Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/857

 

 

 

 

 

 

 

 2024         07          31                                      2024/ШЦТ/857

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Эын Мт холбогдох эрүүгийн 2406 00000 0600 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...............................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 17:00 цагийн үед Баянзүрх дүүргийн ..............................хороо, Ц захын гэрлэн дохиотой уулзвар орчмын гудамжинд хохирогч Г.Мын эсрэг шалтгаангүй, санаатайгаар хүч хэрэглэн түүний нүүр хэсэгт гараараа цохих хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь үнэн, тухайн үед би үйлдээгүй гэж бодсон. Яагаад гэхээр тэр өдрийн үйл явдлыг би гүйцэт санахгүй байгаа” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мын өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны орой аавын талын хамаатны хүмүүс дээр өөрийн төрсөн эгч Чтэй хамтдаа очиж золгож, тухайн айлд байж байгаад үд нэлээн өнгөрөөгөөд гарсан. Тухайн айлдаа би болон манай эгч Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гарч явсан бөгөөд тэндээс гараад манай ээжийн гэр Мд байдаг учраас ээжийнхээ гэрт очих гээд явж байсан. Энэ үед “Ц” захын автобусны буудлын ойролцоо явж байхад модны зах дээр ажилладаг байсан талийгаач ахын найз таарсан. Тэгээд манай эгч түүнтэй өмнө нь болсон асуудлын талаар маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байхад тухайн эрэгтэйтэй хамтдаа зогсож байсан үл таних 30 гаруй орчим настай эрэгтэй манай эгчийг алгадаад газарт унагахад нь би очоод түүнтэй зууралдаж авахад намайг зодож эхэлсэн бөгөөд тэр хүн надаас салаад зугтаахаар нь манай эгч араас нь очиж барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед баруун нүд хавдаж хөхөрсөн, толгой духан дээрээ хавдсан, баруун гар үеэр хавдсан. Дээрх гэмтлүүдийг талийгаач ахын найзтай хамтдаа зогсож байсан эрэгтэй ганцаараа надад учруулсан бөгөөд гараа цохих, хөлөөрөө өшиглөх гэх мэтээр учруулсан. Өөр ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. Намайг цохиж зодсон хүн тухайн үедээ согтуу байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мын дахин өгсөн: “...Намайг зодсон хүн, би цагдаа дээр ирээд нэр усыг нь мэдэж авсан. Уг залуу цагдаа дээр баригдаж ирэхдээ согтуу байсан, манай эгч уг залууг араас нь гүйж барьж аваад цагдаа дуудсан, цагдаа дээр ирээд уг залуу эрүүлжүүлэхэд орсон. Уг гэмтлүүдийг "Ц" хавьцаа таарсан М гэдэг хүн надад учруулсан. Гудамжинд таараад манай эгч Чтэй маргалдаад манай эгчийг нэг удаа алгадсан, тэгэхээр нь би эгчийгээ өмөөрөөд уг залууг заамдаж авсан, тэгтэл намайг гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохиж намайг газар унагаад гар руу өшиглөсөн тэгээд миний биед уг гэмтлүүд учирсан. Миний биед өөр хүн халдаж гэмтэл шарх учруулаагүй. М гэх залуу ганцаараа намайг цохиж зодсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Чийн өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны орой би төрсөн дүү Мын хамтаар аавын маань эгч Дгийн гэрт нь очоод хамтдаа золгочхоод тэдний гэрт нь согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэчхээд гарч ирээд "Ц"-р уруудаад миний одоогийн амьдарч байгаа Баянзүрх дүүргийн ..............................хороо "Б"-д байрлалтай нийтийн байр луу алхаад явж байсан. Тэр үед "Ц"-н гэрлэн дохиотой уулзварын баруун урд хэсэгт байрлах "Үндэсний бууз" нэртэй газраас урагш уруудаад явж байхад миний талийгаач ахын маань хамтдаа ажиллаж, модонд явдаг байсан зүс таних, нэрийг нь мэддэг ах согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байхад нь тааралдсан, тэгэхээр нь би очоод мэнд мэндэлчхээд, нас барсан ахынхаа тухай ярихад тэр хүн надад хандаад ахыгаа амьд сэрүүн дээр нь олигтойхон эргэж тойроогүй гэсэн зүйл ярихаар нь түүнтэй ам зөрөөд маргалдсан. Нэг их сүртэй маргалдаж янз бүр болоогүй байдалтай байхад хажуугаас түүнтэй хамтдаа явж байсан зүс таних хүн хүрч ирээд шууд нүүр лүү гараараа алгадаад авсан. Тэгсэн чинь шууд миний дүү М хүрч ирээд "Яаж байгаа юм" гэж хэлээд хүрээд ирэхийн хооронд Мын нүүр лүү нь тэр хүн цохиж аваад газарт унагасан, тэгээд газарт уначихсан байхад нь нүүр болон биерүү нь хөлөөрөө өшиглөөд байсан ба салгасан чинь болихгүй болохоор нь цагдаа дуудлаа шүү гэж хэлтэл зугатаачихсан, тэгэхээр нь би араас нь хөөж очоод барьж аваад цагдаа дуудсан, удалгүй цагдаа хүрч ирээд манай дүүг, түүнийг зодсон залуутай хамтад нь цагдаагийн байгууллага руу авч явсан, би болохоор автобусаар араас нь цагдаа дээр хүрч ирсэн. Намайг алгадахад уруул хэсэг хавдсан өөр гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, алгадуулсан асуудалд нь ямар нэгэн гомдол санал байхгүй. Намайг алгадсан залуу манай дүү Мын биед гэмтлийг ганцаараа учруулсан, хажууд нь байсан хүмүүс оролцоогүй бөгөөд хараад зогсож байсан ба цагдаа дуудлаа гэж хэлэхэд тараад алга болсон. Тэр залуу нь өөрийнхөө гараар цохих, хөлөөр өшиглөх гэх мэтээр гэмтэл учруулсан, ямар нэгэн эд зүйл ашиглаагүй. Миний дүү М нь огт түүнийг цохиж зодоогүй, тийм боломж ч гараагүй..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2813 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 5х5 см хэмжээтэй бага зэрэг хавдсан, голд нь 0,5х0.2 см. 0,2х0,2 см, 0,3х0,2 см хэмжээтэй, хүрэн өнгийн зулгаралттай, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгээр 6,5х4,5 см хэмжээтэй, шаргалдуу туяатай, хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, зовхины гадна хэсгээр 2х2 см талбайд олон жижиг, хүрэн өнгийн, зүүн хөмсөгний дотор үзүүрт 1х0,2 см хүртэл хэмжээний, 3 ширхэг, зэрэгцээ байрлалтай, захаасаа сорвижиж эдгэрч эхэлсэн зулгаралттай, баруун бугалгын гадна доод хэсэг, тохойд 12х7 см хэмжээтэй, бүдэг, хөх өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. КТГ болон рентген шинжилгээнд явсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав. ДҮГНЭЛТ 1. Г.Мын биед баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, зовхины гадна хэсэг, зүүн хөмсөгний дотор үзүүрт зулгаралт, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалгын гадна доод хэсэг, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдээс нүүрний хэсгийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалгын гадна доод хэсэг, тохойн цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хохирогч Г.Маар хэргийн холбогдогч Э.Мыг таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

Г.Чээр хэргийн холбогдогч Э.Мыг таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох, эцэслэн шийдвэрлэхэд  хүрэлцээтэй гэж үзлээ.

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

          Тухайлбал, улсын яллагч “...Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуун миний бие шүүгдэгч Мт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан байх үедээ олон нийтийн газар хохирогч Мөнхжаргалын эрүүл мэндэд хүчээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатад гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргажээ. 

          Шүүгдэгч Э.М нь “...Хэлэх зүйлгүй” гэжээ.

Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нь маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 17:00 цагийн үед Баянзүрх дүүргийн ..............................хороо, Ц захын гэрлэн дохиотой уулзвар орчмын гудамжинд хохирогч Г.Мын эсрэг шалтгаангүй, санаатайгаар хүч хэрэглэн түүний нүүр хэсэгт гар,  хөлөөрөө цохиж зодон эрүүл мэндэд нь баруун дээд нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, зовхины гадна хэсэг, зүүн хөмсөгний дотор үзүүрт зулгаралт, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалганы гадна доод хэсэг, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ үйл баримт нь Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мын өгсөн: “.....Тэгээд маргалдаж байхад тухайн эрэгтэйтэй хамтдаа зогсож байсан үл таних 30 гаруй орчим настай эрэгтэй манай эгчийг алгадаад газарт унагахад нь би очоод түүнтэй зууралдаж авахад намайг зодож эхэлсэн бөгөөд тэр хүн надаас салаад зугатаахаар нь манай эгч араас нь очиж барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед баруун нүд хавдаж хөхөрсөн, толгой духан дээрээ хавдсан, баруун гар үеэрээ хавдсан байсан. Дээрх гэмтлүүдийг талийгаач ахын найзтай хамтдаа зогсож байсан эрэгтэй ганцаараа надад учруулсан бөгөөд гараа цохих, хөлөөрөө өшиглөх гэх мэтээр учруулсан. Өөр ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. Намайг цохиж зодсон хүн тухайн үедээ согтуу байсан.гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мын дахин өгсөн: “...Намайг зодсон хүн, би цагдаа дээр ирээд нэр усыг нь мэдэж авсан. Уг залуу цагдаа дээр баригдаж ирэхдээ согтуу байсан, манай эгч уг залууг араас нь гүйж барьж аваад цагдаа дуудсан, цагдаа дээр ирээд уг залуу эрүүлжүүлэхэд орсон. Уг гэмтлүүдийг "Ц" хавьцаа таарсан М гэдэг хүн надад учруулсан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Чийн өгсөн: “....миний талийгаач ахын маань хамтдаа ажиллаж, модонд явдаг байсан зүс таних, нэрийг нь мэддэг ах согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байхад нь тааралдсан, тэгэхээр нь би очоод мэнд мэндэлчхээд, нас барсан ахынхаа тухай ярихад тэр хүн надад хандаад ахыгаа амьд сэрүүн дээр нь олигтойхон эргэж тойроогүй гэсэн зүйл ярихаар нь түүнтэй ам зөрөөд маргалдсан. Нэг их сүртэй маргалдаж янз бүр болоогүй байдалтай байхад хажуугаас түүнтэй хамтдаа явж байсан зүс таних хүн хүрч ирээд шууд нүүрлүү гараараа алгадаад авсан. Тэгсэн чинь шууд миний дүү М хүрч ирээд "Яаж байгаа юм" гэж хэлээд хүрээд ирэхийн хооронд Мын нүүрлүү нь тэр хүн цохиж аваад газарт унагасан, тэгээд газарт уначихсан байхад нь нүүр болон биерүү нь хөлөөрөө өшиглөөд байсан ба салгасан чинь болихгүй болохоор нь цагдаа дуудлаа шүү гэж хэлтэл зугатаачихсан, тэгэхээр нь би араас нь хөөж очоод барьж аваад цагдаа дуудсан, удалгүй цагдаа хүрч ирээд манай дүүг, түүнийг зодсон залуутай хамтад нь цагдаагийн байгууллага руу авч явсан, ...тэр залуу нь өөрийнхөө гараар цохих, хөлөөр өшиглөх гэх мэтээр гэмтэл учруулсан, ямар нэгэн эд зүйл ашиглаагүй. Миний дүү М нь огт түүнийг цохиж зодоогүй, тийм боломж ч гараагүй..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2813 дугаартай : Хохирогч Г.Мын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хохирогч Г.Маар хэргийн холбогдогч Э.Мыг таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

          Г.Чээр хэргийн холбогдогч Э.Мыг таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь архины замбараагүй, зохисгүй хэрэглээ, хувь хүний төлөвшил, араншин, амьдралын хэв маяг шууд нөлөөлсөн байх ба улмаар согтуурч, мансуурсан хүн аливаа нөхцөлд байдалд бодитой дүгнэлт хийх, биеэ удирдах чадваргүйд хүрч гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрддэг бөгөөд гэхдээ энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” болно.

Иймд шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсний улмаас шалтгаалан уг гэмт хэрэг гарсан байна гэж шүүх дүгнэв.

Хууль, эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2813 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Мын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.

Шүүгдэгч Э.М нь хохирогч Г.Мын эрүүл мэндэд халдаж, түүний нүүр хэсэгт гар, хөлөөрөө цохиж байгаа үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.М нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд мөн хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Э.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Маас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажил, тодорхой цаг хугацаанд тогтмол ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн хохирогчийн зүгээс шүүгдэгчид гаргах гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй болохыг илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж улсын яллагчийн хувьд шүүгдэгчид дараах ялыг санал болгож байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч “...Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дэх тал/, Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /амжиргааны түвшин бага/ /хавтаст хэргийн 37 дахь тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 38 дахь тал/,  Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.

Энэ хэрэгт Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 Иймд шүүгдэгч Э.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажил, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн гомдол санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Мт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч С овогт Эын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Мт мэдэгдсүгэй.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          6. Хохирогч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Маас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЭНХТҮВШИН