Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

  Улсын яллагч: Б.Байгаль

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000226 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, , *******гийн *******,******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн ******* дугаар байрны зогсоолд байсан Б.Сувд- Эрдэнийн эзэмшлийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн дугуйг үзүүртэй зүйлээр хагалсны улмаас тухайн тээврийн хэрэгслийн 4 дугуй эвдрэл, гэмтэл буюу бага хэмжээнээс дээш 702,000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 64, 70/,

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед би Баянхонгор сумын 10 дугаар багийн ******* дугаар байранд байх гэрээсээ гараад зогсоол дээр байсан машин дээрээ очтол 4 дугуй нь хийгүй болсон байхаар нь сайтар хартал бүх дугуйг хутга гэмээр үзүүртэй зүйлээр хатгаж хагалсан байсан. 2024 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед байрныхаа гадна талын зогсоолд тавьсан. Би ******* дугаар байрны хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2024 оны 05 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 02 цаг 36 минутын үед зогсоолд байсан манай машин дээр нэг эрэгтэй хүн ирээд дугуйг нь хагалчхаад явж байгаа дүрс байсан. Тухайн хүнийг харахад манай нөхрийн хамаатан ******* байх шиг байсан. Номундалай сургуульд багшаар ажилладаг. Манай машины дугуй хагардаг өмнөх өдөр ******* нь манай нөхөр лүү залгаад би архи уусан байна гэрт хүргээд өг гэхээр нь манай нөхөр хүргэж өгөөгүй юм Тэрнээс болж манай нөхөрт уурлаад байна гэж байсан. Машины 4 дугуйг юмаар зүссэн байсан, өөрөөр машинд эвдрэл үүсээгүй. Манай машины дугуй нь Bridgestone 195, 80,15 хэмжээтэй дугуй байсан. 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тухайн машиныг худалдаж авахад, шинэ дугуй саяхан тавьсан талаараа хэлсэн, дугуй хээ тод сайн дугуй байсан. Би машиныхаа 4 дугуйг 780,000 төгрөгөөр үнэлж байна.. ******* нь манай нөхөр рүү залгаад цагдаагаас над руу яриад байна. Танай машины дугуйг би хагалсан юм төлөөд өгье гэж хэлсэн байсан. Тэгээд манай машинд 4 ширхэг 195, 80, 15 хэмжээтэй хуучин дугуй авч өгсөн. Манай машинд /хагарсан/ байсан Bridgestone дугуй нь аймагт байхгүй байсан тэгээд өөр дугуй авч өгсөн байсан. Одоо надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 07-09, 10-11/,

“...“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10038 дугаартай:

“...Үнэлэгдэж байгаа Bridgestone 195*80*15 хэмжээтэй 4 ширхэг дугуйны зах зээлийн нийт үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын байдлаар 702,000 /долоон зуун хоёр мянга/ төгрөгөөр тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,

  - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 36-38/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 47/, шүүгдэгч Ж.Лувсанцэрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, депозит дансны хуулгууд /хх-ийн 50-53/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн ******* дугаар байрны зогсоолд байсан Б.Сувд- Эрдэнийн эзэмшлийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн дугуйг үзүүртэй зүйлээр хагалсны улмаас тухайн тээврийн хэрэгслийн 4 дугуй эвдрэл, гэмтэл буюу бага хэмжээнээс дээш 702,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын... би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулсан..гэх мэдүүлэг /хх-ийн 64, 70/,   

Хохирогч *******..гэрээсээ гараад зогсоол дээр байсан машин дээрээ очтол 4 дугуй нь хийгүй болсон байхаар нь сайтар хартал бүх дугуйг хутга гэмээр үзүүртэй зүйлээр хатгаж хагалсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 07-09, 10-11/,

“...“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10038 дугаартай...Үнэлэгдэж байгаа Bridgestone 195*80*15 хэмжээтэй 4 ширхэг дугуйны зах зээлийн нийт үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын байдлаар 702,000 /долоон зуун хоёр мянга/ төгрөгөөр тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн ******* дугаар байрны зогсоолд байсан ******* эзэмшлийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн дугуйг үзүүртэй зүйлээр хагалсны улмаас тухайн тээврийн хэрэгслийн 4 дугуйг хууль бусаар гэмтээсэн эвдсэн идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг  гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 дугуйг авч өгсөн /хх-ийн 10-11/, мөн шинжээчийн дүгнэлтээ тогтоогдсон 702,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс .... шүүгдэгчийн хувьд  өөр ноогдох хөрөнгөтэй, тодорхой орлоготой зэргийг харгалзан торгох ял оногдуулах..... дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал болох ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, тогтмол орлоготой, хувьд ноогдох хөрөнгөтэй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчтийн дүгнэлт, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

 Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******гийн *******ыг бусдын эд  хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8  дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА