Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 196

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Ж.Яринпил (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0013) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Алдар овогт Бүүвэйн Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2601 1435 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алдар овогт Бүүвэйн Галбадрах, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1977 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл нэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 8-99 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ВЮ77101290, урьд нэг удаа ял шийтгүүлсэн,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түүний эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 3 (гурав) сар 15 (арван тав) хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Галбадрах нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 112 дугаар автобусны буудлын хойд талд байрлах зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “би шоронгоос гараад удаагүй байгаа шүү” гэх үл ялих зүйлээр шалтаглан Д.Долгорын нүүрэнд алгадаж, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан, буудлын гадна авто замын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Э.Наранхоролыг шалтгаангүйгээр зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж, танхайрсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Б.Галбадрах: Би хуульд заасан эрх, үүргээ ойлгож мэдлээ. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгнө. 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би үл таних дөрвөн эмэгтэйтэй танилцаад хамт архи уухаар болоод дэн буудалд орсон. Тэр үед би шоронд сууж байсан, суллагдаад удаагүй байгаа талаараа тэдэнд хэлж байсан. Учир нь би халзан байсан юм. Тэгээд дэн буудалд байхад Наранхорол гэх эмэгтэй арай залуу хоёр эмэгтэйг дагуулаад гарсан. Тэд буудлын цонхны харалдаа сууж байсан бөгөөд цонхоор харагдаж байсан. Харин Долгор гэх эмэгтэй нь надтай үлдсэн бөгөөд гарчихаад орж ирэхдээ намайг цохьсон гэж худал хэлээд байсан. Тэгээд нөгөө эмэгтэйчүүд нь орж ирээд Долгорыг дагуулаад явцгаасан. Би араас нь алхаж очоод Долгортой юм ярих гээд байж байхад цагдаагийн машин ирсэн. Наранхорол гэх эмэгтэй нь намайг хамар руу цохьсон гэж худал хэлээд байсан. Би Долгор болон Наранхоролд огт гар хүрээгүй. Миний хувьд архи бага уусан бөгөөд бараг эрүүл байсан тул болсон үйл явдлыг сайн санаж байна. Тэдэнтэй анх уулзах үед Наранхорол нүдээ тойруулаад хараар будсан байсан учир би түүнийг өмнө нь хүнд зодуулсан байсан гэж бодож байна. Мөн намайг баруун гараараа Наранхоролыг алгадсан гэж байгаа. Хэрэв би баруун гараараа алгадсан бол Наранхоролын нүүрний зүүн талд гэмтэл учрах байсан. Иймд би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2015 2601 1435 дугаартай хэргээс)

1. Хохирогч Э.Наранхоролын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр орой 23 цагийн үед гурван найз болох Улаанаа, том Долгор, жижиг Долгор нартай Зүүн Баянцагааны 5 дугаар гудамжны үзүүрт байдаг “Бууч” гэх нэртэй дэлгүүрийн ойролцоо уулзаад нэрийг нь санахгүй байна нэг караокед ороод боргио, нийслэл нэртэй тус бүр 3 лонх шар айраг уусан. Тэр караокеноос 00 цаг 10 минутын үед гараад бүгдээрээ Баянхошууны 25 дугаар гудамж руу явсан. Гудамж руу орох гээд явж байтал цагаан машинтай залуу бидний хажууд ирж зогссон. Тэгээд биднийг “бүгдээрээ танилцъя, жаахан ууж сууя, би та нарыг даая” гэж хэлээд машинтайгаа дагаж яваад байсан. Тэгэхээр нь бид машинд нь суугаад Хөтөлийн автобусны буудлын хажууд байрлах дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Экс нэртэй 1 лонх архи, 7 лонх шар айраг аваад 105 дугаар сургуулийн замын зүүн талд байрлах “Мотел” гэсэн нэртэй 2 давхар дэн буудал руу ороод, архи, шар айргаа ууж, юм ярьж суусан. Бид ярилцаад сууж байтал Галбадрах гэх залуу “шоронгоос гарсан, хүн амины хэрэгт холбогдож байсан” тухайгаа ярьж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр суллагдсан гэж ярьсан. Тэрээр шоронгийн талаар ярьж, ярианы өнгө нь заналхийлсэн, сүрдүүлсэн өнгө аястай болж эхэлсэн. Мөн “шоронгоос гараад хэнтэй ч ойртсонгүй, та дөрвийн нэг нь надтай унт” гэсэн байдалтай юм яриад байсан. Тэгэхээр нь бид дөрөв буудлын өрөөнөөс гараад явж байтал том Долгорыг дуудаад “өөртэй чинь жоохон юм ярьж сууя” гээд аваад үлдсэн. Тэр үед би Улаанаа, жижиг Долгор нартай хамт гараад 105 дугаар сургуулийн хашааны хажуу талд суугаад буудлын цонх руу харж байсан юм. Буудлын цонх руу харж байтал том Долгор, Галбадрах хоёр хоёулаа босчихсон байж байснаа Галбадрах том Долгорыг шууд алгадаад унагаачихсан. Тэгэхээр нь бид гурав гүйж ороод, том Долгорыг авч гараад, 105 дугаар сургуулийн хойд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун тийш алхсан. Биднийг Жанцангийн автобусны буудлын дэргэд алхаад явж байтал Галбадрах гэх нөгөөх залуу таксигаар хойноос ирээд “хөөе” гээд бидний хажууд ирсэн. Тухайн үед би том Долгорын зүүн гар талд нь сугадчихсан явж байсан юм. Гэтэл Галбадрах бууж ирээд шууд том Долгорын гараас татсан. Тэр үед би “хөөе, чи болиоч ээ” гэж хэлтэл шууд миний нүүр рүү нэг удаа цохисон тэгээд би нүүрээ дараад доош суусан. Тэгээд би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг (хх-ийн 20-21),

...Миний биед учирсан гэмтлийг бидэнтэй танилцаж, хамт архи уусан Галбадрах гэх залуу Баянхошууны Жанцангийн автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд засмал замын дэргэд явж байхад баруун гараараа нэг удаа цохиж учруулсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Би хэрэг гарах үед бага зэрэг согтуу байсан. Тухайн үед бид нэг лонх архи хувааж уусан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 52 дугаар хуудас),

...Би өмнө нь Галбадрах гэх хүнээс 200.000 төгрөгийг эмчилгээний зардал болгож авсан. Одоо сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хохирлыг барагдуулчих юм бол гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 103 дугаар хуудас),

...Бид гурав 105 дугаар сургуулийн довжоон дээр зогсоод зочид буудлын хоёр давхрын цонх руу харж байсан. Гэтэл удалгүй Галбадрах манай найз Долгорыг алгадсан. Бид гурав гүйж ороод найз охиноо буудлаас аваад гарсан. Тэгээд бид дөрвийг автобусны буудлын хажууд явж байхад Галбадрах такситай ирсэн. Тэгснээ том Долгорыг “хамт явъя” гээд гараас нь татсан. Тэгэхээр нь би “хүн явахгүй гэж байхад чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний хамар руу алгадсан. Би хамар хугарсан гэж бодоогүй. Манай найз болох Сэлэнгэмөрөн, жижиг Долгор хоёр “хамар чинь муруйсан байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар удалгүй ирсэн. Цагдаа нар намайг хамраа янзлуулчихаад ирээрэй гэсэн. Харин хамраа янзлуулчихаад цагдаагийн хэлтэс дээр очиход Галбадрахыг гаргаад явуулчихсан байсан. Үүнээс болж энэ хэрэг удааширсан. Би Галбадрахаас хамраа эмчлүүлсэн зардал болох 200.000 төгрөг авсан. Одоо миний хамар битүүрч, хуурайшиж, дотор нь юм гардаг болсон. Мөн тархи толгой хатгаж өвддөг болсон. Иймд цаашид эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх шаардлагатай байгаа тул 500.000 төгрөг нэхэмжилнэ гэв. (2017.03.20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс),   

2. Хохирогч Д.Долгорын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Наранхорол, Сэлэнгэмөрөн, Долгорсүрэн нарын хамт Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр зогсож байтал Галбадрах гэх залуу хүрч ирээд “та нар хаачих гэж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгээд бид хамт явж Баянхошууны Хөтөлийн хүнсний дэлгүүрээс 1 лонх архи, мөн шар айраг авч 112-ын буудлын хажууд байрлах дэн буудалд орж архи, шар айргаа уусан. Тэр үед Галбадрах гэх залуу “би 2015 оны 7 дугаар сарын 01-нд шоронгоос суллагдсан” гээд биднийг дарамтлах өнгө аястай зүйл ярьж байсан. Тэгэхээр нь би “чи наад шоронгийнхоо талаар ярихаа болиоч” гэж хэлтэл Галбадрах гэх залуу намайг “чи луусангийн шоронд байсан юм уу, хэдэн жил суусан юм бэ, хэзээ суллагдсан юм бэ” гэж ярьж эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “шоронд орох нь байтугай эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй” гээд муудалцсан. Тэгээд бид дэн буудлын өрөөнөөс гарч явах гэтэл Галбадрах “намайг үлдээд, жаахан суучих” гэсэн. Тэгээд би Галбадрахтай үлдээд сууж байтал намайг хоёр удаа алгадаад авсан. Тэр үед жижиг Долгор, Наранхорол, Сэлэнгэмөрөн нар орж ирээд намайг аваад гарсан. Тэгээд бид 105 дугаар сургуулийн хойд талын засмал замаар уруудаад явж байтал Галбадрах араас такситай хүрч ирээд миний гараас татаж, чангаасан. Тэр үед хажууд явж байсан Наранхорол “чи болиоч түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл “чи битгий хуцаад бай” гээд түүний хамар руу гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас),

3. Гэрч Ц.Сэлэнгэмөрөнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Орой 18 цагийн үед Наранхорол, Долгор, Долгорсүрэн бид дөрөв уулзаад нэг сав Нийслэл нэртэй шар айраг хувааж уучихаад Баянхошууны эцэс рүү явж байтал Наранхорол, Долгор хоёр нэг залуу руу очоод “ахаа гал байна уу” гэж асуутал нөгөө залуу “байна” гэж хэлээд галаа өгсөн. Тэгээд бид дөрөв Баянхошууны тойрог дээр ирээд автобусны буудал дээр зогсож байтал нөгөө гал өгсөн залуу хүрч ирээд “та нар хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь “бид дөрөв жаахан уух гээд байж байна, караоке орно” гэж хариулсан. Тэгтэл нөгөө залуу “тэгвэл бүгдээрээ хамт явж жаахан сууцгаах уу, та нар татгалзах зүйл байхгүй биз дээ” гэж асуусан. Тэгээд бид бөөнөөрөө такси бариад дэлгүүр орж, 0.75 литрийн хэмжээтэй Улаанбаатар нэртэй нэг лонх архи, зургаан лонх шар айраг авч 105 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлах буудалд орж архи, шар айргаа ууж, юм ярьж суусан. Тэр буудалд байхдаа бид ажил, амьдрал яриад сууж байтал, нэг мэдсэн Долгор нөгөө залуу хоёр шоронгийн талаар яриад байсан. Тухайн үед би архийг нь тойруулаад сууж байсан юм. Тэгээд бид дөрөв шөнийн 04 цагийн үед буудлаас гарсан юм. Тэр үед Долгор нөгөө залуутай буудлын өрөөнд хэрэлдээд үлдсэн. Харин Наранхорол, Долгорсүрэн бид гурав буудлын гаднаас “юу болж байгааг” цонхоор нь ажиглаад зогсож байсан. Тэгээд бид гурав орж, Долгорыг буудлын өрөөнөөс авч гаран хойд талын засмал зам дагаад явж байтал нөгөө залуу араас такситай ирээд “суучих” гэж хэлж байсан. Тэгтэл Доогий эгч “чи яв, бид явлаа” гэж хэлтэл Наранхорол “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд салгах гэтэл нөгөө залуу зүүн гараараа хамар руу нь цохичихсон... гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас),

4. Гэрч Ш.Дорждаваа (дуудлагаар очсон жолооч цагдаа)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...шөнийн 04 цагийн үед Ачит-10-аас “9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жанцангийн орчим хүн зодууллаа” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад гурван эмэгтэй, нэг эрэгтэй зогсож байсан. Тухайн үед эмэгтэйнх нь хамар хугарсан, хамраас нь цус гарсан, хамар нь муруйчихсан байдалтай байсан. Тэр үед би “хэн энэ хүүхний хамрыг цохисон юм бэ” гэж асуухад тэнд байсан бордуу царайтай, 170 см орчим өндөр нуруутай залуу “би маргалдаад цохичихсон” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 56 дугаар хуудас),

5. Гэрч Л.Долгосүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Тэр өдөр манай найз Сэлэнгэмөрөн, Доогий гэх эгч, хохирогч болох эмэгтэй бид дөрөв засмал зам дагаад Сэлэнгэмөрөнгийн гэрт очихоор Баянхошууны хуучин эцэст явж байтал бид дөрвийн араас нэг танихгүй ах ирээд “юм асууя” гэтэл том Доогий эгч, хохирогч болох эмэгтэй хоёр очиж тэр ахтай юм ярьсан. Тэгээд бид дөрөв нөгөө ахтай хамт явж дэн буудалд орж архи, шар айраг ууцгаасан. Буудлын өрөөнд ороод юм яриад сууж байтал нөгөө ах “би шоронгоос гараад удаагүй байгаа” энэ тэр гээд элдвийн юм яриад байсан. Тэгэхээр нь Сэлэнгэмөрөн бид хоёр буудлын өрөөнөөс түрүүлээд гарсан. Тэгтэл хохирогч болох эмэгтэй удахгүй араас гарч ирсэн. Харин энэ үед том Доогий буудлын өрөөнд нөгөө залуутай үлдсэн. Тухайн үед Сэлэнгэмөрөн, хохирогч эмэгтэй бид гурав том Доогийг буудлын цонхоор дуудсан. Тэгээд дуудсаны дараа том Доогий эгч буудлаас ганцаараа гарч ирсэн. Тэгээд бид дөрөв засмал зам дагаад Сэлэнгэмөрөнгийн гэр рүү явж байтал нөгөө залуу араас такси барьж ирээд том Доогий эгч болон хохирогч эмэгтэйтэй хэрүүл хийгээд байсан. Тэгтэл нөгөө залуу хохирогч эмэгтэйг цохичихсон. Миний харснаар “хамар муруйчихлаа” гээд хамраа дараад доош сууж байсан. Би хохирогч гэх эмэгтэйн нэрийг нь мэдэхгүй, тэр өдөр анх уулзсан... гэх мэдүүлэг (хх-ийн 104-105 дугаар хуудас),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10556 дугаартай: “Э.Наранхоролын биед хамрын ясны далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас),

7. Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн байцаалтад өгсөн: Э.Наранхоролын биед учирсан гэмтлүүд нь хоёр удаагийн буюу нүүрэнд учирсан гэмтэл нь нэг, бугалганд учирсан гэмтэл нь нэг удаагийн буюу тус тусдаа үүсгэгдэх гэмтлүүд бөгөөд баруун бугалганд учирсан цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч болно. Э.Наранхоролын биед учирсан гэмтлийг хэдэн хүн үүсгэснийг шинжилгээгээр тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 106-107 дугаар хуудас),

8. Шүүгдэгч Б.Галбадрахын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: Би 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ард байрлах машин засварын газарт танил дүү болох Лхамаатай хамт машин засалцаж байгаад 22 цагийн үед уг засварын газраас гараад Лхамаагийнд хоол хийж идчихээд 30-40 минутын дараа тэдний гэрээс ганцаараа гараад харих гээд явж байтал замд 5 эмэгтэй таараад нэг эмэгтэй нь надаас галаа өгч байгаач тамхи асаачихаад өгье гэсэн. Тэгээд цаашаа явж автобусны буудал дээр зогсож байтал нөгөө хэдэн хүүхэн хүрээд ирсэн. Тэр үед автобус ирэхгүй байсан болохоор такси барих гээд гар өргөтөл хажууд зогсож байсан нөгөө таван хүүхэн надад хандаж “ахаа та хаа хүрэх гэж байгаа юм бэ, бид төв рүү дөхөөд буучихъя” гэж гуйсан. Тэгэхээр нь би “за тэг тэг” гээд таксины хойд талд суулгаад хөдөлсөн. Харин тэр үед би “тэгвэл ах нь та нарт нэг лонх юм аваад өгөх үү, одоо архи зарж байгаа газар хаагуур байгаа вэ” гэж асуусан. Тэгтэл нөгөө хүүхнүүд Баянхошууны Хөтөлд байрлах ертөнцийн зүгээр урд талд нь байдаг хоёр давхар шар өнгийн дэлгүүрээс 0.75 литр хэмжээтэй “Экс” нэртэй нэг лонх архи, “Тайгер” нэртэй хоёр лонх шар айраг, нэг ундаа, парламент нэртэй нэг тамхи аваад, 112-ийн буудлын замын урд байрлах хоёр давхар дэн буудал руу орж, архи, шар айргаа уусан. Тэгээд архи ууж байтал гурван эмэгтэй нь гарчихаад ирье гээд буудлаас гарсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа махлагдуу шар эмэгтэй нь “чи миний хамар руу цохичихлоо” гээд хамраа бариад орж ирсэн. Тэгэхээр нь “яахаараа би чамайг цохидог юм бэ, би хамар руу чинь цохиогүй” гээд хоорондоо хэрэлдсэн. Би архи ууж байхдаа тэр хүүхнүүдтэй амьдралынхаа талаар яриад хэрэг төвөгт холбогдож байсан талаараа ярьсан. Би хохирогч гэх хүнийг зодож цохисон асуудал байхгүй, тэр хүний биед гэмтэл учирсан асуудлыг би мэдэхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 57-58 дугаар хуудас),

9. Шүүгдэгч Б.Галбадрахын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Гэмт хэрэг үйлдэх үедээ бага зэрэг согтуу байсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 59-60 дугаар хуудас),

10. Шүүгдэгч Б.Галбадрахын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: Би шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Би согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан тул хохирогч Э.Наранхоролын биед гэмтэл учруулснаа сайн санахгүй байгаа. Тиймээс мөрдөн байцаалтын үед зарим зүйлийг буруу мэдүүлсэн байсан. Гэхдээ хэргийн материалтай танилцахдаа гэрч, хохирогч нарын мэдүүлгийг уншаад “түүнийг алгадаж, хамрыг нь гэмтээсэн” гэдгээ ойлгосон тул үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 31-32 дугаар хуудас), цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 43-44, 69-71 дүгээр хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33 дугаар хуудас), урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоол болон хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан баримт (хх-ийн 36-40 дүгээр хуудас) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ. 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Галбадрах нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгосонгүй.  

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Галбадрах нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 112 дугаар автобусны буудлын хойд талд байрлах дэн буудалд согтуурсан үедээ “би шоронгоос гараад удаагүй байгаа шүү” гэх үл ялих зүйлээр шалтаглан Д.Долгорын нүүрэнд алгадаж, улмаар дэн буудлын гадна авто замын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Э.Наранхоролыг шалтгаангүйгээр зодож, түүний бие махбодод “хамрын ясны далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Галбадрахын гудамж талбай, олон нийтийн газарт бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан, мөн шалтгаангүйгээр бусдын эрх чөлөөнд халдаж буюу хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг агуулж байна. Харин танхайрах явцдаа бусдын бие махбодод хүч хэрэглэн хөнгөн гэмтэл учруулсныг хууль зүйн хувьд догшин авирласан гэж үзнэ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг шүүгдэгч Б.Галбадрахын мэдүүлгүүдээс няцаан үгүйсгэх баримт байхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Галбадрах нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Наранхорол, Долгор гэж хоёр эмэгтэйг зодоогүй, гар хүрээгүй. Хэрэв би Наранхоролыг баруун гараараа цохьсон бол түүний нүүрний зүүн талд гэмтэл учрах байсан...” хэмээн мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг нь хохирогч Э.Наранхорол, Д.Долгор, гэрч Ц.Сэлэнгэмөрөн, Л.Долгорсүрэн, Ш.Дорждаваа нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10556 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, хэрэгт хавсаргасан нотлох баримтуудаар няцаагдаж байна. Мэдүүлгүүдээс тодруулбал,

- Хохирогч Э.Наранхоролын “...Гэтэл Галбадрах машинаас бууж ирээд шууд том Долгорын гараас татсан. Тэр үед би “хөөе, чи болиоч ээ” гэж хэлтэл миний нүүр рүү нэг удаа цохьсон бөгөөд би нүүрээ дараад доош суусан...” гэх мэдүүлэг;

- Хохирогч Д.Долгорын “Галбадрах араас такситай ирээд, миний гараас татаж, чангаасан. Тэр үед хажууд явж байсан Наранхорол “чи болиоч, түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл Галбадрах “чи битгий хуцаад бай” гээд түүний хамар руу гараараа нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг;

- Гэрч Ц.Сэлэнгэмөрөнгийн “...Бид засмал зам дагаад явж байтал нөгөө залуу араас такситай ирээд суучих гэж хэлсэн. Тэгтэл Доогий эгч “чи яв, бид явлаа” гэж хэлсэн бөгөөд Наранхорол “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд салгах гэтэл, нөгөө залуу зүүн гараараа хамар руу нь цохьчихсон...” гэх мэдүүлэг;

- Гэрч Л.Долгорсүрэнгийн “...Бид дөрөв засмал зам дагаад Сэлэнгэмөрөнгийн гэр рүү алхаж явтал нөгөө залуу араас такситай ирээд том Доогий эгч болон хохирогч эмэгтэйтэй хэрүүл хийгээд байсан. Тэгтэл нөгөө залуу хохирогч эмэгтэйг цохьчихсон. Миний харснаар “хамар муруйчихлаа” гээд хамраа дараад доош сууж байсан...” гэх мэдүүлэг;

- Гэрч Ш.Дорждаваагийн “...шөнийн 04 цагийн үед 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жанцангийн орчимд хүн зодуулсан гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад, гурван эмэгтэй, нэг эрэгтэй зогсож байсан. Тухайн үед эмэгтэйнх нь хамар хугарсан, хамраас нь цус гарсан, хамар нь муруйчихсан байдалтай байсан. Тэр үед би “хэн энэ хүүхний хамрыг цохисон юм бэ” гэж асуухад тэнд байсан бордуу царайтай, 170 см орчим өндөр нуруутай залуу “би маргалдаад цохьчихсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг.

Нөгөөтэйгүүр, хохирогч Э.Наранхоролын биед учирсан гэмтлийг шүүгдэгч Б.Галбадрахын баруун болон зүүн гарын аль нь ч учруулсан байх бүрэн боломжтой байна. Учир нь: шинжээч эмч Ц.Бадрал “хохирогчийн баруун нүд болон хамрын гэмтэл нь нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогчийн хувьд хааш харж байснаас хамааран түүний гэмтлийг аль ч гарын нэг удаагийн үйлчлэлээр учруулсан байх бололцоотой гэж дүгнэв. Хамгийн гол нь хохирогч Э.Наранхоролын хамар руу Б.Галбадрах гараараа цохиж, гэмтэл учруулсан буюу хамрыг нь муруйлгасан болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна.

Харин шүүгдэгч Б.Галбадрах нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн этгээд биш бөгөөд хэргийн байдлыг нотлох үүрэггүй тул түүнийг худал мэдүүлснийх нь төлөө буруутгах хууль зүйн үндэслэл байхгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил: “миний үйлчлүүлэгч Б.Галбадрах нь тухайн үед хохирогч Д.Долгортой бэлгийн харьцаанд орох сонирхолтой байсан бөгөөд хохирогч Э.Наранхорол тэдний дундуур орсноос болж, түүнийг алгадаж гэмтэл учруулсныг танхайн сэдэлттэй гэж үзэхгүй. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар ял халдаах санал гаргаж байна” хэмээн өмгөөлөл явуулав.

Хууль зүйн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайн дурын үндсэн дээр, харилцан зөвшөөрч, хүсэл зоригийн дагуу бэлгийн харьцаанд орох ёстой бөгөөд шүүгдэгч Б.Галбадрахын хэт хүч түрэмгийлсэн байдлыг таслан зогсоох гэж зүй ёсны шаардлага тавьсных нь төлөө нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хохирогч Э.Наранхоролыг илтэд үл хүндэтгэн гудамж талбайд түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж, алгадсан үйлдлийг хувийн сэдэлттэй гэж үзэхгүй. Мөн шүүгдэгч Б.Галбадрах, хохирогч Э.Наранхорол нарын хооронд урьдын өс хонзон, таарамжгүй байдал, эр эмийн хардлага, сэрдлэг байгаагүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэл урьдчилан төлөвлөгдөөгүй, гэнэт үүссэн шинжтэй байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд өмгөөлөгчийн саналыг хүлээн авах, шүүгдэгч Б.Галбадрахад урьд сонсгосон ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх Б.Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэв.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл: шүүгдэгч Б.Галбадрахыг “танхайрах” гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Галбадрахыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33) болон ял шийтгүүлсэн тогтоол, суллагдсан баримт (хх-ийн 36-40)-аар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч Б.Галбадрах нь:

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 114 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн нэг жил гурван сар арван тав хоногийн хугацаатай ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна.

Шүүгдэгч Б.Галбадрах нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, харин ялтай байхдаа болон согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан атлаа 16 хоногийн дараа гэмт хэрэг дахин үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчид аль илүү ашигтай байх нэг нөхцөлөөр буюу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3. дахь хэсэгт “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар Б.Галбадрахыг өршөөлд хамааруулав.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Хохирогч Э.Наранхорол нь хохиролд баримтаар 201.400 төгрөг (хх-ийн 17-18, 26 дугаар хуудас) нэхэмжилснийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан баримт, хохирогч Э.Наранхоролын мэдүүлгээр (хх-ийн 52 дугаар хуудас) нотлогдож байх тул шүүгдэгч Б.Галбадрахыг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Э.Наранхорол нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “...Одоо миний хамар байнга битүүрдэг, хугаралтаас болоод хуурайшдаг, дотор нь юм гардаг болсон. Мөн тархи толгой хатгаж өвддөг болсон. Үүнийгээ цаашид үзүүлэх бодолтой байгаа. Иймд 500.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд шинээр гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хуулийн шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Галбадрах нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдав.

Шүүгдэгч Б.Галбадрахад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Алдар овогт Бүүвэйн Галбадрахыг “танхайрах” гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галбадрахад 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3. дахь хэсэгт зааснаар хорих ангиас тэнсэн суллагдсан Б.Галбадрахыг хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6. дахь хэсэгт зааснаар Б.Галбадрахад оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галбадрахын цагдан хоригдсон нийт 57 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Галбадрах нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Наранхорол нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Галбадрахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялын хугацааг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Галбадрахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.БАТАА