага гаргаагүй, энэ хугацаанд гэрлэгсэд аль аль нь өөр хүмүүстэй хамтын амьдралтай болсон, нэхэмжлэгч А.******* нь өөр эмэгтэйгээс хүүхэдтэй болсон, хариуцагч Э.******* нь өөр залуутай хамт амьдарч байгаа, цаашид хэн алин нь энэ хүмүүстэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа, гэрлэгсэд өмнө нь хамт амьдарч байх хугацаандаа хоорондоо таарамж муутай байсан болох нь тэдний өөрсдийнх нь тайлбараар тогтоогдож байна.

Иймд гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлаж, 2012 оны 12-р сарын 09-ний өдөр төрсөн охин М.*******, 2014 оны 11-р сарын 05-ны өдөр төрсөн хүү М.******* нарыг тэдний эцэг ******* асрамжид үлдээж шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1дэхь хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******, овгийн гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 12-р сарын 09-ний өдөр төрсөн охин М.*******, 2014 оны 11-р сарын 05-ны өдөр төрсөн хүү М.******* нарыг тэдний эцэг ******* асрамжид үлдээсүгэй.

3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

4. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

8. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ