Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 194

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Б.Дэлгэрдалай, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, хохирогч Д.Ганхуягийн өмгөөлөгч Б.Галхүү (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2-131) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Энэбишийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2174 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Энэбишийн Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 13 дугаар гудамжны 10 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ЧА76051515, урьд нэг удаа ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1. дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай магадлалаар 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлжээ.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тоосгоны 3 дугаар гудамжинд Д.Ганхуягтай мод зарсан мөнгөний асуудлаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Энэ хэргийн хохирогч Д.Ганхуягийн өмгөөлөгч түүний эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хохирогчийн эрхийг хангасан гэж үзнэ.

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ: Хохирогч Д.Ганхуяг нь надад мод оруулж ирж өгнө гээд мөнгө авсан. Би хохирогч Д.Ганхуягт 9.000.000 төгрөг өгсөн. Гэтэл хохирогч өнөөдрийг хүртэл надад ямар ч мөнгө өгөөгүй. Д.Ганхуяг бид хоёр хэрэг болдог өдөр хамт архи ууж байгаад мөнгөнөөс болж маргалдаж, муудалцсан. Хэрэг болдог өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж байгаад өр авлагаас болж маргалдсан байгаа. Хохирогч Д.Ганхуяг надаас авсан мөнгөө өгөхгүй гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан гэв.   

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2016 2601 2174 дугаартай хэргээс)

1. Хохирогч Д.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Мөнх-Эрдэнэ над руу залгаад “манай гэрт хүрээд ир, мөнгөө ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийн гэрт яваад очтол Мөнх-Эрдэнэ, түүний эхнэр Баярмаа, Чука гэдэг эгчтэй гурвуулаа байсан. Тэгээд Мөнх-Эрдэнийн эхнэр нь “мөнгө аваад ирье” гээд гэрээс гарсан. Мөнх-Эрдэнэ тал шил архи гаргаж ирээд би тэрнээс нь нэг уусан. Тэгээд байж байтал Мөнх-Эрдэнэ “архи аваад ирье” гэж гараад, удалгүй 0.75 литрийн хэмжээтэй 1 лонх архи авчирсан бөгөөд Мөнх-Эрдэнэ “хоёулаа гаръя, манай эхнэр хүрээд ирнэ” гэж хэлсэн. Тэгээд нэг залуу машинтай гараад ирсэн, тэр хүний машин дотор гурвуулаа архиа хувааж уусан. Архи ууж байх үед Мөнх-Эрдэнэ “чи дандаа надаас мөнгө нэхэж дарамталдаг” гэхээр нь “би чамд мод өгсөн юм чинь мөнгөө авч л таарна шүү дээ” гэтэл Мөнх-Эрдэнэ миний нүүр рүү нулимаад, бас нүүр рүү түлхээд байсан. Түлхэх үед нь би юманд тээглээд арагшаа газар унасан. Би унах үедээ утсаа гартаа барьж байсан бөгөөд газар унагачихсан. Гэтэл Мөнх-Эрдэнэ миний гар утсыг аваад чулуун дээр 4-5 удаа шидсэн. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ, утас аваад ир” гэж хэлсэн боловч өгөхгүй байсан. Би өөрийнхөө гар утсыг булааж аваад, машинаа авах гээд Мөнх-Эрдэнийн гэрт ирсэн чинь миний машин байхгүй байсан. Тэгээд байж байтал Мөнх-Эрдэнэ миний араас ирээд, намайг дагуулж дэлгүүр орсон бөгөөд дахин нэг лонх архи аваад гарч ирсэн. Тэр архинаас нь нэг нэг хундага уугаад, Мөнх-Эрдэнэ бид хоёр дахин маргалдсан. Мөнх-Эрдэнэ миний нүүр рүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Намайг газар унасан байхад дээрээс дэвсээд байсан. Би босох гээд чадахгүй байж байтал цагдаа нар ирсэн. Би Мөнх-Эрдэнийг 2015 оноос хойш таньдаг болсон. Мөнх-Эрдэнэ надаас зээлээр мод авчихаад мөнгөө өгөхгүй удаж байгаа. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг (хх-ийн 31-33 дугаар хуудас),

...Би цагдаагийн байгууллагад “Мөнх-Эрдэнэ миний машиныг авсан” талаар өргөдөл гаргасан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ мэдүүлэгтээ “өрөндөө машинаа өгсөн” гэж худал мэдүүлсэн байна лээ. Эд нар олуулаа нийлэн гүтгэж, худал мэдүүлэг өгөөд байна. Намайг зодчихоод “зодоогүй” гэж мэдүүлэг өгөөд байгаа юм. Би эмчилгээний зардал, мөнгөө гаргуулж авмаар байна. Намайг зодохоор дайрахдаа миний гар утсыг булааж аваад, 4-5 удаа газар шидсэн. Тухайн үед Бэкэй, Номинчимэг, Номинчимэгийн нөхөр, бас Бэкэйн эхнэр гэх хүмүүс байсан. Эдгээр хүмүүс бүгд хоорондоо ярьж тохироод миний эсрэг мэдүүлэг өгч байна гэж үзэж байна. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг (хх-ийн 96-97 дугаар хуудас),

2. Гэрч Б.Номинчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ганхуяг над руу утсаар яриад “Хангай захын арын засмал замын орчим хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд очиж явахдаа Мөнх-Эрдэнэтэй 32 дугаар байрны арын гүүрэн дээр таараад Ганхуяг руу цуг явсан. Ганхуягтай уулзах болсон шалтгаан нь урьд Ганхуяг надаар 31 загварын машин авахуулчихаад мөнгийг нь өгөхгүй байсан учраас би мөнгөө нэхэх санаатай очсон юм. Тэгээд очтол Ганхуяг согтуу, архи барьчихсан, манай жолооч Бэхболдын эхнэртэй хэрэлдээд, эхнэрийг нь уйлуулчихсан байж байсан. Тэгэхээр нь би Ганхуягт “чи чинь хүрээд ир гэж хүн дуудчихаад, ирэхээр согтуу байж байх юм, чи ер нь хаашаа юм бэ” гэтэл над руу агсамнаад, хэл амаар доромжлоод байхаар нь “би чамайг эрүүл болсон хойно чинь ярина” гэж хэлээд, цагдаад дуудлага өгчихсөн юм. Намайг цагдаад дуудлага өгсөн чинь Ганхуяг яваад өгсөн бөгөөд удалгүй миний гар утас руу цагдаа залгахаар нь би Хангай захын ард байгаа байх гэж хэлсэн. Тэгээд Ганхуягийг хайгаад араас нь явтал нэг гудамжинд орилоод байж байсан. Тэгээд би Мөнх-Эрдэнэд “наад хүнийг чинь цагдаа нар байлгаж бай гэсэн” гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ, Ганхуяг нар дэлгүүрийн гудамжинд хамт байсан бөгөөд тэр хоёр бас архи уусан юм шиг байна лээ. Гэхдээ би тэрийг нь хараагүй, цагдаа нар ирэхэд Ганхуяг өөрийнхөө хувцсыг урчихсан байсан. Мөнх-Эрдэнэ, Ганхуяг нар миний нүдний өмнө зодолдсон асуудал байхгүй. Мөн Мөнх-Эрдэнэ гар утас эвдэлсэн асуудал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 34-35 дугаар хуудас),

3. Гэрч Г.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт нөхөр Мөнх-Эрдэнэ, Чулуунцэцэг бид гурав байсан. Тэгээд Ганхуяг гаднаас “банкны мөнгө өгөх гэсэн юм хоёр сая төгрөг олоод өгөөч” гээд орж ирсэн. Тэгээд Чулуунцэцэг бид хоёр олоод өгчих санаатай Хангай зах руу ороод нэг сая төгрөг олоод хоёр цаг орчмын дараа гэртээ ирсэн. Тэр үед манай гэрт хүн байхгүй байсан. Маргааш өглөө нь би Баянхошууны цагдаагийн хэлтсээс нөхрөө авсан. Урьд өдөр нь манай нөхөр Ганхуягтай архи ууж байгаад цагдаад баригдаж, эрүүлжүүлэхэд хоносон юм байна лээ. Тэгээд би нөхрөөсөө асуусан чинь мөнгөний асуудлаас болоод Ганхуягтай маргалдсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас),

...Тэр машиныг Чулуунцэцэг эгч бид хоёр “Ганхуягаас мөнгөө авч байж буцааж өгье” гэж ярилцаад дүүгийнхээ хашаанд тавьчихсан байгаа. Ганхуяг өрөө төлөхөөс нааш тэр машиныг нь өгөхгүй гэж бодож байна... гэх мэдүүлэг (хх-ийн 100-101 дүгээр хуудас),

4. Гэрч Д.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед би ажил дээрээ байж байтал Мөнх-Эрдэнэ нэг танихгүй хүн дагуулаад хүрч ирсэн. Тэгээд “машин дотор чинь нэг архи ууя” гэхээр нь би тэр хоёрыг машинд суулгаад Хангай захаас гараад зүүн тал руу явж гудамжинд зогссон юм. Тэгээд тэр хоёр архиа ууж байтал Мөнх-Эрдэнэ Бек гэж залууг утсаар дуудсан ба Бек нь модны ачигч (грүшиг) гэсэн. Бек удалгүй нэг эмэгтэй хүн дагуулаад ирсэн, хамт явсан эмэгтэй нь Мөнх-Эрдэнэтэй хамт явсан хүнээс “цалин мөнгөө авмаар байна” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу тэр эмэгтэйг “чи Бекийн эхнэр юм уу, наад Бек чинь эхнэртэй хүн шүү дээ, юугаа хийж яваа юм бэ” гэж хэлээд байсан. Тэгээд маргалдаад нөгөө эмэгтэй уйлаад байх шиг байсан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ бас Номин гэх эмэгтэйг дуудаад, Номин нь нөхөртэйгөө бидэн дээр машинтай ирсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэтэй явсан залуугаас бас мөнгө нэхээд, хэрэлдээд байсан ба Мөнх-Эрдэнэ нөгөө залуугаа дагуулаад миний машинаас буухаар нь би “одоо ажил руугаа явлаа шүү” гэж хэлээд яваад өгсөн. Би түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр хоёр архи ууж байхдаа мөнгө төгрөгийн асуудлаас болоод маргалдаад байсан ба намайг байхад Мөнх-Эрдэнэ, Ганхуяг нар хоорондоо зодолдсон асуудал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 80 дугаар хуудас),

5. Гэрч П.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр намайг Хангай зах дээр байж байтал Мөнх-Эрдэнийн эхнэр Баярмаа над руу утсаар залгаад “Ганхуяг ирж явна гэнээ, чи хүрээд ирээч” гэхээр нь би Мөнх-Эрдэнийн гэрт очтол Ганхуяг ирээгүй байсан. Би Баярмаагаас асуухад “Ганхуяг хоёр сая төгрөг олоод өгөөч гэж гуйгаад байна, байр нь хураагдах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд юм яриад сууж байтал Ганхуяг орж ирээд “хоёр сая төгрөгийн хэрэг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганхуягт “би чамаас өмнө нь авах ёстой мөнгөө аваагүй байж, дахиад мөнгө гаргаж өгөхөд хэцүү байна” гэж хэлсэн. Харин Ганхуяг “хар мод руу орвол хийнэ, тэгээд би та нарт мөнгийг чинь төлж барагдуулна” гэж хэлэхэд нь түүнд итгээд найз хүүхэн рүүгээ залгаад “нэг сая төгрөгийн хэрэг байна” гэтэл “маргааш өгөх юм бол ирээд ав” гэсэн. Тэгэхээр нь би Ганхуягт “хоёр сая төгрөг олдохгүй байна, нэг сая төгрөг л олж өгье” гэж хэлсэн. Харин Ганхуяг “миний машинаар яваад мөнгөө аваад ир” гэж хэлээд түлхүүрээ өгсөн. Тэгээд Баярмаа машиныг нь бариад, бид хоёр Содон хороололд очоод, манай найз Болормаагаас нэг сая төгрөг авчихаад буцаж явахдаа би Баярмаад “хоёулаа энэ мөнгийг өгөхөө больё, өмнөх мөнгөө аваагүй байж ахин мөнгө өгөхөө больё” гэж хэлсэн. Тэгээд Болормаагаас авсан мөнгөө буцааж өгсөн. Дараа нь Мөнх-Эрдэнийн гэрт иртэл Мөнх-Эрдэнэ, Ганхуяг хоёр байхгүй байсан. Тэгээд Баярмаа Мөнх-Эрдэнэ рүү залгаад хаа байгааг нь асуусан чинь Мөнх-Эрдэнэ “Ганхуяг бид хоёр архи ууж байна” гэж хэлэхээр нь тэр хавиар хайсан боловч олдоогүй. Тэгж хайж явахдаа “Хангай захын ард хүмүүс зодолдоод байна” гэсэн яриаг сонсоод, бид хоёр тэр газар нь очтол Мөнх-Эрдэнэ, Ганхуяг хоёрыг цагдаа нар аваад явсан байсан. Намайг тэр хоёртой уулзахад хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 82 дугаар хуудас),

...Г.Баярмаа бид хоёр ярилцаж байгаад Д.Ганхуягаас мөнгөө авч байж машиныг нь эргүүлж өгье гээд Ганхуягийн машиныг Мөнх-Эрдэнийн дүүгийн хашаанд тавьсан. Би машин тавьсан айлыг санахгүй байна. Тэр машины бичиг баримт, түлхүүр нь Баярмаад байгаа. Баярмаа бид хоёр “мөнгөө авч байж, машиныг нь өгнө” гэж ярилцаж тохирсон... гэх мэдүүлэг (хх-ийн 98-99 дүгээр хуудас),

6. Гэрч Т.Чимэддоржийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би Ганхуяг руу залгасан чинь “Хангай захын ард байна хүрээд ир” гэж хэлсэн. Намайг очиход Ганхуяг, Мөнх-Эрдэнэ, жолооч Бэхболд түүний эхнэр Төгсөө нар байсан бөгөөд Ганхуяг согтуу, Мөнх-Эрдэнээс архи үнэртэж байсан. Бэхболд, Төгсөө хоёр архи уугаагүй байсан. Ганхуяг Төгсөөг хэл амаар доромжлоод Төгсөө уйлчихсан байсан. Би мөнгөө нэхсэн чинь “надад өгөх мөнгө байхгүй байна, би боломжоороо ажил хийсэн, чи Мөнх-Эрдэнээс мөнгөө аваарай” гэхээр нь Ганхуягт “чи юу яриад байгаа юм бэ, би чамд машин авч өгч явуулсан биз дээ, тэр машины мөнгийг өгмөөр байна” гэтэл “Мөнх-Эрдэнэ мэдэж байгаа, тэр хүнээс мөнгөө ав” гээд байсан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ, Ганхуяг хоёр хэрэлдэж байснаа Ганхуяг “би явлаа” гэж хэлээд яваад өгсөн. Манай эхнэр Номинчимэг “Ганхуягийг цагдаад өгье” гээд дуудлага өгсөн юм. Цагдаа “наад хүнээ наанаа байлгаж байгаарай одоо очлоо” гэсэн. Тэгээд Ганхуягийг хайгаад араас нь явсан чинь олдохгүй байсан. Мөнх-Эрдэнийн эхнэр Баярмаа руу утсаар залгасан чинь “Ганхуяг манайд орж ирчихээд надтай хэрүүл хийгээд байна” гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнийн гэрт очсон чинь Ганхуяг гудамжинд зогсож байсан. Тэгэхээр нь Мөнх-Эрдэнийг “чи наадхаа байлгаж бай” гэж хэлээд машинаас буулгасан юм. Би Мөнх-Эрдэнэ, Ганхуяг нарыг зодолдож байхыг хараагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 84 дүгээр хуудас),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11675 дугаартай: “Ганхуягийн биед тархи доргилт, дух, зүүн шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний хугарал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, цээж баруун, зүүн мөр, баруун тал, баруун бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 41 дүгээр хуудас),

8. Шинжээч эмч М.Отгонбаатарын өгсөн: Миний гаргасан дүгнэлтэд дурдсан дээрх гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд юм. Биед учирсан гэмтлүүд шинж байдлаараа шинэ гэмтлийг илэрхийлж байгаа юм. Дээрх гэмтлүүд гар болон эд зүйлээр цохиход үүсэх боломжтой. Харин нэг удаагийн уналтаар үүсэх боломжгүй. Шүдний хугарал, эмтрэл хоёр хоорондоо ялгаатай... гэх мэдүүлэг (хх-ийн 144-145 дугаар хуудас),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11857 дугаартай: “Мөнх-Эрдэнийн биед зүүн нүдний алим улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6. дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 43 дугаар хуудас),

10. Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал над руу Ганхуяг залгаад “чамтай уулзах хэрэг байна” гэхээр нь “манайд хүрээд ир” гэж хэлсэн. Ганхуяг манайд 13 цагийн үед ирээд “манай байр хураагдах гээд байна, мөнгө олоод өгөөч, надад хоёр сая төгрөг хэрэгтэй байна” гэсэн. Тэр үед манай гэрт хөрөө раам ажиллуулдаг Чулуунцэцэг гэдэг эгч байсан юм. Би Ганхуягаас дөрвөн сая төгрөгийн авлагатай байсан. Харин Чулуунцэцэг эгч Ганхуягаас таван сая төгрөгийн авлагатай хүн байгаа юм. Тэгээд Чулуунцэцэг, Ганхуяг бид гурав хоорондоо ярилцаж байгаад “чамд нэг сая төгрөг л олж өгөхийг бодъё” гэж хэлсэн юм. Манай эхнэр, Чулуунцэцэг хоёр хоорондоо ярилцаж байгаад, нэг сая төгрөг бүтэхээр боллоо гэж хэлсэн. Тэгээд Ганхуяг манай эхнэрт машиныхаа түлхүүрийг өгөөд “Чулуунцэцэг та хоёр яваад мөнгөө аваад ир” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр явж, харин Ганхуяг бид хоёр гэрт үлдсэн. Манай гэрт тал шил архи байсан. Би түүнийг гаргаж, Ганхуяг бид хоёр хувааж уусан. Тэгтэл Ганхуяг “дахиад нэг шил архи уумаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх архи аваад, Хангай зах руу орж, найз Батхүүг машиныг нь бариулаад, Хангай захаас гарч гудамжинд зогссон. Тэгээд Ганхуяг бид хоёр машин дотор нөгөө архиа ууж байгаад, Ганхуягаас мөнгө авах ёстой Бекей гэдэг жолоочийг дуудсан юм. Удалгүй Бекей эхнэрээ дагуулаад хүрч ирсэн. Гэтэл Бекей Ганхуягтай маргалдаад байсан. Тэгээд байж байтал Номин хаана байна гэхээр нь байгаа газраа зааж өгсөн юм. Удалгүй Номин нөхөртэйгөө ирээд Ганхуягтай бас маргалдаад байсан. Тэгээд Ганхуяг хүмүүстэй маргалдаад байхаар нь би боль гээд түлхсэн юм. Гэтэл Ганхуяг уурлаад “би явлаа” гээд ганцаараа алхаад явчихсан. Тэгээд бид араас нь явсан чинь Ганхуяг манай арын гудамжинд явж байсан. Ганхуяг надаас архи нэхээд байхаар нь би дэлгүүр орж 0.33 литрийн хэмжээтэй архи аваад Ганхуягт өгсөн чинь “чи муу хоёрын хооронд юм авлаа, 0.75 литрийн архи авчихгүй” гээд байсан. Тэгээд Ганхуяг бид хоёр гудамжны буланд очиж байгаад нөгөө архиа хувааж уусан. Тэр архийг хуваагаад ууж байхад, Ганхуяг над руу агсраад байсан юм. Тэгж байтал Ганхуяг намайг нүүр рүү гараараа түлхэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь түлхсэн юм. Тэгээд байж байтал Ганхуяг миний зүүн нүд рүү гараараа цохиод авсан тэгэхээр нь би дарж унагаагаад Номинг цагдаа дуудаарай гэсэн. Номин “Бидэнтэй уулзах үед Ганхуягийн нүүр нь хөхөрчихсөн байсан” гэж хэлж байсан. Биднээс салж яваад замдаа хүнтэй муудалцсан байж магадгүй юм шиг байна лээ. Би нүүр рүү нь цохиогүй... гэх мэдүүлэг (хх-ийн 49-51 дүгээр хуудас),

11. Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь Ганхуягтай хэрэлдэж, маргалдаж байсан асуудал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 57-58 дугаар хуудас),

...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ганхуяг намайг гүтгэж байна. Би тэр өдөр хэний ч гар утсыг эвдлээгүй. Тухайн үед Ганхуяг нэлээн согтуу байсан, над руу дайраад миний нүүр рүү гараараа түлхээд зодоод байхаар нь би дарж аваад газар хэвтүүлчихсэн юм. Би цагдаа нарыг иртэл босоогүй бөгөөд Ганхуягт гар хүрээгүй, мөн утсыг нь эвдэлж хэмхэлсэн асуудал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 105-106 дугаар хуудас),

Мөн шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 59), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг, дадлага, туршлагатай, дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар дүгнэлт гаргасан байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь согтуурсан үедээ буюу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тоосгоны 3 дугаар гудамжинд Д.Ганхуягтай урьд авсан мөнгөний асуудлаар буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний бие махбодод “тархи доргилт, дух, зүүн шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний хугарал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, цээж баруун, зүүн мөр, баруун тал, баруун бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх Э.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг “бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг “хохирогч, шүүгдэгч нар эд хөрөнгийн буюу өр авлагын маргаанаа эв зүйгээр, эсхүл хуулийн дагуу шийдвэрлүүлэлгүй, харилцан маргалдаж, хүч хэрэглэсэн”-тэй холбоотой гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60) болон ял шийтгүүлсэн тогтоол, суллагдсан баримт (хх-ийн 111)-аар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1. дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай магадлалаар 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр суллагдсан гэх баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд түүний суллагдсан өдрөөс хойш Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3. дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн, мөн энэ хугацаанд гэмт хэрэг дахин үйлдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Харин шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн 2016 2601 2174 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Д.Ганхуяг нь баримтаар 595.950 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнээс уг хохирлыг гаргуулж,  хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Хохирогч Д.Ганхуяг энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цамцаа буцаан авах хүсэлтэй байгааг түүний өмгөөлөгч илэрхийлсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7. дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор эрээн өнгийн дөрвөлжин шоо хээтэй эрэгтэй хүний нэг ширхэг срочкон цамцыг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.1., 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Энэбишийн Мөнх-Эрдэнийг “бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2. дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн 2016 2601 2174 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7. дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор эрээн өнгийн дөрвөлжин шоо хээтэй эрэгтэй хүний нэг ширхэг срочкон цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Ганхуягт буцаан олгосугай.

4.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнээс 595.950 (таван зуун ерэн таван мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулж, хохирогч Д.Ганхуяг (хаяг: Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол 3 дугаар баг, регистрийн дугаар: ню72101478, утас: 98894970)-т олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

  

ДАРГАЛАГЧ                       Б.БАТАА