Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2021/00075/И |
Дугаар | 142/ШШ2021/00174 |
Огноо | 2021-02-03 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2021/00174
2021 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 142/ШШ2021/00174 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* *******/регистрийн дугаар *******, утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг Баян-Өндөр сум баг 10-р хороолол тоотод байрлах ХХК /регистрийн дугаар /-д холбогдох,
6 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б.Х, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.*******шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 06 сард ******* аймагт гүний худаг гаргадаг ХХК-ийн захирал Б.Б.Х гуайтай уулзаж урьдчилан төлбөр төлж амралтын *******т ус сайтай, ундарга сайтай гүний худаг гаргуулахаар болсон. Уг компани нь техникээ аваачиж өрөмдлөг хийж эхэлсэн. Явцын дунд 2018 оны 07 сарын 06-нд хийх ажлын гэрээ хийж, ажил явж байх хугацаанд бэлнээр 700 000 төгрөг, дансаар 1 100 000 төгрөг өгч, нийт гэрээний дагуу 6 050 000 төгрөг өгсөн. Б.Х гуай ундарга сайтай ус гарсан, урд авсан 100 насос бүдүүдээд байна. 75 насос олж ир гэснээр дахин авчирч суулгуулахад 60-аад м суугаад цааш яваагүй. Ус нь олигтой гараагүй хэвээр, энэ үед худаг гаргадаг Зандан гэж хүн, мастер залуу хоёр ирсэн. Энэ хүмүүс энэ технологи алдагдсан гэсэн. Б.Б.Х нь гэрээнд тохирсон 100 м-т 8 500 000 төгрөгөө бүтэн авах сонирхолдоо хөтлөгдөж өрөмдлөг хийж байсан мастер хоёр залуугийн, 40 м гүнээс ус гарч байна гэснийг тоолгүй цааш нарийн өрмөөр өрөмдөж, гидрогеологич хүний хэлснээр етат-динамик гэдэг зайг холдуулж, гарсан усыг бүр гүн лүү болгож, дахин өөр цэгт өрөмдөхөөс өөр аргагүй болгосон. Бид хоорондоо хийсэн гэрээний 2.2.6-г биелүүлж ажилласан. Б.Б.Х гуайг 3 жил гуйж, 3 жил хүлээлээ. Ингэж итгэл алдсан учир *******т зоож орхисон 100-45м, 125-20м, 219-20м эвдэрч хугарсан 100 уян хоолой 32м гэх мэт труба хоолойг, 6 050 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худгийн ажлын гэрээ байгуулсан. Гэрээний 2.2.1-д заасны дагуу өрөмдлөгийн ажил явуулах цэгийг тодорхойлж ******* дээр нь зааж өгнө гэсэн байдаг. Энэ нь гүний худгийн зориулалтаар уст цэг тогтоох цахилгаан хайгуулын ажил хийх шаардлагатай байдаг. Энэ ажлыг Ч.*******өөрөө хийлгэж ажил хийх цэгийг зааж өгөх ёстой байсан. Гэтэл энэ ажлыг хийгээгүй, үр дүнг нь бидэнд өгөөгүй, хийсэн байгаа гэж олон удаа худлаа хэлж байсан. Иймд өөрийнх нь заасан *******т л бид өрөмдсөн ус байхгүй, маш бага устай байсан юм. Газрын гүний усыг цахилгаан хайгуураар л мэдэх боломжтой байдаг. Газрын гүний зарим *******т ус байдаггүй. Гэрээнд заасан гүн хүртэл өрөмдсөн, мөнгө авах гэж ажилласан гэдэг нь үндэслэлгүй гүтгэлэг юм. Бид тэр мөнгийг нь аваагүй, өгөө ч үгүй. Нийт авсан мөнгөн дүн гарын үсэг, болон дансны хуулгаар 3 300 000 төгрөг авсан байдаг. Өөр мөнгө аваагүй. Гэрээний 4.6-д заасны дагуу ажлын өртөгт худгийн цооногийн фильтр, труба, насос, ус өргөх хоолой, кабель, трос утас зэрэг нь орохгүй гэж заасан. Иймд манайх 3 300 000 төгрөг авч 100 м гүнтэй худгийн цооног өрөмдсөн, усгүй ч гэсэн ажил хийж гүйцэтгэсэн тул ямар нэгэн өр төлбөрийг хүлээх боломжгүй. Манай өрөмдсөн худгийн дэргэд Улаанбаатарын нэг компани өрөмдөөд ус гаргаж чадаагүй байсан учир ус гарахгүй ******* гэж үзэж байна. Газар дээр нь очиж үзэхэд тодорхой болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.*******нь ХХК-д холбогдуулан 6 050 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Ч.*******нь өөрийн авч өгсөн трубануудыг мөн гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Гэрээний 2.2.1-д зааснаар *******.Бын зааж өгсөн *******т өрөмдлөг хийсэн. Би нийт 3 300 000 төгрөг авсан, 100 м гүнтэй худгийн цооног өрөмдсөн, усгүй ч гэсэн ажлаа хийж гүйцэтгэсэн тул ямар нэгэн өр төлбөрийг хүлээхгүй. Манай өрөмдсөн худгийн дэргэд Улаанбаатарын нэг компани өрөмдөөд ус гаргаж чадаагүй байсан учир ус гарахгүй ******* гэж үзэж байна... гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2.-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэжээ.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь: ...би уст цэгийг тодорхойлсон ажлын үр дүнг өгнө гэж ерөөсөө хэлээгүй, тийм юм яриагүй гэж мэтгэлцсэн.
Талуудын хооронд Худгийн цооног өрөмдлөгийн ажлын гэрээ байгуулагдсан байх ба гэрээний 2.2.1.-д захиалагч нь Өрөмдлөгийн ажил явуулах цэгийг тодорхойлж ******* дээр нь зааж өгнө гэжээ.
Гэрээний дээрх заалтаас үзэхэд өрөмдлөгийн ажил явуулах цэгийг нэхэмжлэгч зааж өгсөн хэдий ч, ус гарах боломжтой эсэхийг шалгаж үзэхгүйгээр өрөмдлөг хийсэн нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэв.
Талууд хоорондын тохиролцоо, үүний цаана ажлын үр дүн буюу худаг гарсан байх ёстой юм. Одоогийн байдлаар худаг гараагүй, ус гарах боломжгүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заажээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгчийг гэрээнээсээ татгалзсан гэж үзэхээр байна. Талууд Худгийн цооног өрөмдлөгийн ажлын гэрээ-нд заахдаа өрөмдлөгийн ажлыг 15 хоногийн хугацаанд хийж дуусгахаар тохиролцсон байх ба, 2018-07-06-нд гэрээ байгуулж ажлыг эхлүүлснээс хойш өнөөг хүртэл тохиролцоонд хүрч ажлын үр дүн гараагүй байна. Худгийн өрөмдлөгийн ажил эхэлснээс хойш өнөөг хүртэл нэхэмжлэгч нь хариуцагч талыг худгаа гаргаад өгөөч гэж бараг 3 жил гуйсан, сүүлдээ шүүхэд хандаж байна гэсэн тайлбар гаргасан. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагч талд хангалттай нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгчийн шаардлагаар гэрээг цуцлах үндэслэлтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.6.-д Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.*******хариуцагчид 6 050 000 төгрөг өгсөн гэх боловч энэ шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, харин хариуцагчийн төлөөлөгч Б.Б.Х 3 300 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Тиймээс ХХК-с 3 300 000 төгрөг гаргуулан *******.Бод олгохоор шийдвэрлэлээ.
Худаг ухуулахад гаргасан материал болох трубануудыг трубагаар нь гаргуулна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодруулсан бөгөөд Гэрээний 2.2.1.-д захиалагч нь Өрөмдлөгийн ажил явуулах цэгийг тодорхойлж ******* дээр нь зааж өгнө гэсний дагуу хариуцагч уг *******т өрөмдлөг явуулсан. Үүний үр дүнд ус гараагүй нь нэхэмжлэгчийг ч мөн зөвтгөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл зохих журмын дагуу уст цэгийг тодорхойлуулан ажлын үр дүн гаргаж ажлыг эхлүүлсэн бол ийм үр дагаварт хүрэхгүй байх боломжтой байжээ. Тиймээс *******т зоосон трубаны хохирлыг хариуцагчид ногдуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжаар 67 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******.Бод олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК-иас 3 300 000 төгрөг гаргуулан *******.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 750 000 төгрөг гаргуулах, мөн труба гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 67 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА