Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 140/ШШ2020/00199

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 140/ШШ2020/00199

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.*******г Улаанбаатар хот Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрнаас онлайнаар оролцуулан шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцээд ******* ХХК-ны нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******-т холбогдох нүүрс худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 6.730.840 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани Завхан аймгийн ******* сумын *******-тай 2016 оноос хойш нүүрс нийлүүлэх гэрээ хийж хамтран ажиллаж байгаа билээ. Гэрээний үргэлжлэх хугацаанд ******* сумын ******* нь Цэцэрлэг сумын 7-р багийн иргэн С.*******аар нүүрсний тээвэрлэлтийг хийлгэхээр харилцан тохиролцсоны дагуу нийт 226.8 тн нүүрс татаж үүнээс 41.4 тн нүүрсний үнийг төлж, 185.4 тн нүүрсний үнэ болох 6.730.840 төгрөгийг төлөөгүй тооцоо үүсгэсэн байна. Дээрхи авлагыг барагдуулах талаар холбогдох хүмүүстэй удаа дараа утсаар ярьж мэдэгдсэн боловч нүүрсний төлбөрийг одоо болтол төлөөгүй байна. Иймд нүүрсний төлбөр болох 6.730.840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай сумын Засаг даргын тамгын газар болон манай төвсийн байгууллагууд ******* ХХК-тай 2015 оны 09 сарын 27-ноос 2017 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээ нь манай сумын Засаг даргын тамгын газрын дарга Цэрэннадмидын гарын үсэг, тамгатай, ******* ХХК-ийн гарын үсэг, тамга байхгүй, баталгаажаагүй гэрээ байдаг. Үүнээс хойш манай сумын ямар ч төсвийн байгууллага албан газар ******* ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй, нүүрс аваагүй. Мөн манай сумын сургууль, цэцэрлэг гээд манай сумын тамгын газрын нэр дээр 226 тонн нүүрсний өр үүсгээд ******* ХХК нэхэмжлэл өгсөн байна. Манай сум ******* гэдэг жолоочтой нүүрс тээвэрлэх талаар гэрээ хийгээгүй, зөвхөн утсаар яриад манай сумын байгууллагуудад нүүрс хэрэгтэй байна гээд *******, *******, , гэсэн жолооч нараас нүүрс худалдаж авдаг байсан. Манай сумын тамгын газар авсан нүүрснийхээ үнийг заримдаа жолооч нарын данс руу, заримдаа ******* ХХК-ийн данс руу хийдэг байсан. Би бүх дансыг шалгаж үзээд манай сумын тамгын газар ******* ХХК-тай нүүрсний тооцоогүй байна гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сум нь манай компаниас 2015 оноос хойш нүүрс татаж эхэлсэн. Ингэж хамтран ажиллахдаа Завхан аймгийн ******* сумаас албан ёсоор манай компанитай гэрээ байгуулаагүй. Манай компанид ажилладаг манай тосгоны жолооч С.******* гэдэг хүнтэй утсаар ярьж, манай сум ******* ХХК-иас нүүрс авах гэсэн юм аа гэж холбогдсон гэсэн. Тухайн жолооч нь манай компаниас нүүрс ачихдаа Завхан аймгийн ******* сум нүүрс авах гэсэн юмаа, намайг нүүрс авчирахдаа гэрээгээ аваад ир, ирэхээр чинь гэрээгээ хийнэ гэж байна, би эргэж ирэхдээ гэрээгээ хийчихээд ирье гээд 2015 оноос хойш манай компаниас нүүрс тээвэрлэсэн. Ингэж нүүрс авахдаа 2015 онд 980.000 гаруй төгрөгийн тооцоо үүсгэсэн байснаас үүнийг нь нүүрс тээвэрлэсэн жолооч *******аас 2016 онд суутгаж авч дуусгасан. Ингээд 2015 онд ямар нэгэн тооцоогүй явж байгаад 2016 он, 2017 онуудад ******* жолооч би ******* сумын төсвийн байгууллагуудтай гэрээ хийсэн учраас би нүүрс татах гэж байна гэж яриад манай компаниас нүүрс тээвэрлэж байсан. Нийт 226.8 тонн нүүрс татаж өөрөөсөө 41.4 тонн нүүрсний мөнгийг нь төлөөд одоогийн байдлаар 185.4 тонн нүүрсний мөнгө болох 6.730.840 төгрөгийг өдий хүртэл төлөөгүй байна. Уг мөнгийг 2018 оны 09 сард ******* сумын төсөвт байгууллагуудын газрын дарга нар нь ирж манай компанитай гэрээ хийгээд тооцоо нийлээд явсан. Тэгээд үлдэгдэл мөнгөө хийж байж дахин нүүрс авна гэсэн. Гэтэл 2018 он, 2019 онуудад нүүрс аваагүй. Сургууль, цэцэрлэг 2 бага хэмжээний нүүрс авсан. Харин тамгын газар нь нүүрс аваагүй. Тухайн мөнгөний үлдэгдэлийг ******* сумыг төлөөлж ирсэн дарга нар хүлээн зөвшөөрөөд, тооцоо нийлээд гарын үсэг зурсан учраас манай компани тооцоо нийлсэн баримтаа үндэслэн шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн 2015 оны 09 сарын 27-ны өдрөөс 2015 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл тамгын газрын дарга Цэрэннадмидтай байгуулсан гэрээ энэ ондоо хүчинтэй байгаад одоо хүчингүй болсон гэж үзэж байна. Үүнээс хойш манай байгууллага ямар нэгэн байдлаар ******* ХХК-тай гэрээ хийгээгүй. Мөн ******* гэдэг жолоочтой гэрээ хийгээгүй, нүүрс авах болохоороо *******, *******, , нартай утсаар ярилцаад нүүрс авч байсан. Манай байгууллага тухай, тухай бүр нь мөнгийг нь өгч байсан. 2017 онд 51.7 тонн нүүрс авсан, тэр нүүрс нь түлэх ямар ч боломжгүй байсан учраас ихэнхийг нь хогийн цэгт аваачиж хаяж байсан. дарга ******* ХХК-тай ярилцсаны үндсэн дээр 1 тонныг нь 33.600 төгрөгөөр тооцоод 720.000 төгрөгийг манай нягтлан бодогч ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Тийм учраас ******* ХХК-тай манай сум өр авлага дууссан гэж үзэж байна. Тооцоо нийлэхээр албан газруудын дарга нарыг очиход тус тусад нь албан газрын дарга нарт танилцуулж тооцоо нийлснийг би олж харсангүй. Тооцооны үлдэгдэлийн баталгаа нь 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 сарын 27-ны өдөр хүртлэх тооцоог хянаж үзсэн гэж үзэж байгаа учраас тооцооны үлдэгдэлийн баталгааг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх энэ асуудал юунаас үүссэн юм бэ гэхээр ******* ХХК ******* сумын тамгын газраас нүүрс худалдан авах гэрээний үүрэг шаардаад байгаа. Гэтэл тухайн гэрээ нь албан ёсоор байгуулаагүй буюу нүүрс тээвэрлэдэг жолоочоор өгч явуулсан ******* ХХК-иас баталгаажуулаагүй гэрээ учраас үүнийг албан ёсны гэрээ гэж үзэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл ******* гэдэг жолооч би очоод гэрээ байгуулаад ирье гээд очоод ******* ХХК-ийг төлөөлөөд очоод гэрээ байгуулах боломж байхгүй. ******* гэдэг жолооч ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд юм. Тийм учраас уг гэрээг анхнаасаа байгуулагдсан гэж үзэх боломжгүй, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Тийм учраас гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр хувьдаа том машинтай хэдэн жолооч нар ******* ХХК-иас нүүрс ачаад ******* сумын төсвийн байгууллагуудад нүүрс ачаад байсан зүйл л харагдаж байна. Тэгээд авчирсан нүүрснийхээ мөнгийг өөрсдийнхөө дансанд авдаг байсан нь нотлох баримт шинжлэн судалсан хэсгээс харагдаж байна. Мөн нотлох баримт шинжлэн судалсан хэсгээс харахад хааяа нэг ******* ХХК-ийн данс руу мөнгө шилжигдэн орсон байсан. Үүнээс үзэхэд ******* ХХК-тай ******* сумын Засаг даргын тамгын газар хэлцэл хийсэн зүйл харагдахгүй байна. Зөвхөн хувь жолооч нар ******* ХХК-иас нүүрс зээлээр аваад ******* сумын төсвийн 4 байгууллагад нийлүүлээд эргээд мөнгөө авч явдаг байсан зүйл л харагдаж байна. Тэгээд жолооч нар нүүрсний мөнгөө ******* сумын төсөвт байгууллагуудаас авчихаад эргээд ******* ХХК-нд нүүрсний мөнгийг ихэнхийг нь төлдөггүй өөрсдөө хэрэглэчихдэг байсан нь ******* сумын төсвийн 4 байгууллагын дансны хуулга, нүүрс тээвэрлэдэг байсан жолооч нарын дансны хуулга, ******* ХХК-ын дансны хуулгаас илт харагдаж байна. Энэ асуудал юунаас үүссэн бэ гэхээр ******* ХХК-Ны санхүү маш муу байна, нягтлан та өөрийн үүргээ маш муу хэрэгжүүлсэн байна. ******* ХХК-ийн тайлан тооцоонд ямар ч замбараа алга, жолооч нар ******* ХХК-иас нүүрс ачихдаа ******* сумын тамгын газарт нүүрс ачих гэж байгаа л гэж хэлдэг гэж байгаа. Үүнээс болоод ******* сумын тамгын газар дээр өр үүсээд байсан байна. Гэтэл жолооч нар дунд нь нүүрсийг чинь зараад мөнгийг чинь эргүүлж хийхгүй байсан зүйл л харагдаж байна. Энэ хэний буруу вэ гэхээр худалдан авагчийн буруу биш нийлүүлэгч өөрөө дансаа хөтлөөгүй, гэрээ байгуулаагүй, нэхэмжилж шаардаагүй байна. Үүний хариуд тухай, тухай бүр нь төлбөр тооцоогоо хийгээд байсан байгууллага яагаад хариуцлага хүлээх ёстой юм бэ, мөн нэхэмжлэгч байгууллага манай компани 2016 оноос хойш 226.8 тонн нүүрсийг ******* сумын тамгын газарт нийлүүлсэн гэж яриад байна. Гэтэл ******* сумын тамгын газарт 226.8 тонн нүүрс нийлүүлсэн гэх баримт байхгүй байна. Тамгын газарт гэсэн падаантай нүүрс ирээд Эрүүл мэндийн төв нүүрсний мөнгөний гүйлгээ хийдэг. Энэ нь юунаас харагдаж байна вэ гэхээр хэрэгт авагдсан нэхэмжлэхүүд болон банкнуудын дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараас харагдаж байна. Мөн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч тайлбартаа ******* сумын эрүүл мэндийн төв манай компаниас нүүрс авч байгаагүй гэсэн боловч ******* сумын эрүүл мэндийн төв ******* ХХК-иас нүүрс авч байсан нь эрүүл мэндийн төвийн дансны хуулгаас харахад *******, *******, , гэдэг жолооч нарын данс руу нүүрсний үнэ шилжүүлж байсан нь харагдаж байна. ******* сумын Эрүүл мэндийн төв гэхэд зөвхөн ******* жооочийн данс руу нүүрсний үнэ гээд 2016, 2017 онуудад 7.000.000 төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр ******* эрүүл мэндийн төвийн нүүрсийг тамгын газар болон бусад байгууллагад аваачаад өгчихдөг нь харагдаж байна. Гэтэл ******* ХХК ******* сумын тамгын газарт нүүрс өгөх гэж байна гээд бичээд үлдчихдэг, нөгөө ачуулсан нүүрс нь эрүүл мэндийн төв дээр буудаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллага ******* сумын Эрүүл мэндийн төв манай байгууллагаас нүүрс аваагүй гээд байдаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр танай 226.8 тонн нүүрсийг ганцхан ******* сумын тамгын газар аваагүй нь харагдаж байна. Уг нүүрсийг ******* сумын төсвийн 4 байгууллага авсан. ******* сумын төсвийн 4 байгууллага танай байгууллагын нэхээд байгаа 226.8 тонн нүүрс, хариуцагч байгууллагын гаргаад байгаа 226.4 тонн нүүрс нь харагдаж байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариуцагч талын гаргаж өгсөн дансны тооцоо харчихаад ******* манай данс руу нүүрсний үнэ 8.000.000 төгрөг хийсэн гэж хэлсэн гэтэл ******* гэдэг жолооч ******* сумын төсвийн 4 байгууллагаас нүүрсний үнэ гээд 28.000.000 төгрөг авсан байна. Гэтэл ******* жолооч танай данс руу нүүрсний үнэ 8.000.000 төгрөг хийсэн гэхээр дундаас нь 20.000.000 гаруй төгрөг идчихсэн байна. Танай байгууллага *******, *******, , гээд хувь хүмүүсээс банкны хуулга, болон бусад нотлох баримтуудыг үндэслээд ******* сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлээд байгаа энэ мөнгөө дараагийн удаа шүүхэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэх эрх тань нээлттэй байгааа. Танай байгууллага нэхэмжлээд байгаа энэ мөнгөө жолооч нараас нэхэмжлээд авах бүрэн боломжтой. Жолооч нарын дансны хуулгыг шүүж үзээгүй гэж байна, гэтэл дансны хуулгыг шүүж үзэх нь та нарын үүрэг шүү дээ. Манай тал жолооч нарын данс болон бусад байгууллагуудын дансыг шүүж үзээд жагсаалтаар гаргаж ирүүлсэн юм шүү. Үүнээс үзэхэд ******* сумын төсөвт 4 байгууллага 2016 оноос 2018 оны 01 сар хүртэл ******* ХХК-ны нүүрсний үнэд нийт 44.913.373 төгрөгийг банкны хуулгаас харахад төлсөн байна. Үүнийг би зохиож ярьж байгаа юм биш, банкны хуулга болон зарим нэг бэлэн мөнгө хийсэн орлого зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн гаргасан мөнгөн дүн. Зөвхөн дансаар 44.913.373 төгрөг танай нүүрсний үнэнд шилжүүлсэн байна. Үүнээс гадна бэлэн мөнгөөр шилжүүлсэн мөнгөн дүнг та нотлох баримт шинжлэн судлах хэсэг дээрээс харсан. Энэ бүгдийг нэгтгээд үзэхлээр ******* сумын төсвийн 4 байгууллага танай компаний данс болон жолооч нарын данс руу нийт 45.000.000, 46.000.000 гаруй төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс судлаад үзэхэд танай компани нэхэмжлээд байгаа 226.8 тонн нүүрсний үнэ тонн тутамдаа 33.000 гээд тооцоход 7.405.200 төгрөгийн нүүрсийг ******* сумын төсвийн 4 байгууллагад нийлүүлсэн байна. Тээврийн зардалд 18.831.010 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 1 тонн нүүрсийг километр тутамд 350.000 төгрөгөөр үржүүлээд тооцож үзэхэд ******* сум ******* ХХК-ийн хооронд 240 километр байдаг. 226.4 тонн нүүрсээ 240 километрээр үржүүлэхэд 53.846 төгрөг болж байна. Тонн тутмыг 350.000 төгрөгөөр үржихээр 18.839.600 төгрөгийг тээврийн зардалд жолооч нарт төлөх ёстой байсан байна. Үүнийг ******* сумын тамгын газар төлсөн байна. Танай нүүрсний төлбөрт 7.405.200 төгрөгийг төлсөн байна. Ингээд нийт ******* сумын төсвийн 4 байгууллага 26.254.800 төгрөг төлөхөөс 45.085.813 төгрөгийг төлж 18.831.010 төгрөгийг илүү төлсөн байна. Энэ илүү төлөлт яагаад үүсээд байна вэ гэхээр ******* ХХК-иас нүүрс давхардуулж авсан байх магадлал байна. Ийм илүү төлөлттэй байхад яагаад ******* сумын тамгын газар дахин нүүрсний үнэ төлөх ёстой юм бэ, танай компаний нүүрсийг тээвэрлэсэн жолооч нар төлөх ёстой. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тал өөрөө нүүрснийхээ тооцоог ч ойлгохоо байчихсан харагдаж байна. ******* сумын Эрүүл мэндийн төв нүүрс аваагүй гэхэд эрүүл мэндийн төв нь нүүрс аваад гүйлгээ хийсэн байна. Танай компани хувь хүний дансыг шүүх эрхгүй хэдий ч ямар нэгэн байдлаар тайлан тооцоогоо төрийн төсөвт байгууллагуудаас авч болох байсан. Танай компаний хариуцлагагүй байдлаас болоод ******* сумын тамгын газар шүүхэд дуудагдаж байна. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нүүрс худалдан авах гэрээ бол нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдгийг шүүгч харах байх. Тооцооны үлдэгдлийн баталгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад вэ гэхээр ******* сумын тамгын газрын дарга санхүү тооцооны асуудлыг мэдэхгүй. Тооцооны үлдэгдлийг санхүү төрийн сангийн хэлтсийн дарга *******той тооцоо нийлэх байсан. Мөн 2 талаасаа баримтаа шүүж үзэж тооцоо нийлэх ёстой байтал зөвхөн нэхэмжлэгчийн хэлснээр тооцоо нийлсэн байна. Ингэж үндэслэлгүй тооцоо нийлсэн нотлох баримтыг шүүх үнэлэхгүй байхыг анхаарч өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас нүүрс худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 6.730.840 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч компаны зүгээс 6.730.840 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа ...2016 он, 2017 онуудад ******* жолооч би ******* сумын төсвийн байгууллагуудтай гэрээ хийсэн учраас нүүрс татах гэж байна гэж яриад манай компаниас нүүрс тээвэрлэж байсан. Нийт 226.8 тонн нүүрс татаж өөрөөсөө 41.4 тонн нүүрсний мөнгийг нь төлөөд одоогийн байдлаар 185.4 тонн нүүрсний мөнгө болох 6.730.840 төгрөгийг өдий хүртэл төлөөгүй байна. Уг мөнгийг 2018 оны 09 сард ******* сумын төсөвт байгууллагуудын газрын дарга нар нь ирж манай компанитай гэрээ хийгээд тооцоо нийлээд явсан гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******азар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...******* ХХК-тай 2015 оны 09 сарын 27-наас 2017 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээ нь манай сумын Засаг даргын тамгын газрын дарга Цэрэннадмидын гарын үсэг тамгатай, ******* ХХК-ны гарын үсэг, тамга байхгүй, баталгаажаагүй гэрээ байдаг. Үүнээс хойш манай сумын ямар ч төсвийн байгууллага албан газар ******* ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй, нүүрс аваагүй. Манай сум ******* гэдэг жолоочтой нүүрс тээвэрлэх талаар гэрээ хийгээгүй, зөвхөн утсаар яриад манай сумын байгууллагуудад нүүрс хэрэгтэй байна гээд *******, *******, , гэсэн жолооч нараас нүүрс худалдаж авдаг байсан. Манай сумын тамгын газар авсан нүүрснийхээ үнийг заримдаа жолооч нарын данс руу, заримдаа ******* ХХК-ийн данс руу хийдэг байсан. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа ******* жолооч Завхан аймгийн ******* сумын тамгын газартай гэрээ хийсэн учраас манай компаниас нүүрс тээвэрлэдэг байсан гэж тайлбарласнаас үзэхэд жолооч ******* л ******* ХХК-тай тооцоотой юм уу гэж харагдаж байна. Би бүх дансыг шалгаж үзээд манай сумын тамгын газар ******* ХХК-тай нүүрсний тооцоогүй байна гэж үзэж байна гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох зорилгоор 2016-2017 онуудын зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, нүүрс худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч компаниас ******* сумын *******азартай нүүрс худалдах худалдан авах зорилгоор хийгдсэн гэх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байгаагийн дээр гэрээний нэг тал болох ******* ХХК нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тус компаныг жолооч ******* төлөөлж гэрээ хийх бүрэн эрхтэй эсэх нь тодорхойгүй, гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадсан эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд ******* ХХК ба Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нарын хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна гэж шүүх үзэв.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй учир хэн алинд нь шаардах эрх, үүрэг үүсэхгүй байна.

Болсон үйл баримтаас харахад хүнд даацын автомашинтай жолооч нар болох С.*******, Ж.Мөнхтөр, М.*******, нар нь ******* ХХК-наас нүүрс ачиж Завхан аймгийн ******* сумын төсөвт байгууллагуудад буулгадаг, төсөвт байгууллагууд нь жолооч нарын данс руу нүүрсний үнийг тээврийн зардлын хамт шилжүүлдэг байсан байна.

Тэдгээр жолооч нар ******* ХХК-наас нүүрс ачихдаа Завхан аймгийн ******* сумын *******азарт буулгана гэх мэтээр хэлээд ачуулдаг, харин ******* ХХК зүгээс тухайн төсөвт байгууллагад нүүрсний захиалга байгаа эсэх, тухайн нүүрс тухайн байгууллагадаа буусан эсэхийг эргэж асууж нягталдаггүй байсан нь харагдаж байна.

Энэ байдал нь гэрч тус сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Ц.ын ...2016, 2017 онуудад тус эмнэлэг ******* ХХК-наас ойролцоогоор 60 тонн орчим нүүрс авсан. Авсан нүүрснийхээ төлбөрийг жолооч нарын данс руу шилжүүлдэг байсан гэсэн мэдүүлэг, гэрч тус сумын боловсролын нягтлан бодогч Ө.ын ...2016-2018 онуудад сургууль цэцэрлэг хоёр хоёулаа л ******* ХХК-наас нүүрс авч байсан ******* жолоочийн ХААН банкны данс руу нүүрсний үнэ, тээврийн зардлын хамт шилжүүлдэг байсан гэсэн мэдүүлэг, ХААН болон Төрийн банкуудаас гаргуулсан жолооч нарын дансны хуулгаар давхар нотлогдож байна.

******* ХХК-ныг төлөөлж нягтлан бодогч Л.******* болон ******* сумын *******-ыг төлөөлж Засаг дарга Ц. нар 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2018 оны 10-р сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд төлсөн төлөлтийг байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийг нэг бүрчлэн нийлж үзэхэд 6.730.840 төгрөгний үлдэгдэлтэй байна гэж тооцсон байна.

Энэ тооцоо нийлсэн баримтаас харахад 2016, 2017 онуудын баримтуудыг нийлж үзээгүй байгаа ба, 2018 оны 01 сараас 10 сарын хооронд 6 сая гаран төгрөгний нүүрсний тооцоо гарах боломжгүй учир дээрх тооцооны үлдэгдлийн баталгааг бодит үнэнд нийцэхгүй эргэлзээтэй байна гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч компаниас гаргаж ирүүлсэн зарлагын баримтын худалдан авагчийн нэр гэсэн хэсэгт ******* сумын ******* гэсэн, тээвэрлэгчийн хаяг, албан тушаал, нэр гэсэн хэсэгт ******* 58-44, Энхбаатар 62-51, Г.Галбадрах 49-01, ******* 76-60, С.******* 62-51 ХӨВ гэх мэтээр бичигдсэн байгаагаас харахад эдгээр жолооч нараар тээвэрлүүлээд байсан хирнээ ямар нэгэн Тээвэрлэлтийн гэрээ хийж байгаагүй байна.

Ийнхүү тээвэрлэгдээд ирсэн нүүрс нь ******* ХХК-ны нүүрс юмуу эсхүл жолооч нарын худалдаж авч ирсэн нүүрс юмуу гэдэг нь ойлгомжгүй байснаас харилцагч байгууллагууд зарим нүүрсний үнийг компаны данс руу, заримыг нь жолооч нарын данс руу шилжүүлж байсан байна.

******* ХХК-ны зүгээс харилцагч байгууллагууддаа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ харилцан уялдаатай байж тээвэрлэлт, гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцөл, дансны дугаар зэргээ тодорхой заагаагүйгээс үл ойлголцол, тодорхойгүй байдал үүсч компани эрсдэлд орсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛ, 116, ДУГААР ЗҮЙЛИЙН 116.2.3, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ны нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******-аас нүүрс худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 6.730.840 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.643 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ