Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/1334

 

     2020            10           20                                       2020/ДШМ/1334                              

 

 

М.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалангийн гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн М.Бт холбогдох эрүүгийн 2007 00077 0085 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн М.Б, 1981 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуулчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 хүүхдийн хамт ............................ тоотод оршин суух бүртгэлтэй,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:............................./;

            М.Б нь Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөртолгой хотхон, 3 дугаар байрны 59 тоотод 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 11 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.О-н толгойн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгааж шал мөргүүлэх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 19 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэй 1-9 тоот хашаанд иргэн Г.Бын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 19 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэй 1-9 тоот хашааны гадна эхнэр Б.О-н нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохих, өшиглөх, үснээс нь зулгааж хашаа мөргүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Бт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж, яллагдагч М.Б нь 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд эхнэр Б.О-г зодсон,

            согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 14 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 3-59 тоотод эхнэр Б.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 11 цагийн үед эхнэр Б.О-н толгойн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгааж шал мөргүүлэх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 19 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэй 1-9 тоот хашааны гадна эхнэр Б.О-н нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохих, өшиглөх, үснээс нь зулгааж хашаа мөргүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Хохирогч Б.О-н удаа дараа өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч Б.Н , Б.П , гэрч Л.А , гэрч, хохирогч Г.Б нарын мэдүүлгээс үзэхэд яллагдагч М.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О-г байнга харгис хэрцгий харьцан догшин авирлаж зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эдгээр үйлдлүүд нь дахин давтагддаг, тогтвортой шинжтэй болсон байна.

            Үүнээс гадна М.Б нь Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон.

            Иймд М.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Б.Отэй харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, байнга зодсон гэх үйлдлийг шалган, түүний гэмт үйлдэлд тохирсон Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэхийг тогтоон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол М.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэлдээ: “... Прокурорын газраас яллагдагч М.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О-г 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зодсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх дээрх хэргийг хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүний 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд эхнэр Б.О-г зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.

            Дээрх шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй, улсын яллагч эсэргүүцэл бичээгүй буюу уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Гэтэл шүүх 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжиндаа шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор яллагдагч М.Бын 2019 оны 5 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хэрэгсэхгүй болгосон үйлдлүүдийг дурдаж, яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн байна.

            Өөрөөр хэлбэл, яллагдагч М.Б нь 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Гэтэл уг үйлдэлд дахин эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн М.Бт холбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдаан аль нэгийг хийлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

            Иймд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч М.Быг 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Оюун-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, эрүүгийн хэрэг үүсгээд, яллагдагчаар татаж шалгаж байхад дахин 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хоёр, түүнээс олон хүнийг болон гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хоёр үйлдлийг нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй болохыг дурдаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх М.Бын эрх зүйн байдлыг дордуулсан захирамж гаргасан. Учир нь урьд 2019 оны 5, 9 дүгээр саруудад үйлдсэн үйлдлүүдэд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүх эдгээр үйлдүүд нь тогтоогдохгүй байна гэж үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад дараагийн үйлдэл болох дээрх хоёр үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн байхад, өмнөх үйлдлүүдийг нь шалгах шаардлагатай гээд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үгүйсгээд дахин шалгах шаардлагатай гэх үндэслэлээр буцаасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд прокурор Д.Аянагүлийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд М.Бт холбогдох хэргийг прокурорт буцаасан Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

М.Бт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.  

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, урьд нь прокуророос яллагдагч М.Бын 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд эхнэр Б.О-г зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар, 

            2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байжээ.

            Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр М.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, 2019 оны 5, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд эхнэр Б.О-г зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

            Харин 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.

            Гэтэл шүүх 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжиндаа өмнөх шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үйлдлүүдийг хамааруулан зүйлчлэлийг өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

            Түүнчлэн дээрх 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолд хэргийн оролцогч нар болон талууд гомдол гаргаж, эсэргүүцэл бичээгүй тул тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Өөрөөр хэлбэл, М.Б нь 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байхад уг үйлдэлд дахин эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Тодруулбал, Эрүүгийн хуульд “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тусгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт шүүхээс ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан тохиолдолд тухайн гэмт хэрэгт нь шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин ял оногдуулахыг хориглосон агуулгыг илэрхийлсэн зарчим юм.

            Нөгөөтээгүүр, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай Шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 30 хоногоор сунгасан боловч 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай Шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчин М.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 

            Иймд Д.Аянагүлийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Бт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.Бт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл М.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ