| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2022/03545/И |
| Дугаар | 001/ХТ2025/00156 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2025/00156
“К” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, бүрэлдэхүүнд танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03075 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/01005 дугаар магадлалтай,
“К” ХК-ийн нэхэмжлэлтэй
“О” ХХК-д холбогдох
2020.11.03-ны 20/392 тоот хамтран ажиллах гэрээний дагуу “М” ХХК-д төлөх 235,548,610 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчийн ****1 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Б.Т, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“К” ХК нь “О” ХХК-д холбогдуулан 2020.11.03-ны 20/392 тоот хамтран ажиллах гэрээний дагуу “М” ХХК-д төлөх 235,548,610 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчийн ****1 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03075 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч “О” ХХК-д 235,548,610 төгрөгийг нэхэмжлэгч “К” ХК дахь “М” ХХК-ийн ****1 тоот дансанд шилжүүлэхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,335,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,335,694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/01005 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “О” ХХК-д холбогдох, “235,548,610 төгрөгийг “К” ХК дахь “М” ХХК-ийн ****1 тоот дансанд шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэгч “К” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “О” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,335,694 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын дээд шүүхийн 2004.10.12-ны өдрийн зөвлөмжид “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь өөрт олгогдсон буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй эсэхээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл компанийн дүрмээр эрхээ бусдад шилжүүлэх эрх нь тогтоогдох бөгөөд хариуцагч тал дүрмээ гаргаж өгөөгүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.У гэх хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь шат шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.
4.1.Хариуцагч 2020.11.03-ны өдөр нэхэмжлэгтэй байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу ханган нийлүүлэгчид төлөх төлбөрөө нэхэмжлэгчийн банк дахь данс руу шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.3, 224 дүгээр зүйлийн 224.1-д заасныг тус тус зөрчиж, хариуцагчийг хууль бусаар үүргээс чөлөөлсөн байна.
4.2.Хариуцагч нь давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаа давж заалдах шатны шүүхэд бус анхан шатны шүүхэд тушаасан байхад давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцсэн нь үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.11-ний өдрийн 001/ШХТ2025/00826 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалгүй хүчингүй болгон, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч “К” ХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан 235,548,610 төгрөгийг банк дахь “М” ХХК-ийн ****1 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2020.11.03-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд үндэслэж, уг гэрээний дагуу “О” ХХК нь ханган нийлүүлэгчид зээл олгох мэдээллийн хуудсыг баталгаажуулсан учраас “М” ХХК-тай 2021.07.09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан мөнгийг олгосон, хариуцагч нь ханган нийлүүлэгчид төлөх 235,548,610 төгрөгийн төлбөрөө манай банк дахь “М” ХХК-ийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн” гэж тодорхойлжээ.
Хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээгээр бусдын авсан зээлийг төлөх үүрэг хүлээгээгүйн гадна ханган нийлүүлэгч “М” ХХК-аас бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй тул төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК шүүх хуралдаанд цахимаар ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “..:талуудын хооронд Иргэний хуульд заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан, 2020.11.03-ны өдрийн тус гэрээний дагуу “О” ХХК нь ханган нийлүүлэгч зээл авахыг хүссэн тохиолдолд мэдээллийн хуудсаар баталгаажуулж “К” ХХК-д хүргүүлэх, “К” ХХК нь ханган нийлүүлэгчид авлага барьцаалсан зээл олгох, зээл олгосон тохиолдолд “О” ХХК нь ханган нийлүүлэгчид төлөх төлбөрийг түүний зээлийн төлбөрт банканд төлөх үүргийг хүлээсэн, гэрээнд заасны дагуу банк “М” ХХК-ийн зээл олгохыг хүссэн нэхэмжлэхийг хүлээн авч, мэдээллийн хуудасны хамт “О” ХХК-д хүргүүлснийг Төлбөр тооцоо, зардлын удирдлагын багийн ахлагч 2021.07.08-ны өдөр баталгаажуулж ирүүлсэн тул банк “М” ХХК-д үнийн дүнгийн 95 хувьтай тэнцэх авлага барьцаалсан зээл болох 223,771,179.50 төгрөгийг 2021.07.09-ний өдөр ****1 тоот дансанд олгосон (1хх 12, 25-28, 67-68), нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй...” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба гэрээний төрлийг хамтран ажиллах гэрээ гэж үзэж, “О” ХХК нь өөрийн ханган нийлүүлэгчид өглөг үүсгэж, уг өглөг нь “К” ХК-ийн тухайн ханган нийлүүлэгчид зээл олгох үндсэн шалтгаан болсон, өөрөөр хэлбэл, “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “К” ХК нь тухайн авлагыг барьцаалж, гуравдагч этгээд буюу “М” ХХК-д зээл олгосон, гэвч энэ гэрээгээр гуравдагч этгээдэд өгөх өглөг буюу гуравдагч этгээдийн шаардах авлагыг “К” ХК-д бие даан нэхэмжлэх эрхийг олгоогүй байхаас гадна “О” ХХК нь тус банканд тухайн өглөгийг төлөх үүрэг хүлээгээгүй, гэрээнд “О” ХХК-аас “М” ХХК-д өгөх өглөгийг “К” ХК нь нэхэмжлэх эрх байхгүй байна, “О” ХХК нь 2022.09.21-ний өдрийн 2231/Proc дугаар албан бичгээр “М” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний талаар болон баталгаажуулсан нэхэмжлэхийн талаар “К” ХК-д хариу хүргүүлсэн байх (1хх 56) бөгөөд тухайн баримт нь нэхэмжлэхийг татгалзсан агуулгатай байна..., “К” ХК нь “М” ХХК-аас өөрийн авах авлагыг шаардах эрхийг шилжүүлэн авсан болохоо нотлоогүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
9.Хоёр шатны шүүх үйл баримт, хууль хэрэглээний хувьд зөрүүтэй шийдвэр гаргасан тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
10.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2020.11.03-ны өдрийн “К” ХК болон “О” ХХК-ийн байгуулсан гэрээнд заасан “... “О” ХХК нь түүнтэй харьцдаг ханган нийлүүлэгч зээл авахыг хүссэн тохиолдолд мэдээллийн хуудсаар баталгаажуулж “К” ХК-д хүргүүлэх, “К” ХК нь ханган нийлүүлэгчид авлага барьцаалсан зээл олгох, зээл олгосон тохиолдолд “О” ХХК нь ханган нийлүүлэгчид төлөх өглөгийг түүний зээлийн төлбөрт банканд төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэсэн нөхцөлийг хоёр шатны шүүх агуулгын хувьд өөр өөр тайлбарласнаас хууль хэрэглээ болон шийдлийн зөрүүтэй шийдвэрийг гаргажээ.
10.1.Хариуцагч нь 2022.09.21-ний өдрийн 2231/Proc дугаар албан бичигт “...“О” ХХК-ийн санхүүгийн хэлтсээс уурхайн агуулахад нийлүүлсэн барааг хүлээн авсан бол тухайн ханган нийлүүлэгчээс хүргэгдсэн нэхэмжлэхийг баталгаажуулдаг ба энэ процессын дагуу “М” ХХК-ийн 235,548,610 төгрөгийн нэхэмжлэхийг 2021.07.08-ны өдөр баталгаажуулсан...” болохоо дурджээ. (1хх 56)
Ийнхүү баталгаажуулсан учир “К” ХК нь 2021.08.13-ны өдөр 235,548,610 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг “М” ХХК-д шилжүүлсэн байна. (1хх 13-14, 29, 47)
Гэрээний 2.7-д “Компани нь төлбөрийг зөвхөн мэдээллийн нэхэмжлэхэд заасан банкны дансанд шилжүүлэх үүрэгтэй...” гэж зааснаар “О” ХХК нь “М” ХХК-д өгөх 235,548,610 төгрөгийн өглөгийг “К” ХК дахь түүний дансанд шилжүүлэх үүрэгтэй эсэх асуудал маргааны зүйл болжээ.
10.2.Талуудын тохиролцоог анхан шатны шүүх “нэрлэгдээгүй гэрээ” гэж дүгнэхдээ хэрэглэвэл зохих хуулийг анхаараагүй, давж заалдах шатны шүүх “...гуравдагч этгээдийн шаардах авлагыг “К” ХК-д бие даан нэхэмжлэх эрхийг гэрээгээр олгоогүй, “О” ХХК нь тус банканд тухайн өглөгийг төлөх үүрэг хүлээгээгүй”, хамтран ажиллах гэрээ болон мэдээллийн хуудасны дагуу хариуцагч нь гуравдагч этгээд “М” ХХК-ийн үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй...” гэж дүгнэхдээ гэрээний 2.7-д заасан гэрээний нөхцөлийг хэрхэн үгүйсгэж, ийм дүгнэлтэд хүрсэн нь тодорхойгүй, уг эрх зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.
Иймд магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдааг залруулах шаардлагатай гэж үзэв.
10.3.“К” ХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020.11.03-ны өдрийн гэрээний 1.1-д гэрээний зорилго нь “...ханган нийлүүлэгчид төлөх төлбөрийн нөхцөл өөрчлөгдсөнтэй холбогдуулан энэхүү гэрээгээр компанийн ханган нийлүүлэгчтэй байгуулсан ханган нийлүүлэлтийн гэрээ, түүнд төлөх төлбөрийг банк барьцаалж, ханган нийлүүлэгчид авлага болон гэрээ барьцаалсан зээл олгох эсэхийг судлах, зээл олгосон тохиолдолд компанийн ханган нийлүүлэгчид төлөх төлбөрийг ханган нийлүүлэгчийн банкнаас авсан зээлийн төлбөрт төлөх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулж, талуудын эрх, үүргийг тодорхойлно” гэж тусгасан байна. (1хх 6)
Уг гэрээний 2.3.7-д заасан “Компани нь төлбөрийг зөвхөн мэдээллийн нэхэмжлэхэд заасан банкны дансанд шилжүүлэх үүрэгтэй” гэсэн нөхцөлийг 2.3.1-д заасан “Банк нь ханган нийлүүлэгчийн компаниас авах төлбөрийг банканд барьцаалж, зээл авах тухай бичгээр гаргасан зээлийн хүсэлт, түүнд хавсаргасан нэхэмжлэхийг хүлээн авч, мэдээллийн хуудсыг ханган нийлүүлэгчээр бөглүүлэн нэхэмжлэх, мэдээллийн хуудсыг баталгаажуулах хүсэлтийг компанид цахим шуудангаар хүргүүлэх, ингэхдээ ханган нийлүүлэгчийн банканд гаргасан зээлийн хүсэлтийн хуулбарыг хавсаргах”, 2.3.4-т заасан “Компани нь ханган нийлүүлэгчтэй байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн дүн, төлбөр хийгдэх өдөр болон түүнийг хүлээн авах ханган нийлүүлэгчийн банкан дахь дансыг тусгасан ханган нийлүүлэгчийн нэхэмжлэхийг хуанлийн 5 хоногийн дотор мэдээллийн хуудсаар баталгаажуулж, банканд буцаан цахим шуудангаар хүргүүлэх, компани баталгаажуулаагүй нэхэмжлэхтэй холбоотойгоор банк нь аливаа зээл олгох хариуцлага хүлээхгүй байх” гэсэн тохиролцоотой уялдаатай тайлбарлах шаардлагатай байжээ.
Гэрээний 2.3.7-д “О” ХХК-ийн үүргийг агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой заажээ. “О” ХХК нь өөрийн харьцдаг ханган нийлүүлэгчид өгөх өглөгийг мэдээллийн хуудсаар баталгаажуулж, банканд хүргүүлснээр банк авлагыг барьцаалж, зээл олгосон, харин “О” ХХК нь гэрээний 2.3.7-д заасан үүргийг хүлээснээр зээл эргэн төлөгдөх боломжтой болж гэрээний зорилго биелэгдэх учиртай нь тогтоогдож байна.
10.4.“О” ХХК нь гэрээний 2.3.7-д зааснаар төлбөрийг банкны дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн нь ханган нийлүүлэгчид өгөх өглөгийг түүний зээлийг төлөх зорилгоор шилжүүлж, өрийг буюу үүргийг нь гүйцэтгэх хүсэл зоригийг илэрхийлж, талууд харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.
Гэрээний дээрх нөхцөлийг дүгнэвэл “О” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч “К” ХК-тай тохиролцож, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч “М” ХХК-ийн үүргийг гүйцэтгэж, шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авахаар тохирсон гэж үзнэ.
Энэ нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үүргийн харилцаа бөгөөд “О” ХХК нь өрийг нь гүйцэтгэхээр болсон тул “М” ХХК-д өгөх өглөг 223,771,179.50 төгрөгийг “К” ХК дахь түүний зээлийн дансанд төлөх үүргийг хүлээсэн байна.
Өр шилжихэд үүрэг гүйцэтгэгч өөрчлөгддөг бол шаардах эрх шилжихэд үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрчлөгддөг. Харин “О” ХХК нь өрийг төлснөөр “М” ХХК-аас зээл шаардах банкны эрхийг шилжүүлэн авч байгаа боловч өөрөө өглөгтэй учир шаардах зүйлгүй байгаа нь өр шилжих харилцааг үгүйсгэх үндэслэл болоогүй юм.
Хариуцагч нь “М” ХХК-д төлөх төлбөрийг түүний өмнөөс үйлдвэрлэгч **S компанид төлсөн гэх боловч энэ талаар хөдөлбөргүй нотлоогүйгээс гадна дээрх төлбөрийг төлсөн ч энэ нь гэрээний дагуу хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй юм. (1хх 96-98, 2хх 30-37)
Иймд өр шилжсэн учир үүргийг шаардсан агуулгатай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.
Өр шилжих нь өмчийн эрх зүйн агуулгатай зохицуулалт биш бөгөөд үүргийн харилцаа тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу биш болохоос гадна өр шилжих харилцаа бий болсон учир Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг хэрэглэх тул шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/01005 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...186.1-д” гэснийг “...186, 124 дүгээр зүйлийн 124.1-д...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.01-ний өдөр төлсөн 1,335,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД