Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/1336

 

                 2020         10            20                                       2020/ДШМ/1336                              

 

 

З.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

хохирогч Ц.О,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1813 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг үндэслэн З.Мд холбогдох эрүүгийн 2009 00000 1018 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  З.М, 1996 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бээр Хаус” ХХК-д бартендер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

            Шүүгдэгч З.М нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чонон бөртэ” төвийн гадаа үл ялих зүйлээр шалтаглан 2020 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед иргэн Ц.Отэй маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: З.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал хангагдсан байх нь уг хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх нэг үндэслэл болно.

            Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн зүгээс гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт 720.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэл хангагдсан эсэх асуудлыг шийдвэрлэхэд шүүгдэгчийн “хохирол төлж барагдуулна” гэсэн тайлбар дангаараа хангалтгүй, харин төлбөрийн чадвартай болохоо нотолж, хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр санал гаргасан зэрэг объектив шалгуурыг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэгтэй харьцуулан үнэлэх замаар тодорхойлох нь зүйтэй.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршгийг зөв тодорхойлж, шүүгдэгчийн төлбөл зохих хохирлын хэмжээг үндэслэлтэй тогтоож чадаагүй, шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй, үлдэх хохирлыг хэзээ, ямар хэлбэрээр, хэдэн төгрөгийн хэмжээнд, аль эх үүсвэрээр, хэрхэн төлж барагдуулахаа нотолж чадаагүй, энэ талаар шүүгдэгч болон хохирогч нар эвлэрэн хэлэлцээгүй байхад хохирогчийн нэхэмжилсэн зарим хохирлыг хэлэлцэхгүй орхиж, түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх боломжгүй юм.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлий 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар прокурорын дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Мд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч З.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ц.О нь өөрт учирсан хохиролд 454.266 төгрөгийн баримтыг гарган өгч, цаашид хийлгэх эмчилгээ, үйлчилгээний талаар баримтаар нэхэмжлээгүй бөгөөд З.М нь үүнээс 280.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 174.266 төгрөгийг төлөхөө илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно.

            Прокурор хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт болон эрүүгийн хэргийг хянаад яллагдагч З.М нь хохирогчийн гаргаж өгсөн хохирлоос 280.000 төгрөгийг төлж, үлдсэн мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг хуульчилж өгсөн.

            Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон төдийгүй баримтгүй нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байхад шүүгч шүүгдэгчийг “хохирлыг ямар эх үүсвэрээс төлөх нь тодорхойгүй” гэж дүгнэсэн, хохирогч Оюу-Эрдэнийн цаашид гарах эмчилгээний зардал баримтгүйгээр нэхэмжилсэн хохирлыг нотлох баримтаа шаардлагын дагуу бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь дурдаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

            Шүүгдэгч З.М нь “Бээр Хаус” гэх ресторанд бартандераар ажилладаг, нийгмийн даатгал төлдөггүй, цалингаа эхнэрийнхээ дансаар авдаг талаараа мэдүүлсэн төдийгүй прокурортой тохиролцсон торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солих зэрэг үүсэх үр дагаврыг бүрэн ойлгож, ухамсарлан торгуулийн ялыг өөрийн орлого болох цалингаасаа төлөх талаар мэдүүлсэн болно.

            Түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д “хохирогчтой эвлэрсэн байх ...” гэсэн хэсэг хүчингүй болсон байхад шүүгчийн захирамжид ...шүүгдэгч, хохирогч нар эвлэрээгүй байхад хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухй хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд хангагдаагүй гэж үзсэн нь тус тус хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1813 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эмчилгээ гэдэг цаг хугацаатай бөгөөд эмнэлэгт очиж үзүүлэхэд “одоо хийх боломжгүй, сорви эдгэхэд эмнэл зүйн хувьд цаг хугацаа шаардана” гэсэн учир би ирээдүйд гарах хохирол гэж тооцож 1.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг шүүх үндэслэлтэй гэж үзэж шийдвэр гаргасан гэж ойлгож байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд З.Мд холбогдох хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1813 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

З.Мд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.  

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэх үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Мд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, “хохирогчтой эвлэрсэн эсэх” гэсэн хэсгийг хүчингүй болгосон байхад шүүх уг нөхцөлийг зааж хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.

Түүнчлэн шүүгдэгч З.М-н зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчид учруулсан хохирлоос 280.000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг 3 сарын дотор цалингаасаа төлж барагдуулахаа илэрхийлсэн, прокурорын санал болгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг хангасан гэж үзэв.

 Харин хохирогч Ц.О-н цаашид гарах эмчилгээний зардал, баримтгүйгээр нэхэмжилсэн хохирлыг нотлох баримтаа шаардлагын дагуу бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь дурдаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзлээ.

            Иймд прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1813 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, З.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1813 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч З.Мд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл З.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ