| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0486/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/521 |
| Огноо | 2021-06-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/521
2024 06 19 2024/ШЦТ/521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,
Улсын яллагч: З.Наранчимэг,
Хохирогч: ***,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305011380700 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны өргөтгөлд байрлах гурилын үйлдвэрийн цехийг түрээслэн ажиллуулж байхдаа хохирогч ***ийн итгэмжлэн хариуцуулсан цехийн тоног төхөөрөмжүүдийг бусдад худалдан борлуулж, завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 5.122.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...гомдолтой байна, 9 сараас холбогдох гээд холбогдож чадаагүй. Үйл ажиллагаа явуулж байсан газар нь очсон чинь байхгүй байсан. 10 сард гэрт нь очсон. Би мөнгө байхгүй бол тоног төхөөрөмжөө авъя гэж хэлсэн. Үнэлгээг зөвшөөрч байна. Хохирол төлбөр өгөөгүй” гэв.
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 51 дүгээр байрны өргөтгөлд *** гэх хүний талбайг сарын 500.000 төгрөгөөр түрээслээд хэрчсэн гурилын цехийн зуурагч, элдэгч 2, хайрагч 2 ширхэг, хөргүүр 1 ширхэг, гурил хатаадаг дам мод, ус буцалгагч, будаа агшаагч, жин 1 ширхэг бусад тоног төхөөрөмжтэй ажиллуулдаг байсан. ...манай нөхрийн найз *** нь манай хэрчсэн гурилын цехэд 14 хоног ажиллаж байсан. 2022 оны 9 дүгээр сарын сүлээр нөхрийн найз *** гэх залууд тоног төхөөрөмжөө 500.000 төгрөгөөр түрээслүүлэхээр болоод гэрээ хийгээгүй итгэмжлэн хариуцуулсан байсан. ...2022 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 51 дүгээр байрны өргөтгөл дээр гурилын цех дээрээ очиход цоожтой байхаар нь *** руу ярихад хулгана гүйгээд байхаар нь ажлын байраа өөрчилсөн. 10 дугаар хороололд нэг газар орсон гэсэн. Манай нөхөр хаана орсон бэ, яваад очъё тоног төхөөрөмжөө авъя гээд хэлсэн чинь гар утсаа салгаад алга болсон. Би нөхөр ***ын хамт хорооллын эцэст байрлах Дулаахан байр хотхонд байрлах гэрт нь очсон. ***тай уулзахад миний хэрчсэн гурилын тоног төхөөрөмжийг зарсан байхгүй гээд хэлсэн. Яагаад хүний юмыг зөвшөөрөлгүй зарсан юм бэ гээд хэлэхэд 5 шарт ТҮЦ түрээслэхээр болсон гээд хариулсан. Мөнгөө авъя гээд хэлэхэд одоог хүртэл мөнгө өгөхгүй яваад байна. ...2022 оны 9 дүгээр сарын сүүлээр гурилын цехээ ажиллуулахаа больсон байсан. *** өөрөө ирээд манай нөхөр ***аас гуйгаад би хэрчсэн гурилын цехийг чинь сард 500.000 төгрөгөөр түрээсэлье гэж гуйгаад түлхүүрийг *** нь надаас ирж авсан. *** нь цагдаадаа өгөө надаас юм олж авахыг нь харъя гэж хэлж байсан. Худалдахаар ямар ч гэрээ болон амаар тохиролцоо хийгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлээд “Анхилуу” гэдэг нэршилтэй хэрчсэн гурил үйлдвэрлэж эхэлсэн. Ажиллуулж байхдаа найз *** нь манай хэрчсэн гурилын цехэд элдэгчээр ажиллаж эхэлсэн. ...*** нь хажуу талаас орж ирээд найз нь түрээсэлье. Танихгүй хүнд түрээсэлж байхаар таньдаг найдвартай хүндээ түрээслүүлсэн нь дээр биз дээ гэсэн. Эхнэртэйгээ ярилцаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын эхээр ***т амаар гэрээгээр сарын тоног төхөөрөмж ашигласны 500.000 төгрөг, ажлын байрны түрээсээ өөрөө төлөхөөр тохиролцсон. ...2022 оны 10 дугаар сард гурилын цехийн түлхүүр авснаас хойш ялгаа байхгүй хэлсэндээ хүрэхгүй, түрээсийн мөнгөө өгөхгүй байсан. 2022 оны 11 дүгээр сард мөнгө төгрөгөө өгөхөө байгаад байхаар нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 51 дүгээр байрны 93 тоот өргөтөл дээр очоод цонхоор нь шагайхад дотор нь юу ч байхгүй байсан. Би гайхаад *** руу залгасан чинь гар утсаа авахгүй байсан. Гар утсаа авахгүй хоёр хоноод тэгж байгаад гар утсаа авсан. ***аа чи гурилын цехийн тоног төхөөрөмжийг яачихваа вэ гээд хэлсэн чинь наад түрээсэлж байгаа газар чинь үнэтэй байна. 10 дугаар хороололд 250.000 төгрөгөөр хямдхан подваль олсон тэнд ажиллуулж байгаа. Би тоног төхөөрөмжөө очиж үзмээр байна гэхэд завгүй байна гээд хойшлуулаад байсан. Надад хорооллын эцэст байрлах Дулаахан байр гэдэг байранд амьдарч байгаагаа хэлж байсан учраас 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр эхнэр ***ийн хамт ***ын гэрт нь очсон. Гэрт нь очиход *** эхнэр хүүхдийнхээ хамт гэртээ байж байсан. ***аас тоног төхөөрөмж нэхэж эхэлсэн. *** нь тоног төхөөрөмж чинь байхгүй ээ гээд хэлсэн. Яасан юм гэсэн чинь би зарсан гээд хэлсэн. Хэдээр яаж зарсан бэ гэсэн чинь би 5.000.000 төгрөгөөр зарсан гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** нь би гэр бүлээрээ тоног төхөөрөмжийг нь түрээслээд явъя гээд ***, *** нартай ярьж байсан. Би ***, *** нарын оёдлын цехэд амралтаараа ажилладаг. ***, *** нар нь *** нь манай гурилын цехийг түрээслээд явж байснаа гэнэт алга болчихлоо. Манай гурилын цехийн тоног төхөөрөмжүүдийг бүгдийг аваад нүүчихсэн байна, хаашаа явсан нь тодорхойгүй байна. Бид хоёрыг залгахаар гар утсаа авахгүй байна. Чи утаснаасаа *** руу залгаад өгөөч гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 52/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг мэдсэн манай нөхөр *** нь хэрчсэн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зарж үрсэн асуудал нь 2022 оны 12 дугаар сард болсон. Манай нөхөр нь тоног төхөөрөмж зарсан үрснээ юу ч хэлээгүй. Мөнгө төгрөгийг нь надад яаснаа ч хэлээгүй. Би нөхрөөсөө мөнгө төгрөгийг нь яасан юм гээд нөхрөөсөө асуухад юу ч дугарахгүй хэлэхгүй байгаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 46/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эхлээд ***тэй гэрээ хийсэн. Сар гаруйн дараа *** гэх залуу ирээд *** ажиллуулахаа больсон. Гэрээгээ хоёулаа больё гэхээр нь гэрээг нь сольчихсон. Гэрээгээ буцаах зорилго нь *** нь барьцааны мөнгө болох 500.000 төгрөгийг надаас авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 58/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 12/, хохирогчийн гомдол /хх-н 13-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 62-64/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 76, 84, 101-107/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх-н 78-83/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны өргөтгөлд байрлах гурилын үйлдвэрийн цехийг түрээслэн ажиллуулж байхдаа хохирогч ***ийн итгэмжлэн хариуцуулсан цехийн тоног төхөөрөмжүүдийг бусдад худалдан борлуулж, завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 5.122.800 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ийн мэдүүлэг, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** гурилын цех түрээслэн ажиллуулж байхдаа түүнд хариуцуулсан тоног төхөөрөмжүүдийг бусдад худалдан борлуулж, 5.122.800 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч ***т нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч ***т 5.122.800 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол нөхөн төлөөлгүй тул шүүгдэгч ***аас 5.122.800 төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ЫГ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 5.122.800 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР