Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2025/00151

 

С.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Д.Цолмон даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02824 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00945 дугаар магадлалтай,

С.С-н нэхэмжлэлтэй

“А” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.С-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С.С нь “А” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02824 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч С.С-г “А” ХХК-ийн маркетингийн албаны дарга ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 41,144,860 төгрөгийг хариуцагч “А” ХХК-аас гаргуулан С.С-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “А” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 363,675 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00945 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02824 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч С.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “...дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний орлогыг...” гэж заасан байхад шүүх нь хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин болох 3,000,000 төгрөгийг баримтлан тооцоо хийсэн нь хууль зөрчсөн зөрүүтэй хэрэглээ юм. Шүүхийн “...нэгтгэн олгосон байх тул...” гэх тайлбар нь бодит орлогыг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасах үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д цалин хөлсний бүрдлийг хуульчилсан, “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.3-т мөн цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орохоор заасан боловч шүүх энэ ойлголтыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...Ээлжийн амралтын мөнгө, нэмэгдэл нь өмнөх саруудын хөдөлмөрийн үр дүнд бий болсон эрх бөгөөд тухайн сард олгогдсон нь ажилтны буруугаас бус, ажил олгогчийн олголтын хуваарьтай холбоотой байсан. Гэтэл түүнийг олгосон сарыг шалгуур болгон хасах нь ажилтны эрхийг хохироож, шударга байдлын зарчмын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл үүссэн гэж үзэж байна.

4.1.Хэрэглэвэл зохих хууль, журмыг хэрэглээгүй тухайд:

Х-н 2021.12.06-ны өдрийн А/192 тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.1-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход энэхүү журмыг баримтална” гэж заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд огт хэрэглээгүй, хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн. Мөн шүүх сүүлийн 3 сарын бодит цалин хөлсийг үл харгалзан хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалинг л баримталсан нь дээрх журмын 2.3.5-д заасан шаардлагыг зөрчсөн бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан Монгол Улсын дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн 01 тоот зөвлөмжийн 3.6-д заасан “...сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу шүүх тооцох ёстой” гэдгийг шүүх анхааралгүй орхигдуулсан.

4.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд:

“Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.7-д зааснаар үндсэн баримтыг шүүх бүрэн судалж, хэрэглээгүй орхигдуулсан. ...Хөдөлмөрийн гэрээ болон цалингийн дэлгэрэнгүй тайлангаас харахад KPI-тай холбоотой урамшуулал нь сар бүрийн гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслэн гэрээнд заасан журам, нөхцөлийн дагуу тогтмол олгогдож ирсэн, энэхүү урамшуулалт цалин хөдөлмөрийн үр дүнтэй шууд уялдаатай, урамшуулал нь зөвхөн бичгээр тохиролцсон нөхцөл байгаад зогсохгүй, цалингийн тайланд тогтмол тэмдэглэгддэг зэрэг нөхцөл байдал нь уг урамшууллыг “тохиолдлын” буюу “нэмэлт орлого” гэж үзэх боломжгүй тул цалин хөлсний бүрэлдэхүүнд багтах хууль зүйн үндэслэлтэй юм. ...Түүнчлэн “дундаж цалин” гэдэг хууль зүйн нэр томъёог “үндсэн цалин”-тай дүйцүүлэн хэрэглэсэн нь шүүхийн практикт зөрүү, хоёрдмол тайлбар үүсэх нөхцөл бүрдүүлж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.С-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.09-ний өдрийн 001/ШХТ2025/00774 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч С.С нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргасан ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн.

“А” ХХК нэхэмжлэлийг татгалзаж, ...ажилтан хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан, зан харилцаа, ёс зүйн доголдол гаргасан нь тогтоогдсон гэж маргажээ. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна. (хх-ийн 9, 165)

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

Нэхэмжлэгч нь “...сарын дундаж цалин хөлсийг хоёр шатны шүүх үндсэн цалингийн хэмжээгээр тооцож, олговрыг буруу тогтоосон тухай” гомдол гаргасныг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

9.Хэрэгт байгаа баримтаас үзвэл, “А” ХХК-ийн захирлын 2023.07.18-ны өдрийн Б/204 тоот тушаалаар С.С-г тус компанийн Маркетингийн албаны даргаар 3 сарын туршилтын хугацаагаар ажилд авч, 2023.10.31-ний өдрийн Б/319 тоот тушаалаар үндсэн ажилтнаар авч ажиллуулсан ба компанийн гүйцэтгэх захирлын 2024.02.15-ны өдрийн Б/046 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2, хөдөлмөрийн гэрээний 5.3.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тушаалд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажилтны үүргээ биелүүлээгүй гэж дурдсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг зан харилцааны хувьд доголдолтой, ажилчидтай зүй бусаар харьцдаг, энэ талаар ажилтнуудаас гомдол ирсэн, зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх агуулгаар мэтгэлцжээ.

10.Хариуцагч буюу ажил олгогч нь нэр бүхий 7 хүн 2023.12.27-ны өдөр нэхэмжлэгч С.С-д холбогдуулан “...харилцааны хувьд доголдолтой, хамтран ажиллах, ойлголцоход хүндрэлтэй, маркетингийн албаны даргын хувьд байх энгийн ажил үүргийн чиглэл, санал санаачлага гарган удирдан зохион байгуулах чадваргүй, санал нийлээгүй ажилчдаа шууд ажлаас гарах санал тавьдаг, цалингаас хасна хэмээн сүрдүүлдэг, өөрийн бодол санаагаа шууд тулган шаарддаг нь ажиллах нөхцөлд хүндрэл үүсгэж, ажиллах урам зоригийг үгүй хийж байгаа тул С.С-г албан тушаалаас нь түдгэлзүүлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх өргөдлийг гаргасан гэж байгаа боловч хариуцагч нь өргөдлийн дагуу шалгах, нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар авах зэрэг зөрчил шалган хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байхаас гадна тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон, энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн үндэслэлийг ямар ч баримтаар нотлоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хөдөлмөрийн дотоод журмын 5.2, хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д заасан “Ажилтан нь гэрээний заалт, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, аливаа хэлбэрээр өгсөн анхааруулга сануулгыг үл тоомсорлож, 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй зэрэг үйлдлийг гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчлийг нотлоогүй нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

11.Харин анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэсэн хэм хэмжээг хэрэглэж, ажилтны сарын дундаж цалин хөлсийг тогтоохдоо хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин 3,000,000 төгрөгийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тогтоосон нь хуульд нийцсэнгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

11.1.Х-н 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 23.5-д ...олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан ба шүүхүүд энэ хэм хэмжээг нэг мөр тайлбарлан хэрэглэж практик тогтжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрддэг бөгөөд сүүлийн 3 сарын цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тодорхойлохыг журамд тодорхой заасан байхад үндсэн цалингаар тогтоож байгаа шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 болон дээрх журамд нийцээгүй байна.

11.2.Нэхэмжлэгч С.С-н сүүлийн гурван сарын цалин хөлсийг тооцоход 2023 онд үндсэн цалин 2,800,000 төгрөг байсан ба 2023 оны 12 сараас үндсэн цалин нэмэгдэж 3,000,000 төгрөг болжээ. Тэрээр 2023 оны 12 дугаар сард үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал багтаад 21 хоног ажилласны цалин хөлсөд 3,099,182 төгрөг авсан, 2024 оны 01 дүгээр сард 14 хоног ажилласан учраас 2,347,614 төгрөг, 02 дугаар сарын цалин дээрээ ээлжийн амралтын олговор, өмнөх саруудын нэмэгдлийг нэгтгэн 5,940,164 төгрөг тус тус авсан байна.

Нэхэмжлэгч С.С-н ажилгүй байсан 2024.02.15-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025.04.10 хүртэл хугацааны 13 сар, ажлын 16 хоногийн олговорт нийт 42,595,734 (3,099,182:21.5 буюу нэг өдрийн 144,148 төгрөг, 13 сарын 40,289,366 төгрөг, 16 хоногийн 2,306,368) төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ. 2024 оны 02 сард авсан цалин хөлсөд “ээлжийн амралтын олговор” багтсан боловч дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр буюу ердийн үед авдаг хэмжээгээр тогтоох агуулгатай учир 02 дугаар сарын цалин хөлсийг тооцохоор бол ээлжийн амралтын мөнгийг хасаж тооцох эсхүл өөрчлөлт ороогүй бол өмнөх 3 сарын цалин хөлсийг үндэслэн дундаж цалин хөлсийг тогтоох боломжтой болно. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 2023 оны 12 дугаар сараас 3,000,000 төгрөг болсон ба нэмэгдэл, урамшуулал, шимтгэлийг тооцоод 3,099,182 төгрөгийн цалин хөлс авсныг дундаж дүн гэж үзэх боломжтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийх үүргийг хариуцагч хүлээсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00945 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02824 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...41,144,860...” гэснийг “...42,595,734...” гэж, 3 дахь заалтын “...363,675...” гэснийг “...370,928.67...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.25-ны өдөр төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЦОЛМОН

                          ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД