Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/1335

 

       2020         10             20                                       2020/ДШМ/1335                              

 

 

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

хохирогч Ц.С,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Д.Ренченхорол, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/659 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Агийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2011 00856 0580 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Түмэд овгийн Г.А, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................./;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 3 сар хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн задгайд байрлах гэртээ эцэг Л.Г, түүний хамтран амьдрагч Ц.С нарыг мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, Ц.Сгийн биед хүзүүний 2 дугаар нугалмын их бие, зүүн хөндлөн нүх дайрсан хугарал, хүзүүний 6-7 дугаар нугалмын хөл дайрсан хугарал, зүүн нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний ухархайн дээд болон доод ханын зөрүүтэй хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанаа, зүүн эгэм, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Л.Гийн биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх нимгэн ялтаслаг цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, гайморовын болон этмойд хөндийн цус хуралдалт, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, шанаа, эрүү орчмын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Ад 7 жил хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 7 жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Г.Агийн цагдан хоригдсон 78 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Агаас нийт 761.752 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Сд олгож, хохирогч Л.Г, Ц.С нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.А гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирол төлбөрөө барагдуулахгүй явсаар өндөр ял авсан гэж үзэж байна. Миний хувьд архи ууж, уурын мунхагаар өөрийн төрсөн эцэг Л.Г, түүний хамтран амьдрагч Ц.С нарт хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогч Ц.Сгийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. ...” гэжээ.

            Хохирогч Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад учирсан шарх, хугарал гүйцэд бороолоогүй. Өрөөсөн нүдэндээ хиймэл нүд хийлгэсэн. Мөн би Г.Агийн эцэгтэй 7 жил хамт амьдарсан. Миний бүх хувцас, эд хөрөнгө зуслангийн байшинд нь байгаа. Очиж хувцсаа авах гэхээр дүү Амарбат нь байшингаа цоожилчихоод өгдөггүй. Би хохирлоо барагдуулмаар байна....” гэв.

            Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, бодит байдалтай нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Агийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгчид оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулаагүй талаар давж заалдах гомдолдоо дурдсан байна. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцуулах эсэх талаар Г.Агаас асуухад өмгөөлөгчгүй оролцож мэдүүлэг өгнө гэсэн. Анхан шатны шүүх хуралдааны өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй гэсэн тайлбарыг бичгээр бичиж хэрэгт хавсаргасан. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүх шийдвэрлэж, бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн задгайд байрлах гэртээ эцэг Л.Г, түүний хамтран амьдрагч Ц.С нарыг мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, Ц.Сгийн биед хүзүүний 2 дугаар нугалмын их бие, зүүн хөндлөн нүх дайрсан хугарал, хүзүүний 6-7 дугаар нугалмын хөл дайрсан хугарал, зүүн нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний ухархайн дээд болон доод ханын зөрүүтэй хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанаа, зүүн эгэм, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Л.Гийн биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх нимгэн ялтаслаг цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, гайморовын болон этмойд хөндийн цус хуралдалт, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, шанаа, эрүү орчмын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Сгийн “... 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өглөө 10 цагийн үед Г.А гаднаас дээгүүрээ нүцгэн орж ирээд Л.Гээс мөнгөн нэхээд байсан. Тэгсэн Л.Г бэлэн мөнгө байхгүй гэж хэлсэн. Энэ хойгуур би дэлгүүр орж тамхи, ундаа авчихаад буцаад ирэхэд Батбаатар “... Г.А Л.Г ахыг зодоод алахаа дөхлөө. ...” гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Г.А араас орж ирээд “та нар мөнгөгүй гэсэн яасан, муу өвгөн минь” гээд Л.Г рүү дайрч хоолойг нь боож, газарт унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвсээд, нэг мөсөн алчихья гээд боогоод байхаар нь би дундуур нь орж салгах гэтэл намайг цохиж унагаахад Л.Гыг “... цагдаа дууд...” гэж орилохоор нь би халааснаасаа гар утсаа авах гэтэл “цагдаа дуудвал ална шүү гичий минь” гээд утас булааж аваад намайг цохиж унагааж, дээрээс дэвссэн. ...” /хх 13-15/,

гэрч Б.Б-ын “... 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 11 цагийн үед хөрш айлаас 50 орчим насны, нэг хөл нь доголон, өндөр нуруутай ах намайг гэрийн гадаа зогсож байхад хүрч ирээд “Г.А аавыгаа аллаа, цагдаа дуудаад өгөөч” гэсний дагуу би дуудлага өгсөн. ...” /хх 42-43/,

гэрч Д.-ийн “... 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 15 цагийн үед Шадивлан такси баазын зусланд “хүүхэд нь согтуу, аавыгаа зодоод байна” гэсэн дуудлагын дагуу шалгахад хашаан дотор Г.А нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гадаа зүлгэн дээр унтаж байсан. Байшин дотор ороход Л.Г, Ц.С нар нь шалан дээр нүүр хэсэг нь хавдаж, хөхөрч, цус болсон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ухаангүй хэвтэж байсан. ...” /хх 44-45/,

гэрч А.Б-ын “... Бид нар Ц.Сгийн авч ирсэн архийг хувааж уугаад нилээн согтоцгоосон ба Л.Г, Ц.С нар тасраад газар унаад өгсөн. ... би гадагшаа гарч бие засахад хүү нь болох Г.А 1 шил архи барьчихсан ууж байсан ба надаас түрүүлээд гэр лүүгээ орсон. Би араас нь ороход Л.Г, Ц.С хоёрыг хоёуланг нь толгой тархи руу нь өшиглөөд, дэвсээд зодоод байсан. Би айгаад ойртож чадалгүй боль гэж хэлээд үүдэнд нь зогсоод байсан. Г.А тэр хоёрыг ээлжлээд л дэвсээд зодоод байсан ба сүүлдээ нил цус нөж болсны дараа зодохоо болиод гараад явчихсан. Би сандраад хажуу айлын хүнд нь хэлж цагдаа, түргэн дуудуулсан. ...” /хх 49-50/,

шинжээч Г.Ханхүүгийн “... Хохирогч Л.Гийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд тусгагдсан онош нь үйл ажиллагааны алдагдал бөгөөд цаашид эмчлэгдэх боломжтой тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Учир нь, шүүх эмнэлэгт эрүүл мэндийг, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах шинж чанараар нь үнэлж дүгнэлтийг гаргадаг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.5-д зааснаар сэтгэцийн болон донтох өвчтэй болгох гэх заалтад дээрх сэтгэцийн өвчин эдгэрэх, эмчлэгдэх боломжтой тул тус заалтад хамаарахгүй. ...” /хх 91-92/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4360 дугаартай “Ц.Сгийн биед хүзүүний 2 дугаар нугалмын их бие, зүүн хөндлөн нүх дайрсан хугарал, хүзүүний 6-7 дугаар нугалмын хөл дайрсан хугарал, зүүн  нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний ухархайн дээд болон доод ханын зөрүүтэй хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанаа, зүүн эгэм зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хүзүүний 2 дугаар нугалмын их бие, зүүн хөндлөн нүх дайрсан хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7.31.1-д зааснаар цаашид хөдөлмөрийн чавдарыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүүний 6-7 дугаар нугалмын хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 52-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4466 дугаартай “Л.Гийн биед их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх нимгэн ялтаслаг цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн  нүдний ухархайн доод ханын гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, гайморовын хөндий болон этмойд хөндийн цус хуралдалт, зүүн зовхи, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, шанаа, эрүү орчмын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 80-81/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 598 дугаартай “Л.Г нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадваргүй байна. Л.Г нь сэтгэцийн хувьд F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, хойдох ойгүйдэл, ухаан сулралын байдалтай байна. ...” /хх 85-87/ гэх дүгнэлтүүд, болон шүүгдэгч Г.Агийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Г.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Ад 7 жил хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 7 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

            Шүүгдэгч Г.А нь: “... оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Ад тухайн зүйл, хэсгүүдэд заасан хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.А нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;” гэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тус тус зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эцэг Л.Г, түүний хамтран амьдрагч Ц.С нарыг зодож, хохирогч Л.Г нь тухайн гэмтлийн улмаас сэтгэцийн хувьд F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, хойдох ойгүйдэл, ухаан сулралын байдалтай, хохирогч Ц.С нь зүүн нүдний бүрэн хараагүйдэлтэй болсон зэргээс үзэхэд, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргээс харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй юм.

            Түүнчлэн анхан шатны шүүх Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд шүүгдэгч Г.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/659 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/659 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ