Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2020/00063/И |
Дугаар | 140/ШШ2020/00318 |
Огноо | 2020-05-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 140/ШШ2020/00318
2020 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 140/ШШ2020/00318 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Я.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцээд Завхан аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй В.*******т холбогдох 1.750.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2014 онд сум хөгжүүлэх сангийн санхүүжилттэй малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдаж 70 богоор малжуулаад төлийг нь аваад 70 богийг буцаан өгөх гурвалсан гэрээ хийсэн. 2015 онд малаа өгөхдөө 20 бог дутуу өгсөн. В.*******ээс авах 10 хонь, 10 ямааг зах зээлийн ханшаар эм ямаа 70.000, эм хонь 90.000 төгрөгөөр тооцож нийт 1.600.000 төгрөг, сум хөгжүүлэх сангийн зээлийн хүү 150.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Я.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сум сум хөгжүүлэх сангийн санхүүжилтэй нэг жилд 10 айлд малжуулах төсөл өгдөг.байгууллага иргэдийг малжуулах зорилгоор сум хөгжүүлэх сангаас 5 зээл олгодог. Үүний дагуу иргэн В.*******т 2015 онд сум хөгжүүлсэн сангаас 5.000.000 төгрөгийн үнэ бүхий мал авсан. 2016 онд хүлээлгэж 72 толгой мал хүлээлгэж өгөх ёстой байсан 52 толгой мал хүлээлгэж өгөөд 20 толгой малыг хүлээлгэж өгөөгүй. Энэ талаар удаа дараа В.*******т шаардлага тавьж байсан боловч В.******* үүнийг төлье гэсэн сэтгэлгүй хандсаар байгаад өдий хүрсэн. Малжуулах төслийг мал биш мөнгө хэлбэрээр иргэдэд зээл олгодог болсны дагуу В.*******ээс хонь ямаагаа мөнгөн хэлбэрт шилжүүлж нэхэмжлэл гаргасан. В.******* шүүхэд гаргасан тайлбартаа 1.000.000 төгрөг өгөх ёстой гэсэн байсан. 1.000.000 төгрөгөөр 20 толгой бог мал худалдаж авах боломжгүй. 72 толгой бог мал нь 5.000.000 төгрөг юм бол 20 толгой малыг зах зээлийн дундаж үнээр бодоход 1.380.000 төгрөг болж байгаа. Үүний дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн В.******* шүүхэд гаргасан тайлбартаа: В.******* миний бие 2014 онд сум хөгжүүлэх сангийн санхүүжилттэй малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдаж 5.000.000 төгрөгний санхүүжилт авсан. Үүнээс 1.000.000 төгрөг дутуу өгсөн нь үнэн болно. Иймд үлдсэн 1.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* ******* ******* газраас хариуцагч В.*******т холбогдуулан 2014 онд сум хөгжүүлэх сангийн санхүүжилттэй малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдаж 70 богоор малжуулсны үлдэгдэл 10 эм ямааг 700.000 төгрөгөнд 10 эм хоныг 900.000 төгрөгөнд тооцож нийт 1.600.000 төгрөг, зээлийн хүүд 150.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсч нэхэмжилжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******гээс нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 1.380.000 төгрөг болгосон нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...В.******* шүүхэд гаргасан тайлбартаа 1.000.000 төгрөг өгөх ёстой гэсэн байсан. 1.000.000 төгрөгөөр 20 толгой бог мал худалдаж авах боломжгүй. 72 толгой бог мал нь 5.000.000 төгрөг юм бол 20 толгой малыг зах зээлийн дундаж үнээр бодоход 1.380.000 төгрөг болж байгаа. Үүний дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч В.******* нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Тэрээр шүүхэд гаргасан тайлбартаа ...2014 онд сум хөгжүүлэх сангийн санхүүжилттэй малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдаж 5.000.000 төгрөгний санхүүжилт авсан. Үүнээс 1.000.000 төгрөг дутуу өгсөн нь үнэн болно. Иймд үлдсэн 1.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч В.******* нь 2014 онд Завхан аймгийн ******* сумын ******* ******* Тамгын газраас хэрэгжүүлж буй малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдаж 5.000.000 төгрөгний үнэ бүхий мал авсан болох нь гурвалсан гэрээ болон мал хүлээлцсэн актаар нотлогдож байна.
Дээрх мал хүлээлцсэн актаар 2-4 насны 70 бог хүлээж авсан, тодорхой хэмжээний бог дутуу хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байна.
******* сумын ******* дарга, малчин хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгний зээл олгож малжуулсан байгааг талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Иймд зээлийн эргэн төлөлтөд 1.380.000 төгрөгийг хариуцагч В.*******ээс гаргуулж Завхан аймгийн ******* сумын ******* ******* ******* газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч В.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 37030 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.*******ээс 1.380.000 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн ******* сумын *******-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас 37030 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ