Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 58

 

 

Б.Жанцангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 153/ШШ2018/00591 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт 4-13 тоотод бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 15-4 тоотод түр оршин суух, Хүрд овогт Баянзулын Жанцангийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, Олхонууд овогт Төмөр-Очирын Жаргалсайханд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энх-Отгон, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 6,050,000 /зургаан сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлийн агуулга: Манайх Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4-14 тоотод байрлах хашаанд 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр анх очиж буусан. Анх Т.Жаргалсайханы эцэг эх хоёртой нь тохироод боломжоороо мал оролцуулж авъя гэж 5,000,000 төгрөгөөр тухайн хашааг худалдаж авахаар тохиролцсон. 2010 оны 12 дугаар сард 400,000 төгрөгийг Т.Жаргалсайханы эх н.Алимаад бэлнээр өгсөн. 2011 оны хавар Т.Жаргаласайханы эцэг Д.Төмөр-Очир, эх Алимаа нарт 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2011 оны 11 дүгээр сард нас гүйцсэн сарлагын үхрийг 250,000 төгрөгөөр үнэлж өгсөн. Хашааны өмчлөлийн гэрчилгээг Д.Төмөр-Очир бид хоёр хөөцөлдөж байгаад миний нэр дээр болгосон. 2015 онд Т.Жаргалсайхан гэр бүл болж хуримаа хийх гэж байна гээд манайд Д.Энх-Отгоны хамт ирж хашааны гэрчилгээг миний нэр дээр болгоод өгчих, би зээл авах гэсэн юм гэж гуйхад би өөрийнхөө нэр дээр байсан тус хашааны гэрчилгээг Т.Жаргалсайхны нэр дээр болгосон. Хашаанд байсан байшин нь кадастрийн зурагт ороогүй байсан.

             Би хөөцөлдөж байгаад гэрчилгээ гаргуулж өгсөн. Т.Жаргалсайхан эцгийнхээ авсан мөнгийг тооцохгүй гээд би өгсөн юм чинь тооцно гэж хэлсэн. Т.Жаргалсайхан над руу утсаар ярьж хашааныхаа мөнгийг өг гэхэд миний амьдралын боломж тааруу хашааныхаа мөнгийг өгч чадахгүй гэхэд Т.Жаргалсайханы эхнэр хашаанаас одоо нүүж зайл гээд манай гэрийн бүсийг тайлсан. Сая тайлбартаа гэрийн талаар бичсэн байна. Намайг их л гүтгэсэн байна. Хашаанд 67 ширхэг гэрийн унь байгаа. Би хулгайлаагүй одоо очоод авсан ч манайд байгаа. Эвлэрлийн гэрээ байгуулахаас өмнө би Т.Жаргалсайханд 2015 оны 08 дугаар сард 2,000,000 төгрөг өгсөн. Дараа нь 2015 оны 09 дүгээр сард 2,000,000 төгрөг өгсөн. Эвлэрлийн гэрээ байгуулсан. Т.Жаргалсайхан хашааныхаа үнийг удаа дараа ирж шаардсан. Эвлэрлийн гэрээ байгуулаад 2016 оны 07 дугаар сард 6,000,000 төгрөг өг гээд шаардлагаа нэмж эвлэрлийн гэрээ байгуулсан. Манай хүүхдүүдэд ажилд олдохгүй байсаар байгаад хашааныхаа мөнгийг төлж чадаагүй. Хугацаандаа мөнгөө өгөөгүй болохоор Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хандсан учраас хашааг нь суллаж өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч, Т.Жаргалсайхан, эхнэр Д.Энх-Отгон нар ирэхэд би хашааг нь хүлээлгэж өгсөн. Хариуцагч талаас 6,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: Б.Жанцан гуайг гүтгэсэн гээд яриад байна өөрийнхөөрөө ойлгох байх гэж бодож байна. Бид нар тусдаа орон гэртэй. Худал хэлж хашааны гэрчилгээ аваагүй. 2009 оноос 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4-14 тоотод байрлах манай хашаанд Б.Жанцангийнх байсан. 2012 оны 08 дугаар сард хашааны мөнгийг Т.Жаргалсайхан бид хоёр нэхсэн боловч мөнгө байхгүй гээд өгөөгүй. 2017 оны 03 дугаар сард хашааг суллаж өг, танай авахгүй бол манайх өөр хүнд заръя гэхэд бид нар очих газар байхгүй гээд хугацааг сунгасан. 2016 онд Б.Жанцантай очиж уулзахад түрээс төлөхөөр тохирсон. Бас л худлаа байсан. Хоёр удаа гэрээ хийхийг хүссэн боловч гэрээ хийгээгүй, цаараглаад байсан. 2016 оны хавар ноолуурын үеэр 2,000,000 төгрөгийг Т.Жаргалсайханд өгсөн. Үлдэгдэл мөнгийг хэзээ өгөх вэ гэж асуухад 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эхнэрийн тэтгэврийн зээл дуусаж байгаа, манай хүүхдүүд хотод барилга дээр ажилладаг цалин тэтгэврийг нийлүүлж байгаад 2016 оны 08 дугаар сарын 08-ны дотор өгье гэж хэлсэн. 2016 оны 08 дугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд 2,000,000 төгрөгийг нэг, нэг сая төгрөгөөр 2 удаа цувуулж өгсөн. Б.Жанцан гуай манайд нийт 4,000,000 төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгнө гэж тохирсон боловч бас л өгөөгүй. Мөнгөө нэхээд гэрт нь очихоор байхгүй хөдөө явчихсан гэж хэлсэн. Гэрээс нь том охинд нь хөөгдөөд гарсан. Тэгээд зах дээр Б.Жанцан гуайтай санамсаргүй тааралдсан. Хашааны мөнгөө нэхэхэд Б.Жанцан гуай Надад өгдөг юм байхгүй 4,000,000 төгрөгөндөө хашаагаа өг эсвэл миний 4,000,000 төгрөгийг буцааж өг, тэгвэл би танай хашаанаас нүүнэ гэж хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мөнгө төлөөд ажиллагаа явагдсан. Мал оролцуулъя гэхэд Сарлаг үхрээ зах зээлийн ханшнаас хоёр дахин үнэтэйгээр үнэлэхэд бид нар зөвшөөрөөгүй. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хашаанаасаа албадан нүүлгэсэн. Олон жил худлаа ярьж явсан. Олон жил хүний хөрөнгө дээр өөрийнхөө амьдралыг бодож амьдарсан. Манай хашааг банкны барьцаанд олон удаа тавьсан. Бид нар олон жил хөрөнгөө хүнд үнэгүй ашиглуулсан. Гомдолтой байна. Би зуун төгрөг ч эргүүлж өгөхгүй....4,000,000 төгрөгийг нөхөр бид хоёр авсан. Сая аав 250,000 төгрөгөнд бодож үхэр авсан гэж байна. Мөн манай нөхөр 500,000 төгрөг авсан гэж бичсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нийт хашааны мөнгөнд 4,750,000 төгрөг авсан байна. Гэхдээ нэг ч төгрөг өгөхгүй. Маш их хохирсон....Нэхэмжлэгчид 4,000,000 төгрөгийг өгч чадахгүй. Би олон жил хохирсон гэжээ.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2018/00591 дугаар шийдвэрээр 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 заасныг баримтлан хариуцагч Т.Жаргалсайханаас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жанцанд олгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Жанцангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,750 /нэг зуун арван нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамж 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жанцанд олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Б.Жанцан нь 6.050.000 төгрөг төлсөн эсэх баримтаар нотлогдоогүй хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй нотлох баримт эргэлзээтэй мөн амьдарч ашиглаж байсан түрээсийн төлбөрийг бодитой үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Жанцанд олгох 4.000.000 төгрөгөөс түрээсийн төлбөрийг хасаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Жанцан нь Т.Жаргалсайханд холбогдуулан хашаа худалдан авахаар өгсөн 6.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Жанцан нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган 4.000.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ.

            Хариуцагч Т.Жаргалсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энх-Отгон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ “нэхэмжлэгч Б.Жанцанд хашаагаа худалдахаар түүнээс 4.750.000 төгрөг авсан. Гэвч хашаанд 2009 оноос 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй байсан. Б.Жанцан нь хашааг банкинд барьцаалж зээл авч амьдралдаа хэрэглэсэн. Б.Жанцан хашааг эрт суллаж өгсөн бол хашааг бусдад худалдаад одоо банкны өргүй байх байсан. Маш их хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээнд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Б.Жанцан нь 2010 оны 9 дүгээр сард Д.Төмөр-Очирын эзэмшлийн хашаанд буусан бөгөөд уг хашааг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. Тохиролцсоны дагуу Д.Төмөр-Очир нь хашааг Б.Жанцангийн өмчлөлд шилжүүлэн өгсөн боловч Б.Жанцан нь хашааны үнийг төлөөгүй тул 2012 онд Д.Төмөр-Очир нь хашааны үнийг шаардах эрхээ хүү Т.Жаргалсайханд шилжүүлэн өгчээ.

            2016 оны 3 дугаар сард хашааны үнийг өгөлгүй олон жил болсон, хашааны үнэ өссөн гэдэг шалтгаанаар Б.Жанцан нь уг хашааг 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар Т.Жаргалсайхантай дахин тохиролцсон байна.

            Ингээд Б.Жанцан нь Т.Жаргалсайханд хашааны үнэ гэж нийт 4.750.000 төгрөг өгсөн бөгөөд үлдсэн мөнгийг өгч чадахгүй гэж хашааг Т.Жаргалсайханы өмчлөлд буцаан шилжүүлж өгсөн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Б.Жанцанг хашааны үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч Т.Жаргалсайхан гэрээнээс татгалзсан байна.

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Т.Жаргалсайхан нь гэрээнээс татгалзаж хашааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан тул Б.Жанцангаас хашааны үнэнд авсан 4.750.000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

            Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээгээр буюу 4.000.000 төгрөгийг хариуцагч Т.Жаргалсайханаас гаргуулан нэхэмжлэгч Б.Жанцанд олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

            Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн үйл баримтыг дүгнэвэл.

Хавтаст хэргийн 36 дугаар хуудаст авагдсан “2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 8-нд 2.000.000 төгрөг хашааны төлбөрт өгөв” гэсэн хүлээн авсан хүний гарын үсэг бүхий баримтыг  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энх-Отгон үгүйсгэж мэтгэлцээгүй байх бөгөөд шүүх хуралдаанд Б.Жанцангаас хашааны үнэ гэж нөхөр бид хоёр 4.000.000 төгрөг авсан, сая аав 250.000 төгрөгт бодож үхэр авсан гэж байна. Мөн манай нөхөр 500.000 төгрөг авсан гэж бичсэн байна. Тэгэхээр нийт хашааны мөнгөнд 4.750.000 төгрөг авсан гэж тайлбарласан байна.

Мөн хариуцагч Т.Жаргалсайхан нь нэхэмжлэгч Б.Жанцанд уг хашааг түрээслүүлэх талаар гэрээ байгуулсан баримт байхгүй, түрээсийн төлбөр 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Жанцангаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул түрээсийн төлбөр хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 153/ШШ2018/00591 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                          

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ТУЯА

 

               ШҮҮГЧИД                                Б.ДАМБА

 

                                                                        М.НЯМБАЯР