Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 140/ШШ2020/00219

 

 

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 140/ШШ2020/00219

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.******* /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, М.*******ийн нэхэмжлэлтэй Г.*******ад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Г.*******тай 2014 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2015 онд охин И.******* төрсөн. Хамт амьдарч эхлээд эхний 2 сар бусдын адил сайхан байсан. Анх 2015 онд 1-р сарын 22-нд Идэр бат гар хүрч зодсон. Түүнээс хойш гэр бүлийн хүчирхийлэлд их өртсөн. Эрүүл байсан ч архи уугаад согтуу үедээ ч хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргаж доромжлон тохуурахдаг болсон. Ийм байдалтай 4 жил ганц охиноо л бодож хамт амьдарсан. Хууль хяналтын байгууллагад хандах гэхээр газар зүйн байрлалаас хамаараад зарим тохиолдолд сүлжээгүй болчихдог. Мөн холбоо барих хэрэгслээ ******* нуудаг байсан. Би энэ хүнтэй таарч тохирохгүй хамт амьдрахад үнэхээр хэцүү байна. Бид хоёр тусдаа амьдраад 5 сар болж байна. 2018 оны 08 сарын 18-нд ******* өөрийн биеэр төрсөн гэрт минь охины хамт намайг хүргэж өгсөн. Бид хоёрыг хүргэж өгөхдөө ******* өөрөө эцэг эхэд минь бид хоёр үнэхээр таарч тохирохгүй байна гэдгээ хэлж хүргэж өгсөн. Энэ үед охин бид хоёр өмсөж байсан хувцастайгаа хүргэгдэж ирсэн. Өөрсдийн гэсэн хувцас эд зүйлсээ авч чадаагүй. Авах гэтэл ******* загнаж дараа ирж авахгүй юу гэж хэлсэн. Бид хоёрын хамтын амьдрал цаашид үнэхээр сайн сайхан үргэлжлэх боломжгүй болсон. Юм л болвол ******* үг хэлээр доромжлон дээрэлхэж гар хүрэх зодох тохиолдол нь улам бүр их болсон. Ийм учраас гэрлэлтийг минь цуцалж, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжидаа авч, хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгож, дундын хөрөнгийг хувааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.******* нь 2014 онд М.*******тай гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд охин И.******* төрсөн. Биднийг анх гэр бүл болоход Цэцэн-Уул сумын Оройн товгор багийн Барзан гэдэг газарт манай аав Г. хаяандаа шинэ гэр барьж өгч, надад хуваарьт хөрөнгийг маань тасдаж өгөн, хурим найрыг маань хийж өгсөн. Энэ цагаас хойш манайх байнга аавынхтай айл, хөрш амьдарч байна. Бид анх гэрлэсний дараа сайхан амьдарч байсан боловч М.******* нь өдөр ирэх тутам хардаж, сэрдэх нь ихсэж, сэтгэцийн өвчтэй хүн шиг аашлах болсон. Би хөдөө мал малладаг хүн учраас хол ойр адуу малдаа явах зуур ******* намайг гараад ороод ирэхэд хэнтэй хамт байгаад ирэв гэж хардаад, гэрийн ойр байдаг хар хад Арслан чулуу гэх хадтай уулуудын орой дээр гараад суучихдаг болсон. Уулан дээр гараад нисэж үхлээ, амиа хорлолоо гээд орилж чарлаад явдаг болсон. Энэ байдал нь улам даамжирсаар адуу мал гээд яваад ирэхэд л хардаад гэрт байдаг бууны сумыг хармаандаа хийчихээд би амиа хорлох гэж байсан юм гэх зэргээр галзуу хүн шиг авирладаг болсон. Мөн хардаад хутга бариад өөрийгөө ална гэж хүртэл дэмийрч байсан. Сүүлдээ манайхтай айл байдаг манай аав, ээж маань энэ талаар мэддэг болж, ингэж хардаж сэрдсэндээ уул хадруу орилж гүйж байгаад олон хавар нэгэндээ гэдэг шиг нэг өдөр М.******* амиа хорлох вий дээ гэж айдаг болсон.

Иймэрхүү байдалтай бид амьдарч байгаад 2018 оны 08-р сард би сумруу найранд яваад найзтайгаа ирэхэд М.******* намайг оройтож ирлээ гээд манай найз Зоригоо руу хүртэл хэл амаар доромжилсон. Маргааш нь би адуундаа явах гэж байтал М.******* утас барьчихсан уул руу явж байсан. Тэгэхээр нь араас нь очоод түүнд миний хөгшин янз бүр болчихолгүй байж бай бүр болохгүй байгаа бол би адуунд явж ирээд би аавынх руу чинь хүргэж өгье гэж гуйгаад, тайвшируулаад адуундаа явсан. Адуугаа хайгаад 2 хоноод адуугаа олоод гэртээ иртэл М.******* гэртээ байхгүй, гэрийн доторхи эд хогшил байхгүй байсан. Тэгээд би ээжээс юу болсон талаар асуутал М.******* чамайг эзгүйд 2 хоног гэрийн доторхи эд хогшлоо шатаалаа гэж хэлсэн. Тэр хамаг юмаа шатаасан байсан. Тэгээд би түүнд санаа зовж, ингэсээр ингэсээр энэ хүн амиа ч хорлох магадлалтай болсон байна гэж айсан учраас М.*******ийг ******* сумын ******* багт байдаг хадмынд хүргэж өгсөн. Тухайн үед би М.*******ийг өөрийн төрсөн гэртээ хариад хэсэг зуур тайвшраад ир байх гээд охинтойгоо хамт хадмынд хүргэж өгсөн. Өмнө нь бас М.******* охиноо хөхнөөс гараагүй байхад намайг хардаад хөхнөөсөө гараагүй охин бид хоёрыг орхиод 20 гаруй хоног аавынх руугаа явж байсан. Тэгээд би очиж авчирч байсан. Би ганц охиноо бодоод 4 жил энэ хүний хардалт, ааш авирыг тэвчиж ирсэн. Цаашид ч салах бодол алга. Хэрвээ шүүхээс биднийг салгах дээрээ тулвал би охиноо өсгөмөөр байна. М.*******ийн зан байдал хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж айж байна. Эд хөрөнгийн тухайд М.******* 2014 онд анх гэр бүл болоход гэрээсээ 20 хонь, 21 ямаа, 7 адуу, 7 үхрийн хуваарьт хөрөнгөтэй ирсэн. Бусад нь миний хуваарьт хөрөнгө юмаа. Би эцэг эхээс өвлүүлж өгсөн өөрийн хуваарьт хөрөнгөө М.*******т өгөхгүй. Иймд би М.*******аас ганц охиноо бодоод салах бодолгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан учраас Г.*******аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрам болон тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна. Дундын эд хөрөнгийн талаар бид 2 харилцан тохиролцсон. Би хүүхдээ өөрийхөө асрамжинд авч гэрлэлтээ цуцлуулж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна гэв.

Нэхэмжэлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* нь Г.*******аас гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг болон асрам тогтоолгох дундын эд хөрөнгө хуваалгахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн талаар харилцан тохиролцсон учраас уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Яагаад М.******* нь Г.*******аас гэрлэлтээ цуцлуулах гээд байгаа юм бэ гэхээр нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаан болон нэхэмжлэлийн тайлбар дээрээ бичсэн байдаг. Г.*******тай хамт амьдарч байх хугацаандаа Г.******* намайг зодож дарамтладаг, мөн хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилдог байсан. Хамгийн анх 2015 онд надад гар хүрч байсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. 2015 оны 04 сард Г.******* намайг утсаар ярьлаа гэж зодож нүүр ам хөхрүүлсэн мөн 2015 оны 05 сард Г.******* согтуу ирээд миний ууж идэх чамд хамаагүй гэж зодож байсан, мөн намайг жирэмсэн байх орон дотор минь хүртэл зодож байсан гэсэн нэхэмжлэгчийн удаа дараагийн тайлбарууд байдаг. Мөн хамгийн сүүлд 8 сард айлын хурминд явж ирээд найзыгаа өмөөрч найзынхаа дэргэд М.*******ийг барьж авч зодож байсан үүнээс 2 хоногийг дараа М.*******ийг гэрт нь өөрийн биеэр хүргэж өгсөн. Мөн зодож нүдсэний дараа биед нь хөхрөлт, няцралт үүсэн байхад Г.******* утсаа авчихаад надад өгдөггүй байсан гэсэн тайлбарыг өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэгч гаргасан. Ийм байдлуудын улмаас М.******* Г.*******аас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэхээр 3 сарын хугацаа өгсөн. Энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хэлэлцэгдсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар эвлэрэх хугацааг 3 сараар өгсөн. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Гэрлэгчид эвлэрэх боломжгүй байвал эвлэрүүлэх хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцлана гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана. Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хэн хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлын нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ гэж заасан байна. Хүүхдийн асрамжийн талаар 2 тал маргаагүй байна. Хүүхдийг хэний асрамжинд байвал зохимжтой талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын шинжээчийн дүгнэлт, Хүүхэд залуучууд гэр бүл хөгжлийн газрын шинжээч Нинжбадгар, Базарсад нарын хамтарсан дүгнэлтээр М.*******ийг хүүхдээ асрах бүрэн боложтой гэж үзсэн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Харин Г.*******ыг хүүхдийг асрах боломжтой гэсэн дүгнэлт гарсан боловч уг дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гаргасан дүгнэлт нь хуулбар хувь ирсэн. Мөн уг дүгнэлтийг гаргасан хүмүүс дүгнэлтэндээ гарын үсэг зураагүй, нэрийг нь бичсэн, мөн дүгнэлт гаргасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Г.*******ын хамаатан болох багийн Засаг дарга Цэвэгжав гэдэг хүн орсон. Үүнээс үзэхэд уг дүгнэлт нь бодит байдалд нийцсэн дүгнэлт гэдэг нь эргэлзээтэй гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр уг дүгнэлтийг гаргахад Г.*******ын хамаарал бүхий хүн байлцсан учраас. Охин Г.******* нь аав ээжийгээ тусдаа амьдарснаас хойш буюу 2018 оны 08 сараас хойш ээж М.*******тай хамт амьдарч байгаа. М.*******ийг хүүхдээ асрах боломжтой гэж гарсан дүгнэлтийг үндэслэн Г.*******ыг эх М.*******ийн асрамжинд үлдээх нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Мөн хариуцагч талаас М.*******ийг хүүхдээ ээж, дүү дээрээ үлдээгээд ажил хийгээд явсан гэж тайлбарласан. М.******* нь өөрийгөө болон хүүхдээ тэжээн тэтгэхийн тулд Үндсэн хуульд заасны дагуу ажил хийх эрхтэй. М.*******д олдсон ажил нь л Баян айрагт 28/15 хоногийн ажил байсан болохоос хүүхдээ хаяад ажил хийсэн зүйл биш. Хүүхдээ тэжээхийн тулд ажил хийх ёстой. Мөн цаашдаа М.******* нь сумынхаа эмнэлгийн байгууллагад ажилд орохоо хэлсэн. М.*******ийн ажил хийх эрхийг нь хэн ч хаагаагүй, ажил хийх эсэх нь тухайн хүний хувийн асуудал. Ийм учраас нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжэлэлтэй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн эд хөрөнгийг талаар ямар нэгэн маргаан байхгүй ба тохирсон ёсоор малаа өгч авсныг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдээ өөрийн асрамжиндаа авахыг л хүсэж байна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би М.*******тай хамт амьдарч байх хугацаандаа түүнийг дарамтлаж байсан зүйл байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлгоод бусад шаардлагын талаар тайлбар гаргая. Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт байхгүй баримтын талаар их ярьж байна. М.*******ийн дүүгийн мэдүүлэгт М.*******ийг Г.******* нэг удаа түлхэж байхыг харсан гэсэн мэдүүлэг байгаа болохоос биш Г.*******ыг М.*******ийг зогсоо зайгүй зодоод байдаг гэсэн асуудал яригдаагүй. Мөн энэ талаар Завхан аймгийн Цэцэн-Уул сумын хамтарсан баг хуралдаад дүгнэлт гаргасан. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээн дээр Г.*******ын зан байдлыг тайван тогтвортой, эхнэр хүүхдээ зоддог, гар хүрдэг нөхцөл байдал байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Харин М.*******ийг зан аашийн хувьд хурц ширүүн, хартай энэ нөхцөл байдлаас болоод энэ гэр бүл салах болсон гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл энэ дүгнэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүчин төгөлдөр биш гэж байна. Хамтарсан багийг хуралдахад тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга болон хурлын дарга гарын үсгээ зурдаг. Нарийн бичгийн дарга болон хурлын дарга гарын үсгээ зурсан байна. Гишүүдийн нэр хурлын ирц дээр бичигддэг учраас хурлын дарга, нарын бичиг 2 гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Мөн нөхцөл байдлын үнэлгээг хуулбар хувь гэж байна. 2 талаас хүсэлт гаргасны дагуу шүүх санаачилгаараа хэргийг түдгэлзүүлж шинжээч томилох захирамж гаргасан. Нөхцөл байдлын үнэлгээ нь шүүгчийн захирамжаар ирж байгаа нотлох баримт, үүнийг талууд гаргаагүй. Өмнөх шүүх хурал болон өнөөдрийн шүүх хурал дээр ярьж байгаа зан байдлыг нь хараад байхад Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Гэрлэгчид эвлэрээгүй буюу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан үзээд хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэсэн нөхцлийг л харгалзан үзнэ. Түүнээс биш эцэг эхийн ар гэр болон бусад байдлыг харгалзаж үзэхгүй. Гэрлэгчид л хүүхдээ асран хамгаалахаас биш тэдгээрийн ар гэр хүүхдийг харж хандах нөхцөл байхгүй. Тийм учраас Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасан нөхцөл байдалд Г.*******ыг илүү хамаарч байна. Г.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг л гэж байна энэ нь бас тогтоогдоогүй. Харин М.******* нь ёс суртахуун, зан байдлын хувьд тогтворгүй, ширүүн, түргэн ууртай гэдэг нөхцөл байдал нь харагдаж байна. Хүүхэд хамт амьдарч байгаа хүнтэйгээ адилхан зан ааштай болдог. Яагаад шүүх гэрлэгчдийн зан байдлыг харж үзээд байна вэ гэхээр хүүхдэд нөлөөлөх байдлыг нь харгалзаж үздэг. Энэ бол маш том шалгуур гэдгийг шүүх анхаарах байх. Г.******* М.*******тай тусдаа амьдарснаас хойш хүүхдийнхээ төлөө явдаг байсан нь харагдаж байна. Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа намайг хүүхэд дээрээ очиход манай хүүхэд намайг дагаж уйлаад байдаг, мөн ээжийнх нь ах зоддог гэж ярьж байна. Мөн М.******* ажил хийгээд хүүхдээ хаяад явчихдаг, М.*******ийн ар гэрийхэнд нь хүүхэд нь байдаг гэдэг зүйл яригдаж байна. Тэгэхээр цаашдаа М.******* хүүхдээ өөрөө харж асрана гэх баталгаа алга, өмнөх шүүх хуралдаан дээр М.*******ийг хүүхдээ төрөөд сар болоогүй байхад хүүхдээ хаяад уурлаад ээж, аавруугаа явж байсан гэж ярьж байсан. Үүнээс үзэхэд М.*******д хүүхдээ хаяад явчихдаг хандлага их харагдаж байна. Энэ байдлыг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Хэрвээ цаашдаа М.******* хүнтэй суулаа гэхэд хүүхдээ хойд эцэгт нь үлдээгээд яваад байх уу, ирээдүйд охин хүүхдийг янз бүр болгочих юм бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ, энэ талаар Г.*******ын санаа их зовж байгаа. Шүүх М.*******ийн хүүхдээ харж хандаж байгаа хараа хяналт сул байгаа нөхцөл байдлыг нь харгалзаж үзээсэй гэж хэлмээр байна. Гэр бүл салах болсон шалтгаан нөхцлийн талаар нөхцөл байдлын үнэлгээнээс харагддаг. Эхнэр болох М.******* нь их хардамтгай, түргэн ууртай, байнгын хэрүүл маргаан хийж байдаг нөхцөл байдлаас болоод хамт амьдрах боломжгүй болсон гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт зүгээр нэг дүгнэлт биш. Шинжээчийн дүгнэлтийн хүрээнд хийгдсэн нөхцөл байдлын үнэлгээ. Үүнийг шүүх харгалзаж үзэх байх. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Г.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэх нотлох баримт байхгүй. Өмнөх шүүх хурал дээр М.******* Г.*******ыг хүүхдэд ширүүн ханддаггүй гэж байсан, гэтэл өнөөдөр Г.*******ыг хүүхдэд муухай ааш зан гаргадаг гэж байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч худал мэдүүлэг өгч байгаа нөхцөл байдал харагдаж байна. Г.*******ын тайлбар өнөөдрийг хүртэл тогтвортой байгаа. Тийм учраас хүүхдийг Г.*******ын асрамжинд үлдээж өгөөч, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь Г.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай маргаан шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

М.*******, Г.******* нар нь 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан 000007 дугаарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин И.*******ыг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогджээ.

Г.******* нь М.*******ийг дарамталдаг, бие махбодийн хүчирхийлэл үзүүлдэг байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үгүйсгэхгүй байна. М.*******, Г.******* нар таарч тохирохгүйн улмаас 2018 оны 08 сараас хойш тусдаа амьдарсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.*******, Г.******* нар нь 2018 оны 08-р сарын 18-наас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хэн аль нь хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2019 оны 06-р сарын 18-ны өдөр 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар тогтоосон байна.

Гэтэл нэхэмжлэгч М.*******, хариуцагч Г.******* нарын аль нэг нь энэ хугацаанд хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлахаас өөр боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй, энэ талаар маргаж байгаа бөгөөд хүүхдийн насны байдал болон охин И.******* нь гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд эхийн асрамжид байсан зэргийг харгалзан түүнийг эх М.*******ийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч М.******* нь дундын эд хөрөнгө гаргуулахыг хүссэн байсан бөгөөд шүүх хуралдааны явцад энэхүү шаардлагаасаа татгалзсныг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хүүхдээ хамтран асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр үлдэнэ.

Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, овогт н ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Нэхэмжлэгч М.*******ийн дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин И.*******ыг эх М.*******ийн асрамжид үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1,41.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин И.*******ыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.*******аас тэтгэлэг гаргуулсугай.

5. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.*******т даалгасугай.

6. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

7. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

8. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар Г.******* нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

10. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 95980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д 70200 төгрөгийг олгож, 25782 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

11. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

12. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

13. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ