| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0580/Э/220/2024/0758 |
| Дугаар | 2024/ШЦТ/664 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/664
2024 06 05 2024/ШЦТ/664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Хулан,
улсын яллагч: О.Эрхэмбаяр /томилолтоор/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: **********,
шүүгдэгч: **********, **********, **********, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болортуул /ӨҮД-2938/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********, **********, ********** нарт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. ******** ********** /регистрийн дугаар: ******/,
Монгол Улсын иргэн, *********-ны өдөр ********** суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт ************ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. ********* ********** /регистрийн дугаар: **********/,
Монгол Улсын иргэн, **********-ны өдөр ********** суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
3******** ********** /регистрийн дугаар: *******/,
Монгол Улсын иргэн, *********-ны өдөр ********** суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдүүдийн **********т оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар
Шүүгдэгч ********** нь бусадтай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Завхан аймгийн нутаг дэвсгэрээс 457.8 кг ховор ургамлын жагсаалтад багтсан "*******"-ны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл **********улсын дугаартай “Кіa Pregio” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар эдийн засагт 226.382.100 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ********** бусадтай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Завхан аймгийн нутаг дэвсгэрээс 457.8 кг ховор ургамлын жагсаалтад багтсан "*******"-ны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл **********улсын дугаартай “Кіa Pregio” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар эдийн засагт 226.382.100 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ********** нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дэвсгэрт “Улаан чулуу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр , хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор 260 кг ховор ургамлын жагсаалтанд багтсан хохирол "*******"-ны үр буюу цайруулсан самрыг түүж бэлтгэн, Увс аймгийн Өвөрхангай сумын нутаг дэвсгэрээс Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт хадгалан, улмаас шүүгдэгч **********, ********** нарт 1 кг самрыг 8000 төгрөгөөр буюу 2,080,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч **********, ********** нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Завхан аймгийн нутаг дэвсгэрээс 260 кг ховор ховор ургамлын жагсаалтад багтсан "*******"-ны үр буюу цайруулсан самрыг **********оос, үлдсэн 197,8 кг-ыг бусад этгээдүүдээс, нийт 457,8 кг-ийг худалдан авч, худалдан авсан цайруулсан самраа 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл **********улсын дугаартай “Кіa Pregio” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгалийн ургамлын аймагт 226.382.100 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ********** нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ********* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “*********” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор 260 кг ховор ургамлын жагсаалтанд багтсан хохирол "*******"-ны үр буюу цайруулсан самрыг түүж бэлтгэн, ******** сумын нутаг дэвсгэрээс ********** сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ********* сумын нутаг дэвсгэрт хадгалан, улмаар шүүгдэгч **********, ********** нарт 1 кг самрыг 8000 төгрөгөөр буюу 2,080,000 төгрөгөөр худалдсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ********* 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
-2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 20-28 дахь тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч ********** 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3443 дугаартай:
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэслэгч ********* 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 3840 дугаартай:
1. Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан /самар/ байна.
2. Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал. Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Тоиг-ийн үр буюу самар нь ойн дагалт баялагт ордог.
3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (хуш)- Pinus sibirica Du Tour -ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.
4. Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг болохыг тодорхойлох боломжгүй.
5. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 21.6-22.4% байх тул нойтон байна.
6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой.
7. Дээрх стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой.
8. Байгаль, орчин аялал жуучлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн А/603 тоот тушаалын хавсралтад тусгаснаар Хуш модны 1кг нойтон самрыг экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900*457.8=45,276,420 төгрөг байна.
-Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 457.8 кг Хуш модны самрын “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлыг нөхөн төлбөрийг тооцвол 98900*3*457.8=135.829.260
-Мөн мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг нөхөн төлбөрийг тооцвол 98,900*5*457.8=226,382,100...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 99-102 дахь тал/,
-Гэрч Б******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байж байхад үдээс хойш нэг танихгүй дугаар залгахаар нь авахад би самар худалдаж аваад хот руу явах гэж байгаа юм, гарал үүсэл авч чадаагүй юм, та надад тодорхойлолт хийгээд өгөөч гэхээр нь өнөөдөр амралтын өдөр маргааш ажил дээр хүрээд ир гэсэн. Тэгээд ямар учиртай самар юм бэ, гэж асуухад би өөрөө түүгээгүй Тус сумын Зүр баг дээр байхдаа хүмүүсээс самар худалдаж авсан юм аа, ахуйн хэрэгцээнд 500 кг авсан гэсэн. Би тэгэхээр нь манайхаас гарал үүслийн бичиг өгөхгүй ээ, манайд самар ургадаггүй гэж хэлэхэд нөгөө залуу би Увс явж чадаагүй ээ, танай эндээс худалдаж аваад явж байгаа болохоор та надаа худалдаж аваад тээвэрлэж яваа гэсэн тодорхойлолт хийгээд өгөөч гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
-гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би ********** гэдэг хүнд зөвшөөрөл өгч байснаа санахгүй байна, манайд самар түүсэн хүмүүсийн бүртгэл гэж судалгаа байдаггүй. Манай суманд ********** гэдэг хүн байхгүй, би танихгүй... “ /хавтаст хэргийн 213-220 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ойн тухай хуульд зааснаар ойн дагалт баялгийг тухайн жилийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд тус бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. 2022 оны хувьд Нийслэлийн ногоон бүсээс самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг манай байгууллагын зүгээс олгохгүй байгаа /хувь хүн ахуйн хэрэгцээнд/. Ойн дагалт баялгийг ашиглах мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 3 жилийн хугацаатайгаар шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдэд олгодог. Гэвч хориглосон бүсээс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хуш модны самар бэлтгэж болохгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ч нийслэлийн ногоон бүст хамаарах газраас бэлтгэхгүй. 2022 оны хувьд нийслэлийн ногоон бүсээс хуш модны самар бэлтгэхийг хориглосон, дээрх дурдсан сайдын тушаалд заасан байгаа.... Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан ******* нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Тиймдээ уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ховор ургамлын үр, идээ болж байгаа юм. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна.... Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-53 дахь тал/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүгдэгч **********ийн яллагдагчаар өгсөн: “...260 кг самрыг манай сумын иргэн **********оос 150 кг самрыг 8000 төгрөгөөр бодож мөнгийг нь ********** ахын дансаар шилжүүлсэн. Үлдсэн 110 кг самрыг зээлээр авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 167-171 дэх тал/,
Шүүгдэгч **********ийн яллагдагчаар өгсөн: “...Манай Тэс сумын иргэн **********оос үлдсэнийг нь сумын иргэдээс цуглуулж авсан юм. **********оос нийт 260 кг цайруулсан самар авсан, түүний мөнгийг өөрийнхөө 5079140394 дугаартай дансанд 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн, харин 110 кг зээлээр авсан. Бусдыг нь хүмүүсээс цуглуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 172-176 дахь тал/
Шүүгдэгч **********ын яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн тэс сумаас Увс аймгийн Өндөрхангай сумын Улаан хад бил үү Улаан чулуу ч бил үү тийм нэртэй газар хоноод өөрийн хүү Лхагва-Эрдэнийн хамтаар самар түүсэн. Би очоод нэг хоночхоод өөрийнхөө түүсэн болон худалдаж авсан самраа машиндаа ачаад гэр рүүгээ явсан. Түүсэн самраа гэрийнхээ амбаарт хадгалсан. 2023 оны 10 дугаар сарын дундуур Тэс сумын зарын группт самар авна гэсэн зар байхаар нь утсаар **********ийн эхнэртэй холбогдсон. Тэднийг 1кг самрыг 8000 төгрөгөөр авна гэхээр нь ирээд ав гэхэд **********, ********** тэр хоёр ирж миний самрыг жинлэж үзэхэд 260 кг болсон. 150 кг самрын 1,200,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 110 кг самрын мөнгийг нь хот орж байгаад борлуулаад өгье гэхээр нь тэг тэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 231-234 дэх хэсэг/ авагдсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 99-102/, Хас Үнэлгээ ХХК-ийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 117/, зар тавьсан талаарх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 12/ шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч **********, ********** нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гар хөл муутай учраас самар түүхээ больж, самар зарна гэхээр нь худалдаж авсан. 50 кг-ийг нь л түүсэн. Зөвшөөрөл зэргийг нь мэдэхгүй байсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хуш модны самар нь Засгийн газрын 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “ховор ургамлын жагсаалтад” багтсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт “Иргэн, аж ахуй нэгж, байгаль орчны болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөр орлогыг байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар цохиулсан байдаг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого, мөн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь хэсэгт зааснаар хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн орлогыг тус Байгаль орчны уур амьсгалын сангийн тоот дансанд төлүүлэхээр заасан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэслэгч ********** 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 3840 дугаартай дүгнэлтээр:
1. Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан /самар/ байна.... гэж тогтоосон байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэсэн гурван төрөлд ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаардаг байна.
Мал аж ахуй болон хүний хүчин зүйлээс шалтгаалж сибирь хушны үр идээг ургамлын тархац, нөөц багасаж, устаж болзошгүй эрсдэлд орсон тул Монгол Улсын Засгийн газраас 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” хэмээн баталж, мөн Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ болгон өөрчлөлт оруулсныг буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох ба судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн ургамлыг орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно.
Гэтэл шүүгдэгч **********, **********, ********** нар нь бусдад худалдах зорилготой байсан болох нь тэдгээрийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хавтаст хэргийн 5-7-р хуудас/, илтгэх хуудас /1хавтас хэргийн 7-р хуудас/-аар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйл болох Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжид “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол” гэж хуульчилсан.
Иймд *******-ны үр буюу ховор ургамлын жагсаалтад багтсан 457,8 кг бүхий цайруулсан самарыг бүлэглэн 2023 оны 10 сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу борлуулж ашиг олох зорилгоор Завхан аймгийн нутаг дэвсгэрээс худалдан авч, 2023 оны 10 сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо хорооны нутагт байрлах Эмээлтийн хяналтын цэг хүртэл **********улсын дугаартай “Kia Pregio”маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн шүүгдэгч С.**********, ********** нарын үйлдэл,
мөн 260 кг ховор ургамлын жагсаалтанд багтсан "*******"-ны үр буюу цайруулсан самрыг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дэвсгэрт “Улаан чулуу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор түүж бэлтгэн, Увс аймгийн Өвөрхангай сумын нутаг дэвсгэрээс Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл *********** сумын нутаг дэвсгэрт хадгалан, улмаар шүүгдэгч **********, ********** нарт 1 кг самрыг 8000 төгрөгөөр буюу 2,080,000 төгрөгөөр худалдсан шүүгдэгч **********ын үйлдэл тус тус дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч **********, ********** нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ нэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасанд хамаарч байна.
Иймд шүүгдэгч **********, **********, нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч **********ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэслэгч *********** 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 3840 дугаартай дүгнэлтээр: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна .” гэсэн.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хуульд хохирлыг гаргуулах хэмжээ ялгамжтай байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирлыг бага дүнгээр тооцож өгнө үү гэсэн саналтай шүүх хуралдаанд оролцсон.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: 1/ "байгалийн ургамал" гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 2/ "байгалийн ургамлын нөөц" гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулахаар хуульчилжээ.
Хэдийгээр Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар самар нь ойн дагалт баялаг мөн боловч Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ямар ургамлыг ховор ургамалд тооцох талаар тогтоол гаргаж, жагсаалт батлах эрх хэмжээг Монгол Улсын Засгийн газарт хууль тогтоогчоос олгосон байна.
Энэ эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” хэмээн баталж, мөн Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ болгон өөрчлөлт оруулсныг буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулжээ.
Харин Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн: 3.1.12."ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог хуульчилсан нь “самар нь хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамал” болохыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.
Тодруулбал, Ойн тухайн хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож улмаар тус бүcчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ.
Шүүгдэгч нарын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 457.8 кг хушны самар түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-ийн 3/-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон төлүүлэх үндэслэлтэй байна.
Харин нийт 457,8 кг–аас 260 кг-г шүүгдэгч ********** түүж бэлтгэн, хадгалж, худалдсан, түүнийг нь шүүгдэгч шүүгдэгч **********, ********** нар худалдан авч, цааш нь борлуулах гэж байсан нөхцөл байдлыг нь харгалзан 260кг х 98,900 х 5 = 128,570,000 төгрөгийг - хувь тэнцүүлэн 3 шүүгдэгч тус бүрээс 42,856,700 төгрөгийг,
Үлдсэн 457,8-260кг=197,8кг-ийг шүүгдэгч **********, ********** нар бүлэглэн худалдан авсан, тээвэрлэсэн нөхцөл байдлыг харгалзан 197,8кг х 98,900 х 5= 97,812,100 төгрөгийг – хувь тэнцүүлэн 2 шүүгдэгч тус бүрээс 48,906,050 төгрөгийг гаргуулахаар тооцов.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар Байгалийн ургамлын аймагт хохирол учруулсан шүүгдэгч **********оос 42,856,700 төгрөгийг, шүүгдэгч **********оос 91,762,700 төгрөгийг, шүүгдэгч **********өөс 91,762,700 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн, түүж бэлтгэсэн ховор ургамлаа *********аймгийн нутаг хүртэл тээвэрлэсэн үйл баримт хангалттай нотлогдсон. Дээрх гэмт хэргийн улмаас экологи эдийн засагт хохирол учирсан. Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тав дахин нэмэгдүүлэхээр заасан тул нийт 226,831,100 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч ********** ******* аймгийн нутаг дэвсгэрээс 260 кг хуш модны самрыг түүж бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлсон. Шүүгдэгч **********ын түүж бэлтгэсэн үйлдлийн улмаас шууд байдлаар 25,714,000 төгрөг учирсан бөгөөд уг хохирлыг ургамлын аймагт учирсан хохирлоор тооцож 5 дахин нэмэгдүүлж, 128,578,000 төгрөгийг гаргуулах санал гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар **********, ********** нар нь худалдаж авсан үйл баримт тогтоогдож байгаа тул хор уршиг учирч байна гэж үзэж 97,812,100 төгрөгөөр тооцож хувь тэнцүүлэн бодож 48,906,050 төгрөгийг тус тус гаргуулах саналыг гаргаж байна. ... Шүүхээс шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ар гэрийн нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000,000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулах саналыг гаргаж байна. 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 Сидиг хэргийн хамт хавсаргах саналтай байна. Тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан самрыг улсын орлого болгох саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 22 товцоонд самраа хураалгаснаас болж энэ асуудалд шалгагдаад явж байгаа. Тухайн хүмүүс өөрсдийн оршин суугаа газраа тодорхой хэмжээнд ажлаа хийдэг байсан. Эхнэр нь бамбайн хавдар өвчнөөр эмчилгээ хийлгэдэг учраас Улаанбаатар хот руу явах шалтгаан болсон. Самраа зарж тодорхой хэмжээнд ашиг олох зорилготой явсан. Өнөөдрийг хүртэл хохирол төлбөр төлөөгүй байсан ч хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар **********, ********** нар нь зар өгч гэрийнхээ хашаанд **********оос худалдаж авсан талаараа мэдүүлсэн. Энэ нь тогтоогдсон. Гэхдээ улсын яллагчийн яллах дүгнэлтэд 226,831,100 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй хохирлыг буруу дүгнэсэн гэж үзэж байгаа. Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 357 тогтоолоор Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон ховор ургамлыг хамгаалах зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан, байгалийн ургамлын тухай хууль, ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаар өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүй түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх тухайн ургамлыг худалдан авсан хүнээс ургамлын үнийг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй байна. Ойн тухайн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх заалт байгаа ба энэхүү заалтад дээрх тогтоолд дурдсантай нэгэн адил ойн дагалдах баялаг болох самрыг худалдаж авсан хүнээс уг самрын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр төлүүлнэ гэсэн заалт байхгүй байна. Худалдан авсан хүмүүсийн тухайд ойн санд хохирол учруулсан гэж үзэх үү, ургамлын санд хохирол учруулсан гэж үзэх үү гэсэн ойлголт байхгүй. Экологи эдийн засгийн үнэлгээ 98,900 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой гэж харж байна. Байгаль хамгаалах тухай хуулийн 42.4 дэх хэсэгт зааснаар ойн дагалдах баялгийн нөөцийн нөхөн төлбөрийг хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно гэж заасан. Ойн дагалдах баялагт ойн сангийн баялагт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон бусад холтос, давирхай, хөвд ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг оруулдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ахуйн хэрэглээнд 50кг хэрэглэж болно, тусгай зөвшөөрөл авахгүй байж болно гэсэн. Тухайн орон нутагт тусгай хамгаалалтай газар орох нэвтрэх эрхийн бичиг өгч байгаа учир нь тухайн орон нутагт хорио цээр нь тавигдсан гэсэн ойлголт өгч байгаа. **********ын түүсэн 50кг самрыг ахуйн зориулалттай түүсэн гэж үзэж, хасаж болохоор харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дэх хэсэгт зааснаар хохирогч, улсын яллагч, шүүхэд хохирлыг тооцоог гаргаж өгөх саналтай байна. ********** 50 кг самрыг өөрөө түүж, 210кг буюу 5 шуудай самрыг уулнаас бууж байхдаа худалдаж авсан гэдэг. Тухайн хүн хоёр гар нь өвчтэй, өөрөө группт байдаг. Самар түүж бэлтгэх нь энэ хүний хувьд ахадсан ажил байсан. 1 шуудай самрыг 100,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Энийг хавтаст хэрэгт няцаасан, үгүйсгэсэн баримт байхгүй. 50 кг самрыг 98,900 төгрөгөөр үржүүлэхээр 4,945,000 төгрөгийн төлбөр гарч байгаа. 4,945,000 төгрөгийг гуравт үржүүлэхээр 14,835,000 төгрөг болж байна. 210кг худалдаж авсан, үүнийг 98,900 төгрөгөөр үржүүлэхээр 20,769,000 төгрөг гарч байна. Нийт хохирол нь 35,604,000 төгрөг гэж гарч байна. Шүүгдэгч **********, ********** нарын тухайд 13 шуудайг 98,900 төгрөгөөр бодохоор 45,276,000 төгрөг гарч байна. Үүнээс хувь тэнцүүлж хуваахаар 22,638,210 төгрөг гарч байна. **********ийн хувьд 900,000 төгрөгөөр автомашин үнэлэгдсэн байна. Үүнийг хасаж тооцохоор 21,738,100 үлдэж байна. Энэ хэргийн тухайд бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд санаатайгаар учруулсан гэмт хэрэг биш. Уг тооцоонд нэмээд ахуйн үнэлгээнд ашиглах боломжтой 50кг самрыг хасах боломжтой юм болов уу гэж харж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа, ойлгож байгаа. ... Өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр дээр маргаж оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулж, үүнийг 36 сараар шийдвэрлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Хувийн байдлын тухайд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үүнийг гэмт хэрэг гэж ойлгож байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.. ” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Ойн газрын дарга ойгоор тооцно, яамны мэргэжилтэн ойгоор тооцно гэсэн мэдээлэл өгч байна. Хэрвээ самар түүхдээ хуш модыг гэмтээсэн бол ойд хохирол учруулж байна гэж хэлсэн. Ойгоороо тооцох ёстой гэдэг зүйлийг хэлж байна. Орон нутгаас зөвшөөрөл аваад түүх ёстой гэж хэлж байна...” гэв.
Шүүгдэгч **********: Самрыг худалдаж авсан гэм буруугаа ойлгож байна, хохирол төлбөрийг төлж барагдуулна. Торгуулийн ялыг төлж барагдуулна гэв.
Шүүгдэгч **********: Торгуулийг төлж барагдуулна гэв.
Шүүгдэгч **********: 50кг самрыг түүж, 210кг самрыг худалдаж авсан үүгээр шийдэж өгнө үү. ...Гэм буруутайгаа ойлгож байна. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү. Эхнэр өвчтэй, хүүхдүүдтэйгээ байгаа гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч **********, **********, ********** нарыг гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч **********, **********, ********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын ажил эрхлэлт, ам бүлийн байдал болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа байдлыг нь дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн.
Харин шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний хувьд 457,8 кг /их хэмжээтэй/ цайруулсан самрыг бэлтгэн ургамлын аймагт хохирол учруулсан байгааг болон хохирол төлөгдөөгүй нөхцөл байдлыг дүгнэн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:
-шүүгдэгч **********ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж,
-шүүгдэгч **********ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Завхан” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж тус тус шийтгэв.
шүүгдэгч **********ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”
4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **********улсын дугаартай “Kia Pregio” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж, хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор ********* 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай, **********улсын дугаартай “Kia Pregio” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар эд баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 457,8 кг самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** **********, ******* ********** нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- ********* **********ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********, **********, ********** нарыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:
-шүүгдэгч **********ийг “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж,
-шүүгдэгч **********ийг “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж,
-шүүгдэгч **********ыг “Завхан аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж тус тус зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********оос 42,856,700 төгрөг, шүүгдэгч **********оос 91,762,700 төгрөгийг, шүүгдэгч **********өөс 91,762,700 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч **********, ********** нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **********улсын дугаартай “Kia Pregio” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн Ерөнхий Газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 457,8 кг ******* модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай, **********улсын дугаартай “Kia Pregio” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
9. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА