Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 243

 

 

 

 

 

 

 

 

 

 

            

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Л.Батгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч  П.Одонтунгалаг  ҮД:00-92,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сэргэлэн,

хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаяр ҮД:12-69,

           шүүгдэгч Н.Ганбаатар  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 1981 оны 03 сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 4-7 насны  2 хүүхдийн хамт Чингэлтэй  дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-р гудамжны 453 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, Цорос овогт Нямхүүгийн Ганбаатарт /РД:АЭ81031019/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2017 2400 0117 дугаартай 105/2017/0260/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ганбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Шижир ойл” шатахуун түгээх станцын баруун хойд замд “Mitsubishi Canter” маркийн 05-80 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан.. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /2 дугаар хавсралт 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ ачааны автомашинд 1 мм-ээс бага болон…мөн дүрмийн 9.1-т заасан…Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хягаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна…гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч З.Эрдэнэчимэгийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганбаатар мэдүүлэхдээ:  Налайхаас Улаанбаатарын чиглэлд өөрийн тээврийн хэрэгслээр 0580 улсын дугаартай машинаар 2 тонн нүүрс тээвэрлэж явж байсан. Колонкын хажууд гэнэт хүн гараад ирсэн. Тоормос гишгэсэн боловч очоод мөргөсөн. Мөргөсөн даруйдаа хажуу тийшээ дарсан. Намайг буугаад очиход Эрдэнэчимэг гуай дээшээ хараад хэвтэж байсан. Амнаас нь архи үнэртэж байсан. Би цагдаа, эмнэлэг дуудсан. Хохирол нийт 1.983.000 төгрөг нэхэмжилж төлсөн. Ээж шигээ настай хүний мөргөсөндөө харамсаж байна гэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сэргэлэн мэдүүлэхдээ:  Тухайн үед миний ээжид хүнд гэмтэл учирсан байсан. Шүүгдэгч сайн туслаж дэмжлэг үзүүлж чадаагүй. Одоогоор эмчилгээний мөнгө төлөгдсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэв.

          Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 Мөрдөн байцаалтанд хохирогч  З.Эрдэнэчимэгийн: …Өмгөөлөгчөөр Н.Энхбаяр байлцуулахад татгалзах зүйл байхгүй. Миний хувьд юу болсон талаар мэдэх зүйл алга. Нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Толгойндоо хагалгаанд орсон. Өөр ямар нэгэн гэмтэл учирсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Ямар хувцас өмсөж явсанаа мэдэхгүй байна…Хэд хоногоос дүүргийн эмнэлэгт хэвтэж толгойны зүүн хэсгийг нөхүүлнэ гэж эмч нар ярьж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сэргэлэнгийн: … З.Эрдэнэчимэг нь миний төрсөн ээж бөгөөд би эхээс 2-уулаа…2017 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 8 цаг өнгөрч байхад би ээжийн 88145109 гэсэн дугаар луу өөрийн 91120131 гэсэн дугаараасаа залгасан чинь утсаа авахгүй дуудаад байсан. Тэгтэл над руу 88660005 гэсэн дугаараас залгаж би цагдаагийн байгууллагаас ярьж байна. Энэ утасны эзнийг таних уу эмэгтэй хүн байна гэж хэлэхээр би танина аа миний төрсөн ээж байгаа юм. Манай ээжийг Загд овогтой Эрдэнэчимэг гэж хэлсэн. Тэгээд намайг Замын цагдаагийн албан дээр ирж уулз гэж хэлэхээр би очиж уулзаад тайлбар өгчихөөд гэмтлийн эмнэлэг рүү очсон. Тэгтэл ээж маань гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэн эмчлэгдэж байсан юм…Одоо ээж маань мартамхай заримдаа хамаагүй өөр өөр зүйл яриад байдаг болсон. Ер нь ослоос хойш биеийн байдал арай нэг гайгүй дээрдэх нь дээрдсэн, гэхдээ биеийнх нь зүүн тал саажилттай болчихсон байгаа. Оройд толгой тархи өвдөөд байна гээд эм тариа ууж байж л унтаж байгаа юм...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /хх-ийн 70-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2256 тоот дүгнэлтэнд:

1. З.Эрдэнэчимэгийн биед тархи доргилт, баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун, зүүн дух, баруун чамархай, дагзны суурийн хэсгийг хамарсан цусархаг няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн атираа, ховил завсар, таславч, тенториум, баруун хөндлөн синус, шулуун синусын субарахнойдал зайнуудын тархмал цус харвалт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн алганы цус хуралт,  зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ,эдгэрэлтээс хамаарна. Шинжээч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 78-р тал/

 “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн  шинжээчийн дүгнэлтэнд:

1.Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвд 05-80 УНЕ улсын дугаартай “Mitsubishi” маркийн Canter загварын автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Н.Ганбаатарын эзэмшлийн “Mitsubishi” маркийн Canter загварын улаан хүрэн өнгөтэй япон улсад үйлдвэрлэсэн 05-80 УНЕ улсын FE516ВТ522816 арлын дугаартай ачааны автомашиныг 2017 оны 02 дугаар  сарын 06-ны өдрийн 10.09 цагаас 11.38 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага “стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн  техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөгө болгон  техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгалаа. Уг автомашины ерөнхий байдал, иж бүрдэлийн хувьд: Автомашины хойд тоормосны гэрэл, дугаарын гэрэл асдаггүй, дуут дохио ажиллахгүй, хаалганы гадна бариул байхгүй, урд салхины шил 145х68 см хэмжээтэй талбайд хагарч бяцарсан, урд нүүр 70х30 см хэмжээтэй талбайд хонхойсон, гидрийн шингэний тос гоожсон, бусад иж бүрдэл буюу галын хор, нөөц дугуй байхгүй, улсын дугаар бүдэг зэрэг гэмтэл нь MNS4598:2011, MNS5011:2003 стандартын шаардлагыг хангахгүй байна. Урд салхины шил 145х68 см хэмжээтэй талбайд хагарч бяцарсан, урд нүүр 70х30 см хэмжээтэй талбайд хонхойсон зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн ослын үед, бусад эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад тус тус үүссэн байна. Мөн техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан  үзүүлэлтээр: урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ -25 мм/м, баруун хойд дугуйн тоормос зогсоогүй буюу баруун хойд дугуйн тоормосны хүч 0.4 кн, зүүн хойд дугуйн тоормосны хүч 1.7 кн тоормосны хүчний зөрүү 76.47% стандартаар хойд тэнхлэг дэх тоормосны хүчний зөрүү 30% байгаа MNS5011: 2003 стандартын шаардлагыг хангахгүй байна. Баруун хойд дугуйн тоормос зогсохгүй байгаа нь осолд нөлөөлөх хэдий ч тухайн нөхцөлд ямар байдлаар нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй болно.гэх дүгнэлт /хх-ийн 97-100-р тал/

Замын цагдаагийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №111 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.ММС.Кантер маркийн 05-80 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Н.Ганбаатар нь МУ-ын ЗХД-ийн 9.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа  замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд  тогтоосон хягаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

2.Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ.

а/Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч З.Эрдэнэчимэг нь МУ-ын ЗХД-ийн 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно.

в.Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх

г.Өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.ММС Кантер маркийн 05-80 УНЕ улсын дугаартай автомашин нь ашиглалтын шаардлага хангахгүй бүрэн бүтэн бус, баруун зүүн тоормосны мөрнүүд зөрүүтэй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй байна.

4.Хэрэгт авагдсан материалаар, зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэл болон бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн байх үндэслэлгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 113-114-р тал/

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.Ганбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Шижир ойл” шатахуун түгээх станцын баруун хойд замд “Mitsubishi Canter” маркийн 05-80 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан.. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /2 дугаар хавсралт 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ ачааны автомашинд 1 мм-ээс бага болон…мөн дүрмийн 9.1-т заасан…Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд  тогтоосон хягаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна…гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч З.Эрдэнэчимэгийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Н.Ганбаатарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос Н.Ганбаатар гэм бурууг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, анги тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Н.Ганбаатар нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. / хх-ийн 173-р тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд , нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Н.Ганбаатар нь  хохирогч З.Эрдэнэчимэгт  1.980.000 /нэг  сая  есөн зуун наян мянган/  төгрөгийг төлсөн байна.  /хх-н 181-184, 190-р тал/

            Шүүгдэгч Н.Ганбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55.1.2-т зааснаар  гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо  нөхөн  төлсөн, мөн хуулийн 55.1.9-т  заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдэхэд  хохирогчийн  буруутай үйл ажиллагаа  нөлөөлсөн  зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг  харгалзан  хорих ялыг  биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж  үзэв.

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цорос овогт Нямхүүгийн Ганбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж  тээврийн хэрэгсэл  жолоодож яваад  бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Нямхүүгийн Ганбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Ганбаатар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй.

          4. Н.Ганбаатар нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  болохыг тус тус  дурдсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Н.Ганбаатар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх  тогтоол  хүчин төгөлдөр  болсон   үеэс эхлэн тоолсугай.

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Ганбаатар  жолоочийн “ВС” ангилалын  572877 дугаартай  жолооны үнэмлэхийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болохоор Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэлийн албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий  харьяа Лицензийн төвд хүргүүлж, Тээврийн хэрэгсэлийн №00691300 гэрчилгээг Н.Ганбаатарт буцаан олгож,  З.Эрдэнэчимэгийн унасан үс, 2 ширхэг шүдийг устгахыг  эд мөрийн  баримт устгах  комисст даалгаж,  “Флаш” 1 ширхэгийг   хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн  49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  134 дүгээр зүйлийн  134.10-т зааснаар Н.Ганбаатарын эзэмшлийн хүрэн  өнгийн “Mitsubishi Canter” маркийн 05-80 УНЕ улсын дугаартай автомашиныг 2017 оны 03 дугаар сарын  31-ний өдөр  мөрдөн байцаагчийн эд хөрөнгө  битүүмжилсэн  тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Н.Ганбаатарт буцаан олгосугай.  

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Н.Ганбаатарт 2 /хоёр/  жилийн  хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Ганбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Ганбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ