Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2020/00417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгч Д.Баярсайхан, хариуцагч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Д.Баярсайханы нэхэмжлэлтэй Ч.Мөнхбаярт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даваасамбуу овогтой Баярсайхан миний бие Чулуунбат овогтой Мөнхбаяртай 2005 онд харилцан зөвшөөрч хамтран амьдарч байгаад 2010 онд Улаанбаатар явж очоод сураггүй алга болсон. Үүнээс хойш холбоо харилцаа тасарч би аав ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2015 онд тусдаа амьдарсан. Үүнээс хойш бид хоёр тус тусдаа амьдрал зохиож амьдарч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие одоог хүртэл үр хүүхэд гаргаагүй тул хүүхэд үрчилж авах хүсэлтэй болсон. Үүнийг минь харгалзан үзэж, гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Мөнхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Д.Баярсайхантай гэр бүл болсон. Үр хүүхэд гараагүй учраас 2010 онд хамтран амьдрахаа больсон. 2011 онд одоогийн гэр бүлийн хүнтэйгээ хамтран амьдарч 3 хүүхэдтэй болсон. Ам бүл тавуулаа амьдарч байна. Яаралтай гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оноос 2010 он хүртэл Ч.Мөнхбаяртай хамт амьдарсан. 2010 онд Ч.Мөнхбаяр Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад түүнээс хойш сураггүй болсон. Би 2010 оноос эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаад 2016 онд гэр бүлтэй болсон. Энэ гэр бүлтэйгээ одоог хүртэл амьдарч байна. Бидний дундаас үр хүүхэд гарахгүй байгаа учраас бид хүүхэд үрчилж авах гэтэл миний өмнөх гэрлэлт цуцлагдаагүй учраас хүүхэд үрчлэх боломжгүй болчихоод гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Ч.Мөнхбаяр бид хоёрын хувьд эд хөрөнгө болон хүүхдийн асрамжийн ямар нэгэн маргаан байхгүй. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.  

Хариуцагч Ч.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.Баярсайхан бид хоёр хамт амьдарч байх хугацаанд хүүхэд гарахгүй байсан учраас хоёулаа салъя гэж тохиролцоод тусдаа амьдарсан. Одоо би өөр гэр бүлтэй болсон гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь Ч.Мөнхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Д.Баярсайхан, Ч.Мөнхбаяр нар нь 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан 414 дугаарын гэрлэлтийн лавлагаагаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа бэлгийн харьцаа тохирдоггүй, үр хүүхэдтэй болоогүй, мөн Д.Баярсайхан, Ч.Мөнхбаяр нар нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон гэдэг шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Баярсайхан, Ч.Мөнхбаяр нарын бэлгийн харьцаа тохирдоггүй, үр хүүхэдтэй болоогүй, түүнчлэн Ч.Мөнхбаяр нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хүүхэдтэй болсон нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа хүү М.Гэрэлсайханыг үрчилж авч, өсгөн хүмүүжүүлж байсан бөгөөд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй, хүү М.Гэрэлсайхан нь гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд эхийн асрамжид байсныг харгалзан түүнийг эх Д.Баярсайханы асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, харилцан бие биенээсээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хэрсүү овогт Даваасамбуугийн Баярсайхан, Унзад Шагдар овогт Чулуунбатын Мөнхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин М.Гэрэлсайханыг эх Д.Баярсайханы асрамжид үлдээсүгэй.

3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

4. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Мөнхбаяр нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мөнхбаяраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баярсайханд олгосугай.

7. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

8. Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар болон эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

9. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

10. Нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ