Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2025/00145

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01978 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00750 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Б-д холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч С.Б-д холбогдуулан ***** дүүрэг ** тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01978 дугаар шийдвэрээр;

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-ийн хариуцагч С.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ***** дүүрэг ** тоот орон сууцыг хариуцагч С.Б-н хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00750 дугаар магадлалаар;

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсэж хариуцагч орон сууцны үнэд 115,000,000 төгрөг төлсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж Иргэний хуулийг буруу тайлбарласан. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас орон сууцны төлбөрт төлсөн 115,000,000 төгрөгийн дансны хуулга нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлсөн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд дурдсан түрээсийн гэрээгээр хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөл бүхий орон сууцанд амьдарч байсан гэх үйл баримт дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, “С” ХХК-ийн “....хариуцагч түрээсийн гэрээгээр орон сууцыг эзэмшиж байгаа боловч түрээсийн төлбөр төлөөгүй тул гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлнэ.” гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч орон сууцыг түрээсийн гэрээний дагуу эзэмшээгүй. Харин хариуцагч нь “С” ХХК болон Ш.Э-д орон сууцны төлбөр 115,000,000 төгрөгийг төлсөн боловч орон сууцны гэрчилгээ авч чадаагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Тус асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Иймээс орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх нэхэмжлэл үндэслэлгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

2021.11.07-ны өдөр “С” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Уг гэрчилгээнд маргаан бүхий ** тоот орон сууцны өмчлөгчөөр “С” ХХК бүртгэгдээгүй болно. Энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, 2021.11.07-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр бус 2025.01.02-ны өдрийн гэрчилгээгээр “С” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн үйл баримт тогтоогдсон. “С” ХХК 2025.01.02-ны өдөр ** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн тул түүнээс өмнөх цаг хугацаандаа тухайн орон сууцыг С.Б-д хөлсөлж, орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байсан гэх тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх С.Б нь “С” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр орон сууцыг эзэмшиж байсан гэх дүгнэлт үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан 2023.11.05-ны өдрийн “Орон сууц хөлсүүлэх гэрээ” гэх нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь хуурамч бөгөөд гэрээн дэх гарын үсэг нь С.Б-н биш. Энэ талаар шүүх хуралдаанд хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй, хэргийн оролцогчийн нотлох баримт шалгуулах эрхийг хязгаарласан.

Тухайн гэрээг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон боловч уг гэрээ С.Б, “С” ХХК-ийн борлуулалтын албаны захирал Б.О-н хооронд байгуулагдсан. Б.О “С” ХХК-г төлөөлөх, орон сууцыг түрээслэх эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Б.О болон С.Б нарын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгт хамааралгүй байхад шүүх үүнийг нотлох баримтаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Хариуцагч маргаан бүхий орон сууцыг 2022 онд худалдаж авахаар тохиролцож, 115,000,000 төгрөгийг “С” ХХК болон Ш.Э нарт төлсөн нь дансны хуулгаар нотлогдсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан “... компанийн дансанд түрээсийн төлбөр С.Б-с биш Ш.Э-с орж ирсэн. Ш.Э компанийн оффис дээр ирж С.Б-н иргэний үнэмлэхийг өгч С.Б амьдарна гэж хэлж байсан. 2024 оны 11 дүгээр сар хүртэл Ш.Э түрээсийн төлбөрийг төлж байсан.” гэх тайлбараар С.Б-с шилжүүлсэн 115,000,000 төгрөгийг “С” ХХК Ш.Э-р дамжуулан авсан нь тогтоогдож байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх “С” ХХК нь Ш.Э-р дамжуулан “С.Б-с орон сууцны төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 115,000,000 төгрөгийг авсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс талуудын хооронд эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэсэн. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх, түрээсийн гэрээ байгуулагдсан бол 115,000,000 төгрөг нь хэдэн жилийн түрээсийн төлбөр болох, хариуцагчийн татгалзалд дурдсан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт төлсөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно.

С.Б-н орон сууцны төлбөрт шилжүүлсэн 115,000,000 төгрөгийг “С” ХХК авсан эсэх, уг мөнгийг нь Ш.Э болон “С” ХХК-ийн эрх бүхий этгээд залилсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байна.

С.Б орон сууцны төлбөрт 115,000,000 төгрөг төлсөн дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангасан. Анхан шатны шүүх уг нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан, хариуцагчаас 115,000,000 төгрөг төлсөн гэх үйл баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэгч тухайн төлбөрөөс Ш.Э нь С.Б-н орон сууцны төлбөрийг төлж байсан гэх тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх төлбөрийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үнэлээгүйгээс, хариуцагчийн төлсөн 115,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх үйл баримтад дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болно. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.07.01-ний өдрийн 001/ШХТ2025/00695 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. 

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

7.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч С.Б-д холбогдуулан ***** дүүрэг ** тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******0 дугаартай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...С.Б-тай 2022.05.05-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний хугацаа дууссан. Тэрээр түрээсийн төлбөрийг төлөөгүй. Энэ талаар С.Б-д удаа дараа мэдэгдсэн боловч шийдэлд хүрээгүй.” гэж тайлбарласан.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Ш.Э “С” ХХК-тай хамтарч **** хотхоны төслийг хэрэгжүүлж байгаа. 1 м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр орон сууц худалдах санал тавихад *** тоот хаягт байрлах орон сууцны үнэ 105,000,000 төгрөг төлж залилуулсан асуудлыг ***** дүүргийн цагдаагийн газрын ** хэлтэст шалгаж байгаа.” гэж маргасан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ; “...“С” ХХК нь ***** дүүрэг ** тоот орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. 2023.11.05-ны өдрийн 108/23/-CS23 дугаар орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээгээр “С” ХХК болон С.Б нар дээрх орон сууцыг 2023.11.05-ны өдрөөс 2024.11.05-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сарын 2,530,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон. Орон сууц хөлслөх гэрээнд хариуцагч С.Б гарын үсэг зураагүй, түүний гарын үсэг биш гэж маргасан боловч үүнийгээ нотлоогүй. Түүнчлэн, хариуцагч орон сууцыг бодитоор ашиглаж байгаа нь хэлцэл бодит байдал дээр хэрэгжсэнийг илэрхийлэх тул түүний татгалзал үндэслэлгүй. Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2024.11.05-ны өдрөөр дуусгавар болсон үндэслэлээр орон сууцыг суллаж өгөхийг хариуцагчид мэдэгдсэн. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссанаар орон сууцыг ашиглуулах тохиролцоо дуусгавар болжээ. Мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2025.01.03-ны өдрийн 251000210 дугаартай тогтоолд ... хариуцагч нь 115,000,000 төгрөгийг залилуулсан ... хүсэл зориг харагдах ба харин орон сууцыг өмчлөх, эзэмшилдээ байлгах эрхтэй гэх эрх зүйн агуулгад хамаарахгүй. Эрүүгийн журмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь уг маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй.” гэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянаад анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд хэвээр үлдээжээ.

10.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож ижил шийдвэр гаргасан боловч хуулийг агуулгаар нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

11.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба уг зохицуулалтаар нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай, эдгээр нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.

12.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “С” ХХК нь ***** дүүрэг ** тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******0 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч байх бөгөөд тус компанид 2021.11.07-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд “...129 ш орон сууц, ... **2-**4... тоот хаягт байршилтай...” гэж тусгагдсан, үүнд *** тоот орон сууц багтсан, 2025.01.02-ны өдөр *** тоот орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-*******0 дугаарт тусад нь бүртгэж, гэрчилгээ олгосон ба уг орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа эсэх нь маргааны зүйл болжээ.

13.Нэхэмжлэгчээс хариуцагч нь маргаж буй орон сууцыг орон сууц хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан, энэ хугацаанд төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гадна гэрээний хугацаа дуусгавар болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээнд гарын үсэг зураагүй, орон сууцыг худалдаж авах зорилгоор 115,000,000 төгрөгийг Ш.Э-д шилжүүлж, тус орон сууцанд амьдарч байгаа, Ш.Э-г орон сууцыг түүнд худалдах, эсхүл өмчлөгчийг төлөөлөн худалдах ажиллагааг хийх эрх бүхий этгээд гэж ойлгосон талаар маргасан байна.

14.“С” ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан 2023.11.05-ны өдрийн 108/23/-CS23 дугаартай орон сууц хөлслөх гэрээ, хариуцагч С.Б уг орон сууцанд 2022 оны 3 сараас хойш амьдарсан, Ш.Э-д “байрны урьдчилгаа”, “байрны мөнгө”, “граш 19 саяын урьдчилгаа” гэсэн утгаар 2022.05.19-ний өдрөөс 2023.12.14-ний хооронд нийт 110,000,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, харин орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлс төлж байсан талаарх баримт авагдаагүй байна.

Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй гэх тайлбараа нотлоогүйгээс гадна эрх бүхий этгээдтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд С.Б-г орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

15.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр, мөн улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэгээг үнэн зөв гэж тооцохоор тус тус зохицуулсан байх ба уг бүртгэлийг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй буюу хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

16.Түүнчлэн, С.Б “С” ХХК болон Ш.Э-д орон сууц худалдан авах урьдчилгаа 115,000,000 төгрөг өгч залилуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагааг явагдаж байгаа талаар тайлбарлаж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлд хамаарахгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь, хариуцагч С.Б “С” ХХК-д мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, эсхүл Ш.Э-р дамжуулан С.Б-с орон сууцны төлбөрт шилжүүлсэн 115,000,000 төгрөгийг “С” ХХК авсан, Ш.Э нь “С” ХХК-д ажилладаг, тус компанитай холбоо хамааралтай гэх байдал хэргийн баримтаар тус тус тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан “Х” ХК дахь С.Б-н дансны хуулга хуульд заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангасан байхад давж заалдах шатны шүүх эсрэгээр дүгнэсэн нь буруу боловч уг дансны хуулгаар Ш.Э-д байрны мөнгө, урьдчилгаа шилжүүлсэн утгатай гүйлгээнүүд хийгдсэн, харин “С” ХХК-ийн дансанд С.Б орон сууцны урьдчилгаа үнийг шилжүүлсэн, орон сууцыг өмчлөгч “С” ХХК болон С.Б нарын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх байдал тогтоогдсонгүй.

17.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01978 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00750 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                             Н.БАЯРМАА

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД